Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01718

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01718

 

Д.С-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01328 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.С-ын хариуцагч У.Б-од холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Би Сүхбаатар дүүргийн *-р хороо А гудамж ** дугаар байр ** тоот 132.3 м.кв орон сууцыг Б ББСБ ХХК-аас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр нийт 176,024,600 төгрөгөөр худалдан авсан. Гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. У.Б- нь гэрээний дагуу 30 хоногтоо мөнгөө бүрдүүлэн надаас байраа буцаан аваагүй тул миний бие түүнээс орон сууцыг чөлөөлөхийг шаардсан. Иймд миний өмчлөлийн орон сууцыг У.Б-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.С-, У.Б- нарын хамтран байгуулсан гэрээний хувьд хэрэв Д.С Б ББСБ ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулаад дуусгавар болгон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулан авсан бол ямар зорилгоор уг орон сууцыг чөлөөлж, төлбөр барагдуулах хэлцлийг У.Б- болон түүний өмгөөлөгч У.Э, Б.Э, П.Л нартай 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хийсэн эсэх нь анхаарал татдаг. Үүнээс үзэхэд Д.С-ын Б ББСБ ХХК-тай хийсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худаддан авах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл байж болзошгүй байна. У.Б-ын нэхэмжлэлтэй Ш.Э-т холбогдох Сүхбаатар дүүргийн *-р хороо, А гудамж, **-р байрны ** тоот 3 өрөө, 132,3 м.кв орон сууцны хамтран өмчлөгчөөр Б.Б, У.Б- нарыг тогтоолгох тухай иргэний маргаанд зохигчид эвлэрэн дээрх байрны өмчлөгчөөр У.Б-, Б.Б нарыг хамтран өмчлөгч гэж үзэн 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн эвлэрлийн гэрээг Сүхбаатар дүүргийн шүүхээс баталгаажуулан 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 3450 дугаартай захирамж гарсан байдаг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Б-ыг Сүхбаатар дүүрэг, *-р хороо, А гудамж, **-р байр, ** тоот 132.3 м.кв орон сууцнаас албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,038,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 1,038,073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуралдааныг хариуцагч болон түүний өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байхад оролцуулахгүйгээр хийсэн. Уг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн үед надад санал тавихдаа хэрвээ 30 хоногийн хугацаанд "Б ББСБ ХХК-аас худалдан авсан орон сууцны үнэ болох 176,024,600 төгрөгийг худалдах-худалдан авахтай холбоотой гарсан зардал болон нэмэгдэл төлбөр төлж авъя гэсэн санал тавьсныг миний бие зөвшөөрч түүнтэй 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах гэрээ хийсэн гэх тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй. Учир нь энэ талаар 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч талаас тодорхой тайлбарыг өгсөн. Дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч Д.С- нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр "Б ББСБ ХХК-тай Сүхбаатар дүүргийн *-р хороо **-** тоотод байрлалтай 132 м.кв гурван өрөө орон сууцыг 176,024,600 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдан авч тэр өдрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авсан. Маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр У.Б-ыг түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Б.Э, Б.Э, П.Л нар өөрсдийн ажлын өрөөндөө дуудаж Д.С-тай уулзуулан орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Тухайн үед У.Б- өөрийн амьдарч байсан байрыг ББСБ-аас бусдад зарсан талаар мэдээгүй байсан учир ББСБ-аас чөлөөлж өгч байна гэж ойлгосон тэнд байсан хүмүүст ч тийм ойлголтыг өгсөн, мөн тэр өдөр У.Б- өөрөө нилээн согтуу байсан гэж тайлбарладаг. Гэрээнд заасан хугацаанд мөнгөө гүйцэд бүрдүүлж чадаагүй учир 117,000,000 төгрөгийг өгье, үлдсэн мөнгөө ойрын хугацаанд төлж дуусгая гэсэн саналыг Д.С-д тавьсан боловч тэрээр хүлээж аваагүй байр чөлөөлж өг гэснээс маргаан үүссэн. Уг байр нь одоогийн зах зээлийн ханшаар 602,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Дээрх үйл баримтуудаас үзэхэд Д.С- нь уг байрыг өөрийн өмчлөлд худалдан авах хүсэл зориг байгаагүй харин ашиг олох зорилгоор дүр үзүүлэн хэлцэл хийсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Үүнтэй холбоотойгоор хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүх хурал дээр гаргаж өгөх байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлж чадаагүйдээ гомдолтой байна. Хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй, сөрөг нэхэмжлэл гаргаж өгөх тухайгаа илэрхийлсэн. Шүүх хурал зарласан өдөр хариуцагч У.Б- өвчтэй, өмгөөлөгч шүүх хурал давхацсан тухай баримтаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн хамт ирүүлсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй мэтээр шүүх хуралдааныг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчид нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа нотлох баримтаа гаргаж өгөх боломжийг олголгүй хэргийг шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр удаа дараа хойшилсон. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хуралд хариуцагч У.Б- ирээгүй бөгөөд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой баримт ирүүлээгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх баримт ирүүлсэн. Гэтэл 2022 оны 05 дугаар сард хурал хойшлоход өмгөөлөгч ямар ч хурал товлогдоогүй, Д.С-ын нэхэмжлэлтэй хуралд оролцохоо илэрхийлж, гарын үсэг зурсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний алдааг залруулав.

2. Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч У.Б-од холбогдуулан Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, А гудамж, ** дугаар байр ** тоот, 132,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Б ББСБ ХХК, Д.С- нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 29ий өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, Б ББСБ ХХК нь өөрийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, А гудамж, ** дугаар байр ** тоот, 132,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Д.С-ын өмчлөлд шилжүүлсэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2021 оны 07 дугаар сарын 29ий өдөр олгосон байна. /хх 5-6, 10/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бөгөөд дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй. Гэтэл, дээрх гэрээгээр үл хөдлөх хөрөнгө бусдын өмчлөлд шилжиж, хууль зүйн бодит үр дагавар үүсгэсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Энэ талаар хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

4.а. Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах хэлцэл нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь  2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 176,024,600 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсний 2 хувийн татвар 3,520,500 төгрөг, гэрчилгээний үнэ 21,000 төгрөг, нотариатын зардал 105,000 төгрөг, гэрчилгээ гаргуулах ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 179,821,100 төгрөгөөс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлсний урамшууллын 10 хувь болох 17,982,110 төгрөг, нийт 197,803,210 төгрөгийг Д.С-ын ХААН банк ХХК-ийн дансанд шилжүүлэх, У.Б- нь дээрхи төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд орон сууцыг буцаан өмчлөлд шилжүүлэн авах үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон байна. /хх. 8-9/

Анхан шатны шүүх зохигчийн хийсэн хэлцэл нь гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ байх тул Иргэний хуулийн  189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

4.б. У.Б- нь Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах хэлцэл-ийн үүргийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгээгүй, мөн гэрээг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байгуулсан үйл баримт тогтоогдохгүй байна. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

4.в. Хариуцагч нь  Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, А гудамж, ** дугаар байр ** тоот, 132,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны эзэмшлийг хууль ёсны болохыг баримтаар нотлоогүй тохиолдолд эзэмшил хууль бус гэж үзнэ.

5. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч Д.С- нь бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

6. Хариуцагч У.Б-ыг  Сүхбаатар дүүрэг, *-р хороо, А гудамж, **-р байр, ** тоот 132.3 м.кв орон сууцнаас албадан чөлөөлөх агуулгатай шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй тул уг орон сууцыг У.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх агуулгатай найруулгыг оруулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх заалт нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг бүртгүүлснээр өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох зохицуулалт юм. Харин өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахад хамаарахгүй тул анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох заалтыг баримталсан алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

7.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчөөгүй. Хариуцагч талыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэснийг зөв гэж үзнэ. Хариуцагч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан 4 удаа хойшилсон байна.

7.б. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааныг товлохдоо хариуцагч талын хүсэлтийг харгалзан товлосон байхад шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээ хожим товлогдсон өөр шүүх хуралдаан давхацсан гэж тайлбарласан нь шүүх хуралдааныг хойшлуулах зорилгоор хүсэлт гаргасан гэж үзэх тул үүнийг хүндэтгэн үзэх шалтгаанд оруулан тооцохгүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

Талуудын мэтгэлцэх, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг засах, дахин нэхэмжлэл гаргах боломжоор хангаж шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан байхад сөрөг нэхэмжлэл гаргаагүй, татгалзлын үндэслэлийг нотолсон баримтыг гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны журам зөрчөөгүй гэж үзэв. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01328 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Б-ын хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байр, 26 тоот 132.3 м.кв орон сууцыг албадан чөлөөлсүгэй гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

С.ЭНХБАЯР