Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 132/ШШ2021/00054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1960 онд төрсөн, 60 настай, эмэгтэй, Булган аймгийн ...од оршин суух, Х овогт М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Булган сумын С д холбогдох,

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн С ийн захирлын Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00923/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1984 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 37 настай, Орхон аймгийн ... од оршин суух, өмгөөлөгч ажилтай, А овогт М.Г  /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1977 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 44 настай, Орхон аймгийн ...од оршин суух, өмгөөлөгч, хуульч ажилтай, Ш овогт Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь  Улаанбаатар хотод 1988 онд Хөнгөний техникумыг ноосны технологич, 2000 онд Улсын багшийн их сургуулийг зураг, технологийн багш мэргэжлээр тус тус төгссөн. 1988 оноос 1991 он хүртэл Эрдэнэт хотын С д багшаар, 1991 оноос 1992 он хүртэл Булган аймгийн С д багшаар, 1992 оноос Булган аймгийн С д технологийн багшаар тус тус ажиллаж байсан.

2020 оны 08 сарын 31-ний өдөр С ийн захирлын Б/39 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Уг тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх бөгөөд миний бие 2020 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар 60 нас хүрээгүй байсан тул уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие 1961 оны 08 сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн ба 2020 оны 08 сарын 31-ний байдлаар 59 нас 9 хоногтой байсан. Төрсний бүртгэлийн лавлагаагаар 1961 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн болохыг нотлох боломжтой.

Миний бие иргэний бүртгэлд 1960 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн гэж бүртгэгдэж төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаарыг буруу бичсэн талаар насаа үнэн зөвөөр тогтоолгох асуудлаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргасан болно.

Иймд С ийн захирлын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Б/39 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хууль бус байх тул уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн С д технологийн багшаар ажиллаж байсан М.Б гийн нэхэмжлэлийг дэмжиж байна. М.Б  нь Улаанбаатар хотод 1988 онд Хөнгөний техникумийг ноосны технологич, 2000 онд Улсын багшийн их сургуулийг зураг, технологийн багш мэргэжлээр тус тус төгссөн. 1988 оноос 1991 он хүртэл Эрдэнэт хотын С д багшаар, 1991 оноос 1992 он хүртэл Булган аймгийн С д багшаар, 1992 оноос Булган аймгийн С д технологийн багшаар тус тус ажиллаж байсан. С ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/39 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан ”ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэх бөгөөд тэрээр 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 60 нас хүрээгүй байсан тул уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М.Б  нь 1961 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн ба 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 59 нас 9 хоногтой байсан. Төрсний бүртгэлийн лавлагаагаар 1961 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн болохыг нотлох боломжтой. Насаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаар түүнийг 1961 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. 

Иймд С ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/39 тоот “хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь хууль бус байх тул уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Ажил олгогч хууль зөрчсөн шийдвэр гаргасан буруутай гэдэгтээ гол биш, харин ажилтны эрх ашиг хөндөгдөж байгаа гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн шийдвэр бодит байдалд нийцэх ёстой. Ажлаас чөлөөлсөн тушаал нь бодит байдалтай нийцэхгүй, ажилтан 60 нас хүрээгүй гэдгээ шүүхийн шийдвэрээр тогтоолгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинг өнөөдрийг хүртэл хугацаагаар тогтоож өгнө үү. Сүүлийн 3 сард авсан цалинг бодоход 4.760.769 төгрөг болж байна. Нэг сард авах цалин 1.586.923 төгрөг, нэг өдрийн цалин 73810 төгрөг, ажилгүй байсан хугацаа болох нийт 117 хоногт тооцож 8.869.770 төгрөгийг гаргаж өгнө үү. Ажил олгогчийн шийдвэр ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Я шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сургуульд технологийн багшаар ажиллаж байсан М.Б  нь 1960 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн гэх бөгөөд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх 55 нас хүрснээр үүссэн. Энэ тухай М.Б д хэлэхэд 56 насанд хүрсэн үедээ буюу 2016 оны 05 сарын 13-ны өдөр 60 нас хүртэл ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн ажиллах хүсэлт гаргасныг хүлээн авч 60 нас хүртэл ажиллуулахаар болсон.

Булган аймгийн Боловсрол Соёл Урлагийн газарт М.Б  нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул нэг удаагийн тэтгэмж олгож өгнө үү гэсэн өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл, хүсэлтийг үндэслэн “Э ийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/25 тоот захирлын тушаал гарсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэн Бупган аймгийн Булган сумын С ийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/39 тоот тушаалыг гаргасан. Уг тушаалыг гаргахдаа иргэний үнэмлэхийг үндэслэн насыг тоолсон бөгөөд тухайн бичиг баримт үндэслэлгүй, хуурамч гэдгийг тогтоосон баримт үгүй, манай байгууллагад ажиллах хугацаанд түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэлмэх зөрүүтэй гэх баримт авагдаагүй болно. Мөн өөрөө зөрүүтэй талаар урьд өмнө нь дурдаж байгаагүй болно. Энэхүү тушаалыг гаргах үед энэ талаар ямар нэгэн хүсэлт гомдол ирүүлээгүй байна.

Онцгой ажиллагааны журмаар нас тогтоох ажиллагааг хийлгэх нь тушаал гарч байх үеийн бичиг баримтыг үгүйсгэх, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 -т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хууль бус гэх үндэслэл болохгүй. Өндөр насны тэтгэвэр авах эрх 55 насанд хүрсэн бөгөөд өндөр насны тэтгэвэр авах хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэрлэсэн. Булган аймгийн Булган сумын С ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/39 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус сургуульд технологийн багшаар ажиллаж байсан М.Б  нь 1961 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 60 нас хүрээгүй гэжээ. М. Б  нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул тэтгэмж тогтоолгох тухай хүсэлтээ байгууллагадаа гаргасан. Энэ хүсэлтийг сургуулийн захиргаа хүлээж аваад 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/24 тоот тушаалаар тэтгэмжийн мөнгийг төсөвт тусгахаар шийдвэрлэсэн. 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар ажилласан жилийг тооцож, тэтгэвэрт гарах мэдэгдлийг өгсөн. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлсөн. Дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа М.Б гийн иргэний үнэмлэхийг үндэслэж гаргасан. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “иргэний улсын бүртгэлийн лавлагаа” гэж иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн гаргасан бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримт бичгийг хэлнэ” гэж заасан байдаг бөгөөд иргэний үнэмлэхийг үндэслэн тушаал гаргаж, 2021 оны төсөвт тэтгэмжийг суулгасан. Ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 1961 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 59 нас 9 хоногтой байсан, төрсний бүртгэлийн лавлагаагаар 1961 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн гэж төрсөн оноо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Шүүх М.Б г 1961 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохыг тогтоосон шийдвэр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Гэвч энэ шийдвэр ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш гарсан. М.Б  нь 2012 онд  иргэний үнэмлэхээ авсан байсан. Төрсөн он буруу бичигдсэн бол 2012 оноос хойш төрсөн оноо зөвтгүүлж, насаа тогтоолгох боломж өөрт нь байсан. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө түүний иргэний үнэмлэхийг үндэслэлснээс гадна  өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-дДаатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасныг зөрчөөгүй. Ажилтныг 60 нас хүрсэн даруйд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнд ажил олгогчийн буруутай үйлдэл байхгүй. 2020 оны 6 дугаар сард Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг ажилтанд өгөхөд гомдол гаргаагүй. Ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш насаа тогтоолгосон ба ингэж насаа тогтоолгосон нь өмнөх тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, ажил олгогчийн буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б  нь хариуцагч Булган аймгийн Булган сумын С д холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тус сургуулийн захирлын Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч М.Б  нь С д 1992 оноос технологийн багшаар томилогдон 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь зохигчийн тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн /

Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, хөдөлмөрлөх харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч М.Б г С ийн  захирлын 2020 оны 8 дугаар сарын 31-ний  өдрийн Б/39 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ. Үүний улмаас нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ “1961 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохоо шүүхээр тогтоолгосон, 59 настай, 60 нас хүрээгүй байхад 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, ажлаас чөлөөлсөн тушаал нь бодит байдалтай нийцэхгүй, ажилтны эрх ашиг хөндөгдөж байна” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “М.Б гийн иргэний үнэмлэхийг үндэслэн 60 нас хүрсэн гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасанд ажил олгогчийн буруутай үйлдэл байхгүй, ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа шүүхийн шийдвэрээр насаа тогтоолгосон нь  өмнөх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж тус тус тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч М.Б  нь тус шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нас тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 132/ШШ2019/01013 дугаартай шийдвэрээр түүнийг 1961 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 98-99/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхөд иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг шаардана.  

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улсын 16, түүнээс дээш насны иргэн иргэний үнэмлэхтэй байна” гэж заажээ.

 Монгол Улсын иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гэрчлэх бичиг баримт болдог бөгөөд түүнийг авах хүртэл 16-аас доош насны иргэний хувьд регистрийн дугаартай төрсний гэрчилгээ байна.

Нэхэмжлэгч М.Б д 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр иргэний үнэмлэх олгогдсон байх бөгөөд тэрээр энэ хугацаанд төрсөн он, нас зөрүүтэй бүртгэгдсэн талаар маргаан үүсээгүй, үүнийг зөвтгүүлээгүй, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж насаа тогтоолгосон байна.

Ажил олгоч 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаал гарах үед ажилтан 60 насанд хүрсэн нь иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл ажилтан М.Б  нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төрсөн он болон насны зөрүүг арилгахаар хүсэлт гомдол гаргаагүй, энэ талаар ажил олгогчид мэдэгдээгүй, ажил олгогч ажилтны иргэний үнэмлэхийг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн хууль зөрчөөгүй байна. 

Ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь бодит байдалтай нийцэхгүй, ажилтны эрх ашиг хөндөгдөж байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа хэдий ч ажилтан ажлаас чөлөөлөх тушаал гарахаас өмнө бичиг баримтын зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад хандах, зөрчлөө арилгуулах эрхээ хэрэгжүүлээгүй байхад иргэнийг өөрийг нь гэрчлэх бичиг баримтыг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гаргасан ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Булган аймгийн Булган сумын С д холбогдох 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тус сургуулийн захирлын Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч М. Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д заасныг баримтлан Булган аймгийн Булган сумын С д холбогдох 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тус сургуулийн захирлын Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай Х овогт М.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Г.МЯГМАРСҮРЭН