Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/01282

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 131/ШШ2022/00360 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 213/МА2022/00020 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Ц.Д, Б.Да нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 22,201,650 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2019.01.21-ний өдөр байгуулсан 11,246,000 төгрөгийн, 2019.01.21-ний өдөр байгуулсан 1,350,000 төгрөгийн, 2019.05.07-ны өдөр байгуулсан 1,000,000 төгрөгийн, 2019.06.11-ний өдөр байгуулсан 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Да, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ц.Д, Б.Да нарт холбогдуулан 2019.01.21-ний өдрийн 11,246,000 төгрөгийн, 2019.01.21-ний өдрийн 1,350,000 төгрөгийн, 2019.05.07-ны өдрийн 1,000,000 төгрөгийн, 2019.06.11-ний өдрийн 1,500,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нийт 22,201,650 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч дээрх 4 удаагийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 131/ШШ2022/00360 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Д, Б.Да нараас 13,486,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,715,650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг баримтлан 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 6 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 11,246,000 төгрөгийн, 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1,350,000 төгрөгийн, 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1,500,000 төгрөгийн, 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 2 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч Ц.Д, Б.Да нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д, Б.Дашиблэгт нараас улсын тэмдэгтийн хураамж 225,380 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 268,958 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 213/МА2022/00020 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 131/ШШ2022/00360 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ц.Д, Б.Да нараас Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,960 төгрөгийг шүүгчийн захирамжаар тэдэнд буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1 Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн маргаан бүхий үйл баримтыг шинжлэн судалж , дүгнэвэл зохих үйл баримтыг зөв дүгнэсэн, Иргэний хууль болоод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж, түүнд хохирол учруулж байна.

4.2 Анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн 2022.03.07-ны өдрийн 247 дугаар тогтоолд дурдсаны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Тодруулбал: Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх, гэрээний хүчинтэй байдал маргааны зүйл болсон. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно.

4.3 Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч Б.А, хариуцагч нар нь 2019 оны 01 сарын 21-ний өдөр 6 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 11.246.000 төгрөгийн, 2019 оны 01 сарын 21-ний өдөр 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.350.000 төгрөгийн, 2019 оны 05 сарын 07-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.000.000      төгрөгийн, 2019 оны 06 сарын 11-ний өдөр 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Зохигчдын хооронд бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн дээрх зээлийн гэрээнүүдэд нэхэмжлэгч Б.А, хариуцагч нар биечлэн гарын үсэг зурсан нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 10- ны өдрийн 012 тоот шинжээчийн дүгнэлт, нотариатч гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогджээ. Дээрх зээлийн гэрээнүүдийг нэг бүрчлэн шалгахад 2019 оны 01 сарын 21-ний өдөр 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.350.000 төгрөгийн, 2019 оны 05 сарын 07-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.000.000 төгрөгийн, 2019 оны 06 сарын 11-ний өдөр 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцох буюу гэрээ байгуулах хэлбэр, харилцан гэрээ байгуулах санал гаргаж, хүлээн авсан байдал, зөвшөөрлөө илэрхийлсэн хэлбэр, хүү төлбөрөө төлж байсан зэргээс дүгнэн зохигчид нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээг хэлбэр агуулгын хувьд хүлээн зөвшөөрч харилцан байгуулсан, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч нар нь маргаан бүхий дээрх гэрээнүүдийг байгуулахад хууль эрх зүйн мэдлэггүй, зээлдэгчийн дарамт шахалтанд орж гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа ч энэ байдал нь нотлогдохгүй, няцаагдаж байна. Харин 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 11.246.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 12 хувийн хүүтэй зээлсэн гэх гэрээг хянахад дээрх гэрээгээр зохигчид нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний эрх үүрэг үүсгэх зорилгоор бус зохигчдын өмнө байгуулсан 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 8750000 төгрөгийн, 2018 оны 03 сарын 22-ны өдрийн 8.196.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн үр дагаврыг тооцож, тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдэл болох 11.246.000 төгрөгийг харилцан хүлээн зөвшөөрч, хариуцагч талд төлбөр төлөхийг үүрэгжүүлэх зорилгоор гэрээний хэлбэрээр хийгдсэн нотлох баримт буюу бичгээр хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр уг гэрээг үндэслэн нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардаж байгаа, хэлбэр агуулгын хувьд зээлийн гэрээ мэт ойлгогдож байх ч тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч нь Иргэний хуульд зааснаар өөрийн эрхийн хамгаалалт болгож дээрх баримтыг үйлдсэн гэх үндэслэлтэй юм...” гэж дүгнэсэн үндэслэлтэй байна. Мөн хариуцагч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 2018 оны 03 дугаар сард зээлсэн 8196000 төгрөгийн 12 хувиар тооцоход 11346000 төгрөг болж байгаа ба зээлийн гэрээний тооцоо нийлж 11246000 төгрөгийн гэрээ хийсэн гэдгээ тайлбарласан. /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/

Хариуцагч нар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дүн болох 11,246,000 төгрөгийн 12 хувийн хүү болох 1,349,520 төгрөгийг гэрээ байгуулсны дараа сараас эхлэн нэхэмжлэгчид бэлнээр болон дансаар өгснийг шүүх хурал дээр тооцож үзсэн. Хэрэв үнэхээр л мөнгө зээлээгүй бол түүний 12 хувийн хүүг хариуцагч 4 сар төлөхгүй байх ба хариуцагч тал 2019.09.13-ны өдрийн шүүх хуралдаанд 11,193,000 төгрөгөөр эвлэрэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Хэрэв үнэхээр мөнгө аваагүй бол ингэж эвлэрэх гэсэн санал гаргахгүй. Хариуцагч тал нэхэмжлэгчид өр төлбөртэйгөө өөрөө хүлээн зөвшөөрсөн. / Хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ Гэтэл энэ мэт өр төлбөртэй болохоо хариуцагч шүүх хурал дээр хэлсэн тайлбар болон бусад нотлох баримтаар нь тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан үндэслэл буюу “ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүний нотлох баримт...”-ыг хавсаргаж ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч нар “...мөнгө аваагүй юм бол .. яагаад 4 сар хүүг нь төлж байсан аа ... яагаад аваагүй мөнгөндөө шүүх дээр 11,193,000 төгрөгөөр эвлэрэх гэж гуйж байгаа, мөн 2018 оны 03 дугаар сард зээлсэн 8196000 төгрөгийн 12 хувиар тооцоход 11346000 төгрөг болж түүнийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ болгон гэрээ байгуулсан... гэх тайлбаруудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгааг давж заалдах шатны шүүх огт анхаараагүй. Хариуцагч нар нь үг үйлдлээрээ мөнгө авсан болохоо хүлээн зөвшөөрсөн байхад мөнгө шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гэж үзэж байна.

4.4 Тус хэргийг давж заалдах шатны шүүх 2 удаа хянан хэлэлцэж байгаа ба 2020 оны 07 дугаар сарын 16-ны 16 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэл болсон нотлох баримт болох нэр бүхий 4 удаагийн зээлийн гэрээг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хүчин төгөлдөр бусад тооцож нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт үндэслэлгүйгээр халдаж, хариуцагч нарт ашигтай шийдвэр гаргаж байсан тэр үеийн үйл явдал дахин давтагдаж байна гэсэн хардлага нэхэмжлэгч надад төрж байна. Энэ явдлаас болж нэхэмжлэгч миний шударга хөдөлмөрөө олсон мөнгөө бусдад алдаж, олж авахын тулд маш их цаг хугацаа, хөрөнгө, хүч зарцуулж байна.

Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ц.Д, Б.Да нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн нийт 22,201,650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...хариуцагч нар удаа дараа мөнгө зээлсэн, зээлсэн мөнгийг хугацаандаа төлдөггүй, хүү, алдангийн хамт гаргуулна гэж маргажээ.

6. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Б.Ааас 1-2 сая төгрөг зээлдэг байсан, зээлсэн мөнгөний хүү, алданги нэмэгдэж, их дүнтэй болохоор нь нийлүүлж шинээр зээлийн гэрээ байгуулдаг байсан. ...2018 онд тооцоо нийлэхэд 6,193,000 төгрөг болсон, үүн дээр хүү, алдангийг нэмж 11,246,000 төгрөгийн зээл авснаар гэрээ хийсэн. ...бид зээлийн хүү, алдангид нийт 10 гаруй сая төгрөг төлсөн гэж марган, зохигчийн хооронд байгуулсан 4 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэсэн байна.

7. Анхан шатны шүүх ...хариуцагч нар нь 2019.01.21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 8,696,000 төгрөг, 2019.01.21-ний өдрийн гэрээний үүрэгт 2,025,000 төгрөг, 2019.05.07-ны өдрийн гэрээний үүрэгт 1,115,000 төгрөг, 2019.06.11-ний өдрийн гэрээний үүрэгт 1,650,000 төгрөг, нийт 13,486,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч нараас 13,486,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 8,715,650 төгрөг гаргуулах шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүх маргаанд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэн, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

8. Нэхэмжлэгчийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022.12.02-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

9. Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагч нар 2019.01.21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 11,246,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлж, хүүд 3 удаа нийт 2,550,000 төгрөгийг төлсөн, одоо хүүд 5,547,120 төгрөг, алдангид 618,530 төгрөг, нийт 17,411,650 төгрөг төлөх үүрэгтэй, мөн 2019.01.21-ний өдрийн гэрээний дагуу 1,350,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлсэн, хүүгээ сар бүр төлсөн, одоо алдангид 675,000 төгрөг, нийт 2,025,000 төгрөг, 2019.05.07-ны өдрийн гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлсэн, хүүг хугацаандаа төлсөн, алдангид 115,000 төгрөг, нийт 1,115,000 төгрөг, 2019.06.11-ний өдрийн гэрээний дагуу 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлсэн, хүүг төлсөн, алдангид 150,000 төгрөг, нийт 1,650,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, иймээс үндсэн зээл, хүү, алдангид нийт 22,201,650 төгрөгийг гаргуулна гэжээ.

11. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн зүйлээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр, 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор тус тус  хуульчилсан. 

 Нэхэмжлэгч Б.А нь 4 удаагийн зээлийн гэрээний үүрэгт 22,201,650 төгрөг гаргуулахаар шаардсан боловч зээлдүүлэгчээс гэрээ тус бүрийн дагуу зээлдэгч нарын өмчлөлд зээлсэн мөнгийг хэзээ, хэрхэн шилжүүлж өгсөн болон зээлдэгч нараас зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангид төлсөн гэх мөнгийг хэзээ, хэрхэн хүлээн авсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иймээс давж заалдах шатны шүүхийн ...нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлээгүй, ...анхан шатны шүүх хэргийг 2 удаа хянан шийдвэрлэсэн буюу 2022.06.03-ны өдрийг хүртэлх боломжит хугацаанд мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх талуудын тайлбарт үндэслэн хариуцагч Ц.Д, Б.Да нараас 13,486,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгохоор  шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасанд нийцээгүй... гэсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.

12. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 213/МА2022/00020 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022.11.03-ны өдөр төлсөн 286,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                              Б.МӨНХТУЯА

                                                                                          Д.ЦОЛМОН

    С.СОЁМБО-ЭРДЭНЭ