Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00824

 

2021           06            23                                          001/ХТ2021/00824

 

 

 

.............гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 132/ШШ2021/00054 дүгээр шийдвэр,

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 214/МА2021/00003 дугаар магадлалтай,

 

.............гийн нэхэмжлэлтэй

Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “.............” цогцолбор сургуульд холбогдох

 

2020.08.31-ний өдрийн ............. цогцолбор сургуулийн захирлын Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг  даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1. ............. нь Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “.............” цогцолбор сургуульд холбогдуулан 2020.08.31-ний өдрийн Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар цуцалсан гэх үндэслэлээр маргасан байна.

 

2. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 132/ШШ2021/00054 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д заасныг баримтлан Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори ............. цогцолбор сургуульд холбогдох 2020 оны 08 сарын 31-ний өдрийн тус сургуулийн захирлын Б/39 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай ............. овогт .............гийн ............. /............./-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 214/МА2021/00003 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдах гомдлыг хангаж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1  сарын 20-ний өдрийн 132/ШШ2012/00054 дүгээр шийдвэрийн 1,2 дугаар заалтыг хүчингүй болгож, дор дурьсанаар өөрчилж, “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар .............г Булган аймгийн Булган сумын ерөнхий боловсролын лаборатори “.............” цогцолбор сургуулийн технологийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 7.141.400 /долоон сая нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч .............д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.728.370 /нэг сая долоон зуун хорин найм гурван зуун дал/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.”гэж, “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар .............гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж тс тус өөрчлөлт оруулж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 129217 /нэг зуун хорин ёсөн мянга хоёр зуун арван долоо/ төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Иргэний хэрэг хянан шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх, мөн хуулийн 40-р зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн. Үндэслэл нь: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний он сар өдрийг үндэслэн тушаал гаргасан нь хуульзүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэн “нотлох баримт буюу иргэний үнэмлэхээр 60 нас хүрсэн байсан учир уг баримтыг үндэслэн тушаал гаргасан гэх хариуцагчийн тайлбар буюу нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж өгснийг маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж байгаа баримт эсэхийг дүгнэн үзэлгүй, энэхүү нотлох баримтыг үндэслэн тушаал гаргах ёсгүй байсан мэт үнэлэлт дүгнэлт өгсөн нь дээрх заалтуудыг зөрчсөн. Хариуцагчийн маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон энэхүү баримтыг “нотлох баримт” гэж анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүх үгүйсгэж, няцаасан дүгнэлт хийгээгүй атлаа уг нотлох баримтыг үндэслэн тушаал гаргах ёсгүй гэж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн. 2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107-р зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж заасан. Өөрөөр хэлбэл “.............” цогцолбор сургуулийн 2020.08.31-ний өдрийн Б/39 тоот тушаал гарахад хариуцагчийн хууль бус гэм буруу байсан эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй. Тухайн тушаалыг гаргах үед Булган аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.14-ний өдрийн 132/ШШ2019/01013 тоот “нас тогтоосон” шийдвэр, /98хх/ “хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа” гэх нотлох баримт байгаагүй буюу хариуцагч түүнийг 59 нас 09 сартай болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нотлох баримтаар буруутган хариуцагчийн гэм бурууг нотолсон гэж үзэн тушаалыг хууль бус гэж давж заалдах шатны шүүх дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107-р зүйлийн 107.2-т заалтыг зөрчсөн. 3. Нэхэмжлэгч өөрөө 60 нас хүрээгүй байснаа ............. цогцолбор сургуулийн 2020.08.31- ны өдрийн Б/39 тоот тушаал гарснаас хойш шүүхийн журмаар насыг тогтоолгон шийдвэрлүүлж байгаа нөхцөл байдалд хариуцагчийн гэм буруутай эсэхэд давж заалдах шатны шүүх анхаарч шийдвэрлээгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлийн 26.3-т зааснаар Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээд байхыг хуульчилсан. Нэхэмжлэгч өөрийгөө хэдэн настай болохоо мэдсээр байж, иргэний бүртгэлийн бүртгэлтэй иргэний үнэмлэхийг үнэн зөв гэж өнөөдрийг хүртэл хэрэглэж байсан үйл баримтад хариуцагч гэм буруугүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч шийдвэрлээгүй. 4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107-р зүйлийн 107.3-т зааснаар хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргасан ба хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт болох “нэхэмжлэгчийн сургуулийн захиргаанд гаргаж өгсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон тул тэтгэврийн тэтгэмжийг төсөвт суулгах тухай хүсэлт /28 хх/ 2020.06.30-ны өдрийн мэдэгдэх хуудас №2 /27 хх/ ............. цогцолбор сургуулийн захирлын 2020.07.16-ны өдрийн А/25 тоот “Тэтгэмжийн мөнгийг төсөвт тусгах тухай” тушаал /29хх/, 2021 оны төсөвт тэтгэврийн тэтгэмж гаргахаар шийдвэрлэгдсэн санхүүгийн баримт /100-101хх/ зэрэг нотлох баримтуудаас өндөр насны тэтгэвэр гарах хүсэлтээ илэрхийлсэн үйл баримт нотлогдоно. Энэхүү нотлох баримтуудыг үгүйсгэн няцаасан нотлох баримт нэхэмжлэгч гаргаж өгөөгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй. 5.Хэрэгт нэхэмжлэгчийн “иргэний үнэмлэх” /2хх/ нотлох баримтаар авагдсан ба уг иргэний үнэмлэхийг 2012.08.27-ны өдөр нэхэмжлэгчид олгосон байх ба энэхүү нотлох баримтыг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл үнэн зөв нотлох баримт буюу уг иргэний үнэмлэх хүчингүй болоогүй байсан байна. Өөрөөр хэлбэл уг нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх нь Улсын бүртгэлийн ерөнхий тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.2-т заасан “иргэний улсын бүртгэл” гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлсны дагуу бүртгэл хийгдсэн иргэний бүртгэлийн үнэн зөвийг баталсан баримт бичиг бөгөөд энэхүү иргэний үнэмлэхний он сараар 60 нас хүрсэн гэдгийг нотолсон баримтыг болон нэхэмжлэгчийн хүсэлт зэргийг хариуцагч тухайн үед үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйлийн 40.1.3 дах заалтыг үндэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байгааг шүүх анхаарч үзээгүй. 6. Нэхэмжлэгчийн сургуулийн захиргаанд гаргаж өгсөн одоо өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон тул тэтгэврийн тэтгэмжийг төсөвт суулгах тухай хүсэлт /28хх/, 2020.06.30-ны өдрийн мэдэгдэх хуудас №2/27хх/ ............. цогцолбор сургуулийн захирлын 2020.07.16-ны өдрийн А/25 тоот “Тэтгэмжийн мөнгийг төсөвт тусгах тухай” тушаал /29хх/, зэрэг нотлох баримт нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүсснийг нотлох баримтууд нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4-р зүйлийн 1 дэх заалтыг хангасан буюу нэхэмжлэгч ............. цогцолбор сургуулийн 2020.08.31-ний өдрийн Б/39 тоот тушаал гарах үед 55 нас хүрсэн өндөр насны тэтгэвэр тогтоолгон, тэтгэврийн тэтгэмж авах хүсэлтээ гаргасан үйл баримт нь өөрөө хүсээгүй хүсэлт гэж үзэх боломжгүй, энэ талаар нотолсон баримт байхгүй байхад хариуцагчийг гэм буруутай гэж үзэж, ............. цогцолбор сургуулийн 2020.08.31-ний өдрийн Б/39 тоот тушаалыг нь хууль бус гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 7,141,400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 2021.05.21-ний өдрийн 001/ШХТ2021/00154 дүгээр тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ноцтой зөрчил гаргасан, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

............. нь тус сургуульд 1992 оноос багшаар ажиллаж байгаад 2020.08.31-ний өдрийн Б/39 тоот захирлын тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

 

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх дээр 1960.07.28-ны өдөр төрсөн тухай тэмдэглэгдсэн, уг баримтаар 60 нас хүрсэн гэж үзэж, ажил олгогч 2020.06.30-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, 2020.08.31-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.5-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохыг заасан, хариуцагчийн тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Энэ журмыг зөрчсөн, уг зөрчлийг залруулах боломжгүй тохиолдолд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

 

Ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажил олгогч 2020.08.31-ний өдөр шийдвэр гаргах үед ............. иргэний үнэмлэхэд бичигдсэнээр 60 нас хүрсэн гэж тооцогдох боловч бодит байдалд 60 нас хүрээгүй буюу уг үйл явдлыг тогтоосон шүүхийн шийдвэр нь тушаал гарснаас хойш гарсан болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу болсон байна.

 

............. нь ажил олгогч тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсны дараа буюу 2020.09.16-ны өдөр шүүхэд хандаж, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.14-ний өдрийн 1013 дугаар шийдвэрээр түүнийг 1961.07.28-ний өдөр төрсөн болохыг тогтоосон, шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /х.х-ийн 98,118,119/

 

Нэхэмжлэгч нь тушаал гаргах үед 60 нас хүрээгүй буюу 59 нас 9 сартай байсан нь шүүхийн шийдвэр, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, /дугаар ............./ хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа /төрөгсдийн анкет №77/ зэрэг баримтаар тогтоогдож байгаа боловч энэ үйл баримт нь тушаал гаргах үед байгаагүй, хожим илэрсэн баримт байхад давж заалдах шатны шүүх маргааны үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн бол ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгох, түүний үр дагаврыг арилгах эрх зүйн хамгаалалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д хуульчилсан.

 

Ажил олгогчийн тушаал “хууль бус” гэдэгт тушаалын хэлбэр, агуулгыг аль алиныг нь анхаарч, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэл тогтоогдсон эсэх, сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа, эрх бүхий этгээд эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангасан тушаал гаргасан эсэх, хэд хэдэн ажилтанд нэг зөрчилд арга хэмжээ авахдаа тохирсон шийтгэл ногдуулсан эсэх, гэрээг цуцлах хугацааг баримталсан эсэх асуудлууд хууль зөрчөөгүй байхыг ойлгоно.

 

Хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцалж, тушаал гаргах үед “ажилтан 60 нас хүрч тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” байсан учир ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй юм.

Харин хожим гарсан шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч тухайн үед 60 нас хүрээгүй байсан нь тогтоогдсон, энэ нь шинээр бий болсон нөхцөл байдлыг агуулсан, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан зохицуулалтад нийцээгүй нь уг баримтаар тогтоогдсон боловч ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болоогүй байна. Анхан шатны шүүх энэ талаар буюу нэхэмжлэгч нь нас тогтоолгох, насаа зөвтгөх тухайд өмнө нь анхаараагүй, үүнд хариуцагч бус нэхэмжлэгч өөрөө буруутай талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлын шүүх харьяаллын дагуу шийдвэрлэдэг, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохыг тус тус заасан.

 

Эдгээр зохицуулалтаар ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халсан буюу ажил олгогчийн хууль бус шийдвэр, хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан буруутай үйлдэл, үүний улмаас арилгах үр дагаврыг хуульчилсан тул .............г ажлаас чөлөөлсөнд хариуцагч гэм буруугүй тохиолдолд хохирлыг хариуцахгүй байна. Нэхэмжлэгч нь бодит байдалд 60 нас хүрээгүй баримтыг үндэслэн ажилд эгүүлэн тогтоож болох хэдий ч ажил олгогч гэм буруугүй тул ажилгүй байсан хугацааны олговор, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ эрх сэргээгдэхгүй тул нэхэмжлэгчийн зорилго хангагдахгүй, иймд ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 214/МА2021/00003 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 132/ШШ2021/00054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 129,217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД

                      ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                  Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                  Д.ЦОЛМОН