Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 01568

 

        А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01132 дугаар шийдвэртэй, А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э  ХХК-д холбогдох

 Гэрээнээс татгалзаж, гаргасан зардал, олсон буюу олох ёстой байсан ашиг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 3 204 109 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "А" ХХК нь "Э" ХХК-тай 2008 оиы 12 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж "Эрдэнэт-Ойл" ХХК-ийг байгуулсан. Улмаар "А" ХХК нь өөрийн өмнө эрхэлж байсан 3 518,1 мянган ам.долларын үнэлгээ бүхий АНУ-ын ”Мэйж ойл корпораци” /Majoil Corporation/'-тай 50:50 хувийн хөрөнгө оруулалттай "Мон-Аме-Квалитет" ХХК байгуулж үйл ажиллагаа явуулж байсныг нөгөө хөрөнгө оруулагч буюу “Мэйж ойл корпораци” /Majoil Corporation/'-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг худалдан авч, энэ компанийг татан буулгаж, түүний хөрөнгийг шинээр хамтран байгуулсан "Эрдэнэт-Ойл" ХХК-д хөрөнгө оруулалт хийх, тосны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах үүргийг тус тус хүлээж, "Э" ХХК нь дээрх компанид эзэмших хувийн дагуу тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүнийг худалдан авах үүргийг тус тус хүлээж "Эрдэнэт-Ойл" ХХК-ийн 50:50 хувийн хувьцааг эзэмшиж, дүрмийн санг 100 000 ам.доллар байхаар тохиролцож, байгуулсан ба ”А” ХХК өөрийн үүргийг бүрэн биелүүлж 3515,1 мянган ам.долларын үнэлгээ бүхий тосны үйлдвэрийн хөрөнгөөр нэмж хөрөнгө оруулалтыг хийсэн. А ХХК нь өөрийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж "Эрдэнэт-Ойл" ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хувиарлан ажиллаж байсан. Мөн “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж үйл ажиллагааг сайжруулах болон эрчимжүүлэх үүднээс "А" ХХК нь өөрийн нэмж оруулсан хөрөнгөтэй дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг бодитойгоор хийхийг удаа дараа “Э " ХХК-иас удаа хүсч байсан боловч хөрөнгө оруулалтыг хийгээгүйгэээс хамтран байгуулсан компанийн үйл ажиллагаа доголдож, улмаар зогссон.

"А" ХХК нь “Мон-Аме-Квалитет" ХХК-ийг татан буулгаж, компанийн хөрөнгийг шинээр байгуулсан "Эрдэнэт-Ойл" ХХК-ийн үйл ажиллагаа явуулах газар нүүлгэх шилжүүлэх болон суурилуулсан, үйлдвэрийн түүхий эдээр хангах зэрэгт нийт 7 852 938 000  төгрөгийн зардал гаргасан. Мөн "Э" ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхгүй бол харилцан тохиролцоо буцах талаар урьдчилан мэдэгдэж байсан. Иймд Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч "Э " ХХК үүргээ биелүүлээгүйн улмаас "А” ХХК-иас гаргасан зардал, олсон ашиг, олох ёстой байсан ашиг, учирсан хохиролд нийт 3 204 190 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь мөрний 4 дэх догол мөрөнд "...хариуцагчийн зүгээс хэт нэг талыг барьсаи давуу хүсэл сонирхолд автан гэрээний нөгөө талынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн..." гэж оруулсан байна. Үүнээс дүгнэхэд үүсгэн байгуулагчдийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан хурлын тэмдэглэлийг "Гэрээ" гэж үзсэн болох нь харагдаж байна. 1999 оны Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт "Компанийг нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь компанийг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй" гэж зааснаас харахад дээрх үүсгэн байгуулагчдын хуралдаан нь гэрээ байгуулсан явдал биш бөгөөд компанийг үүсгэн байгуулахтай холбоотой мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үйл явц болох нь нотлогдоно. Хурлаас гарсан шийдвэр нь компани үүсгэн байгуулах баримт бичигт хамаарна.

2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах гэрээг байгуулж харилцан үүрэг хүлээдэг болох нь харагдаж байна. Харин "А" ХХК болон Э ХХК-иуд "Эрдэнэт-Ойл” ХХК-ийг хувь нийлүүлэгчдийн хурлын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2008 дугаар протокол, “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хурлын 02/2008 дугаар протокол шийдвэрүүдээр үүсгэн байгуулсан нь дээрх хуулийн заалтын "Хуулийн этгээд байгуулахгүйгээр" гэсэн шаардлагыг хангаагүй болох нь харагдаж байна. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах боломжгүй.

 3. "Эрдэнэт-Ойл" ХХК-ийг анх үүсгэн байгуулсан тухай хувь нийлүүлэгчдийн хурлын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2008 дугаартай протокол, “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хурлын 02/2008 дугаартай протокол шийдвэрүүдийг биелүүлээгүй гэх тухайд: Э  ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрт "Эрдэнэт-Ойл ХХК-ийг үйл ажиллагаа явуулах аливаа тендер шалгаруулалтад оролцоход аливаа баталгаа гаргах асуудлыг зохих журмын дагуу хариуцах үүрэг"-ийг хүлээсэн бөгөөд үүнээс өөр ямар нэгэн үүрэг хүлээх талаар туссан зүйл заалт байхгүй. Дээрх үүргийг өнөөдрийг хүртэл зөрчөөгүй болно. Харин нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт заасан компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөхтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд өсгөх тохиолдолд компанийн тухай хуульд, "Эрдэнэт-Ойл" ХХК-ийн дүрэмд заасны дагуу өсгөх боломжтой юм. Хувьцаа эзэмшигч компанид хөрөнгө оруулалт хийх замаар өөрийн хөрөнгийн хэмжээг өсгөх тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах үүрэгтэй /1999 оны Компанийн тухай хуулийн 43.1, 44.1-д 2011 оны Компанийн тухай хуулийн 31.2, “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 4,5/ бөгөөд дангаар өсгөх, өсгөхийг тулган шаардах эрхгүй болно.

4. Хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхойлсноор олох байсан цэвэр ашиг 3 461 900 000 төгрөгийн 50 хувь буюу 1 730 900 000 төгрөг, тосны үйлдвэрээ буцаан буулгаж, Эрдэнэтээс Улаанбаатар хот руу авчирах, угсрах зардал 687 190 000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагуудын тухайд: Нэхэмжлэгч хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулан авах бөгөөд гэм буруу хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой. "Э " ХХК-иас дээрх хохиролтой холбоотой гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.

5. "Эрдэнэт-Ойл" ХХК-ийн бизнесийн үнэлгээний тайланд тусгагдсан, "А" ХХК-д өгөх ёстой байсан өр төлбөр 697 300 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу татан буугдаагүй "Эрдэнэт-Ойл" ХХК-ийн өрийг "Э " ХХК нь хариуцах үндэслэлгүй болно.

6. 2009 онд хуваарилсан ногдол ашиг 102 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: "Эрдэнэт-Ойл" ХХК нь 2009 онд үйл ажиллагаагаа ашигтай явуулсан гэдгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас дүгнээд ногдол ашиг хуваарилсан үйлдэл болно. Хэрэв энэ онд ашиггүй ажилласан гэж үзэх тохиолдолд "Эрдэнэт-Ойл" ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж төрийн эрх бүхий байгууллагаар тогтоолгох бөгөөд түүнд хувьцаа эзэмшигч нэг этгээд бусад хувьцаа эзэмшигчдээс нэхэмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11, 227 дугаар зүйлийн 227., 227.3-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас /РД:2074192/ гэрээнээс учирсан хохиролд 2 353 500 000 /хоёр тэрбум гурван зуун тавин гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч А ХХК-д /РД:2595192/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 723 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 251 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 11 925 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ "Э“ ХХК нь А ХХК-тай Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хохирол учруулсан хохирлыг төлөх үүрэгтэй" хэмээн дүгнэжээ. Гэтэл Э  ХХК болон А ХХК нарын хооронд гэрээ байгуулагдаагүй. Э ХХК нь бусад этгээдтэй байгуулж буй гэрээ хэлцэлд тодорхой стандарт шаардлагыг тавьдаг бөгөөд тус шаардлагын дагуу байгуулж буй гэрээ хэлцлийг бүртгэж, бүртгэлийн тамга дарсан тохиолдолд хүчин төгөлдөр байхаар дүрэм журамдаа тусгасан байдаг. Харин шүүхээс А ХХК болон Э  ХХК нар 2008 оны 12 дугаар сарын 15-нд “Эрдэнэт-Ойл” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай хурлын протоколын 3 дахь заалт нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан “Хамтран ажиллах гэрээ”-ний шинжийг агуулсан, бие даасан гэрээ байна гэж үзэж дүгнэж байгаа нь хуулиар тогтоосон "Хуулийн этгээд байгуулахгүйгээр гэх" нөхцлийг шууд зөрчөөд зогсохгүй хурлын протоколын тодорхой хэсгийг салган авч хэт явцууруулж алдаатай тайлбарласан. Аливаа этгээд хамтран компани байгуулж байгаа тохиолдолд үүсгэн байгуулж буй компанийн хувьд ямар эрх үүрэг эдэлж оролцохыг тогтоох нь зүйн хэрэг бөгөөд үүнийг тусдаа гэрээ байна гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүхээс үзсэн протоколын 3 дахь заалт Иргэний хуулийн 476 дугаар зүйл заасантай дараах байдлаар зөрчилдөнө. Үүнд: 1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллаж буй харилцааг зохицуулсан байдаг бол А ХХК болон “Э” ХХК нар анхнаасаа хуулийн этгээд байгуулах зорилготой байсан. 2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд хамтран ажиллаж буй талуудын хамтын ажиллагааны үр дүнд тодорхой ашиг бий болсон байх ёстой ба уг зорилго хамтран ажиллах гэрээний гол нөхцөл болох ёстой. Гэтэл А ХХК болон Э  ХХК нарын зорилго нь хамтын “Эрдэнэт-Ойл” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай байсан болохоос ашиг олох тухай нэг үг, өгүүлбэр тусгагдаагүй. 3. Э  ХХК болон А ХХК нар олон жил бизнесийн үйл ажиллагаа явуулж зах зээлд байр сууриа олсон аж ахуйн нэгжийн хувьд гэрээ хэлцэл байгуулах өөрийн стандарттай бөгөөд хамтран ажиллах гэрээ байгуулахыг хүсэж зорьсон гэж үзвэл тухайн гэрээг уг стандартын даруу байгуулах байсан нь эргэлзээгүй юм.

 Шүүх “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн тос, тосон бүтээгдэхүүнийг худалдаж аваагүйгээрээ А ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелээлээгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй асуудал юм. Хэргийн материалд Э  ХХК нь “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн үйлдвэрлэсэн тос тосон бүтээгдэхүүнийг худалдан авах үүрэг хүлээсэн баримт байхгүй, тийм үүрэг хүлээгүй. Харин “Эрдэнэт-Ойл” компани нь дүрмийн сангаараа 200 000 ам.доллартай үүсгэн байгуулагдсан бөгөөд Э  ХХК нь 50 хувьд ногдох 100 000 ам.долларын хувийг нийлүүлж үүргээ бүрэн биелүүлсэн. Үүсгэн байгуулах баримт бичиг, Компанийн тухай хуульд заасны дагуу А ХХК нь “Эрдэнэт ойл” ХХК-ийн дүрмийн санг өсгөхдөө бусад хувьцаа эзэмшигчид мэдэгдэх, зөвшөөрөл авах, хамтран шийдвэр гаргасны үндсэн дээр өсгөх боломжтой.

Гэтэл А ХХК-ийн хувьд хуульд заасан эдгээр ажиллагаанаас алийг нь хийгээгүй тул Э  ХХК-ийн эсрэг шаардах эрх эдлэхгүй юм. Хэргийн гол үйл баримтад буруу үнэлэлт өгч, Иргэний хууль болон Компаиийн тухай хуулийг буруу хэрэглэж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийн “Э“ ХХК-д 2 353 500 000 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой.

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э  ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гаргасан зардал, олсон буюу олох ёстой байсан ашиг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 3 204 109 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Э ХХК, А ХХК-иуд 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  100 000 ам.долларын /нэрлэсэн үнэ бүхий 100 ш хувьцаа /өөрийн хөрөнгөтэйгээр “Эрдэнэт-Ойл” ХХК-ийг байгуулж, компанийн дүрмээ баталж, улсын бүртгэлд бүртгүүлсэн /1 дүгээр хавтаст хэргийн 7-16 дугаар тал/, тус компани байгуулагдснаас хойш 2009 онд үйл ажиллагаа явуулан, 2012 онд үйл ажиллагаа нь зогссон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч Э ХХК нь талууд хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, харин хамтарсан компани байгуулсан, уг компани татан буугдаагүй, хохирлын талаар гэм буруугүй, “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн өрийг хариуцах үндэслэлгүй, хувьцаа эзэмшигч хэн нэгэн этгээд нөгөө хувьцаа эзэмшигчээс шаардах эрхгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч А ХХК-ийн хувьд Э  ХХК-тай хамтарсан “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийх талаар 2010 онд хандаж байсан боловч уг хурал хийгдээгүй, 2010 онд 2009 оны 102 000 000 төгрөгийн ашиг хуваарилсан тогтоол хэрэгт авагдсан бөгөөд үүнээс хойш хамтарсан “Эрдэнэт-Ойл” ХХК-ийн үйл ажиллагаа 2012 онд зогсох хүртэлх хугацаанд ТУЗ-ын хурал болоогүй нь нөгөө хувьцаа эзэмшигчийн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг үндэслэлтэй гэж үзнэ.

“Эрдэнэт-Ойл” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрт Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэх тухай хамтран ажиллах гэрээний гол нөхцлүүд тусгагдаагүй, харин шинээр компани байгуулах асуудлыг гэрээгээр бус Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт зааснаар үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр шийдвэрлэсэн байхад компанийг үүсгэн байгуулах хурлын шийдвэрийн, талуудын үүрэг хүлээсэн 1 заалтыг үндэслэн шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж алдаатай дүгнэжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг бусад баримттай харьцуулан үнэлж чадаагүй гэж дүгнэнэ.

Хамтарсан “Эрдэнэт-Ойл” ХХК 2009 онд ашигтай, 2010-2011 онд алдагдалтай ажиллаж, 2012 оны 01 дүгээр сараас хойш одоо хүртэл үйл ажиллагаа явуулаагүй, бүрэн зогссон үйл баримт тогтоогдсон учраас тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар “Ногдол ашиг хуваарилах тухай” тогтоолоор “Эрдэнэт ойл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э  ХХК-д 204 000 000 төгрөгийн 50 хувийн ногдол ашиг болох 102 000 000 төгрөгийг, мөн хувьцаа эзэмшигч А ХХК-д 50 хувийн ногдол ашиг болох 102 000 000 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр олгох, Э  ХХК-ийн 50 хувьд ногдох ногдол ашгийг хөдлөх хөрөнгөөр, харин А ХХК-ийн 50 хувьд ногдох ашгийг төгрөгөөр олгох, компанийн ногдол ашиг болох 204 000 000 төгрөгийг Э ХХК-ийн хөрөнгөөс гаргахаар /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/ тогтоосон тул үүнээс хойш компанийн үйл ажиллагаа зогсох хүртэл буюу 2011 оны ногдол ашгийг нөгөө хувьцаа эзэмшигчид олгох үндэслэлтэй.

“Эрдэнэт-Ойл” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон явдалд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч Э  ХХК үүргээ биелүүлээгүй, зохих хэмжээгээр буруутай гэж   дүгнэж байна.  Иймд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт /1999 оны/ зааснаар дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтарсан компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон бусад хэлбэрээр компанийн үйл ажиллагааг тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг уг этгээд өөрийн хөрөнгөөр хариуцах учиртай.

Харин анхан шатны шүүх цэвэр ашгийн хэмжээг 2010-2014 он буюу нийт 5 жилээр тооцон, 3 461 900 000 төгрөгийн 50 хувь болох 1 730 900 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй, үндэслэлгүй байна. Иймд  “Эрдэнэт ойл” ХХК-ийн цэвэр ашгийг 5 жилээр тодорхойлсон “Хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийн дүгнэлтээс, зөвхөн 2010 оны цэвэр ашиг 341 700 000 төгрөг, 2011 оны ногдол цэвэр ашиг 477 900 000 төгрөг,  нийт 819 600 000 төгрөгийн тал хувь болох 409 800 000 төгрөгийг хариуцагч Э  ХХК-иас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. 

Мөн хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тодорхойлсоноор үйлдвэрийг буцааж ачих зардлын 622 600 000 төгрөг нийт 1 032 400 000 төгрөгийг Э  ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 171 709 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заапдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01132 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 1 032 400 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 171 709 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “11 925 450” гэснийг “5 319 950” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 925 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ

                                                      ШҮҮГЧИД                                            А.МӨНХЗУЛ

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА