Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 131/шш2020/00601

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, УАА 1-20а тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р баг, 5-19 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р баг, 2-22 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ийн  нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн 22.201.650 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 01 сарын 21-ний өдөр байгуулсан 11.246.000 төгрөгийн, 2019 оны 01 сарын 21-ний өдөр байгуулсан 1.350.000 төгрөгийн, 2019 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан 1.000.000 төгрөгийн, 2019 оны 06 сарын 11-ний өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч Ц.*******, Б., тэдний өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.*******, Б. нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд цагаан цахирын уурхайд чулуу олборлодог өөрсдийн хувийн бизнес хийдэг. Мөн эхнэр нь үсчнээр ажилладаг. Бизнестэйгээ холбоотойгоор надаас удаа дараа гэрээ байгуулан мөнгө зээлж байсан. 2019 оны 01 сарын 21-ний өдөр 11.246.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 12 хувийн хүүтэй зээлж авсан. Уг зээлийн гэрээний хүүнээс 2 сард 1.050.000 төгрөг, 3 сард 750.000 төгрөг, 4 сард 750.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл хүүний төлбөр 5.547.120 төгрөг үлдсэн, мөн өнөөдрийг хүртлэх алданги буюу 11 хоногийн алданги 618.530 төгрөг, үндсэн төлбөр 11.246.000 төгрөг, нийт 17.411.650 төгрөг болно.

 Мөн өдрөө дахин 1.350.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлсэн. Уг гэрээний төлбөрийн хүүг сар бүрт өгч байсан бөгөөд өнөөдрийг хүртлэх алданги 675.000 төгрөг, үндсэн төлбөр 1.350.000 төгрөг, нийт 2.025.000 төгрөг өгөөгүй байгаа болно.

 2019 оны 5 сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг гэрээний хүүг хугацаандаа төлсөн, үндсэн төлбөрийг төлөөгүй байгаа. Уг гэрээний өнөөдрийг хүртлэх алданги 115.000 төгрөг, үндсэн төлбөр 1.000.000 төгрөг, нийт 1.115.000 төгрөг өгөөгүй байгаа болно.

2019 оны 06 сарын 11-ний өдөр 1.500.00 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг мөнгөний 1 сарын хүүг өгсөн бөгөөд өнөөдрийг хүртлэх алданги 150.000 төгрөг, үндсэн төлбөр 1.500.000 төгрөг нийт 1.650.000 төгрөг төлөхөөр байна.

... Иймд зээлийн гэрээнүүдийн төлбөр болох 22.201.650 төгрөгийг Ц.*******, Б. нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нарын хүүхэд нь манай бага хүүхдийн ангид явдаг юм. 2019 онд Б. над дээр цаасан дээр юм биччихсэн бариад орж ирсэн. Тэр дээрээ Цэнгэл гуайд 1.800.000 төгрөг, тэсэлгээнд 2.500.000 төгрөг гээд зарцуулах мөнгөө бичсэн байсан. Тэгээд Жижгээ эгчээ олон газар өртэй байснаас нэг хүнд өртэй баймаар байна. Мөнгө зээлээч гэсэн. Тэгээд 11.246.000 төгрөгийг зээлсэн. Мөн манай хамт ажилладаг хүн 1.350.000 төгрөг зээлээч гэж байна гэсэн, тэгэхээр нь эгч нь танихгүй хүнд өгөхгүй гэсэн чинь бид хоёр цалин дээрээс нь гаргаж өгнө гээд дахиад 1.350.000 төгрөг авсан. Сүүлд авсан 1.000.000 төгрөгийг ажилд гарна гээд авсан. Дараа нь 1.500.000 төгрөгийг зээлэхдээ аав, ээж хоёрт нь өгсөн байгаа. Бид нар гэрээ байгуулаад нотариатаар орчихвол нотлох баримт болно гэж бодсон. Түүнээс мөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй. Зээлдэгч нарын дансаар шилжүүлэх гэхээр дансаараа гүйлгээ хиймээргүй байна гэдэг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б., Ц.******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...2017 оны 09 сард 1.000.000 төгрөгийг хүүтэй зээлж 2017 оны 10 сард хүүтэй нь буцаан өгсөн. Дараа нь 2.000.000 төгрөг авч хүүг нь сар бүр өгч байсан. Үүн дээрээ нэмээд 4.000.000 төгрөг болгосон, мөн хүүг нь өгөөд явдаг байсан. Би энэ авсан мөнгөний хүүг жил гаруй хугацаанд тогтмол өгдөг байсан. 2018 оны 12 сараас хойш ажил зогссон тул хүү болон алдангийг хоног, сард төлж байсан ба нийтдээ 7.800.000 төгрөг өгнө, би авсан мөнгөө өгнө. Б.ийн данснаас ганц нэг сарын мөнгө бэлнээр өгч байсан. Б.******* нь хүний нэр дээр зээл гаргаж хүүг нь авдаг байсан. Ер нь бол 2017 оноос хойш Б.*******аас 1.000.000-2.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэйгээр зээлээд хүүг нь сар бүр төлөөд явдаг байсан. Б.******* нь зээл олгосны шимтгэл авдаг байсан. Б.*******аас 1.000.000 2.000.000 төгрөг л зээлдэг байсан. Түүнээс их хэмжээгээр зээлж байгаагүй. Зээлсэн мөнгөний хүү алданги нэмэгдээд их дүнтэй болохоор тэдгээрийг нийлүүлээд шинээр зээл авснаар гэрээ байгуулаад явдаг байсан. 2018 онд тооцоо хийгээд төлөх ёстой мөнгө 6.193.000 төгрөг болсон, үүн дээр хүү алдангийг нэмээд 11.246.000 төгрөг болсныг 2019 онд шинээр зээл авсан мэтээр гэрээ хийсэн. Түүнээс энэ 11.246.000 төгрөгийг бол бэлнээр аваагүй. Маргаж байгаа 4 зээлийн гэрээнээс 2019 оны 06 сарын 11-ны өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг л бодитоор авсан. Гэхдээ 1.500.000 төгрөгөөс 750.000 төгрөгийг нь өмнөх зээлийн хүүнд тооцож Б.*******д үлдээгээд 750.000 төгрөгийг бэлэн авсан. Бусад 3 гэрээ нь хүү алдангаа дахин мөнгө зээлж байгаа мэтээр байгуулсан гэрээ юм. Бид Б.*******аас авсан зээлийн хүү, алдангид нийт 10.000.000 төгрөг төлсөн. Б.*******д хангалттай хүү төлсөн гэжээ.

 

Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр 2017 оноос Жижгээ эгчтэй танилцсан. Анх 1.000.000 төгрөг зээлж аваад түүнээс хойш өрөө дараад дахиж зээл аваад явж байсан. Их хэмжээгээр зээл аваагүй, 1.000.000-2.000.000 төгрөгийн хооронд л зээл авч байсан. Хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 409.000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс хойш хүү, алданги гээд 6.193.000 төгрөг болсон. Жижгээ эгч бид хоёр маргалдаад би өөрийнх нь ажил дээр очиход босстойгоо уулзана гээд дэвтрээ аваад явсан. Тэгээд чиний хэлж байсан зөв байна, 6.193.000 төгрөг төлөх дүн мөн байна гэж хэлж байсан. Бага багаар зээл авч явсаар байгаад зээл, хүү, алданги нийлээд 6.193.000 төгрөг болсон. Түүнээс хойш дахин мөнгө зээлээгүй. Бид 6.193.000 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа. 2018 онд тооцоо хийгээд төлөх ёстой мөнгө 6.193.000 төгрөг болсон, үүн дээр хүү алдангийг нэмээд 11.246.000 төгрөг болсныг 2019 онд шинээр зээл авсан мэтээр гэрээ хийсэн. Түүнээс энэ 11.246.000 төгрөгийг бол бэлнээр аваагүй. Маргаж байгаа 4 зээлийн гэрээнээс 2019 оны 06 сарын 11-ны өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг л бодитоор авсан. Гэхдээ 1.500.000 төгрөгөөс 750.000 төгрөгийг нь өмнөх зээлийн хүүнд тооцож Б.*******д үлдээгээд 750.000 төгрөгийг бэлэн авсан. Бусад 3 гэрээ нь хүү алдангаа дахин мөнгө зээлж байгаа мэтээр байгуулсан гэрээ юм. Жижгээ эгч нотариат дээр очоод гарын үсэг зурчих, хэлчихсэн байгаа гэхээр нь бид хоёр нотариат дээр очоод гарын үсэг зурдаг байсан гэв.

 

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 онд хүүхдээ нэгдүгээр ангид ороход бид хоёр Жижгээ эгчтэй танилцсан. Хүүхэд нь манай хүүхдийн ангид явдаг юм. Бид хоёр Жижгээ эгчээс их хэмжээгээр зээл авч байгаагүй. 1.000.000-2.000.000 төгрөг л зээлдэг байсан. 11.246.000 төгрөг авч байсан удаа байхгүй. Ийм их хэмжээний мөнгө зээлсэн бол дансаар хийх, эсхүл баримт үйлдэх байсан байх. Өмнө зээлсэн мөнгөний хүү алдангиа нэмээд шинээр зээлийн гэрээ байгуулдаг байсан. Түүнээс гэрээ байгуулаад 11.246.000 төгрөг зээлж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчийн зүгээс хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг 22.201.650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээний талаар тодорхой заасан. Маргаж байгаа зээлийн гэрээнүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. 1.000.000 2.000.000 төгрөгийн хүү, алданги нийлээд 22.201.650 төгрөг болж байгаа гэж хариуцагч нар тайлбарлаж байна. Зээлийн гэрээнүүдэд хүү, алданги тооцож байгаа байдалд эрх зүйн дүгнэлт хийгээд үзэхэд 11.246.000 төгрөгийн гэрээ 2019 оны 01 сарын 21-ний өдөр байгуулагдсан. Тусдаа гэрээ байгуулагдаад байхад ямар ч тэнэг хүн гарын үсэг зурахгүй. Бүгдийг нь 11.246.000 төгрөгийн хүү алдангид хамааруулж ойлгож болохгүй. Үнийн дүнгээр тооцоход 11.246.000 төгрөгийн хүү, алданги 1.349.520 төгрөг болж байгаа. 1.349.520 төгрөгийг 4 удаа төлсөн гэж хариуцагч тайлбарлаж байгаа. 1.844.000 төгрөгийн хүү, алдангийг яаж ч тооцоод 11.246.000 төгрөг болохгүй. Тооцоо нийлээд 6.193.000 төгрөг болсон байлаа гэхэд тухайн цаг хугацаанд 743.000 төгрөгөөр хүүг 6 удаа төлсөн гэсэн тайлбарыг хариуцагч гаргасан. Эдгээр хүмүүсийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримт, мөнгөн дүн, зээлийн гэрээ, бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Үнэнд ойр тайлбар бол нэхэмжлэгчийн тайлбар байгаа. 11.246.000 төгрөгийг бүрэн хүлээлгэж өгсөн. Хариуцагч нар данс битүүмжлэгдсэн учраас бэлнээр мөнгө авмаар байна гэхээр нь бэлэн өгсөн гэдгийг нэхэмжлэгч хэлдэг. Ц.*******гийн дүү 500.000 төгрөгийг миний үйлчлүүлэгчийн данс руу шилжүүлсэн баримт байгаа. Ямар учраас шилжүүлсэн бэ гэхээр хариуцагч нарын банкны данс битүүмжлэгдсэн учир шилжүүлсэн байсан. Гэрч Ганзоригийн мэдүүлэгт тухайн 11.246.000 төгрөгийг бэлнээр гэрээсээ аваад явсан гэж хэлдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар хангаж шийдвэрлэж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлд зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардсан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээнд зурсан гарын үсгүүд зохигч нарын гарын үсэг мөн гэдэг нь тогтоогдсон. Хариуцагч нар нь эрх зүйн бүрэн чадамжтай хүмүүс. Юунд гарын үсэг зурж байгаагаа ойлгох чадамжтай хүмүүс. Иймд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ:

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд 4 удаагийн зээлийн гэрээн дээр маргаж байгаа. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрх үүрэг байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг бэлнээр зээлдэгчид шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцох ёстой. Гэтэл энэ зээлийн мөнгийг бэлнээр өгсөн эсэх, хэн нь авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Мөнгөө яаж шилжүүлж өгсөн бэ гэдэг баримт хэрэгт байхгүй учраас энэ зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Тодорхой хэмжээгээр зээл олгохдоо барьцаа байхгүй гэдэг шалтгаанаар шимтгэл авдаг гэж нэхэмжлэгч тайлбарласан. Нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. 1.844.000 төгрөгийг л нэхэмжлэгч нь хариуцагч нарт олгосон. Хариуцагч нар нь нэхэмжлэгчид зээл, зээлийн хүү, алдангид 7.040.000 төгрөгийг дансаар төлсөн байна. Иймд одоо төлбөр тооцоо бүрэн дууссан гэдэг нь харагдаж байгаа. Мөнгө шилжүүлсэн, мөнгө хүлээлгэж өгсөн баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Ц.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 22.201.650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.*******, Б. нар нь эс зөвшөөрч Зээлсэн мөнгөний хүү, алданги тооцогдож нийлээд 11.246.000 төгрөг болсныг 2019 онд шинээр зээл авсан мэтээр гэрээ хийсэн. Түүнээс 11.246.000 төгрөгийг бэлнээр зээлж аваагүй. Маргаж байгаа 4 зээлийн гэрээнээс 2019 оны 06 сарын 11-ны өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг л бодитоор авсан. Бусад 3 гэрээ нь хүү алдангаа дахин мөнгө зээлж байгаа мэтээр байгуулсан гэрээ юм. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.*******, Б. нар нь 2019 оны 01 сарын 21-ны өдөр 6 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 11.246.000 төгрөгийн,

 

2019 оны 01 сарын 21-ны өдөр 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.350.000 төгрөгийн,

