Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2022/01164     

 

 

Т.Н-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03096 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2022/01539 дүгээр магадлалтай,

Т.Н-н нэхэмжлэлтэй,

А.Г-ад холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтохын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Ариунболд, Ц.Цэрмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхдагина, Ц.Баяртогтох, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч А.Г-ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 86,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03096 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Г-аас 16,050,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д олгож, нэхэмжлэлээс 69,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2022/01539 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “16,050,000” гэснийг “86,000,000” гэж, “олгож, нэхэмжлэлээс 69,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “олгосугай” гэж, 2 дахь заалтын “56.2” гэснийг “56.1” гэж, “238,200” гэснийг “587,950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 507,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас урьдчилан төлсөн 238,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох 2022.09.21-ний өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.11.04-ний өдрийн 001/ШХТ2022/01213 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.19-ний өдрийн 210/МА2022/01539 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

5.1. ... Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Магадлалын Хянавал хэсгийн 3 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байна” гэж, 4 дэх хэсэгт “Талууд дээрх байдлаар бэлнээр төлсөн 77,930,000 төгрөг болон бартераар төлсөн автомашиныг газрын үнээс хасаж тооцон, үлдэгдэл 86,000,000 төгрөгийг 2019.05.01-ний дотор төлөхөөр 2018.08.16-ны өдөр иргэд хоорондын хэлцэл хийжээ” гэжээ. Тодруулбал, давж заалдах шатны шүүх газрын төлбөрийг 7,980,000+69,950,000+14,000,000+86,000,000=177,930,000 төгрөг гэж үзсэн, гэвч хэргийн материалд дээрх дүнгээр тохиролцсон гэрээ, хэлцэл тохиролцоо огт байхгүй.

5.2. 7,980,000 төгрөгийн тухайд: 2017.04.07-ны өдөр газрыг ББСБ-аас чөлөөлөн авч, газрын төлбөрт тооцуулсан төлбөр, энэ үйл баримтын талаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэн аль нь маргадаггүй. 69,950,000 төгрөгийн хувьд: 2018.08.16-ны өглөө, 10:00 цагт нотариат орж №6080 дугаар хэлцэл хийж, тус өдрийн 13 цаг 28 минутад Т.Н-н ХААН банкны 5064507599 тоот дансанд шилжүүлсэн төлбөр болон энэ үйл баримтын талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.18-ны өдрийн 189 дүгээр магадлалаар “69,950,000 төгрөгийг тухайн өдөр хэлцэл хийхээс өмнө, эсвэл хэлцэл хийсний дараа шилжүүлсэн эсэх, цаг хугацааг тогтоох нь хэргийн бодит үнийг тогтооход чухал ач холбогдолтой” гэж үзсэний дагуу анхан шатны шүүхээс нотариатчийн дэвтэрт үзлэг хийж, тухайн хэлцэл 2018.08.16-ны өглөө эрт 2 дахь бүртгэлээр хийгдэж, газрын үлдэгдэл төлбөрийг мөн өдрийн 13:28 цагт шилжүүлсэн үйл баримтын талаарх нотлох баримт хэргийн материалд авагдсан байтал давж заалдах шатны шүүх ямар ч дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. 14,000,000 төгрөгийн тухайд “Хариуцагчийн эхнэрийн өмчлөлийн 40-60 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг газрын үлдэгдэл төлбөрт тооцуулан 2018.12.03-ны өдөр өмчлөх эрхийг Т.Н-д шилжүүлсэн”, ийм байдлаар хариуцагч А.Г нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн гудамж, 10 тоот хаягт байрлах 630 м.кв талбайтай газрын үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч Т.Н-д шилжүүлэн өгч дууссан, гэтэл давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн жишгээр газрын үнийг ямар ч нотлох баримт, үндэслэлгүйгээр тооцоолон, хэргийг шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй.

5.3. 5а дахь хэсэгт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулиар тогтоосон агуулгын шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна. 2018.08.16-ны өдрийн иргэд хоорондын хэлцэл нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчөөгүй, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн атлаа иргэд хоорондын хэлцэл нь “хуулийн хориглох хэм хэмжээ зөрчөөгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй.  Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл 2018.08.16-ны өдрийн иргэд хоорондын хэлцлээр маргаан бүхий газар нь дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагч А.Г-ын өмчлөлд шилжээгүй бөгөөд 2017.04.07-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрх, иргэн А.Г-ад шилжсэн.

5.4. Тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх хуулийн зохицуулалтын хүрээнд: Маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Газар өмчлөгч нь газар өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Иргэний газар өмчлөх эрхтэй холбогдсон хөдөлгөөний бүртгэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хөтөлнө”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.”  гэж заасан бөгөөд ... хуулийн 11 дүгээр зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийн бүртгэлийг хийлгэж, газрын өмчлөх эрхийг хариуцагч А.Г нь шударгаар олж авсан байдаг. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно”, 31.1.1-д “өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр...” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Т.Н-н газар өмчлөх эрх нь 2017.04.10-ны өдөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл талууд дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд хүсэл зоригоо илэрхийлэн газрын үнийг 5,000,000 төгрөгөөр тохиролцож, өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хуульд нийцсэн,  харин нэхэмжлэгч Т.Н-н 2018 оны №6080 дугаар иргэд хоорондын хэлцэл нь хуулиар тогтоосон агуулгын шаардлагыг хангаагүй хэлцэлд хамаарна. 6 дахь хэсэгт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тодорхой үр дүнд хүргэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хийсэн гэх нөхцөл байдал хэргийн материалд тогтоогдоогүй, 2018.08.16-ны өдрийн иргэд хоорондын хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

5.5. Уг хэлцлийн хүрээнд гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээг, төлөх хугацааг тодорхойлсон байна гэж, дээрх хэлцлийг тодорхой хүсэл зорилгоо илэрхийлэн хийсэн байдаг, өөрөөр хэлбэл 2018 оны №6080 дугаар хэлцэл хийсний дараа 630 м.кв газрын үлдэгдэл төлбөр 69,950,000 төгрөгийг шилжүүлж, мөн өдөр Т.Н газрыг бүрэн чөлөөлж, 2018.12.03-ны өдөр газрын үлдэгдэл төлбөрийг автомашинаар тооцуулан өгч, газрын төлбөрийг №6080 дугаар хэлцэлд зааснаар 2019.05.01-нд бус 2018 оны 12 дугаар сард барагдуулж дууссан талаарх нотлох баримт хэргийн материалд тодорхой байдаг. Нэхэмжлэгч Т.Н 2018 оны №6080 дугаар хэлцлийн агуулгаар 630 м.кв газрын төлбөрийг шаардаж байна. Дээрх хэлцлийн хүрээнд газрын өмчлөх эрх шилжээгүй, 2017.04.07-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд үндэслэн 7,980,000 төгрөгийг газрын төлбөрт тооцуулан “Транскапитал ББСБ” ХХК-д төлж газрыг чөлөөлж авсан, энэ талаар зохигчид хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т.Н, хариуцагч А.Г нарын хооронд бичсэн зурвасыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Н-н хүсэл сонирхлын илэрхийллийг А.Г хүлээн авахаас татгалзсан ба хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл тухайн зурвас дээр Т.Н-н үндэслэлгүйгээр газрын үнээ нэмэгдүүлж байгаа саналыг А.Г- хүлээн авч байгаа зурвас огт байхгүй бөгөөд газрын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхой харагддаг, (1хх-ийн 55-58-р) талд авагдсан баримт нь ganhawh гэх нэртэй бичигдсэн байх ба дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайн зурваст ямар хүмүүс хоорондоо мессежээр харилцаад байгаа нь тодорхойгүй байдаг.

5.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэсний дагуу дээрх зурваст үзлэг хийж хуулийн дагуу бэхжүүлж аваагүй, анхан шатны шүүхээс удаа дараа энэ зурваст үзлэг хийлгэж, бэхжүүлэх үү гэхэд нэхэмжлэгч тал татгалзаж байсан нь цаанаа учир шалтгаантай, анхан шатны шүүх дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир үнэлээгүй, гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж, хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Бодит байдал дээр нэхэмжлэгч Т.Н газрын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж байсан учир газрын төлбөрийг яаралтай өгч, газраа чөлөөлж авсан, нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг газрын төлбөрийг 176,000,000 эсвэл 180,000,000 төгрөгөөр тохиролцсон зүйл, гэрээ, хэлцэл хэргийн материалд огт байхгүй байтал анхан болон давж заалдах шатны шүүх газрын үнийг үндэслэлгүйгээр тооцоолон шийдвэрлэж байгаад маш их гомдолтой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

8. Нэхэмжлэгч Т.Н-гаас хариуцагч А.Г-ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 86,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 16,050,000 төгрөг гаргуулж, үлдэх 69,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өөрчилсөн байна.

9. Нэхэмжлэгчээс “... Миний бие 2018.08.16-ны өдөр өөрийн өмчлөлийн газрыг А.Г-ад шилжүүлж газрын үнийг 176,000,000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээ байгуулж газар өмчлөх эрх шилжүүлэх үед 90,000,000 төгрөгийг авч, үлдэгдэл 86,000,000 төгрөгийг 2019.05.01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хэлцэл байгуулж, нотариатаар батлуулсан. Гэрээнд заасан хугацаа өнгөрсөн ч А.Г- үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна... Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... 2017 онд Т.Н- газраа ББСБ-д алдах гэж байхад нь 7,980,000 төгрөгийг өмнөөс нь төлж чөлөөлж авсан. Тухайн газрыг анх 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцаж байсан. Дараагаар нь газрын үнийн дүн нь өссөөр 90,000,000 төгрөг болсон. 2018.08.16-ны өдөр нотариат дээр гэрээ байгуулж, 69,950,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөн приус маркийн машиныг 14,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн. Өмнө нь төлсөн зээлийн төлбөртэй нийлээд нийт 91,930,000 төгрөг төлсөн. Газрын үнийг 176,000,000 төгрөгөөр тохироогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд 2018.08.16-ны өдөр иргэд хоорондын хэлцлийг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн ба гэрээний үнийг 86,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Хариуцагчаас 69,950,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрийн 13 цаг 28 минутад нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, иймд “хэлцлийг байгуулсны дараа 69,950,000 төгрөгийг төлсөн, энэ нь үлдэх 86,000,000 төгрөгөөс төлөгдсөн төлбөр” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Харин хариуцагч газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж маргах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй тул төлбөл зохих 86,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 69,950,000 төгрөгийг хасаж, үлдэх 16,050,000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцнэ. Хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээний үнийг 180,000,000 төгрөг гэж харилцан тогтоосон гэж үзэхээргүй байна...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

11. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... иргэд хоорондын хэлцлийн 1.1 дэх заалтаас үзэхэд талууд газар худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээ, төлж барагдуулах хугацааг харилцан тохиролцож тогтоосон байх ба гэрээгээр нэхэмжлэгч нь 2018.08.25-ны өдрийн дотор газрыг чөлөөлж өгөх, хариуцагч нь газрын үлдэгдэл төлбөр 86,000,000 төгрөгийг 2019.05.01-ний өдрийн дотор төлөх үүрэг тус тус хүлээсэн, уг хэлцлийн хүрээнд гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тодорхойлсон, иймд хариуцагчаас гэрээнд заасан газрын үлдэгдэл төлбөрт 86,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй, хариуцагчийн “69,950,000 төгрөгийг 2018.08.16-нд төлөхдөө үлдэгдэл төлбөрөөс төлсөн” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар газрын үнийн үлдэгдлийг төлөхийг шаардах эрхтэй...” гэсэн зөрүүтэй дүгнэлт хийжээ.

12. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, харин давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

13. Тодруулбал, нэхэмжлэгчийн “өөрийн өмчийн газрыг худалдах үнийг анх 200,000,000 төгрөг гэж санал болгосон боловч 180,000,000 төгрөгөөр тохирсон, гэвч хариуцагчийн “4,000,000 төгрөгийг бэлнээр төлнө” гэснийг нотлох боломжгүй тул нэхэмжлэлдээ 176,000,000 төгрөг гэж бичсэн, үүнээс хариуцагч нь нэхэмжлэгчийн ББСБ-аас авсан зээлийн өрд 7,980,000 төгрөг буюу 8,000,000 төгрөгийг төлсөн, приус маркийн автомашиныг 14,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн, гэрээ байгуулсан 2018.08.16-ны өдөр 69,950,000 төгрөг буюу 70,000,000 төгрөгийг шилжүүлж, газрын үлдэгдэл төлбөр 86,000,000 төгрөгийг 2019.05.01-ний өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож, нотариатаар баталгаажуулсан” гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар илүүтэй нотлогдож байна. Тухайлбал, 1 дэх хавтаст хэргийн 55-59 дэх талд авагдсан талуудын гар утасны харилцан ярианд нэхэмжлэгчээс “... 100 г эхэлж аваад газар чөлөөлөхөөр 80 г авна мөн үү. Би нь тэгж ойлгосон...”, “... 180 с өр хасахгүй гэж бодсон шд. Ингэж л тохирмоор бна.  Наад мөнгөөр чинь 3 өрөө байр авчих санаа бгаамаа. Өөр арга алгаа түрүүн эхлэхдээ 100, дараа нь 80 гэж ярьсан биз дээ ...” гэснийг хариуцагчаас үгүйсгээгүй, харин “...Майхан толгойг өгье. Тэгээд зуугаа эхэлж өгөөд үлдэгдлээ сулраад өгөхөөр боллоо. Машин өр 2 нийлээд 20 с дээш, доош л юм байгааг мэдэж байгаа тиймээ. Мөнгөнд асуудалгүй ээ! Санаа амар бай ...”,  “... Одоо газраа зарвал татвар 20 сая шүү! Харин амжиж хийсэн бн 2-лаа ...” гэсэн нь зөвшөөрсөн агуулга бүхий гэж үзэхээр байна. Мөн хэрэгт авагдсан баримт болох хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК болон “Дамно” ХХК-ийн тайлангаар тухайн газрын зах зээлийн үнийг 2018 оны байдлаар 132,272,100 төгрөг, 172,200,000 төгрөг гэж тогтоосон нь нэхэмжлэгчийн хэлж буй газрын үнэ нь бодит байдалд нийцэж буйг илэрхийлэхээс гадна, зохигчийн хооронд гэрээ байгуулах өдөр хариуцагчид 70,000,000 төгрөг байсан бөгөөд уг мөнгийг тухайн өдөр шилжүүлсэн атлаа гэрээндээ “газрын үлдэгдэл төлбөр 86,000,000 төгрөгийг 2019.05.01-ний өдөр төлж дуусгах”-аар тохиролцсон нь эргэлзээ бүхий. Энэ бүхнээс үзвэл хариуцагчийн татгалзал нотлогдоогүй. Энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.   

14. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас газрын үнэ 176,000,000 төгрөгөөс бэлэн болон бэлэн бусаар нийт 92,000,000 төгрөг (ББСБ-ын өрөнд төлсөн 8,000,000 төгрөг+машины үнэ 14,000,000 төгрөг+бэлнээр шилжүүлсэн 70,000,000 төгрөг) авснаа хүлээн зөвшөөрч байгаа атлаа үлдэгдэл төлбөрт 86,000,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул хариуцагчаас 84,000,000 төгрөгийг (176,000,000-92,000,000) гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцнэ.

15. Дээр дурдсан үндэслэлээр (Хянавал хэсгийн 13-т) “... хоёр шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хариуцагч газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, талууд газрын үнийг 176,000,000 эсвэл 180,000,000 төгрөгөөр тохиролцсон гэрээ, хэлцэл хэргийн материалд огт байхгүй байтал анхан болон давж заалдах шатны шүүх газрын үнийг үндэслэлгүйгээр тооцоолон шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үгүйсгэгдэнэ.

16. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2022/01539 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...16,050,000” гэснийг “84,000,000” гэж, “69,950,000” гэснийг “2,000,000” гэж, 2 дахь заалтын “238,200” гэснийг “577,950” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХТУЯА

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД