Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01539

 

     

      2022              08             19                                               210/МА2022/01539

 

Т.Нн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03096 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Нн хариуцагч А.Гад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхдагина, Ц.Баяртогтох, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн газар болох Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, Данзангийн гудамж 10 тоот газар өмчлөх эрхээ А.Гад шилжүүлж газрын үнийг 176,000,000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээ байгуулж газар өмчлөх эрх шилжүүлэх үед 90,000,000 төгрөгийг авч үлдэгдэл 86,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар иргэд хоорондын хэлцэл байгуулж нотариатаар батлуулсан. Хэлцэлд заасан хугацаа өнгөрч А.Гаас үлдэгдэл төлбөрөө удаа дараа шаардсан боловч одоог хүртэл өгөхгүй, хэлцэлд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Одоо дээрх газар дээр барилга барьж ашиглалтад ороход бэлэн болсон байгаа юм. А.Гтай олон жил найз нөхрийн холбоотой явж байгаа хүн юм. Ганхавх миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 10 тоот газрыг 2014 оноос эхэлж худалдаж авах санал тавьж ирсэн ба би зарахгүй гэдэг байж байгаад сүүлдээ 2017 онд 200,000,000 төгрөг бол ав гэж санал хэлсэн. Тухайн үед газрыг 200,000,000 төгрөгөөр авахаар тохирсон. А.Г барилгын компанитай учир газрын нэрээ надад шилжүүлчих дээр нь хамтарч барилга баръя гэсэн санал тавьдаг байсан ч би хамтрах боломжгүй гэдгээ хэлсэн. Ингээд 2017 онд үнээ буулгаж 180,000,000 төгрөгөөр зарахаар болсон. А.Г эхний ээлжинд барилгын зөвшөөрөл хөөцөлдөх шаардлагатай тул газар өмчлөх эрх миний нэр дээр шилжсэн байх шаардлагатай байна гэсэн тул Транс Капитал ББСБ-д 10,000,000 төгрөгийг өөрийн барьцаанд байсныг А.Г үлдэх 7,980,000 төгрөгийг миний өмнөөс төлж би ямар ч мөнгө авалгүй газраа чөлөөлсөн. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр газрын төлбөрөө авахаар болж 90,000,000 төгрөг урьдчилж аваад 90,000,000 төгрөгийн гэрээ хийж 2019 онд шилжүүлэхээр тохирсон юм. Эхэлж бэлэн авах 90,000,000 төгрөгөөс ББСБ-иас зээл чөлөөлсөн 10,000,000 төгрөгийг суутгаж, А.Гын эхнэр Энхжаргалын нэр дээрх приус 20 маркийн 40-62 УБЦ улсын дугаартай автомашиныг 14,000,000 төгрөгт бодож үлдсэн 70,000,000 төгрөгийг бэлэн шилжүүлэхээр болсон. Энэ 70,000,000 нь А.Гын баримтаар гаргаж өгсөн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 69,950,000 төгрөг юм. Дээрх авто машиныг 2017 онд А.Г ОХУ-руу явсан байх үед нь би эхнэр Энхжаргалтай хамт явж үзэж өгөөд 11,500,000 төгрөгөөр авч байсан машин юм. Харин үлдэгдэл 90,000,000 төгрөг дээр гэрээ хийх болоход А.Г 4,000,000 төгрөг хасаад 86,000,000 гэж гэрээ хийе би 4,000,000 төгрөгийг бэлэн өгнө. Эхнэртээ 4,000,000 төгрөгөөр хямдруулсан гэж хэлсэн гэсэн учир би зөвшөөрөөд 86,000,000 төгрөгөөр гэрээгээ хийсэн. Харин шүүхэд хандах болох үед нэгэнт баримтад дурдаагүй тул нэхэмжлэх боломжгүй гэж тайлбарлаж өгсөн тул нэхэмжлэлд 176,000,000 төгрөгөөр зарсан гэж бичсэн. Би одоо 4,000,000 төгрөгийн зөрүү нэхэхгүй байгаа боловч анх 180,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон болох нь миний 80097204 дугаараас А.Гын 89171848 дугаарт бичиж байсан зурвасууд дээр тодорхой байгаа юм. Би гэрээнд заасан хугацаа дуустал хүлээгээд 2019 оны 05 дугаар сараас эхэлж үлдэгдэл төлбөрөө нэхэж эхэлсэн боловч өгөхгүй байсан тул шүүхэд хандсан. Иймд Ганхавхаас хэлцлийн үүрэгт 86,000,000 төгрөгийг гаргуулан Т.Нд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Т.Н бид 2 олон жил найзалсан. 2017 онд Т.