Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/01281

 

 Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг

Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/00570 дугаар шийдвэр,

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 207/МА2022/00085 дугаар магадлалтай,

 *******ын нэхэмжлэлтэй

Бэйс ХХК-д холбогдох

 Гэрээний төлбөр 9,961,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч *******аас хариуцагч*******-д холбогдуулан Гэрээний төлбөр 9,961,620 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/00570 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч*******-аас 6,670,723 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,290,897 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,335 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч*******-аас улсын тэмдэгтийн хураамж 121,681 төгрөгийг гаргуулж Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д олгож шийдвэрлэжээ.

 3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 207/МА2022/00085 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/00570 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч*******-аас 6,670,723 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,290,897 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримтлан хариуцагч*******-аас 3,335,361 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,626,258 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,335 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч*******-аас улсын тэмдэгтийн хураамж 121,681 төгрөгийг гаргуулж Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д олгосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,335 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч*******-аас улсын тэмдэгтийн хураамж 68,476 төгрөгийг гаргуулж Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг журмаар гаргасан гомдолдоо: Дарж заалдах шатны шүүхийн магадлалд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Улаанбаатар төмөр замын харьяа Замын 6 дугаар анги нь*******-тай салбар зам арчлалтын ОГ/20/080 дугаар гэрээг 2020.02.13-ны өдөр байгуулсан. Уг гэрээ нь Төмөр замын тээврийн тухай хуулийн дагуу салбар зам эзэмшигчийн хүлээсэн үүрэгт хамаардаг, ямар ч тохиолдолд өмчлөгчийн эзэмшлийн төмөр замыг ашиглахад бэлэн байлгах онцлог зохицуулалттай Төмөр замын тээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар байгуулагдсан суурь бүтцийг арчлах /эзэмшлийн төмөр замыг/ үйлчилгээ үзүүлэх гэрээ юм. Гэрээний үйлчлэлийн хугацаанд Замын 6 дугаар анги нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд энэ тухайгаа анхан шатны шүүх дээр гэрч н.Мягмарын тайлбар, Салаа замын урсгал засварын тайлан 2020 оны 01-12 саруудын тайлан, 2020.02.19-ний өдрийн НЗрб Ч.Цогтбаярын 149Б үзлэгийн мөрөөр хийсэн тухай акт, Замын аж ахуйн албаны даргын 2020 оны 07 дугаартай Заавар батлах тухай тушаал, хавсралтын хамт, ПУ28 Зам шалгасан тухай бүртгэлийн дэвтэр, ПУ29 Суман шилжүүлэг шалгасан дүнг бичих дэвтэр, 57,126 дугаар хатуу дугаартай дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтаар нотолж, анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж, шийдвэрээ гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх... шаардлагыг хангаагүй гэж анхан шатны шүүхийн үнэлсэн нотлох баримтыг үгүйсгэн зөвхөн хариуцагчид хамаарал бүхий нотлох баримтыг үнэлсэн ба хоёр шатны шүүх хоёр өөр дүгнэлт гаргажээ.

4.2. Давж заалдах шатны шүүх нь******* болон Хялганат ХХК-ийн хооронд үүссэн асуудлаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00796 дугаар шийдвэрийн дагуу Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар ангиас ирүүлсэн албан бичгийн дагуу Эрдэнэт өртөө нь вагон тавьж өгөх, татаж авах үйлчилгээ үзүүлэхгүй байх /энэ нь төмөр замын тээвэрлэлттэй холбоотой гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг ажил юм/ мэдэгдэл өгсөн нь ИХШХШТХуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх ёстой хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болохоос Улаанбаатар төмөр зам ХНН нь*******-ийн суурь бүтэц буюу дагнасан хэрэглээний төмөр замыг арчлах үүргээс чөлөөлөгдөөгүй. Нөгөөтэйгүүр Төмөр замын тээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Суурь бүтэц эзэмшигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд суурь бүтэц болон тээвэрлэлтийн үйл ажиллагааны санхүүгийн тооцоо тусдаа байна гэж заасан байх тул тээвэрлэлтийн болон суурь бүтцийн гэрээ тусдаа байдаг бөгөөд вагон тавьж өгөх, татаж авах үйл ажиллагаа нь тээвэрлэлттэй холбоотой гэрээ ба Салбар зам арчлалтын гэрээ нь суурь бүтэцтэй холбоотой гэрээ юм. Эдгээрийг шүүх ялгаж ойлгож, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Хэдийгээр Улаанбаатар төмөр зам ХНН тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг боловч тээвэрлэлт болон суурь бүтэцтэй холбоотой үйл ажиллагаа нь тусдаа зохицуулагддаг.

4.3. Давж заалдах шатны шүүхээс ...замын 6 дугаар ангиас гэрээний дагуу зам арчлалтын ямар ажил хийж гүйцэтгэсэн нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй боловч хариуцагч гэрээний үүргийн дагуу төлбөрөөс чөлөөлөгдөх учиргүй тул... гэж яг ямар баримтаар нотлогдохгүй байгаа талаар дурдаагүй атлаа төлбөрөөс чөлөөлөгдөх учиргүй гэж хэргийн үйл баримтын талаар эсрэгцэл бүхий дүгнэлт хийсэн.

4.4. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа хариуцагч талын шүүхийн шийдвэр болон хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор нэхэмжилсэн нийт үнийн дүн 9,961,620 төгрөгөөс алдангийн хасч тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дугаар зүйлийн 344.2, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн үндсэн төлбөрийг хангахгүй зөвхөн алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зөвхөн анзын хувь хэмжээг багасгах заалт байдаг болохоос гэрээний нийт үнийн дүнг багасгах нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж шийдвэр гаргасан.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2022/00570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзоригийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2022.11.18-ны өдрийн 001/ШХТ2022/01307 дугаар тогтоолыг гаргажээ.

 ХЯНАВАЛ:

 6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 7. Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2020.02.13-ны өдрийн Салбар зам арчлалтын ОГ/20/080 дугаартай гэрээний үүрэгт 2020.01.02-ны өдрөөс 2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны зам арчлалтын төлбөр 6,670,728 төгрөг, алданги 3,335,364 төгрөг, нийт 9,961,620 төгрөг нэхэмжилж байна... гэж тайлбарласан,

 Хариуцагч: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар анги *******ын харъяа Эрдэнэт өртөөнд манай компанид вагон тавих, татах үйлчилгээ үзүүлэхгүй байх мэдэгдэл өгсөн, уг мэдэгдлийн дагуу 2019 оны 06 дугаар сараас хойш манайх өөрийн эзэмшлийн салбар замаар вагон тавих, татан авах үйлчилгээ авч чадаагүй, мөн салбар зам арчлалтын үйлчилгээ огт хийгдээгүй тул гэрээний дагуу зам арчлалтын төлбөр төлөх үндэслэлгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэжээ.

 8. Анхан шатны шүүх хариуцагчаас 6,670,723 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 3,335,361 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 6,626,258 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна.

 9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ...зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний дагуу салбар зам эзэмшигчийн зам, суман шилжүүлэгт Техник ашиглалтын журам, технологийн горимын дагуу арчлалт, үйлчилгээ хийж, хяналт тавьж ажилласан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон тул гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэгтэй, харин нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар хариуцагч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол гэрээг цуцлах боломжтой байхад цуцлах санал гаргаагүй, үргэлжлүүлэн ажиллуулсан, мөн хориг тавьсны улмаас хариуцагч нь салбар замыг ашиглаагүй, ажил үйлчилгээ явуулаагүй болохыг мэдэж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан алдангийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй... гэсэн дүгнэлт хийж, ажлын төлбөр 6,626,258 төгрөгийг гаргуулан, үлдэх хэсэг болох алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

 Давж заалдах шатны шүүх: ...Зохигчийн хооронд Зам арчлалтын гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээний дагуу зам арчлалтын ажил хийж гүйцэтгэсэн нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй боловч хариуцагч гэрээний үүргийн дагуу төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх учиргүй, ...хариуцагч компанийн зам хэрэглэхийг хориглосон шийдвэр цуцлагдаагүй байсан, улс орон даяар халдварт өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон, үүнтэй холбоотойгоор төмөр замын хөдөлгөөн хязгаарлагдсан байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үндсэн төлбөрийн 50 хувийг төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй... гэсэн дүгнэлт хийжээ.

 10. Хоёр шатны шүүхийн дүгнэлтийг харьцуулан үзвэл шүүх хэрэгт цугларсан баримтад өөр өөр дүгнэлт хийж, хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

 11. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 12. Гэтэл давж заалдах шатны шүүх ...ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлыг захиалагчид хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдоогүй, ...замын 6 дугаар ангиас гэрээний дагуу ямар үйлчилгээ хийсэн нь тодорхойгүй... гэсэн атлаа хариуцагч буюу захиалагч нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх учиргүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 Өөрөөр хэлбэл, хэрэв давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх зохицуулалтад нийцээгүй байна. Хэрэв ажил гүйцэтгэгч ямар ажил хийсэн нь тодорхойгүй, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн нь тогтоогдоогүй бол захиалагчид ажлын хөлс төлөх үүрэг үүсэхгүй юм.

 Иймд давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтад нийцээгүй тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

 13. 2020.02.13-ны өдрийн №ОГ/20/080 дугаартай Салбар зам арчлалтын гэрээгээр ажил гүйцэтгэгч УБТЗ, Замын 6-р анги нь салбар зам эзэмшигчийн зам, гарам, суман шилжүүлэг зэргийг бүхэлд нь Техник ашиглалтын журам, технологийн горимын дагуу арчлалт, үйлчилгээ хийхээс гадна хяналт тавьж, гарсан гэмтлүүдийг засварлах, салбар зам эзэмшигч буюу******* нь ажлын хөлсөнд жилд 6,670,723 төгрөг, улиралд 1,667,681 төгрөг, сард 555,894 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн, гэрээ нь 2020.01.02-ны өдрөөс 2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчилнэ гэжээ.

 Анхан шатны шүүх, нэхэмжлэгч *******ын харъяа Замын 6 дугаар анги нь гэрээний дагуу хариуцагч*******-ийн эзэмшлийн, Эрдэнэт өртөөний 25-р замаас сум №43-р салж, Хялганат ХХК-ийн замаар дамжин сум 4-р салж хаалт хүртэл нийт 396 м зам, 1 комплект суман шилжүүлгийг бүхэлд нь Техник ашиглалтын журам, технологийн горимын дагуу тогтмол үзлэг хийж, байнгын арчлалт үйлчилгээ хийж, замын эвдрэлд хяналт тавьж, ажлын тайланг сар бүр хүлээлгэн өгч байсан нь нотлогдсон үндэслэлээр хариуцагчаас гэрээгээр тохирсон нэг жилийн ажлын хөлс 6,670,723 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Харин захиалагч нь төлбөрийг хугацаандаа төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн байхад гэрээг цуцлаагүй, цуцлах санал гаргаагүй, улмаар хориг тавьсны улмаас хариуцагч нь салбар замыг ашиглаагүй, ажил үйлчилгээ явуулаагүй нөхцөл байдлыг харгалзан алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 14. Хяналтын шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 207/МА2022/00085 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2022/00570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзоригийн гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас 2022.10.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,681.57 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧИД         Н.БАЯРМАА

                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                       Д.ЦОЛМОН

                                                Х.ЭРДЭНЭСУВД