Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 214/МА2021/00003

 

М.*******гийн нэхэмжлэлтэй Булган аймгийн  Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “*******” цогцолбор сургуульд

холбогдох иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 132/ШШ2021/00054 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: М.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “*******” цогцолбор сургуульд холбогдох,  

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* цогцолбор сургуулийн захирлын Б/** тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* /онлайнаар/, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Улаанбаатар хотод 1988 онд Хөнгөний техникумыг ноосны технологич, 2000 онд Улсын багшийн их сургуулийг зураг, технологийн багш мэргэжлээр тус тус төгссөн. 1988 оноос 1991 он хүртэл Эрдэнэт хотын Хөнгөний техник мэргэжлийн сургуульд багшаар, 1991 оноос 1992 он хүртэл Булган аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд багшаар, 1992 оноос Булган аймгийн “*******” цогцолбор сургуульд технологийн багшаар тус тус ажиллаж байсан.

2020 оны 08 сарын 31-ний өдөр ******* цогцолбор сургуулийн захирлын Б/** тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Уг тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх бөгөөд миний бие 2020 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар 60 нас хүрээгүй байсан тул уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие 1961 оны 08 сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн ба 2020 оны 08 сарын 31-ний байдлаар 59 нас 9 хоногтой байсан. Төрсний бүртгэлийн лавлагаагаар 1961 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн болохыг нотлох боломжтой.

Миний бие иргэний бүртгэлд 1960 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн гэж бүртгэгдэж төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаарыг буруу бичсэн талаар насаа үнэн зөвөөр тогтоолгох асуудлаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргасан болно.

Иймд “*******” цогцолбор сургуулийн захирлын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Б/** тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хууль бус байх тул уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  М.******* нь 1992 оноос Булган аймгийн “*******” цогцолбор сургуульд технологийн багшаар ажиллаж байсан. “*******” цогцолбор сургуулийн захирлын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Б/** тоот тушаалаар ажил олгогчийн санаачилагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Уг тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасан ”ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэх бөгөөд тэрээр 2020 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар 60 нас хүрээгүй байсан тул уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.******* нь 1961 оны 08 сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн ба 2020 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар 59 нас 9 хоногтой байсан. Насаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаар түүнийг 1961 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн гэдгийг анхан шатны шүүх тогтоосон шүүхийн шийдвэр гарсан. 

Иймд “*******” цогцолбор сургуулийн захирлын 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Б/** тоот “хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь хууль бус байх тул уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Ажил олгогч хууль зөрчсөн шийдвэр гаргасан буруутай гэдэгтээ гол биш, харин ажилтны эрх ашиг хөндөгдөж байгаа гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн шийдвэр бодит байдалд нийцэх ёстой. Ажлаас чөлөөлсөн тушаал нь бодит байдалтай нийцэхгүй, ажилтан 60 нас хүрээгүй гэдгээ шүүхийн шийдвэрээр тогтоолгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалинг өнөөдрийг хүртэл хугацаагаар тогтоож өгнө үү. Сүүлийн 3 сард авсан цалинг бодоход 4.760.769 төгрөг болж байна. Нэг сард авах цалин 1.586.923 төгрөг, нэг өдрийн цалин 73.810 төгрөг, ажилгүй байсан хугацаа болох нийт 117 хоногт тооцож 8.869.770 төгрөгийг гаргаж өгнө үү.

Ажил олгогчийн шийдвэр ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв. 

Хариуцагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “*******” цогцолбор сургуулийн захирал Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сургуульд технологийн багшаар ажиллаж байсан М.******* нь 1960 оны 07 сарын 28-ны өдөр төрсөн гэх бөгөөд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх 55 нас хүрснээр үүссэн. Энэ тухай М.*******д хэлэхэд 56 насанд хүрсэн үедээ буюу 2016 оны 05 сарын 13-ны өдөр 60 нас хүртэл ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн ажиллах хүсэлт гаргасныг хүлээн авч 60 нас хүртэл ажиллуулахаар болсон.

Булган аймгийн Боловсрол Соёл Урлагийн газарт М.******* нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул нэг удаагийн тэтгэмж олгож өгнө үү гэсэн өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл, хүсэлтийг үндэслэн “*******” цогцолбор сургуулийн 2020 оны 07 сарын 16-ны өдрийн А/25 тоот захирлын тушаал гарсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж үзэн Бупган аймгийн Булган сумын ******* цогцолбор сургуулийн 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Б/** тоот тушаалыг гаргасан.

Уг тушаалыг гаргахдаа иргэний үнэмлэхийг үндэслэн насыг тоолсон бөгөөд тухайн бичиг баримт үндэслэлгүй, хуурамч гэдгийг тогтоосон баримт үгүй, манай байгууллагад ажиллах хугацаанд түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэлмэх зөрүүтэй гэх баримт авагдаагүй болно. Мөн өөрөө зөрүүтэй талаар урьд өмнө нь дурдаж байгаагүй болно. Энэхүү тушаалыг гаргах үед энэ талаар ямар нэгэн хүсэлт гомдол ирүүлээгүй байна.

Онцгой ажиллагааны журмаар нас тогтоох ажиллагааг хийлгэх нь тушаал гарч байх үеийн бичиг баримтыг үгүйсгэх, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 -т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хууль бус гэх үндэслэл болохгүй. Өндөр насны тэтгэвэр авах эрх 55 насанд хүрсэн бөгөөд өндөр насны тэтгэвэр авах хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэрлэсэн.

Булган аймгийн Булган сумын ******* цогцолбор сургуулийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/** тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.******* нь 1961 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 60 нас хүрээгүй гэжээ. М. ******* нь өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул тэтгэмж тогтоолгох тухай хүсэлтээ байгууллагадаа гаргасан. Энэ хүсэлтийг сургуулийн захиргаа хүлээж аваад 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/24 тоот тушаалаар тэтгэмжийн мөнгийг төсөвт тусгахаар шийдвэрлэсэн. 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар ажилласан жилийг тооцож, тэтгэвэрт гарах мэдэгдлийг өгсөн.

 Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр чөлөөлсөн. Дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахдаа М.*******гийн иргэний үнэмлэхийг үндэслэж гаргасан.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “иргэний улсын бүртгэлийн лавлагаа” гэж иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн гаргасан бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримт бичгийг хэлнэ” гэж заасан байдаг бөгөөд иргэний үнэмлэхийг үндэслэн тушаал гаргаж, 2021 оны төсөвт тэтгэмжийг суулгасан.

Ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 1961 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн, 2020 оны 8 сарын 31-ний өдрийн байдлаар 59 нас 9 хоногтой байсан, төрсний бүртгэлийн лавлагаагаар 1961 оны 8 сарын 22-ны өдөр төрсөн гэж төрсөн оноо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх М.*******г 1961 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болохыг тогтоосон шийдвэр 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Гэвч энэ шийдвэр ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш гарсан.

М.******* нь 2012 онд  иргэний үнэмлэхээ авсан байсан. Төрсөн он буруу бичигдсэн бол 2012 оноос хойш төрсөн оноо зөвтгүүлж, насаа тогтоолгох боломж өөрт нь байсан. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө түүний иргэний үнэмлэхийг үндэслэлснээс гадна  өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-дДаатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасныг зөрчөөгүй. Ажилтныг 60 нас хүрсэн даруйд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнд ажил олгогчийн буруутай үйлдэл байхгүй. 2020 оны 06 сард Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг ажилтанд өгөхөд гомдол гаргаагүй. Ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш насаа тогтоолгосон ба ингэж насаа тогтоолгосон нь өмнөх тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, ажил олгогчийн буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 132/ШШ2021/00054 дугаар шийдвэрээр:

   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д заасныг баримтлан Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори ******* цогцолбор сургуульд холбогдох 2020 оны 08 сарын 31-ний өдрийн тус сургуулийн захирлын Б/** тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай Х овогт М.******* /Г ******** /-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нар давж заалдах гомдолдоо: М.*******гийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын лаборатори “*******” цогцолбор сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэргийг хянан шийдвэрлэсэн Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 132/ШШ2021/00054 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ажилтан ажлаас үндэслэлгүй халсан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргахаар заасан ба ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ажил олгогчийн санаачлагаар, 39 дүгээр зүйлд зааснаар ажилтны өөрийн хүсэлтээр тус тус хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас чөлөөлдөг байна.

М.*******г ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ ажил олгогч ...өндөр насны дээд хязгаарт хүрсэн...гэж тодорхойлж улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх ба бодит байдал дээр ажилтан 60 нас хүрээгүй, иргэний үнэмлэх төрсний лавлагаа зөрүүтэй байгаа тухайгаа өмнө мэдэгдсээр байхад ажил олгогчийн санаачлагаар чөлөөлсөн тухай нэхэмжлэгч тайлбарладаг ба ажилтан бодит байдал дээр 60 нас өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүйг Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-нийөдрийн 1013 дугаартай шийдвэрээр түүний насыг үнэн зөвөөр тогтоосон байна.

Үүнээс үзвэл М.******* нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй нь хуулийн хүчин төгөлдөр шуүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Уг нотлох баримтыг шүүх хэрхэн үнэлж дугнэсэн талаарх үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт нэг талыг барьж материаллаг хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг харуулж байна.

Хоёр. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь гомдлоор хянан шийдвэрлэхээр хуульд заасан маргаан бөгөөд ажилтан, ажил олгогч гэх тэгш бус талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэдэг. Энэ тохиолдолд шүүхээс ажил олгогчийн гаргаж буй эрх зүйн баримт бичиг болох тушаал нь хуульд заасан хэлбэрийн болон агуулгийн, хууль зүйн болон бодит нөхцөл байдлын шаардлагыг хангаж байгаа эсэх талаарх үндэслэл бүхий дүгнэлтийг хийх учиртай.

 Бодит байдлаас зөрүүтэй, эрхзүйн зөрчилтэй тушаал шийдвэрийг ажил олгогч гаргасан бол түүнийг шүүхээс хүчингүй болгох, ажилд эргүүлэн тогтоох замаар ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэрийн эрх зүйн дагаврыг залруулж байх учиртай. Гэтэл шүүх ажил олгогчийг буруутгах үндэслэл байхгүй гэж дүгнэн улмаар хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Гурав. Улсын бүртгэлд бүртгэгдсэн мэдээллийн үнэн бодит байдлын эрх зүйн үр дагаварыг ажилтан хариуцах учиртай мэтээр дүгнэсэн, “Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д...” гэж 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон хуулийг тайлбарлаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь илт үндэслэлгүй байна.

Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйл 2 дахь хэсэгт заасан ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 2 дугаар зүйлд заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийн тухай, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 7-р зүйлд заасан шүүх хүчин төгөлдөр болсон албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол улсын Олон улсын гэрээг хэрэглэнэ гэж заасныг тус тус зөрчиж улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.

Хуульд заасан эрх гэх ойлголт заавал хэрэгжүүлэх үүрэг биш бөгөөд шүүх хууль зүйн шинжлэх ухааны эрх гэх ойлголтыг гуйвуулан “үүрэг” мэтээр тайлбарлаж улмаар ийнхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нь ноцтой алдаа болж байна.

Иймээс Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 132/ШШ2021/00054 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

Уг гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гомдлоо дэлгэрүүлэн тайлбарлах хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэхийг хүсэе гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “*******” цогцолбор сургуульд холбогдуулан 2020 оны 08 сарын 31-ний өдрийн тус сургуулийн захирлын Б/** тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.******* нь Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “*******” цогцолбор сургуульд 1992 оноос эхлэн технологийн багшаар ажиллаж байгаад 2020 оны 08 сарын 31-ний өдрийн тус сургуулийн захирлын Б/** тоот тушаалаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч М.*******гийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “*******” цогцолбор сургуулийн захирал Н.******* нь ажлаас халсан тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг тус тус үндэслэл болгожээ./х.х-ийн 3/

Нэхэмжлэгч  М.******* нь  иргэний бичиг баримтын төрсөн он, сар, өдөр зөрүүтэй байгааг зөвтгүүлэх талаар анхан шатны шүүхэд 2020 оны 09 сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2020 оны 09 сарын 23-ний өдөр Иргэний хэрэг үүсгэж, 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 1013 дугаар шийдвэрээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Х овогт М.*******г 1961 оны 07 сарын 28-ний өдөр төрснийг тогтоосон  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр  байна. /х.х-ийн 98,118,119/

Ажил олгогч нэхэмжлэгч М.*******г өндөр насны тэтгэвэрт гарах болсонтойгоо уялдуулан төсөвт мөнгөө урьдчилан суулгуулах тухай хүсэлт гаргасныг нь үндэслэн 2020 оны 7 дугаар сарын 16-ний өдөр А/25 тоот захирлын тушаал гаргасан байх бөгөөд тухайн тушаалыг үндэслэл болгож өндөр насны тэтгэвэрт гаргасан ажил олгогчийн шийдвэр учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч М.******* нь тухайн сургуулийн захиргаанд 60 нас хүртэл ажиллах талаар хүсэлт гаргаснаас үзэхэд  2020 оны 08 сарын 31-ний байдлаар 59 нас 9 сартай байсан нь Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1013 дугаар шийдвэр, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан иргэний улсын бүртгэлийн лавлагаа, /дугаар 00/000268/ мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магдалгаа /төрөгсдийн анкет  №77/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна. /х.х-ийн 26,83,84,98/ 

Анхан шатны шүүх дээр дурдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа төрсөн он болон насны зөрүүг арилгахаар хүсэлт гаргаагүй, энэ талаар ажил олгогчид мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжүй бөгөөд учир дутагдалтай болсон төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2- заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн  байна.   

Ажил олгогч нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний он, сар, өдрийг үндэслэн  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж үзэн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2020 оны 08 сарын 31-ний өдрийн Б/** дүгээр тушаал хууль зүйн хувьд үндэслэлгүй болжээ.    

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч дээр дурьсан хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн зүйл заалттай нийцэнэ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцоход нэхэмжлэгч М.*******гийн ажилгүй байсан хугацааны ажлын 100 өдрийн буюу /2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 сарын 12-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /4.499.093 : 63 =  төгрөг, 71.414 төгрөг  х 100 өдөр/ 7.141.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зүйтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 129.217 төгрөг гаргуулан Төрийн санд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны  шүүх үзэв.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2,.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдлыг хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1  сарын 20-ний өдрийн 132/ШШ2012/00054 дүгээр шийдвэрийн 1,2 дугаар заалтыг  хүчингүй болгож, дор дурьсанаар өөрчлүгэй.

2. “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар М.*******г Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “*******” цогцолбор сургуулийн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 7.141.400 /долоон сая нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож нэхэмулэлийн шаардлагаас 1.728.370 /нэг сая долоон зуун хорин найм гурван зуун дал/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.”гэж,

3. “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар М.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж тс тус өөрчлөлт оруулсугай.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 129217 /нэг зуун хорин ёсөн мянга хоёр зуун арван долоо/ төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дугаар зүйлийн 172.2.1, 2.2, 2.3-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөө тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН 

                                    ШҮҮГЧИД                                  Д.МӨНХӨӨ                            

                                                                       М.ХҮРЭЛБААТАР