Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/01247

 

 

Д.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01328 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2022/01718 дугаар магадлалтай,

Д.С-ын нэхэмжлэлтэй

У.Б-д холбогдох

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч У.Б-д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.03-ны өдрийн 181/ШШ2022/01328 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Быг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байр, 26 тоот 132.3 м.кв орон сууцнаас албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,038,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Боос улсын тэмдэгтийн хураамжид 1,038,073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.09.14-ний өдрийн 210/МА2022/01718 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01328 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Бын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байр, 26 тоот 132.3 м.кв орон сууцыг албадан чөлөөлсүгэй гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1 Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч болон түүний өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байхад оролцуулахгүйгээр хийсэн бөгөөд уг шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... У.Б нь тухайн үед надад санал тавихдаа хэрвээ 30 хоногийн дотор буюу 2021.07.30-с 08.30-г хүртлэх хугацаанд “БИД” ББСБ-аас худалдан авсан орон сууцны үнэ болох 176,024,600 төгрөгийг худалдах, худалдан авахтай холбоотой гарсан зардал болон нэмэгдсэн төлбөр төлж авъя гэсэн санал тавьсныг миний бие зөвшөөрч түүнтэй 2021.07.30-ны өдөр “Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах тухай” гэрээ хийсэн... гэсэн тайлбарыг өгсөн байсан. Энэ нь огт үндэслэлгүй бөгөөд 2022.05.18-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас тодорхой тайлбарыг өгсөн бөгөөд дээрх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж дахин сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. Хариуцагч талаас ч дахин нэхэмжлэл гаргах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ тухай 2022.05.18-ны өдрийн 181/Ш32022/06890 дугаартай шүүгчийн захирамжинд дурьдсан байгаа. Нэхэмжлэгч Д.С нь 2021.07.29-ний өдөр “БИД” ББСБ-тай Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж 20-26 тоотод байршилтай 132м2 гурван өрөө орон сууцыг 176,024,600 төгрөгөөр Худалдах, худалдан авах гэрээ хийн худалдан авч нэг өдрийн дотор өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч маргааш нь буюу 2022.07.30-ны өдөр У.Бын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед авч ажиллуулж байсан өмгөөлөгч Б.Энхбат, Б.ЭнхБ, П.Лхагвасүрэн нарын ажлын өрөөнд Д.С өөрөө дуудаж уулзан “Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах гэрээ” гэдгийг хийсэн байдаг. Энэ асуудлаар дээрхи гурван өмгөөлөгчийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст өргөдөл гарган шалгуулж байсан.

4.2 Тухайн үед У.Б өөрийн амьдарч байсан байрыг ББСБ-аас бусдад зарсан тухай огт мэдээгүй байсан учир Д.Сыг зээл чөлөөлж өгдөг хүн гэж ойлгосон, тэнд байсан хүмүүст тийм ойлголтыг Бод өгсөн. Мөн тэр үед өмгөөлөгч нар нь Бод архи өгсөн учраас нилээн согтуу байсан гэж тайлбарладаг. Б нь гэрээнд заасан хугацаанд мөнгөө гүйцэд бүрдүүлж чадаагүй учир 117,000,000 төгрөгийг бэлэн өгье, үлдсэн мөнгийг ойрын хугацаанд төлж дуусгах саналыг Д.Сд тавьсан боловч тэрээр хүлээж аваагүй байр чөлөөлж өг гэснээс маргаан үүссэн. Уг байр нь одоогийн зах зээлийн ханшаар 602,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хэрэв Д.С өөртөө дээрх байрыг худалдан авсан бол Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлах тансаг зэрэглэлийн байрыг маш хямд үнээр авсан, энэ боломжоо алдахгүйн тулд Бтой ийм гэрээ хийсэн гэж үзэх нь эргэлзээтэй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.С уг байрыг өөрийн өмчлөлд худалдан авах хүсэл зориг байгаагүй харин ашиг олох зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Үүнтэй холбоотойгоор хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлж чадаагүйдээ гомдолтой байна. Хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй, сөрөг нэхэмжлэл гаргаж өгөх тухайгаа илэрхийлсэн. Шүүх хурал зарласан өдөр хариуцагч У.Б өвчтэй байсан ба хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан тухай баримтаа шүүх хурал хойшлуулж өгөх тухай хүсэлтийн хамт албан ёсоор хүргүүлсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй мэтээр хурлаа хийж нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ИХШХШТХ-ийн 168.1.2-т заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэснийг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч У.Бод холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Д.Сын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бус гэж үзэж байна.  ...ямар журмаар орон сууц ББСБ-д шилжсэн болон тус байгууллагаас хэзээ, ямар нөхцөлөөр Д.Стай худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь ойлгомжгүй...” гэж маргажээ. 

7. Анхан шатны шүүх ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Быг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байрны 26 тоотын 132.3 м.кв орон сууцнаас албадан чөлөөлөхөөр шийдвэрлэж, ...Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-тай гэрээ байгуулж, ...132.3 м.кв орон сууцны өмчлөгч болсон нь 2019.03.27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон, иймд хариуцагчийг тухайн орон сууцад хууль бусаар оршин сууж байгаа гэж үзэх тул түүнийг орон сууцнаас албадан чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт буюу ...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Бын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байр, 26 тоот 132.3 м.кв орон сууцыг албадан чөлөөлсөн өөрчлөлтийг оруулжээ.

8. Хариуцагчийн өмгөөлөгчийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022.09.16-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулсан нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.С нь  “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-тай 2021.07.29-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаж буй Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байрны 26 тоотын 3 өрөө орон сууцыг худалдан авч, улмаар улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн дагуу өмчлөгч болсон байна.

Улмаар Д.С нь хариуцагч У.Бтой 2021.07.30-ны өдөр “Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах хэлцэл” гэх нэртэй гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч нь үл хөдлөх хөрөнгө ...чөлөөлсний төлбөрт 176,024,600 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсний 2 хувийн татвар 3,520,500 төгрөг, гэрчилгээний үнэ 21,000 төгрөг, нотариатын зардал 105,000 төгрөг, гэрчилгээ гаргуулсны ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 179,821,100 төгрөг, мөн үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлсний урамшууллын 10 хувь болох 17,982,110 төгрөг, нийт 197,803,210 төгрөгийг 2021.08.30-ны өдрийн дотор Д.Сын ХААН банкны дансанд шилжүүлэх, У.Б нь төлбөрийг ...дээрх хугацааны дотор бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд үл маргах журмаар орон сууцыг Д.Сын өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцсон боловч хариуцагч нь энэхүү хэлцлийн дагуу дээрх төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогджээ. 

10. Давж заалдах шатны шүүх ...хариуцагч У.Б нь маргаан бүхий орон сууцны эзэмшлийг хууль ёсны болохыг баримтаар нотлоогүй тохиолдолд эзэмшлийг хууль бус гэж үзнэ, ...орон сууцны өмчлөгч Д.С нь бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй гэж дүгнэн, У.Бын хууль бус эзэмшлээс  Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байрны 26 тоотын 132.3 м.кв орон сууцыг албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасанд нийцсэн, эдгээр үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн “...хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж хууль зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ. 

11. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

  1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2022/01718 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.10.19-ний өдөр төлсөн 1,040,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАЯРМАА

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                    ШҮҮГЧИД                                                            Б.МӨНХТУЯА

                                                                       Д.ЦОЛМОН

                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