Н газраа ББСБ-д алдах гэж байхад бид нар өөрийн хөрөнгөөр чөлөөлж авсан. Тухайн газарт би ажлын байр барих санал тавьж байсан. 2017 онд тухайн газрыг 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар ярилцаж байсан. Миний хийсэн алдаа бол гэрээ хийгээгүй байдал нь болсон. Дараагаар нь газрын үнийн дүн нь өссөөр 90,000,000 төгрөг болсон. Нэгэнт ярилцаж тохирсон учраас гэж бодоод барилгын А даалгавар болон техник хэрэгсэл, барилга барих зөвшөөрөл зэргийг удаан хугацааны турш хөөцөлдсөн. Тухайн үед их хэмжээний зардал гарч байсан. Энэ талаараа Т.Нд танилцуулж байсан. Т.Н гэх хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Манай эхнэр данснаасаа 70,000,000 төгрөгийг шилжүүлж гэж явуулсан. 8 жилийн хугацаанд Т.Н гэх хүн тодорхой эрхэлсэн ажилгүй байсан учраас өр зээл тавьж амьдардаг байсан. Барилгын ажил эхлэхээр болсон боловч мөнгөгүй гэх шалтгаанаар газраа чөлөөлөхгүй байсан учраас 70,000,000 төгрөг шилжүүлэхээр болсон. Нотариатын газар очиход худалдаж байгаа тал нь төлбөрийг нь хийх ёстой байдаг. Би нотариатын төлбөрт 50,000 төгрөгийг төлж 69,950,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Барилгын ажил эхлэх болоход газар чөлөөлөхгүй байсан учраас манай эхнэр газрын төлбөрийг нь төлөөд газраа чөлөөлүүл гэхэд би 69,950,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Приус машиныг 14,000,000 төгрөгт тооцон шилжүүлж, ББСБ-ийн зээлд 7,980,000 төгрөгийг төлж тухайн газрыг чөлөөлж авсан. Нийт 91,930,000 төгрөг төлсөн. Би зах зээлийн үнээс 2-3 дахин үнэтэй газрыг таньдаг хүнээсээ авахгүй, газрын үнийг 176,000,000 төгрөгөөр тохироогүй. Хамгийн сүүлд 90,000,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үеийн зах зээлийн ханшийг судлаад үзвэл уг газрын үнэ 70,000,000 төгрөгийн үнэ хүрэхээр газар байдаг боловч бид найзын хувьд 90,000,000 төгрөгөөр үнэлж худалдан аваад газрын төлбөрийг төлчихөөд нэмээд 86,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Гаас 16,050,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Нд олгож, нэхэмжлэлээс 69,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс талууд гэрээний гол зүйл болох газрын үнийг тохиролцоогүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 16 өдөр 90,000,000 төгрөгөөр тохиролцсон байна гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Талуудын хооронд хийгдсэн захидал харилцаагаар худалдах, худалдан авах гэрээний үнийг 180,000,000 төгрөгөөр тохирох саналыг 2018 оны 7 дугаар сарын 4 өдөр мэдэгдсэн байх ба тухайн саналд татгалзсан санал ирүүлэлгүйгээр 2018 оны 8 дугаар сарын 16 өдөр иргэд хоорондын хэлцлээр үлдэгдэл төлбөр 86,000,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 1 дотор төлж барагдуулахаар урьдчилгаа төлбөрийг ББСБ-д төлсөн 7,980,000 төгрөг, приус 20 маркын автомашиныг 14,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн, бэлнээр 69,500,000 төгрөг тухайн өдөр шилжүүлснээр нийт 91,5 сая төгрөгийг хүлээн авсан нь Иргэний хуулийн 43.1.3-т заасан үндэслэл бий болсон. Үүнийг хариуцагч Ганхавх нь хожим дэмжин зөвшөөрсөн буюу 2018 оны 8 дугаар сарын 16 өдөр Иргэд хоорондын хэлцэл хийснээр тодорхой байхад гэрээний гол нөхцөлийн талаар хариу өгөөгүй нь хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй буруу юм. Хариуцагчийн зүгээс гэрээний үнийг 90,000,000 төгрөг гэх боловч шүүхээс тухайн худалдах, худалдан авах гэрээний үнийг хариуцагч 90,000,000 төгрөгөөр тохирсон гэх нь үндэслэлгүй гэж тогтоосон байтлаа 2018 оны 8 дугаар сарын 16 өдөр гэрээний үнийг 107,980,000 төгрөгөөр тохиролцсон байна гэж санаачлагаараа үнэ тогтоосон нь мөн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, гарцаагүй байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс гэрч С.