Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2022/01328

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2022/01328

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:******* /РД: /-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг оролцов. Хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж 20 байр 26 тоот 132.3 м.кв орон сууцыг БИД ББСБ-аас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр нийт 176,024,600 төгрөгөөр худалдан авсан бөгөөд гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарсан билээ. Дээрх орон сууц нь шүүхийн шийдвэрийн дагуу зээлдэгч*******оос БИД ББСБ-н өмчлөлд 2019 онд шилжсэн орон сууц байсан бөгөөд өмнөх өмчлөгч******* нь намайг тус орон сууцыг БИД ББСБ-аас худалдан авах үед санал тавьж Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах хэлцэл хийсэн.

У.Болд нь тухайн үед надад санал тавихдаа хэрвээ 30 хоногийн дотор буюу 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд БИД ББСБ-аас худалдан авсан орон сууцны үнэ болох 176,024,600 төгрөгийг худалдах, худалдан авахтай холбоотой гарсан зардал болон 10%-н нэмэгдэл төлбөр нэмж төлж авья гэсэн санал тавьсныг миний бие зөвшөөрч түүнтэй 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Гэвч******* нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул хэлцэл биелэгдээгүй.******* нь гэрээний дагуу 30 хоногтоо мөнгөө бүрдүүлэн надаас байраа буцаан аваагүй тул миний бие түүнийг орон сууцыг чөлөөлөхийг шаардсан.

Гэтэл******* нь би гарахгүй ээ та нар шүүхдээд аваарай гэсэн тул арга буюу ийнхүү шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заажээ.

Иймд миний өмчлөлийн орон сууцыг*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. гэв.

 

Хариуцагч У.Болд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийн хувьд: СБД-ийн 1 хороо, Олимпийн гудамж, 20-р байрны 26 тоот 3 өрөө байр ямар журмаар БИД" ББСБ-д шилжсэн болон уг ББСБ-аас иргэн *******тай хэзээ, ямар нөхцлөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь ойлгомжгүй байна.

************** нарын хамтран байгуулсан гэрээний хувьд: Хэрэв ******* ББСБ-тай худалдах, худалдан авах гэрээ хийгээд дуусгавар болгон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулан авсан юм бол ямар зорилгоор уг орон сууцыг чөлөөлж, төлбөр барагдуулах хэлцэлийг******* болон түүний өмгөөлөгч У.Энхболд, Б.Энхбат, П.Лхагвасүрэн нартай 2021 оны 7 сарын 30-ны өдөр хийсэн юм бэ гэдэг асуудал анхаарал татдаг. Үүнээс үзэхэд *******ын БИД ББСБ-тай хийсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худаддан авах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус буюу дүр үзүүлэн хийсэн хэлцэл байж болзошгүй байна.

У.Болдын нэхэмжлэлтэй Ш.Эрдэнэчимэгт холбогдох Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Олимдын гудамж, 20-р байрны 26 тоот 3 өрөө, 132,3 м2 орон сууцны хамтран өмчлөгчөөр Б.Болор,******* нарыг тогтоолгох тухай иргэний маргаанд зохигчид эвлэрэн дээрх байрны өмчлөгчөөр*******, Б.Болор нарыг хамтран өмчлөгч гэж үзэн 2015 оны 06 сарын 01-ний өдрийн дотор Улсын бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн эвлэрлийн гэрээг Сүхбаатар дүүргийн шүүхээс баталгаажуулан 2015 оны 5 сарын 14-ний өдрийн 3450 дугаартай шүүгчийн захирамж гаргасан байдаг.

Энэ захирамж одоо ч хуулийн хүчин төгөлдөр байгаа. Тухайн үед*******ын биеийн эрүүл мэндийн байдал хүнд байсан учраас гадаад, дотоодын эмчилгээнд хамрагдаж байсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж чадаагүй байсан нь эмнэлгийн баримтаар тогтоогдоно. Харин энэ хугацаанд эхнэр Ш.Эрдэнэчимэг нь 2015 оны 12 сард уг байрыг барьцаанд тавьж зээл авсан тул байрны гэрчилгээнд өмчлөгч нэмж бүртгүүлэх боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн учраас*******ын эд хөрөнгөө өмчлөх эрх зөрчигдсөөр байна. Төлбөр төлөгч Ш.Эрдэнэчимэг нь энэ байр минийх биш Болдын байр гэдгийг шүүхэд болон бусад байгууллагуудад удаа дараа мэдэгдэж байсан баримт байдаг.

