Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 207/МА2022/00085

 

 

 

 

Х.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Э.Өлзийнаранд

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00535 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Өлзийнаранд холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.883.000 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Э.Өлзийнарангийн гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Баттулга, хариуцагч Э.Өлзийнаран, нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Х.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2020 оны 10 дугаар сард Э.Өлзийнарантай танилцаж хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хамтран ажиллах явцад Д.Энхтайван гэгч эгчээс 20.000.000 төгрөгийг 10 % хүүтэй зээлж авсан бөгөөд тохирсон хугацаанд би өөрт оногдсон мөнгөө төлж дууссан боловч Өлзийнаран төлж чадахгүй 3 сар болсон учир Энхтайван эгч уурлаж ядаж хүүг нь ч өгөхгүй байна гээд Өлзийнаран утсаа ч авахгүй байна гэж маш их бухимдаж уурлаад байтал Энхтайван эгчид санаа төрж ядаж бараагаа авъя гэж шийдээд барааг нь авъя гэтэл бараа нь дууссан байсан. Иймд Өлзийнарангаас өдөр шөнөгүй бараагаа нэхэж уурлаж загнаж байсан учир Өлзийнаран надаас ...бараагаа зээлээч дүү нь энэ муухай бузар авгайгаас салчихвал би танд тайван ажлаа хийгээд тайван замаар төлье цаашид хамтран ажиллах юм чинь хоёулаа болно гэж гуйсан учир би 6.800.000 төгрөгийн бараа зээлдүүлсэн. Ингээд би 1 сараас хойш Өлзийнарангаас мөнгөө нэхэх гэтэл Энхтайван эгч би болоогүй ээ одоо дахиад 15.000.000 төгрөг авна гэхээр нь би за тэгвэл би наадмаас хойш больё, миний дүү ямар ч байсан Энхтайван эгчийн мөнгийг төлж дуусаад эгчийнхээ төлж өгөөрэй гэж хэлсэн. Энэ хоронд 6.800.000 төгрөгөөс 2.800.000 төгрөгийн бараа авах уу гээд аваад ирсэн. /хувцас/ би авсан. Гэтэл Өлзийнаран дахиад Энхтайван гэгчийн бараанаас 3.900.000 төгрөгийн барааг нь заль гаргаж хүнээс далдуур авсан байсан учир бас л Энхтайван эгч нэхэж бөөн уур уцаар болсон учир 2.886.000 төгрөгийн барааг би өгсөн. Ингээд 6 886.000 төгрөгийг наадмын дараа нэхэж эхэлтэл Өлзийнаран ямар ч шалтгаангүй би өгөхгүй чадахгүй гэж эхлээд миний утас фейсбүүк бүгдийг блок хийсэн. Би за яахав ганц охин дүүгээс минь ялгаа юу байхав өрөнд баригдаад аргаа барж яваа л хүн яахав нэг өдөр хүрээд ирнэ байх гэж бодож өдийг хүртэл харлаа. Энэ хүн ирэх нь бүү хэл утсаар ч ярихгүй байгаа учир би уг мөнгөө гаргуулж авах хүсэлттэй байна. гэжээ.

Нэхэмжлэгч Х.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

...би Э.Өлзийнарангаас түүнд өгсөн 5 багцын үнэ 4.600.000 төгрөг, бусад барааны үнэ 240.000 төгрөг, нийт 4.840.000 төгрөг нэхэмжилнэ. н.Жаргал, Д.Энхтайван 2-ын мөнгөтэй холбоотой асуудлаа шийдсэн учраас үлдэх хэсгээс нь татгалзаж байна гэв.

Хариуцагч Э.Өлзийнаран шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Эрдэнэбат овогтой Өлзийнаран би Хандсүрэн овогтой Баярмаагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Энд үнэн бодит юм ерөөсөө алга. Энэ хүний бичиж нэхээд байгаа худал зүйлийн талаар намайг залилан хийсэн гэх зэргээр Баярмаа Цагдаагийн байгууллагад 2021 оны 08 сард өргөдөл гомдол гаргаж цагдаагийн байгууллагад би шалгагдаж, прокурор хүртэл шалгагдсан. Мөн Баярмаа нь архи уучхаад байнга залгаж доромжилж хүрээд ир, архи уу, эсвэл архи авч өг гэх мэтийн дарамж байнга үзүүлж хувийн оффис дээр ирж орилж чарлаж байсан энэ үйлдэл нь давтагдаад болохгүй байхаар нь би өөрөө цагдаагийн байгууллагад шалгуулж ийм үйлдэл гаргахад нь хажууд байсан хүмүүсийг гэрчээр дуудуулж мэдүүлэг өгүүлж байсан нь нотлох баримттай байгаа. Иймд энэ гомдол саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол намайг чадаж надаас ийм их хэмжээний төлбөр авах гэсэн буруу үйлдэл гэжээ.

Хариуцагч Э.Өлзийнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...би Х.Баярмаад төлөх төлбөргүй. Гарын үсэг зурж өгсөн баримтаар надаас мөнгө нэхэж байна.Энэ 4.000.000 төгрөг бол Д.Энхтайван эгчийн барааны үнэ. Би Д.Энхтайван эгчид өөрт нь мөнгийг нь төлөөд дууссан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00535 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч Э.Өлзийнарангаас 1.794.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Баярмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.046.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.382 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Өлзийнарангаас 43.654 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Баярмаад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Өлзийнаран шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Хандсүрэнгийн Баярмаад 1.794.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Баярмаад өгөх шийдвэр гаргасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х.Баярмаад би өглөггүй, нэхэмжлээд байгаа 6.886.000 төгрөгийн барааны мөнгөнөөс 3.973.000 төгрөг Энхтайван эгчийн барааны мөнгө, үлдэх 2.913.000 төгрөгийн барааны мөнгийг би бараа бүтээгдэхүүн болон Сибирийн бүтээгдэхүүнээр төлж барагдуулсан учир 1.794.000 төгрөг төлөх шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

            Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр бүхэлд нь хянав.

            Нэхэмжлэгч Х.Баярмаа нь хариуцагч Э.Өлзийнарангаас 5.883.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Э.Өлзийнаран нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд нэхэмжлэгч Х.Баярмаа  хариуцагч Э.Өлзийнаран нар нь Forever нэртэй АНУ-ын сүлжээ компанийн Алое бүтээгдэхүүнийг зарж борлуулах бизнес хийхээр тохиролцон Д.Энхтайвангаас 20 сая төгрөг зээлж бараа авсан байх ба нэхэмжлэгч Х.Баярмаа нь хариуцагч Э.Өлзийнаранд 2021 оны 01 дүгээр сарын 26-нд компанийн 4 багц болон 1 задгай багц бараа нийт 4.600.000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн өгсөн. Энэ барааг хүлээж авсан нь түүний гарын үсэг зурсан баримтаар нотлогдоно гэсэн тайлбар гаргасан бол хариуцагч Э.Өлзийнаран нь 2021 оны 05 дугаар сарын 10-нд уулзаж тооцоо нийлэв 6.886.000 төгрөг болов, 7 сараас хойш төлнө гэж гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгө Д.Энхтайванд өгөх барааны мөнгө. Д.Энхтайванд 4 сая төгрөг төлсөн тооцоо дууссан. Х.Баярмаад төлөх төлбөр байхгүй гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

            Гэрч Д.Энхтайвангийн “...20 сая төгрөг зээлж авсан Forever компанийн бараа худалдаж авсан. Э.Өлзийнаран 14 багцын үнэ төлөх байснаас төлбөрөө төлж дуусгасан...” гэсэн мэдүүлгээр зохигчид Forever компанийн бараа бүтээгдэхүүний багц худалдан авахаар Д.Энхтайвангаас 20 сая төгрөг зээлж авсан үйл баримт тогтоогдож буй боловч хоорондоо хэд хэчнээн төгрөгийн бараа өгч авалцсан талаар нотлох баримт байхгүй байна.

            Шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Э.Өлзийнаран нь худалдан авсан барааны үнийг нэхэмжлэгч Х.Баярмаад төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийж хариуцагч Э.Өлзийнарангийн төлнө гэж гарын үсэг зурсан 4.000.000 төгрөгөөс Х.Баярмаагийн гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн авснаа илэрхийлсэн 2.206.000 төгрөгийг хасч үлдэх 1.794.000 төгрөгийг Э.Өлзийнарангаас гаргуулж Х.Баярмаад олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцжээ.

            Хариуцагч Э.Өлзийнаран нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

            Хариуцагч Э.Өлзийнарангийн давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2022/00535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Өлзийнарангийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Э.Өлзийнарангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.654 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                             С.УРАНЧИМЭГ