Төрбаатар, Э. Шинэбаяр нараас гаргасан /ноториатаар баталгаажуулсан/ тодорхойлолтыг бичгэн нотлох баримтаар шинжлэн судалсан байтал гэрч Э.Шинэбаярыг шүүх хуралд биечлэн ирсэнгүй гэх шалтгаанаар нотлох баримтыг үнэлсэнгүй гэх нь шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байх тул гомдлын хэсгээр хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч А.Гаас 16,050,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Нд олгох гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №6080 дугаар хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авсан гэж үзэж мөн хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар газрын үнийг 107,980,000 төгрөгөөр талууд тохирсон гэж үзсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий гараагүй байна. Талуудын байгуулсан №6080 дугаар хэлцэл Иргэний хуулийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үзэж болох ч нэхэмжлэгч Т.Нн яриад байгаа олон янзын газрын үнийг хариуцагч А.Г хүлээн авахаас татгалзсан талаарх баримт хэргийн материал тодорхой байна. №6080 хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байтал анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн талууд 5 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулан холбогдох хуулийн хүрээнд өмчлөх эрхийг Т.Нгаас А.Гад шилжүүлсэн талаарх баримт хэргийн материалд тодорхой байна. №6080 дугаар хэлцэл нь хэдий хүчин төгөлдөр бус хэлцэл боловч үүрэг гүйцэтгэгч нь үүргээ нэгэнт гүйцэтгэсэн гэж үзэхээр бол А.Г нь №6080 дугаар хэлцэл байгуулагдахаас өмнө газрын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хэдий ч Т.Нтай тохиролцсон ёсоор 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр газрыг банк бусаас чөлөөлж, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 69,950,000 төгрөг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 40-62 УНЦ дугаартай тээврийн хэрэгслийг тус тус шилжүүлэн өгч, маргаан бүхий газрын үнийг бүрэн барагдуулсан. Анхан шатны шүүх газрын үнийг 107,980,000 төгрөгөөр тохирсон гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Нийт 90,000,000 төгрөгөөс А.Гын эхнэрийн өмчлөл дэх тээврийн хэрэгслийг 14,000,000 төгрөгөөр тооцуулан хасуулсан,  банк бусаас газрыг 7,980,000 төгрөгөөр чөлөөлсөн зэргийг газрын төлбөрөөс хасч тооцсон тухай хэн хэн нь зөвшөөрч тайлбарласаар байтал нэмж тооцсон нь үндэслэлгүй юм. Тодруулбал газрыг банк бусаас чөлөөлж, тээврийн хэрэгсэл шилжүүлж үлдэгдэл төлбөрийг төлсөн байтал, анхан шатны шүүх 86,000,000 төгрөгөөс 69,950,000 төгрөгийг хасч үлдэх 16,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас гэрээний үнийн дүнг 90,000,000 төгрөг гэж тохиролцсон боловч одоогийн байдлаар нийт 91,930,000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд хийсэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөр 86,000,000 гэж хэлсэн. Нийт 91,930,000 төгрөг болон гэрээний үлдэгдлийг тооцож үзэхэд 180,000,000 төгрөг болж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс нотариатаар орсны дараа 69,950,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд цаг хугацааны хувьд 86,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангасан. Анхан шатны шүүхээс үлдэгдэл төлбөрийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүхээс хянаж магадлал гаргасан. Тухайн магадлалд заасан ажиллагаа 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 03096 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр гарахад дээрх магадлалд заасан ажиллагаа бүрэн гүйцэд дурдагдсан. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол болон тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж өөрчлөлт оруулсан болно.

2. Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч А.Гад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 31/

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байна.

3.а. Зохигчид 2017оны 04 дүгээр сарын 07-ны өдөр газар худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн 1-10 тоотод байрлах 630 м.квадрат газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь газрын үнэ 5,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

3.б. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд газрыг шилжүүлж, хариуцагч 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

3.в. Талууд газрын үнийг өөрөөр тохиролцсон боловч татвар бага төлөхийн тулд газрын үнийг 5,000,000 төгрөг гэж гэрээнд тусгасан талаар зохигчид тайлбарлаж байх ба энэ талаар маргаангүй.

Нэхэмжлэгч газрыг 176,000,000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч 90,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тус тус маргасан ба анхан шатны шүүх зохигчид газрын үнийг 107,980,000 төгрөгөөр тохирсон гэж үзжээ.

 

4.а. Дээрх газар нь “Транскапитал ББСБ” ХХК-д зээлийн барьцаанд байсан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн зээлийн үлдэгдэл төлбөр 7,980,000 төгрөгийг өмнөөс нь төлж газрыг барьцааны бүртгэлээс чөлөөлсөн үйл баримтын талаар зохигчид маргаангүй.

4.б. Хариуцагчийн эхнэр Д.Энхжаргалын өмчлөлийн 40-62 УБЦ улсын дугаартай Тоёота приус маркийн суудлын автомашиныг газар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсаны дараа 2017 онд нэхэмжлэгчид шилжүүлж, улмаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн нэр дээр автомашиныг шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, гэрч Д.Энхжаргалын мэдүүлэг, тухайн тээврийн хэрэгслийн лавлагаа болон хувийн хэргээр нотлогдож байна.

4.в. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид газрын үнэд 69,950,000 төгрөг шилжүүлсэн нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

4.г. Талууд дээрх байдлаар бэлнээр төлсөн 77,930,000 төгрөг болон бартераар төлсөн автомашиныг газрын үнээс хасч тооцон, үлдэгдэл 86,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэд хоорондын хэлцэл хийжээ. /хх 4/

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дээрх Иргэд хоорондын хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.

5.а. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулиар тогтоосон агуулгын шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Иргэд хоорондын хэлцэл нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчөөгүй, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иргэд хоорондын хэлцлийн 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь А талын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн гудамж, 10 тоот хаягт байрлах газрын үнэ болох үлдэгдэл мөнгө 86,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ. Уг заалтаас үзэхэд талууд газар худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээ, төлж барагдуулах хугацааг харилцан тохиролцож тогтоосон байх ба гэрээгээр нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор газрыг чөлөөлж өгөх, хариуцагч нь газрын үлдэгдэл төлбөр 86,000,000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. Иймд талуудад үүрэг үүсгэх зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн тохиролцоог дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн иргэд хоорондын хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд уг хэлцлийн хүрээнд гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тодорхойлсон байна.

 

7. Иймээс хариуцагч А.Гаас гэрээнд заасан газрын үлдэгдэл төлбөрт 86,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Нд олгож, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна. Хариуцагчийн татгалзлын үлдэгдэлд зааж буй 69,950,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 16-нд төлөхдөө үлдэгдэл төлбөрөөс төлсөн гэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар газрын үнийн үлдэгдлийн төлөхийг шаардах эрхтэй.

 

8. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын16,050,000” гэснийг “86,000,000” гэж, “олгож, нэхэмжлэлээс 69,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “олгосугай” гэж, 2 дахь заалтын “56.2” гэснийг “56.1” гэж, “238,200” гэснийг “587,950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 507,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас урьдчилан төлсөн 238,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                              С.ЭНХБАЯР

 

                                                         Д.БЯМБАСҮРЭН