Гэтэл үл тоосоор байрыг худалдан борлуулсан учраас холбогдох албан тушаалтнуудыг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар, дүүргүүдийн Цагдаагийн хэлтсүүдэд өргөдөл, гомдлоо гарган шалгуулж байгаа болно. Иймд *******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний нэр дээрх Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бус гэж үзэж байгаа тул холбогдох нэхэмжлэл, шаардлагаа хууль ёсны дагуу гаргана. гэжээ.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Ү-20203012354 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Бид инвест девелопмент ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах хэлцэл, хариуцагчийн баримтаар гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн лавлагааг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч*******од холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байр, 26 тоот 3 өрөө, 132.3 м.кв орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч******* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бус гэж үзэж байгаа гэх хариу тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

 

2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1-ийн 1.1-т зааснаар Бизнес инвест девелопмент ББСБ ХХК нь стандарт шаардлагыг хангасан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцсэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээнд зааснаар Бизнес инвест девелопмент ББСБ ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлд Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байр, 26 тоот 3 өрөө, 132.3 м.кв орон сууцыг шилжүүлсэн болох нь Гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх ба нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байр, 26 тоот 3 өрөө, 132.3 м.кв орон сууцны өмчлөгч болох нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах хэлцэл хийсэн болох нь тус Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах хэлцэлээр тогтоогдож байна.

 

2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах хэлцэлийн 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-иас 26 тоот 3 өрөө, 132.3 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөрийг төлж барагдуулан 26 тоот 3 өрөө, 132.3 м.кв талбайтай орон сууцыг буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэн авах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Орон сууц чөлөөлж, төлбөр барагдуулах хэлцэлээр тогтоогдож байна.

 

Зохигчийн хийсэн хэлцэл нь гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээ/цаашид Нэрлэгдээгүй гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ... гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Нэрлэгдээгүй гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэрлэгдээгүй гэрээний 3-ын 3.3, 3.4, 3.5-д зааснаар хариуцагч нь 197,803,210.66/нэг зуун ерэн долоон сая найман зуун гурван мянга хоёр зуун арван төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулаагүй эсхүл тодорхой хувиар төлж барагдуулсан тохиолдолд 26 тоот 3 өрөө, 132.3 м.кв орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр үлдэж, тус Нэрлэгдээгүй гэрээ дуусгавар болохоор заажээ.

 

Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:, 240.1.5хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл. Гэж заасан.

 

Нэрлэгдээгүй гэрээний 3-ын 3.1, 3.3, 3.4, 3.5-д зааснаар зохигчид Нэрлэгдээгүй гэрээг хугацаатай буюу 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байгуулсан байх ба хариуцагч нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар Нэрлэгдээгүй гэрээний үүрэг буюу Нэрлэгдээгүй гэрээ дуусгавар болсон байна.

 

Хариуцагч нь 26 тоот 3 өрөө, 132.3 м.кв талбайтай орон сууцад оршин сууж байгаа талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол ... өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-тай Гэрээ байгуулж, 26 тоот 3 өрөө, 132.3 м.кв орон сууцны өмчлөгч болсон болох нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 26 тоот 3 өрөө, 132.3 м.кв талбайтай орон сууцад хууль бусаар оршин сууж байгаа гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байр, 26 тоот 3 өрөө, 132.3 м.кв орон сууцнаас албадан чөлөөлөх үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ыг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байр, 26 тоот 132.3 м.кв орон сууцнаас албадан чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,038,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,038,073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ыг Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 20-р байр, 26 тоот 132.3 м.кв орон сууцнаас албадан чөлөөлсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,038,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос улсын тэмдэгтийн хураамжид 1,038,073 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