Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00039

 

2019           01            10                                          001/ХТ2019/00039

“А Т”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01132 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1568 дугаар магадлалтай,

“А Т”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Э Ү”ХХК-д холбогдох

Гэрээнээс татгалзаж, гаргасан зардал, олсон буюу олох ёстой байсан ашиг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 3 204 109 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А Т”ХХК нь “Э Ү”ХХК-тай 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж “Э О”ХХК-ийг байгуулсан. Улмаар “А Т”ХХК нь өөрийн өмнө эрхэлж байсан 3 518,1 мянган ам.долларын үнэлгээ бүхий АНУ-ын Мэйж ойл корпораци /Majoil Corporation/-тай 50:50 хувийн хөрөнгө оруулалттай Мон-Аме-Квалитет ХХК байгуулж үйл ажиллагаа явуулж байсныг нөгөө хөрөнгө оруулагч буюу Мэйж ойл корпораци /Majoil Corporation/-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааг худалдан авч, энэ компанийг татан буулгаж, түүний хөрөнгийг шинээр хамтран байгуулсан “Э О”ХХК-д хөрөнгө оруулалт хийх, тосны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, үйлдвэрийг мэргэжлийн удирдлага, түүхий эдээр хангах үүргийг тус тус хүлээж, “Э Ү”ХХК нь дээрх компанид эзэмших хувийн дагуу тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүнийг худалдан авах үүргийг тус тус хүлээж “Э О”ХХК-ийн 50:50 хувийн хувьцааг эзэмшиж, дүрмийн санг 100 000 ам.доллар байхаар тохиролцож, байгуулсан ба “А Т”ХХК өөрийн үүргийг бүрэн биелүүлж 3515,1 мянган ам.долларын үнэлгээ бүхий тосны үйлдвэрийн хөрөнгөөр нэмж хөрөнгө оруулалтыг хийсэн. “А Т”ХХК нь өөрийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж “Э О”ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хувиарлан ажиллаж байсан. Мөн “Э О”ХХК-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж үйл ажиллагааг сайжруулах болон эрчимжүүлэх үүднээс “А Т”ХХК нь өөрийн нэмж оруулсан хөрөнгөтэй дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг бодитойгоор хийхийг удаа дараа “Э Ү”ХХК-иас удаа хүсч байсан боловч хөрөнгө оруулалтыг хийгээгүйгээс хамтран байгуулсан компанийн үйл ажиллагаа доголдож, улмаар зогссон. “А Т”ХХК нь Мон-Аме-Квалитет ХХК-ийг татан буулгаж, компанийн хөрөнгийг шинээр байгуулсан “Э О”ХХК-ийн үйл ажиллагаа явуулах газар нүүлгэх шилжүүлэх болон суурилуулсан, үйлдвэрийн түүхий эдээр хангах зэрэгт нийт 7 852 938 000 төгрөгийн зардал гаргасан. Мөн “Э Ү”ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхгүй бол харилцан тохиролцоо буцах талаар урьдчилан мэдэгдэж байсан. Иймд Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч “Э Ү”ХХК үүргээ биелүүлээгүйн улмаас “А Т”ХХК-иас гаргасан зардал, олсон ашиг, олох ёстой байсан ашиг, учирсан хохиролд нийт 3 204 190 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь мөрний 4 дэх догол мөрөнд “...хариуцагчийн зүгээс хэт нэг талыг барьсан давуу хүсэл сонирхолд автан гэрээний нөгөө талынхаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн...” гэж оруулсан байна. Үүнээс дүгнэхэд үүсгэн байгуулагчдын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан хурлын тэмдэглэлийг “Гэрээ” гэж үзсэн болох нь харагдаж байна.1999 оны Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт “Компанийг нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь компанийг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй” гэж зааснаас харахад дээрх үүсгэн байгуулагчдын хуралдаан нь гэрээ байгуулсан явдал биш бөгөөд компанийг үүсгэн байгуулахтай холбоотой мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1дэх хэсэгт заасан үйл явц болох нь нотлогдоно. Хурлаас гарсан шийдвэр нь компани үүсгэн байгуулах баримт бичигт хамаарна. 2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах гэрээг байгуулж харилцан үүрэг хүлээдэг болох нь харагдаж байна. Харин “А Т”ХХК болон “Э Ү”ХХК-иуд “Э О”ХХК-ийг хувь нийлүүлэгчдийн хурлын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2008 дугаар протокол, “Э О”ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хурлын 02/2008 дугаар протокол шийдвэрүүдээр үүсгэн байгуулсан нь дээрх хуулийн заалтын “Хуулийн этгээд байгуулахгүйгээр” гэсэн шаардлагыг хангаагүй болох нь харагдаж байна. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах боломжгүй. 3. “Эрдэнэт-Ойл” ХХК-ийг анх үүсгэн байгуулсан тухай хувь нийлүүлэгчдийн хурлын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2008 дугаартай протокол, “Э О”ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн хурлын 02/2008 дугаартай протокол шийдвэрүүдийг биелүүлээгүй гэх тухайд: “Э Ү”ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрт “Э О”ХХК-ийг үйл ажиллагаа явуулах аливаа тендер шалгаруулалтад оролцоход аливаа баталгаа гаргах асуудлыг зохих журмын дагуу хариуцах үүрэг-ийг хүлээсэн бөгөөд үүнээс өөр ямар нэгэн үүрэг хүлээх талаар туссан зүйл заалт байхгүй. Дээрх үүргийг өнөөдрийг хүртэл зөрчөөгүй болно. Харин нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт заасан компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөхтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд өсгөх тохиолдолд компанийн тухай хуульд, “Э О”ХХК-ийн дүрэмд заасны дагуу өсгөх боломжтой юм. Хувьцаа эзэмшигч компанид хөрөнгө оруулалт хийх замаар өөрийн хөрөнгийн хэмжээг өсгөх тохиолдолд бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах үүрэгтэй /1999 оны Компанийн тухай хуулийн 43.1, 44.1-д 2011 оны Компанийн тухай хуулийн 31.2, “Э О”ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 4,5/ бөгөөд дангаар өсгөх, өсгөхийг тулган шаардах эрхгүй болно. 4. Хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхойлсноор олох байсан цэвэр ашиг 3 461 900 000 төгрөгийн 50 хувь буюу 1 730 900 000 төгрөг, тосны үйлдвэрээ буцаан буулгаж, Эрдэнэтээс Улаанбаатар хот руу авчрах, угсрах зардал 687 190 000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлагуудын тухайд: Нэхэмжлэгч хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулан авах бөгөөд гэм буруу хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой. “Э Ү”ХХК-иас дээрх хохиролтой холбоотой гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. 5. “Э О”ХХК-ийн бизнесийн үнэлгээний тайланд тусгагдсан, “А Т”ХХК-д өгөх ёстой байсан өр төлбөр 697 300 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу татан буугдаагүй “Э О”ХХК-ийн өрийг “Э Ү”ХХК нь хариуцах үндэслэлгүй болно. 6. 2009 онд хуваарилсан ногдол ашиг 102 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: “Э О”ХХК нь 2009 онд үйл ажиллагаагаа ашигтай явуулсан гэдгийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас дүгнээд ногдол ашиг хуваарилсан үйлдэл болно. Хэрэв энэ онд ашиггүй ажилласан гэж үзэх тохиолдолд “Э О”ХХК нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж төрийн эрх бүхий байгууллагаар тогтоолгох бөгөөд түүнд хувьцаа эзэмшигч нэг этгээд бусад хувьцаа эзэмшигчдээс нэхэмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01132 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11, 227 дугаар зүйлийн 227., 227.3-т заасныг баримтлан хариуцагч “Э Ү”ХХК-иас /РД:2074192/ гэрээнээс учирсан хохиролд 2 353 500 000 /хоёр тэрбум гурван зуун тавин гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “А Т”ХХК-д /РД:2595192/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 723 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 251 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 11 925 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1568 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01132 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э Ү”ХХК-иас 1 032 400 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А Т”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 171 709 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад 11 925 450 гэснийг 5 319 950 гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 925 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь хэргийн шийдвэрлэхдээ бодит үйл баримтад дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь “А Т”ХХК нь “Э Ү”ХХК- тай уулзалт зохион байгуулж хамтран ажиллах гэрээ байгуулах болон компани байгуулах талаар харилцан тохиролцож хуралдаан хийж тэмдэглэл үйлдсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэж хавтаст хэрэгт авагдсан бусад баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу “Э Ү”ХХК нь хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллах болон компани үүсгэн байгуулах талаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын 2008 оны 12-р сарын 15-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрт хамтран ажиллах, хуулийн этгээд байгуулах болон харилцан хүлээх үүргийн талаар дурьдсан байдаг. Хамтын ажиллагаа үр дүн нь үйл ажиллагаанаас үр шим хүртэх хэлбэрээр илэрхийлэгддэг. Нэхэмжлэгчийн хувьд хамтарсан компани байгуулсан тухайд маргаагүй бөгөөд, харилцан ашиг олох үүднээс тохиролцсон хамтын ажиллагааны нөхцөлөө зөрчсний улмаас өөрт учирсан алдагдлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “Э Ү”ХХК нь өөрийн үүргээ биелүүлэхээс татгалзаж гэрээнээс гарсан тул “А Т”ХХК-д учирсан алдагдал, хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Б.Лхагвасүрэн нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсэг ойлгомжгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна. Үүнд: 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан манай компаниас 1 032 400 000 төгрөгийг гаргуулж “А Т”ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд 8 үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүсэхээр заасан. Чухам энэ үндэслэлүүдээс аль харилцаа үүссэн нь ойлгомжгүй, давж заалдах шатны шүүх тайлбарлаж чадаагүй. “Э Ү”ХХК нь Эрдэнэт Ойл ХХК-ийн өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй. 2. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар “Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна’’ гэсэн заалтыг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн алдаа гэж үзэж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар бодитоор гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл зэргийг хохиролд тооцохоор заасан. Харин хэрэгт цугларсан нотлох баримтаар “А Т”ХХК-д ямар хохирол учирсан нь тогтоогдоогүй. Шүүх “Э Ү”ХХК нь хэнд эд хөрөнгийн хохирол учруулсан, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа талаар тайлбарлаагүй. Мөн энэ хэрэгт хэний эрх ашиг хөндөгдөөд байгааг шүүх анхаарч үзээгүй, Манай компанийн зүгээс Эрдэнэт Ойл ХХК-д ч, “А Т”ХХК-д ч хохирол учруулаагүй. 3. “А Т”ХХК нь тосны үйлдвэрээ буцаан буулгаж Эрдэнэтээс Улаанбаатар хот руу авчрах, угсрах зардал 622 600 000 төгрөгийг манай компаниас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. “Э Ү”ХХК нь энэ талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, Эрдэнэт Ойл ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй. Шүүх тосны үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга нь хэний өмч, хичнээн хэмжээний зардлаар угсарсан зэрэг нь хэрэгт авагдаагүй байхад Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж “А Т”ХХК нь үйлдвэрээ буцаан буулгаж, Эрдэнэтээс Улаанбаатар хот руу татан авч барьж угсрах зардалд 622 600 000 төгрөгийг “Э Ү”ХХК-аас гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй Вендо ХХК нь хөрөнгийн болон бизнес үнэлгээг хийхдээ холбогдох судалгаа, баримтыг үндэслэлгүй Эрдэнэт Ойл ХХК-ийн 2010-2014 оны санхүүгийн тайланг мэдээллийн эх үүсвэрээ болгосон ба 2014 оны санхүүгийн тайланд тус компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зураагүй, баталгаажаагүй санхүүгийн тайланг үндэслэж нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтуудыг зөрчсөн. Улсын Дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/00682 дугаартай тогтоолоор “Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байгаагаас анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг өөр өөрөөр тодорхойлсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, маргаантай үйл баримтыг үндэслэл бүхий тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнээд шийдвэр магадлалыг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч одоог хүртэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой болгоогүй, ойлгомжгүй хэвээр байна. Мөн Улсын Дээд шүүхээс шүүхийн зардал болох шинжээчийн хөлсийг анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрлээгүй нь буруу гэж үзсэн боловч шат шатны шүүх энэ асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан. Иймд шинжээчийн ажлын хөлсийг “А Т”ХХК-аас гаргуулж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хууль болон Компанийн тухай хуулийг буруу хэрэглэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “А Т”ХХК нь хариуцагч “Э Ү”ХХК-д холбогдуулан олох ёстой байсан ашиг 1 730 900 000 төгрөг, үйлдвэрийг нүүлгэж, суурилуулах зардал 1 245 000 000 төгрөг, 2009 онд авах ёстой ашиг 102 000 000 төгрөг нийт нийт 3 076 900 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Э Ү”ХХК, “А Т”ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөрөнгийг адил тэнцүү гаргаж, 100 000 ам.долларын дүрмийн сантайгаар “Э О”ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн дүрмээ баталж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2009 онд ашигтай ажиллаж, ашгийг хуваасан, 2010-2011 онд үйл ажиллагаа явуулсан боловч алдагдалтай ажилласан, 2012 оноос компанийн үйл ажиллагаа зогссон үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчид ашиг олох зорилгоор хуулийн этгээд байгуулан, хуулийн этгээдийн нэрээр эрх олж, үүрэг бий болгосон байхад анхан шатны шүүх тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг зөрчжээ.

Давж заалдах шатны шүүх уг алдааг олж илрүүлсэн боловч маргааны үйл баримт, тодорхой бус, хувьцаа эзэмшигч нарын бие биедээ гаргасан нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгааг анхаараагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2017/00682 дугаар тогтоолоор “...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай...” гэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан боловч уг зөрчил хэвээр байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

“А Т”ХХК-ийн нэхэмжлэл нь хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн маргаан эсвэл хамтран байгуулсан “Э О”ХХК-ийг татан буулгахтай холбоотой хөрөнгө хуваарилах, хохирол шаардсан ямар агуулгатай болохыг тодруулах шаардлагатайгаас гадна нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байх тул хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

1. Зохигчдын хооронд байгуулагдсан 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ““Э О”ХХК-ийг үүсгэн байгуулах хурлын протокол №01/2008” гэсэн нэр бүхий гэрээ компанийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааны зорилго, хувьцаа эзэмшигч нарын оруулах хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагаа явуулахад хувьцаа эзэмшигч нарын тус тусын хариуцах үүрэг, ...Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах зэрэг хуулийн этгээд байгуулах агуулгатай баримт байх ба гэрээний үндсэн дээр талууд дүрмээ баталж, удирдлагаа сонгон, компанийг улсын бүртгэлд бүртгүүлснээс үзэхэд уг гэрээ нь бие даасан, хамтран ажиллах гэрээ биш юм.

Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д /1999 оны/ Компанийг нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь компанийг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй....гэж заасан,  2011 оны Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.4-т дээрх зохицуулалт хэвээр үлдсэн байна. Иймд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг хамтран ажиллах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Компаний тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчжээ.

2. “А Т”ХХК, “Э Ү”ХХК нь тус тус 50 000 ам.долларын хөрөнгийг  гаргаж, компанийн дүрмийн санг бүрдүүлж, ашгийг адил тэнцүү хуваарилах талаар гэрээ, дүрэмд заасны дагуу хөрөнгийг адил хэмжээгээр гаргасан боловч “А Т”ХХК-ийн зүгээс үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авчирч суурилуулан, түүхий эд, ажиллагсдыг хариуцан ажилласнаар илүү хөрөнгө гаргасан, “Э Ү”нь дүрмийн санг адил хэмжээгээр нийлүүлээгүй, компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн эргэлтийн хөрөнгийг оруулаагүйгээс үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, зогссон гэж хувьцаа эзэмшигч Эрдэнэт үйлдвэрийг буруутгаснаас үзэхэд уг үндэслэлийг тодруулж, зохигчдыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх шаардлагатай байжээ.

“А Т”ХХК нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 3 975 000 ам.долларын үнэ цэнэтэй гэж үзэж, ийм хэмжээний хөрөнгө оруулсан гэсэн бол “Э Ү”ХХК нь уг эд хөрөнгийг 31 189 500 төгрөгийн үнэлгээтэй гэж маргасан, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч нар энэ талаар шийдвэр гаргаагүй тохиолдолд шүүх компанийн дүрмийн санг өсгөх, хувьцааны хувийг нэмэх агуулгатай шийдвэрийг хөндлөнгөөс гаргах үндэслэлгүй юм.

3. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Хувьцаа эзэмшигч нар өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээснээр үүргээ биелүүлсэн бол уг асуудлаар хоорондоо шаардлага гаргах эрхгүй. Учир нь хувьцаа эзэмшигч ийнхүү хариуцлага хүлээснээр компанийн алдагдлыг хариуцаж эрсдлээ хариуцах учиртай байна.

“Э О”ХХК нь 2013 оны байдлаар 766,6 сая төгрөгийн өглөгтэй, 13,0 сая төгрөгийн авлагатай, 132.0 сая төгрөгийн  алдагдалтай гэсэн баримт хэрэгт байх ба компани 2009 оноос хойш ашигтай ажиллаагүй, нөгөө талаар компанийг татан буулгах тохиолдолд бусдад төлөх өр төлбөрийг хасч, авлагаа тооцоход эд хөрөнгө үлдэх эсэх, хөрөнгийг хуваарилах эсэх асуудал тодорхой бус байхад хувьцаа эзэмшигч нарын хооронд олох байсан ашгийг хуваарилж гаргуулсан шүүхийн шийдвэр, магадлал Компанийн тухай хуулийг зөрчжээ.

2002 оны Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтарсан компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон бусад хэлбэрээр компанийн үйл ажиллагааг тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг уг этгээд өөрийн хөрөнгөөр хариуцах учиртай. Тухайн хэм хэмжээ нь хувьцаа эзэмшигч өөрийн буруугаас компанид хохирол учруулсан бол өөрийн хөрөнгөөр хохирлыг компанийн өмнө арилгахыг зохицуулсан байхад хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн маргаанд хэрэглэсэн нь үндэслэлгүй болно.

4. “Э О”ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор “...”Э О”ХХК-ийн 2009 оны жилийн эцсийн тайлан тэнцлээр татварын дараах байдлаар 204 000 000 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тул “Э О”ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “Э Ү”ХХК-д 50 хувийн ноогдол ашиг болох 102 000 000 төгрөгийг, мөн “Э О”ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч “А Т”ХХК-д 50 хувийн ноогдол ашиг болох 102 000 000 төгрөгийг олгох”-оор шийдвэрлэсэн ба уг тогтоолын дагуу “А Т”ХХК ашгийг авсан эсэх асуудал хэрэгт байгаа баримтын хэмжээнд тодорхой бус, зохигчид энэ талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй байв.

            Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлийн талаар хууль зүйн дүгнэлт өгөхөөр байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ. Зохигчдын гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/01132 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1568 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 925 450 төгрөг, хариуцагчаас төлсөн 5 319 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Ц.АМАРСАЙХАН

             ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА