Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2021/00281

 

 

 

 

 2021          01          26  

              101/ШШ2021/00281

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/1 хаягт байрлахЖ.Э.Б.К  ББСБ ХХК /регистрийн дугаар 5416078/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 116 байр, 15 тоот хаягт оршин суух Тугч овогт Надмидын Г /регистрийн дугаар ЧА78070361/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 116 байр, 15 тоот хаягт оршин суух Сартуул овогт Рагчаагийн Р /регистрийн дугаар ЧА52012565/ нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 43,342,710.42 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж.Э.Б.К  ББСБ” ХХК, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “…

Зээлдэгч Н.Гантулгын хүсэлт, холбогдох баримтыг үндэслэж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 18 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй 16,000,000 төгрөгийг ЗГ0301160138 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 116 дугаар байр, 15 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204003629 дугаартай, 39 м.кв талбайтай, 3 өрөө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байсан тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч зээлийг төлж барагдуулаагүй. Иймд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01695 дугаар шийдвэрээр 2016 оны зээлийн гэрээний үүргийг шаардахад тус шийдвэр саад болохгүй талаар дурдсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй тул 2018 оны зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж шүүхээс үзсэн байдаг. Зээлдэгчийн хувьд зээлийг төлж барагдуулна, хугацаа олгооч гэх хүсэлтийг бичгээр болон амаар гаргаж байсан юм. Мөн 2016 оны зээлийн гэрээний дагуу зээлийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэдгийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед мэдүүлж байсан. Иймд хариуцагч Н.Гас анх байгуулагдсан 2016 оны зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү 2,513,626.45 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 25,840,448.01 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 14,988,635.96 төгрөг, нийт 43,342,710.42 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н.Г, өмгөөлөгч Л.Энхтунгалаг нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ0301160138 тоот зээлийн гэрээний үүргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагаас 25,000,000 төгрөгийн зээл авч барагдуулсан, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа болно. Харин 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулахдаа Иргэний хууль зөрчсөн тул 25,000,000 төгрөгөөс төлөлт хийсэн үнийн дүнгээ хасаад 20,500,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй. Учир нь надаар зээлийн гэрээнд гарын үсэг зуруулаад надад 25,000,000 төгрөг өгөөгүй учир хуулийн дагуу алданги тооцох ёсгүй гэж бодож байна. Энэ маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01695 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” гэв.  

 

Хариуцагч Р.Р, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... 2016 оны зээлийн болон барьцааны гэрээнд оролцоогүй учир хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж.Э.Б.К  ББСБ” ХХК нь хариуцагч Н.Г, Р.Р нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 14,988,635.96 төгрөг, хүү 25,840,448.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,513,626.45 төгрөг, нийт 43,342,710.42 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  

 

Хариуцагч Н.Г нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 20,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзаж, хариуцагч Р.Р нь зээлийн гэрээ байгуулахад оролцоогүй гэж маргаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч “Ж.Э.Б.К  ББСБ” ХХК банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдсон /хх-7, 8-10/.

 

Нэр бүхий зохигчид 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ0301160138 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч “Ж.Э.Б.К  ББСБ” ХХК нь хариуцагч Н.Гд 16,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ /хх-13-17/.

 

Шүүхэд гаргасан талуудын тайлбараар нэхэмжлэгч нь 16,000,000 төгрөгийн зээлийг хариуцагчид олгох үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэх, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан ба дээрх гэрээ хуулийн тус зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймээс нэхэмжлэгч “Ж.Э.Б.К  ББСБ” ХХК, хариуцагч Н.Г нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.

 

Харин хариуцагч Р.Ргийн хувьд, уг зээлийн гэрээ байгуулахад оролцоогүй, гэрээнд гарын үсэг зураагүй, зээлийн төлбөрийг хүлээж аваагүй, тодруулбал зээлийн гэрээнд эрх, үүрэг хүлээж оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс хариуцагч Р.Рд холбогдуулан зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргасан нь үндэслэлгүй болно.

 

Зохигчдын тайлбарт дурдагдаж буй Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01695 дугаар шийдвэрээр зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой шаардлагыг хянан шийдвэрлэсэн байх ба одоо шүүхэд маргаж буй 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ0301160138 тоот зээлийн гэрээнээс тусдаа маргаан байна /хх-35-36/. Хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр хаагдсан, шүүх хянан шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

          Нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл 14,988,635.96 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр тооцсон хүү 25,840,448.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,513,626.45 төгрөг, нийт 43,342,710.42 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

          Зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.5, 3.1.3-3.1.5 болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийн хүүг сарын 4 хувиар, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцох, зээлдэгч зээлийн төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр хэсэгчлэн төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирсон байх боловч хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 1,264,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1,190,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 3,954,000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байна.

 

Шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хууль болон зээлийн гэрээнд нийцүүлэн дор дурдсанаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. Үүнд:

 

Хариуцагчаас зээлийн гэрээний хугацаанд төлсөн 1,011,364.04 төгрөгийг зээлд, 1,821,137.38 төгрөгийг зээлийн хүүнд, 121,498.58 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тус тус тооцсон нь төлбөрийн хуваарь, зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт заасан дарааллыг зөрчөөгүй. Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасантай нийцээгүй байх тул уг төлбөрийг зээлд тооцох үндэстэй.

 

Мөн нэхэмжлэлд хавсаргасан хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтээс үзэхэд хагалгаанд орсны улмаас ажил хийх боломжгүй, шүүхийн журмаар шийдүүлэх хүсэлтэй талаар банкинд мэдэгдсэн байх ба үүгээр хариуцагчийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй буюу зээлийн гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо нэхэмжлэгчид илэрхийлсэн гэж дүгнэхээр байна /хх-33/.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 10.2.6 дахь хэсэгт зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар эрс муудаж байгаа нь тогтоогдсон тохиолдолд Банк зээлийн гэрээг цуцлахаар заасан байх ба хариуцагчид үүссэн нөхцөл байдлыг энэ үндэслэлд хамааруулах боломжтой байна. 

 

Нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагчийн дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн баримт шүүхэд гаргаагүй тул шүүх уг хүсэлтэд хариу өгөх боломжит хугацааг тооцон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын байгуулсан зээлийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөр цуцлагдсан байна гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд тооцсон зээлийн хүү 5,635,727.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 617,539.99 төгрөг, мөн дээр дурдсан 1,000,000 төгрөгт 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хугацаанд тооцсон хүү 200,000 төгрөгийг тус тус нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Н.Гас 21,765,682.35 төгрөг зээлийн төлбөрт төлсөн гэх “Ж.Э.Б.К  ББСБ” ХХК-ийн кассын орлогын ордерыг шүүхэд гаргасан /хх-64/ ба хариуцагч Н.Г нь уг баримтаар бодитой төлөлт хийгдээгүй, харин 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой зөвхөн бичгийн баримт үйлдсэн гэж тайлбарлаж байна.

 

Иймд хариуцагч Н.Гас зээлийн үлдэгдэл 13,988,635.96 төгрөг, зээлийн хүү 20,004,720.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,896,086.46 төгрөг, нийт 35,889,443.31 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж.Э.Б.К  ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагчтай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Н.Г, Р.Р нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003629 дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 116 байр, 15 тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна /хх-18-20, 29/.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003629 дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 116 байр, 15 тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Гас 35,889,443.31 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж.Э.Б.К  ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,453,267.11 төгрөгт болон хариуцагч Р.Рд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Г шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.Г, Р.Р нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003629 дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 116 байр, 15 тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гас 337,397 төгрөг, хариуцагч Н.Г, Р.Р нараас 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ж.Э.Б.К  ББСБ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА