Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/03523

 

 

 

 

                         2020        10          12

      101/ШШ2020/03523

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугара хороо, Данзан гудамж, 10 тоотод оршин суух, Мэргэд овогт Т.Н /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 9 дүгээр гудамж, 103 тоот хаягт оршин суух, Шангаа овогт А.Г/рд:0/-д холбогдох,

 

86,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.П /Ү-0/, хариуцагч А.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б /Ү-0/, Б.Батбаяр /Ү-0/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

                                     

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэлт тайлбартаа:

            Т.Н нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн газар байсан Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, Данзангийн гудамж 10 тоот газар өмчлөх эрхээ А.Г-д шилжүүлж газрын үнийг 176,000,000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээ байгуулж газар өмчлөх эрх шилжүүлэх үед 90,000,000 төгрөгийг авч үлдэгдэл 86,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар иргэд хоорондын хэлцэл байгуулж нотариатаар батлуулсан. Хэлцэлд заасан хугацаа өнгөрч А.Г-аас үлдэгдэл төлбөрөө удаа дараа шаардсан боловч одоог хүртэл өгөхгүй, хэлцэлд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Одоо дээрх газар дээр барилга барьж ашиглалтад ороход бэлэн болсон байгаа юм. Иймд Г-аас хэлцлийн үүрэгт 86,000,000 төгрөгийг гаргуулан Т.Нд олгохоор шийдвэрлэж өгнө үү.

            Тамжид овогтой Н миний бие ******* Г-тай олон жил найз нөхрийн холбоотой явж байгаа хүн юм. Г миний  өмчлөлийн Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 10 тоот газрыг 2014 оноос эхэлж худалдаж авах санал тавьж ирсэн ба би зарахгүй гэдэг байж байгаад сүүлдээ 2017 онд 200,000,000 төгрөг бол ав гэж санал хэлсэн. Ганхавх барилгын компанитай учир газрын нэрээ надад шилжүүлчих дээр нь хамтарч барилга баръя гэсэн санал тавьдаг байсан ч би хамтрах боломжгүй гэдгээ хэлсэн. Ингээд 2017 онд үнээ буулгаж 180,000,000 зарахаар болсон. Ганхавх эхний ээлжинд барилгын зөвшөөрөл энэ тэр хөөцөлдөх шаардлагатай тул газар өмчлөх эрх миний нэр дээр шилжсэн байх шаардлагатай байна гэсэн тул Транс Капитал ББСБ-д 10,000,000 төгрөгийг өөрийн барьцаанд байсныг А.Г өөрөө чөлөөлж би ямар ч мөнгө авалгүй газраа чөлөөлсөн. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр газрын төлбөрөө авахаар болж 90,000,000 төгрөг урьдчилж аваад 90,000,000 төгрөгийн гэрээ хийж 2019 онд шилжүүлэхээр тохирсон юм. Эхэлж бэлэн авах 90,000,000 төгрөгөөс ББСБ-иас зээл чөлөөлсөн 10,000,000 төгрөгийг суутгаж, А.Гын эхнэр Энхжаргалын нэр дээрх приус 20 маркийн 4062 УБЦ улсын дугаартай автомашиныг 10,000,000 төгрөгт бодож үлдсэн 70,000,000 төгрөгийг бэлэн шилжүүлэхээр болсон. Энэ 70,000,000 нь А.Г-ын баримтаар гаргаж өгсөн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 69,950,000 төгрөг юм. Дээрх авто машиныг 2017 онд А.Г ОХУ руу явсан байх үед нь би эхнэр Энхжаргалтай хамт явж үзэж өгөөд 11,500,000 төгрөгөөр авч байсан машин юм. Харин үлдэгдэл 90,000,000 төгрөг дээр гэрээ хийх болоход А.Г 4,000,000 төгрөг хасаад 86,000,000 гэж гэрээ хийе би 4,000,000 төгрөгийг бэлэн өгнө. Эхнэртээ 4,000,000 төгрөгөөр хямдруулсан гэж хэлсэн гэсэн учир би зөвшөөрөөд 86,000,000 төгрөгөөр гэрээгээ хийсэн. Харин сая өмгөөлөгчид хандан шүүхэд хандах болох үед нэгэнт баримтад дурдаагүй тул нэхэмжлэх боломжгүй гэж тайлбарлаж өгсөн тул нэхэмжлэлд 176,000,000 төгрөгөөр зарсан гэж бичсэн. Би одоо 4,000,000 төгрөгийн зөрүү нэхэхгүй байгаа байгаа боловч анх 180,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон болох нь миний 80097204 дугаараас А.Гын 89171848 дугаарт бичиж байсан зурвасууд дээр тодорхой байгаа юм. Би гэрээнд заасан хугацаа дуустал хүлээгээд 2019 оны 05 дугаар сараас эхэлж үлдэгдэл төлбөрөө нэхэж эхэлсэн боловч өгөхгүй байсан тул шүүхэд хандсан. Миний мөнгө авах хугацаанд тааруулж төлөвлөсөн ажил төрөл бүгд гацаанд орж өдийг хүрлээ. Иймд тус хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, Данзангийн гудамж 1-10 тоот газар өмчлөх эрхээ А.Г-д худалдсан. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бид хоёр гэрээ хийсэн. 67,000,000 төгрөгийг бэлнээр миний дансанд хийж, Приус маркийн автомашиныг 10,000,000 төгрөгийн үнийн дүнд тооцож өгсөн. Мөн ББСБ-ийн  зээл 10,000,000 төгрөгийг төлж тухайн газрыг барьцаанаас чөлөөлсөн. Үлдэгдэл 86,000,000 төгрөгийг 2019 оны 05 сарын 01-ний өдөр төлөхөөр тохирч нотариатаар батлуулсан. Тухайн үед А.Г нь 70,000,000 төгрөгийг өгөхөөр гэрээсээ авч гараад надад өгөхдөө 67,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 3,000,000 төгрөгийг дараа өгье гэж хэлсэн боловч өгөөгүй. А.Гын эхнэр нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө татвар төлөхөөс зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийж байсан гэж мэдүүлсэн. Бид хоёр техникийн зах дээр очиж бага үнийн дүнгээр худалдах худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. 67,000,000 төгрөг миний дансанд орохоос 1 жилийн өмнө газрын өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Өгөх болсон шалтгаан нь барилга барих зөвшөөрлийн бичиг баримтыг бүрдүүлэхэд асар их хугацаа ордог гэж тайлбарлаж байсан учраас өмчлөлийн гэрчилгээгээ шилжүүлж өгсөн. Гэвч өнөөдөр 86,000,000 төгрөгийг өгөхгүй байгаа. Би гэрээгээ болон бусад зүйлсийг янзалж эр хүн шиг уулзаж ярилцах санал тавьсан боловч зугтаагаад уулздаггүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүртэл 1 жилийн хугацаанд хүлээсэн боловч өгөөгүй. А.Гаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 86,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч А.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б миний бие нэхэмжлэгч Т.Нн гаргасан нэхэмжлэлтэй танилцан дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс татгалзал болон түүнтэй холбогдох нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах болно гэжээ.

 

Хариуцагч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Н бид 2 олон жил найзалсан. 2017 онд Т.Н газраа ББСБ-д алдах гэж байхад бид нар өөрийн хөрөнгөөр чөлөөлж авсан. Тухайн газарт би ажлын байр барих санал тавьж байсан. 2017 онд тухайн газрыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцаж байсан. Миний хийсэн алдаа бол гэрээ хийгээгүй байдал нь болсон. Дараагаар нь газрын үнийн дүн нь өссөөр 90,000,000 төгрөг болсон. Нэгэнт ярилцаж тохирсон учраас гэж бодоод барилгын А даалгавар болон техник хэрэгсэл, барилга барих зөвшөөрөл зэргийг удаан хугацааны турш хөөцөлдсөн. Тухайн үед их хэмжээний зардал гарч байсан. Энэ талаараа Т.Нд танилцуулж байсан. Т.Н гэх хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Манай эхнэр данснаасаа 70,000,000 төгрөгийг шилжүүлж гэж явуулсан. 8 жилийн хугацаанд Т.Н гэх хүн тодорхой эрхэлсэн ажилгүй байсан учраас өр зээл тавьж амьдардаг байсан. Барилгын ажил эхлэхээр болсон боловч мөнгөгүй гэх шалтгаанаар газраа чөлөөлөхгүй байсан учраас 70,000,000 төгрөг шилжүүлэхээр болсон. Нотариатын газар очиход худалдаж байгаа тал нь төлбөрийг нь хийх ёстой байдаг. Би нотариатын төлбөрт 50,000 төгрөгийг төлж 69,950,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Барилгын ажил эхлэх болоход газар чөлөөлөхгүй байсан учраас манай эхнэр газрын төлбөрийг нь төлөөд газраа чөлөөлүүл гэхэд би 69,950,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Приус машиныг 14,000,000 төгрөгт тооцон шилжүүлж, ББСБ-ийн зээлд 7,980,000 төгрөгийг төлж тухайн газрыг чөлөөлж авсан. Нийт 91,930,000 төгрөгөөр төлсөн. Би зах зээлийн үнээс 2-3 дахин үнэтэй газрыг таньдаг хүнээсээ авахгүй, газрын үнийг 176,000,000 төгрөгөөр тохироогүй. Хамгийн сүүлд 90,000,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үеийн зах зээлийн ханшийг судлаад үзвэл уг газрын үнэ 70,000,000 төгрөгийн үнэ хүрэхээр газар байдаг боловч бид найзын хувьд 90,000,000 төгрөгөөр үнэлж худалдан аваад газрын төлбөрийг төлчхөөд нэмээд 86,000,000 төгрөг төлөх нь ойлгомжгүй байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч А.Гад холбогдуулан газрын үнийн үлдэгдэл төлбөрт 86,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн гудамж, 10 тоот хаягт байрлах газрыг 176,000,000 төгрөгөөр зарахаар тохирч газрын үнэд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 69,950,000 төгрөгийг шилжүүлсэн, Приус маркийн машиныг 14,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн, банк бус санхүүгийн байгууллагын зээлээс газрыг чөлөөлж, 7,980,000 төгрөг төлж, нийт 91,930,000 төгрөгийг авсан, үлдэх 86,000,000 төгрөгийг төлж барагдуулах хэлцэл хийсэн тул уг мөнгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж,

 

Хариуцагч А.Г нь газрыг 176,000,000 төгрөгөөр зарахаар тохироогүй, 90,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 69,950,000 төгрөгийг дансаар шилжүүлж, 14,000,000 төгрөгт Приус маркийн машин тооцож өгсөн, банк бус санхүүгийн байгууллагад байсан зээл 7,980,000 төгрөгийг төлж, газрыг нь чөлөөлсөн, нийт 91,930,000 төгрөгийг төлсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №6080 дугаартай Иргэд хоорондын хэлцэл-ээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн, А тал буюу А.Гын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзан гудамж, 10 тоот хаягт байрлах газрын үнэ болох үлдэгдэл мөнгө 86,000,000 төгрөгийг 2019 оны 5 сарын 1-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, нэмэлт нөхцөлөөр Т.Н нь 2018 оны 8 сарын 25-ны дотор газрыг чөлөөлж өгөхөөр тохиролцсон байна. /хх-4 тал/

 

Эрхийн улсын бүртгэлийн Г-2204015553 дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамж 10 тоот хаяг байршилтай газрын өмчлөгчөөр Т.Н бүртгэлтэй байсан ба газрын өмчлөх эрхийг 5,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдах-худалдан авах гэрээний дагуу Т.Нгаас А.Гад шилжүүлсэн гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Энэ талаар гэрч Д.Э-ын мэдүүлэгт ...Намсрай бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлнэ гэхэд би зөвшөөрөөгүй, худалдах худалдан авах гэрээгээр газрын өмчлөх эрхийг шилжүүлж авахаар болж 5,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Татварт 400,000 төгрөгийг төлөөд Г газрыг шилжүүлж авсан... гэж мэдүүлжээ.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд талууд татвараас зайлсхийх зорилгоор гэрээний үнийн дүнг бага хэмжээгээр тохирч өмчлөх эрхийг шилжүүлсэн ба бодит байдалд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Иргэд хоорондын хэлцэл нэртэй хэлцлээр газрын үнийг хэрхэн төлөх талаар тохирсон байна.

 

Дээрх худалдах-худалдан авах гэрээ, иргэд хоорондын хэлцэл баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамж 10 тоот хаяг байршилтай газрын өмчлөх эрхийг Т.Нгаас А.Гад худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа байна.

 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй харин газрын үнийг хэрхэн тохирсон, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар талууд маргаантай байна.

 

Маргаан бүхий газрын үнийг хэдэн төгрөгөөр худалдсан талаар зохигч талууд өөр өөр тайлбарлаж байгаа ба шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах дүгнэлтийг хийлээ.

 

2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №6080 дугаартай Иргэд хоорондын хэлцэлд газрын үнийг хэдэн төгрөгөөр худалдсан талаар бичээгүй ба үлдэгдэл мөнгө 86,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон байна.

 

Хариуцагч А.Гаас нэхэмжлэгч Т.Нд газрын үнэ 69,950,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 16-ний өдөр шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Мөн 40 62 УБЦ улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг эзэмших эрх нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч А.Гын эхнэр Д.Энхжаргалаас Т.Нд шилжсэн болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн түүхчилсэн лавлагаа, түүнд хавсаргасан баримтаар тогтоогдож байна. /хх-78-84 тал/

 

Хариуцагч А.Г нь нэхэмжлэгч Т.Нн нэр дээр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 7,980,000 төгрөгийг төлж, газрын өмчлөх эрхийн гэрчилгээг чөлөөлж авсан гэж тайлбарлаж байгаа ба энэ талаар гэрч Д.Энхжаргал ...Г бид нар банк бус санхүүгийн байгууллагад 7,980,000 төгрөг төлж газрын бичиг, байшингийн гэрчилгээг зээлээс чөлөөлж авсан... гэж мэдүүлсэн ба нэхэмжлэгч хариуцагч нар банк бус санхүүгийн байгууллагын зээлд 7,980,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй.

 

Иймээс Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-т зааснаар талууд гэрээнд газрын үнийг шууд заагаагүй боловч газрын үнэд банк бус санхүүгийн байгууллагын зээлд төлсөн 7,980,000 төгрөг, Тоёота Приус маркийн автомашиныг 14,000,000 төгрөгт тооцох талаар талууд тохиролцсон байна гэж үзээд шүүх гэрээний үнийн дүнг банк бус санхүүгийн байгууллагад төлөгдсөн 7,980,000 төгрөг, Тоёота приус маркийн автомашиныг 14,000,000 төгрөгт тооцсон, үлдэгдэл 86,000,000 төгрөг, нийт 107,980,000 төгрөгөөр тохирсон байна гэж үзлээ.

 

Үүнээс 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан №6080 дугаартай Иргэд хоорондын хэлцэл хийсэн цаг хугацаанаас өмнө төлөгдсөн мөнгийг хасч үлдэгдэл 86,000,000 төгрөгийн дүнг гаргасан байна гэж үзэн уг мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчид мөн өдөр шилжүүлсэн байх тул хасч үлдэх 16,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 69,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 69,950,000 төгрөгийг миний дансанд хийж үлдэгдэл 86,000,000 төгрөгийг төлөхөөр хэлцэлд заасан гэж байгаа боловч түүний тайлбар баримтаар тогтоогдохгүй байгааг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч А.Гаас 16,050,000 /арван зургаан сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Нд олгож, нэхэмжлэлээс 69,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 238,200 /хоёр зуун гучин найман мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