Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 802

 

 

 

 

 

 

 

2020         6              18                                            2020/ДШМ/802

 

Ц.Дд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Ц.Дын өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШТ/86 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Ц.Дд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Л овгийн Цын Д, 1961 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .../,

1997 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 428 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан;

Ц.Д нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар байрны орцонд Д.Цыг хаалга оролдсон гэх шалтгаанаар цээжин тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй байна. Үүнд:

  1. Хохирогч Г.Цыг гаднаас хүнд хутгалуулчихлаа гэж хэлээд орж ирэхэд нь эхнэр нь, түүний аав Дашзэвэг, төрсөн эгч нарыг дуудсан байдаг. Эдгээр 2 хүнийг гэрчээр мэдүүлэг авах шаардлагатай байна. Хэрэгт асуугдвал зохих гэрчүүдээс мэдүүлэг авах шаардлагатай.
  2. Цэргийн төв эмнэлэг дээр очиход хохирогч Д.Ц ямар хувцастай байсан, хувцас нь ямархуу байдалтай урагдсан, цоорсон эсэхийг тухайн үед гарч байсан эмнэлгийн ажилчдаас асууж тодруулах. Хувцасыг хохирогчоос гаргуулан авч, шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.
  3. Хохирогч Д.Ц нь анх хутгалуулсан гэж орж ирээд шөнө эмнэлэгт очтол 05 цаг 30 минут орчимд гэртээ байсан байна. Энэ үед учирсан гэмтэл амь насанд аюултай байсан эсэх нь эргэлзээтэй байгаа учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай.
  4. Хохирогч Д.Ц нь орой 18 цагийн орчим хүүхдээ цэцэрлэгээс авах гэж гараад өөрийнх нь охин авсан байсан учир цуг гэр рүүгээ ирээд, буцаад гарсан байна. Ингээд 20 цаг өнгөрч байх үед хутгалуулсан гээд орж ирсэн талаар хэрэгт авагдсан байна. Энэ цаг хугацаа буюу 18-20 цагийн үед Д.Ц хаагуур, хэнтэй уулзаж явсан маршрутыг олж тогтоох зэрэг ажиллагаа хийлгэх шаардлагатай байна. Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1.Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан хохирогч Д.Ц, гэрч М.Түмэнжаргал нарын мэдүүлэг, шинжээчийн 41, 1244 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр Ц.Д нь 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар байрны орцонд Д.Цыг хаалга оролдсон гэх шалтгаанаар цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. Тодруулбал, Д.Ц нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заадаг. Нэгэнт эргэлзээгүй тодорхой болсон үйл баримтыг дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна.

2. Мөн шинжээчийн 41, 1244 дугаартай дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг зэргээр хохирогч Д.Цын эрүүл мэндэд учирсан хохирол нь цээжний хөндий рүү нэвтэрч, цусан хураа, хэвлийн арын зайн цусан хураагаар хүндэрч, зүүн бөөрийг гэмтээж хатгагдсан шарх гэмтэл бүхий хүнд гэмтэл болох нь эргэлзээгүй байна.

3. Хэрэгт цугларсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн болон бусад баримтаар хохирогчийн тухайн өдөр явсан маршрутыг тогтоох ажиллагаа хийгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой цаг хугацаа өнгөрсөн тул дээрх ажиллагааг дахин хийх нь хэрэгт ач холбогдолгүй зэрэг нөхцөл байдлууд үүсч байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор үйл баримтыг гуйвуулж ярьж байна. Хохирогч Д.Ц нь “доод айлын хүн намайг цохих шиг болсон” гэж мэдүүлдэг. Хутгалсан үйлдлийг харсан хүн байхгүй. Хадам аав нь шархыг нь сөхөж үзээд “энэ хутганы шарх биш байна. Юман дээр унасан юм биш үү” гэж хэлээд гараад явсан. Энэ гэрчийг заавал асуух шаардлагатай. Яагаад хувцсыг олж тогтоо гэж шүүхийн тогтоолд заасан гэхээр, хэрэв унасан шарх бол хохирогчийн хувцсыг олсноор үүнийг тогтоох боломжтой гэж үзсэн. Иймээс гэрч нарыг асуух зайлшгүй шаардлагатай. Хохирогч гадуур явж байгаад 20 цаг орчимд хутгалуулсан гэж хэлээд гэртээ орж ирсэн. Хохирогчийн тухайн өдөр явсан маршрутыг тогтоох шаардлага үүсэж байна. Хэрэг гарсан өдөр гэрт нь байсан бүх хутгыг хурааж авсан боловч ямар нэг биологийн үлдэц илрээгүй гэж буцааж өгсөн. Нэг сарын дараа дахин хутгануудыг хурааж аваад энэ хутгаар хутгалсан байх магадлалтай гэсэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Эдгээр эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээд байгаа учир хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх “...хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, ...гэрч нараас мэдүүлэг авах, ...бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, ...хохирогчийн маршрутыг олж тогтоох...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулсан байна гэж үзэв.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж,  үнэлсний үндсэн дээр тухайн үйл баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн дотоод итгэлийн асуудал юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан ба анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШТ/86 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Ц.Дд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШТ/86 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Ц.Дд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               Д.МЯГМАРЖАВ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