Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 213/МА2020/00016

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

Ц.*******, Б.Дашбилэгт нарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2020/00601 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Бямбын *******

Хариуцагч Цэенпилийн *******, Б.Дашбилэгт нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 22.201.650 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 01 сарын 21-ний өдөр байгуулсан 11.246.000 төгрөгийн, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 1.350.000 төгрөгийн, 2019 оны 5 сарын 07-ны өдөр байгуулсан 1.000.000 төгрөгийн, 2019 оны 6 сарын 11-ний өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч Ц.*******, Б.Дашбилэгт, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн даргаар Д.Номингоо нар оролцов.

Нэхэмжлэгч Бямбын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.*******, Б.Дашбилэгт нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд Цагаан цахирын уурхайд чулуу олборлодог өөрсдийн хувийн бизнес хийдэг. Мөн эхнэр нь үсчнээр ажилладаг. Бизнестэйгээ холбоотойгоор надаас удаа дараа гэрээ байгуулан мөнгө зээлж байсан. 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 11.246.000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 12 хувийн хүүтэй зээлж авсан. Уг зээлийн гэрээний хүүнээс 2 сард 1.050.000 төгрөг, 3 сард 750.000 төгрөг, 4 сард 750.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл хүүний төлбөр 5.547.120 төгрөг үлдсэн, мөн өнөөдрийг хүртэлх 11 хоногийн алданги 618.530 төгрөг, үндсэн төлбөр 11.246.000 төгрөг, нийт 17.411.650 төгрөг болно.

 Мөн өдрөө дахин 1.350.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй зээлсэн. Уг гэрээний төлбөрийн хүүг сар бүр өгч байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх алданги 675.000 төгрөг, үндсэн төлбөр 1.350.000 төгрөг, нийт 2.025.000 төгрөг өгөөгүй байгаа болно.

 2019 оны 5 сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг гэрээний хүүг хугацаандаа төлсөн, үндсэн төлбөрийг төлөөгүй байгаа. Уг гэрээний өнөөдрийг хүртэлх алданги 115.000 төгрөг, үндсэн төлбөр 1.000.000 төгрөг, нийт 1.115.000 төгрөг өгөөгүй байгаа болно.

2019 оны 06 сарын 11-ний өдөр 1.500.00 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг мөнгөний 1 сарын хүүг өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэлх алданги 150.000 төгрөг, үндсэн төлбөр 1.500.000 төгрөг нийт 1.650.000 төгрөг төлөхөөр байна.

... Иймд зээлийн гэрээнүүдийн төлбөр болох 22.201.650 төгрөгийг Ц.*******, Б.Дашбилэгт нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нарын хүүхэд нь манай бага хүүхдийн ангид явдаг юм. 2019 онд Б.Дашбилэгт над дээр цаасан дээр юм биччихсэн бариад орж ирсэн. Тэр дээрээ Цэнгэл гуайд 1.800.000 төгрөг, тэсэлгээнд 2.500.000 төгрөг гээд зарцуулах мөнгөө бичсэн байсан. Тэгээд Жижгээ эгчээ олон газар өртэй байснаас нэг хүнд өртэй баймаар байна. Мөнгө зээлээч гэсэн. Тэгээд 11.246.000 төгрөгийг зээлсэн. Мөн манай хамт ажилладаг хүн 1.350.000 төгрөг зээлээч гэж байна гэсэн, тэгэхээр нь эгч нь танихгүй хүнд өгөхгүй гэсэн чинь бид хоёр цалин дээрээс нь гаргаж өгнө гээд дахиад 1.350.000 төгрөг авсан. Сүүлд авсан 1.000.000 төгрөгийг ажилд гарна гээд авсан. Дараа нь 1.500.000 төгрөгийг зээлэхдээ аав, ээж хоёрт нь өгсөн байгаа. Бид нар гэрээ байгуулаад нотариатаар орчихвол нотлох баримт болно гэж бодсон. Түүнээс мөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй. Зээлдэгч нарын дансаар шилжүүлэх гэхээр дансаараа гүйлгээ хиймээргүй байна гэдэг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.*******, Б.Дашбилэгт нар анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

...2017 оны 9 сард 1.000.000 төгрөгийг хүүтэй зээлж 2017 оны 10 сард хүүтэй нь буцаан өгсөн. Дараа нь 2.000.000 төгрөг авч хүүг нь сар бүр өгч байсан. Үүн дээрээ нэмээд 4.000.000 төгрөг болгосон, мөн хүүг нь өгөөд явдаг байсан. Би энэ авсан мөнгөний хүүг жил гаруй хугацаанд тогтмол өгдөг байсан. 2018 оны 12 сараас хойш ажил зогссон тул хүү болон алдангийг хоног, сард төлж байсан ба нийтдээ 7.800.000 төгрөг өгнө, би авсан мөнгөө өгнө. Б.Дашбилэгтийн данснаас ганц нэг сарын мөнгө бэлнээр өгч байсан. Б.******* нь хүний нэр дээр зээл гаргаж хүүг нь авдаг байсан. Ер нь бол 2017 оноос хойш Б.*******аас 1.000.000-2.000.000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэйгээр зээлээд хүүг нь сар бүр төлөөд явдаг байсан. Б.******* нь зээл олгосны шимтгэл авдаг байсан. Б.*******аас 1.000.000 2.000.000 төгрөг л зээлдэг байсан. Түүнээс их хэмжээгээр зээлж байгаагүй. Зээлсэн мөнгөний хүү алданги нэмэгдээд их дүнтэй болохоор тэдгээрийг нийлүүлээд шинээр зээл авснаар гэрээ байгуулаад явдаг байсан. 2018 онд тооцоо хийгээд төлөх ёстой мөнгө 6.193.000 төгрөг болсон, үүн дээр хүү алдангийг нэмээд 11.246.000 төгрөг болсныг 2019 онд шинээр зээл авсан мэтээр гэрээ хийсэн. Түүнээс энэ 11.246.000 төгрөгийг бол бэлнээр аваагүй. Маргаж байгаа 4 зээлийн гэрээнээс 2019 оны 6 сарын 11-ний өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг л бодитоор авсан. Гэхдээ 1.500.000 төгрөгөөс 750.000 төгрөгийг нь өмнөх зээлийн хүүнд тооцож Б.*******д үлдээгээд 750.000 төгрөгийг бэлэн авсан. Бусад 3 гэрээ нь хүү алдангаа дахин мөнгө зээлж байгаа мэтээр байгуулсан гэрээ юм. Бид Б.*******аас авсан зээлийн хүү, алдангид нийт 10.000.000 төгрөг төлсөн. Б.*******д хангалттай хүү төлсөн гэжээ.

Хариуцагч Б.Дашбилэгт анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр 2017 оноос Жижгээ эгчтэй танилцсан. Анх 1.000.000 төгрөг зээлж аваад түүнээс хойш өрөө дараад дахиж зээл аваад явж байсан. Их хэмжээгээр зээл аваагүй, 1.000.000-2.000.000 төгрөгийн хооронд л зээл авч байсан. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 409.000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс хойш хүү, алданги гээд 6.193.000 төгрөг болсон. Жижгээ эгч бид хоёр маргалдаад би өөрийнх нь ажил дээр очиход босстойгоо уулзана гээд дэвтрээ аваад явсан. Тэгээд чиний хэлж байсан зөв байна, 6.193.000 төгрөг төлөх дүн мөн байна гэж хэлж байсан. Бага багаар зээл авч явсаар байгаад зээл, хүү, алданги нийлээд 6.193.000 төгрөг болсон. Түүнээс хойш дахин мөнгө зээлээгүй. Бид 6.193.000 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа. 2018 онд тооцоо хийгээд төлөх ёстой мөнгө 6.193.000 төгрөг болсон, үүн дээр хүү алдангийг нэмээд 11.246.000 төгрөг болсныг 2019 онд шинээр зээл авсан мэтээр гэрээ хийсэн. Түүнээс энэ 11.246.000 төгрөгийг бол бэлнээр аваагүй. Маргаж байгаа 4 зээлийн гэрээнээс 2019 оны 06 сарын 11-ны өдөр байгуулсан 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээний мөнгийг л бодитоор авсан. Гэхдээ 1.500.000 төгрөгөөс 750.000 төгрөгийг нь өмнөх зээлийн хүүнд тооцож Б.*******д үлдээгээд 750.000 төгрөгийг бэлэн авсан. Бусад 3 гэрээ нь хүү алдангаа дахин мөнгө зээлж байгаа мэтээр байгуулсан гэрээ юм. Жижгээ эгч нотариат дээр очоод гарын үсэг зурчих, хэлчихсэн байгаа гэхээр нь бид хоёр нотариат дээр очоод гарын үсэг зурдаг байсан гэв.