 

2019 оны 06 сарын 11-ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.500.000 төгрөгийн,

 

2019 оны 05 сарын 07-ны өдөр 2 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн дээрх зээлийн гэрээнүүдэд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.*******, Б. нар биечлэн гарын үсэг зурсан нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 012 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч Б.******* нь 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 11.246.000 төгрөгийн, 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 1.350.000 төгрөгийн, мөн 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг хариуцагч Ц.*******, Б. нарт бодитойгоор шилжүүлэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тухайлбал нэхэмжлэгч Б.******* нь зээлийн мөнгийг шилжүүлэн өгснөө өөрийн хувийн дэвтэр дээр тэмдэглэдэг байсан гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах, мөн хариуцагч нарын зээлийн гэрээний мөнгийг бодитойгоор шилжүүлж өгөөгүй гэх тайлбарыг няцаах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1-д: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх ,

мөн хуулийн 282-р зүйлийн 282.4-т: Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, гэж заасан.

Нэхэмжлэгч Б.******* нь 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 11.246.000 төгрөгийн, 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 1.350.000 төгрөгийн, мөн 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг хариуцагч нарт бодитойгоор шилжүүлэн өгснөө нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримтыг хэрэгт гарган өгөөгүй тул эдгээр буюу

2019 оны 01 сарын 21-ны өдрийн 11.246.000 төгрөгийн,

2019 оны 01 сарын 21-ны өдрийн 1.350.000 төгрөгийн,

мөн 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4-т заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.*******ын хүсэлтээр хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч Ж.Ганзориг нь 2019 оны 01 сарын 21-ны өдөр Б.******* 11.246.000 төгрөгийг Ц.*******, Б. нарт зээлдүүлнэ гэж авч явсан гэж мэдүүлсэн нь Б.******* уг 11.246.000 төгрөгийг хариуцагч Ц.*******, Б. нарт бодитойгоор хүлээлгэж өгснийг нотлохгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Харин зохигчдын хооронд 2019 оны 06 сарын 11-ны өдөр бичгээр үйлдэгдсэн 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдсан, зээлийн 1.500.000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлэн өгсөн байна. Энэ нь нэхэмжлэгч Б.*******ын тайлбар,

хариуцагч Ц.*******, Б. нарын 2019 оны 06 сарын 11-ны өдрийн гэрээний 1.500.000 төгрөгийг бодитоор авсан. Үүнээс 750.000 төгрөгийг өмнөх зээлийн хүүнд тооцож Б.*******д үлдээгээд 750.000 төгрөгийг бэлэн авсан гэх тайлбар,

мөн гэрч Ж.Ганзоригын 2019 оны 06 сарын 11-ны өдөр Ц.*******, Б. нар Түйн Дөлгөөн зах дээр ирээд 1.500.000 төгрөг авсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд дээрх 2019 оны 06 сарын 11-ны өдөр бичгээр үйлдэгдсэн 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Ц.*******, Б. нараас энэ гэрээний 1.500.000 төгрөг, нэхэмжлэлд дурьдсан алданги 150.000 төгрөг, нийт 1.650.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20.551.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.*******, Б. нараас 1.650.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Ц.*******, Б. нар нь маргаан бүхий 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 11.246.000 төгрөгийн,

2019 оны 01 сарын 21-ны өдрийн 1.350.000 төгрөгийн,

2019 оны 06 сарын 11-ны өдрийн 1.500.000 төгрөгийн,

2019 оны 05 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигч нарын хооронд бичгээр үйлдэгдсэн маргаан бүхий дээрх зээлийн гэрээнүүдээс 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 11.246.000 төгрөгийн,

2019 оны 01 сарын 21-ны өдрийн 1.350.000 төгрөгийн,

мөн 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч нарт бодитойгоор шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 11.246.000 төгрөгийн,

2019 оны 01 сарын 21-ны өдрийн 1.350.000 төгрөгийн,

мөн 2019 оны 05 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4-т заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэв.

Харин 2019 оны 06 сарын 11-ны өдөр бичгээр үйлдэгдсэн, 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдсан, зээлийн 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нарт шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг  тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.*******, Б. нараас 1.650.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20.551.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56-р зүйлийн 56.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.*******, Б. нарын хооронд 2019 оны 01 сарын 21-ний өдөр хийгдсэн 11.246.000 төгрөгийн,

2019 оны 01 сарын 21-ний өдөр хийгдсэн 1.350.000 төгрөгийн,

2019 оны 05 сарын 07-ны өдөр хийгдсэн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.958 төгрөг, хариуцагч Ц.*******, Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.958 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Б. нараас 41.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгч Б.*******аас 260.708 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.*******, Б. нарт тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ОТГОНЧУЛУУН