Хариуцагч Ц.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 онд хүүхдээ нэгдүгээр ангид ороход бид хоёр Жижгээ эгчтэй танилцсан. Хүүхэд нь манай хүүхдийн ангид явдаг юм. Бид хоёр Жижгээ эгчээс их хэмжээгээр зээл авч байгаагүй. 1.000.000-2.000.000 төгрөг л зээлдэг байсан. 11.246.000 төгрөг авч байсан удаа байхгүй. Ийм их хэмжээний мөнгө зээлсэн бол дансаар хийх, эсхүл баримт үйлдэх байсан байх. Өмнө зээлсэн мөнгөний хүү алдангаа нэмээд шинээр зээлийн гэрээ байгуулдаг байсан. Түүнээс гэрээ байгуулаад 11.246.000 төгрөг зээлж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх: Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.*******, Б.Дашбилэгт нараас 1.650.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20.551.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56-р зүйлийн 56.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.*******, Б.Дашбилэгт нарын хоорондын 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 11.246.000 төгрөгийн, 2019 оны 1 сарын 21-ний өдрийн 1.350.000 төгрөгийн, 2019 оны 5 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.958 төгрөг, хариуцагч Ц.*******, Б.Дашбилэгт нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.958 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Б.Дашбилэгт нараас 41.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгч Б.*******аас 260.708 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ц.*******, Б.Дашбилэгт нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2020/00601 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хэргийн талаар: Миний үйлчлүүлэгч Б.******* нь Ц.*******, Б.Дашбилэгт нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 22.201.650 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин хариуцагч нар нь миний үйлчлүүлэгчид зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан.

Гомдлын талаар: 1. Зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэрийн үндэслэл хуульд нийцээгүй тухайд:

Миний үйлчлүүлэгч Б.******* нь хариуцагч нарт мөнгийг зээлүүлэхдээ тус бүрт нь өөрсдөөр нь гарын үсэг зуруулж, нотариатаар гэрчлүүлдэг байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Шүүхээс дээрхи шийдвэрийг гаргахдаа зээлдэгч нь зээлдүүлэгчид мөнгийг бодитой шилжүүлэн өгсөн нь тогтоогдохгүй байна хэмээн дүгнэсэн байх бөгөөд зээлдэгч нар нь мөнгийг *******аас авахдаа байнга бэлнээр авдаг байсан гэдгийг зохигч талуудын хэн аль нь шүүх хуралдаанд тайлбарласан. Учир нь хариуцагч нарын харилцах данс нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд битүүмжлэгдсэн талаар илэрхийлсэн болно.

Тус зээлийн гэрээнүүдийг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан бөгөөд дүр эсгэсэн, хэн нэгний дарамт шахалтад орсон, үр дагаврыг нь ухамсарлаагүй, өөр хэлцлийг халхавчлах зорилго агуулаагүй байх бөгөөд тус хэлцлүүдийг зохигчид хүсэж үйлдсэн болох нь тогтоогддог.

Гэтэл шүүхээс дээрхи гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон нь үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Б.Дашбилэгт нь тайлбартаа: нэхэмжлэгч Б.*******д 1.349.520 төгрөгийг 4 удаа төлсөн талаар хэлсэн бөгөөд тооцож үзвэл 2019 оны 1 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний /11.246.000 төгрөгийн/ хүүг гэрээнд тусгасны дагуу 12 хувиар тооцвол 1.349.520 төгрөг болохоор байна.

Зээлдэгч нар нь 2019 оны 1 сарын 21-ний өдрийн 11.246.000 төгрөгийг зээлдүүлээгүй гэж үзсэн бол ямар учраас гэрээнд заасны дагуу түүний хүү 1.349.520 төгрөгийг сар бүр тогтмол төлж байсан нь эргэлзээтэй бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгчөөс энэ талаар асуухад тайлбарлаж чадаагүй юм.

Цаашилбал хариуцагч нар нь 1.000.000-2.000.000 төгрөгийн хооронд л мөнгө авч байснаас өөрөөр ихээр мөнгө авч байгаагүй гэж тайлбарладаг боловч хамгийн сүүлд тооцоо нийлэхэд 6.193.000 төгрөг болсон, түүний хүү алданги нийлээд 11.246.000 төгрөг болсон гэдэг нь нотлогдоогүй.

Өөрөөр хэлбэл дээрх тайлбарын хөл дүнгүүд хүү төлсөн байдал зэрэг нь эрс зөрүүтэй байгаа нь хариуцагч нарын тайлбар худал болох нь батлагддаг.

Харин харин хариуцагч нарын хүү төлсөн байдал, тайлбар зэргээс харахад зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ, бодитой болох нь тогтоогддог юм.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2020/00601 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц. *******, Б.Дашбилэгт нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 22.201.650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.*******, Б.Дашбилэгт нар эс зөвшөөрч 2019 оны 1 сарын 21-ний өдрөөс 6 сарын 11-ний өдрийн хооронд хийсэн 4 удаагийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.*******, Б.Дашбилэгт нараас 1.650.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20.551.650 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56-р зүйлийн 56.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц.*******, Б.Дашбилэгт нарын хоорондын зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******, Б.Дашбилэгт нартай байгуулсан 2019 оны 1 сарын 21-ний өдрийн 11.246.000 төгрөгийн, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1.350.000 төгрөгийн, 2019 оны 5 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн, 2019 оны 6 сарын 11-ний өдрийн 1.500.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн үүргийн нийт 22.201.650 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар “...гэрээнд заасан мөнгөн төгрөгүүдийг бэлнээр аваагүй, 2017 оноос 1.000.000-2.000.000 төгрөгийн хооронд мөнгө зээлээр авч, өгч байсан, 2019 онд бэлнээр мөнгө зээлж байгаагүй, зээлсэн мөнгөө бүрэн төлсөн тул төлөхгүй...” гэж маргажээ.

Зохигчид зээлийн гэрээнүүдийг бичгээр хийж, гэрээний үнэн зөвийг нотариатч батлан гэрчилсэн, 4 ширхэг зээлийн гэрээ хэрэгт авагдсан, зээлийн гэрээнүүдэд зурагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын гарын үсгийн үнэн зөвийг тогтоолгохоор хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлтээр шинжээч томилж “...нэхэмжлэгч, хариуцагч нарын гарын үсэгтэй тохирч байна” гэх шинжилгээний дүгнэлт гарсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 142-154 дүгээр тал/

Зохигчдын хооронд 2017 оноос зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар тэд маргаагүй хэдий ч “...эхлээд амаар, дараа нь тухайн хэлцлийг бичгэн хэлбэрт оруулж 4 удаагийн зээлийн гэрээг бичгээр хийсэн, бодит мөнгө аваагүй...” талаар хариуцагч нар, “....2019 онд байгуулагдсан гэрээний дагуух мөнгийг бэлнээр өгсөн...” гэж нэхэмжлэгч тус тус тайлбарлан маргаж байх ба нэхэмжлэгч Б.******* нь зээлийн гэрээнүүдэд заасан мөнгийг хариуцагч нарт бэлнээр өгсөн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус, тус зааснаар нэхэмжлэгч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн 22.201.650 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч Б.******* нь зээлдэгч Ц.*******, Б.Дашбилэгт нарын өмчлөлд зээлийн 22.201.650 төгрөгийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй буюу зээлийн гэрээний гол нөхцөл болох мөнгө шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй талаар дүгнэж, 2019 оны 1 сарын 21-ний өдрийн 11.246.000 төгрөгийн, 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1.350.000 төгрөгийн, 2019 оны 5 сарын 07-ны өдрийн 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56-р зүйлийн 56.1.2-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ байгаа боловч нэхэмжлэгч тал зээлсэн гэх мөнгийг бэлнээр өгсөн тухайгаа нотолж чадаагүй байна.

 Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр бичгээр хийсэн гэрээний дагуу 1.650.000 төгрөгийг хариуцагч нар төлөхөө зөвшөөрсөн тайлбар, гэрч Ж.Ганзоригийн мэдүүлэг зэрэгт үндэслэн зээлийн гэрээний үүргийн 1.650.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогоогүй байна.

 2 дугаар хавтаст хэргийн 61-62 дугаар талд авагдаж, давж заалдах шатны шүүх хуралдаанаар хариуцагч талын хүсэлтээр шинжлэн хэлэлцүүлсэн 2 ширхэг “...түүвэр” гэх баримтыг хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Баярмаагийн “... хавтаст хэрэгт авагдсан ХААН банк ХХК дахь Б.Дашбилэгтийн 522533951, Б.*******ын 5246076348 тоот дансаар хийсэн орлого зарлагын гүйлгээний баримтын түүвэр ...” гэж тайлбарлаж байх ба зохигчид өөр хоорондоо 2017 оны 12 сараас 2019 оны 03 саруудад уг банкаар дамжуулан 87.500 төгрөгөөс 1.200.000 төгрөгийн хооронд хийсэн орлого зарлагын гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон хэдий ч энэ баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай ямар холбоотой болох талаар талууд тодорхой тайлбарлаагүй, харин зохигчид 2017-2018 онуудад амаар тохиролцон зээлийн гэрээ хийж байсан болохыг нотолсон байна.

Зохигч талуудын 2017-2019 онуудад ХААН банк дахь харилцах дансны орлого, зарлагын гүйлгээний баримтуудаар Б.*******ын 5246076348 тоот данснаас 1844 000 төгрөгийн зарлага гарч 7 040720 төгрөгийн орлого орсон болох нь тогтоогдсон байна.

 Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын бичсэн гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267008 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2020/00601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын бичсэн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.008 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Л.НЯМДОРЖ