Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/01301

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00281 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 841 дүгээр магадлалтай,

*******-ийн нэхэмжлэлтэй

Н.Гантулга,******* нарт холбогдох

Зээлийн гэрээ-ний үүрэгт 43,342,710.42 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Л.Уянгын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

1.   ******* нь*******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 14,988,635.96 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 25,840,448.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,513,626.45 төгрөг, нийт 43,342,710.42 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч******* нь ...2016.12.27-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 2018.02.13-ны өдөр тус ББСБ-аас 25,000,000 төгрөгийг зээл авч барагдуулсан, харин 2018.02.13-ны өдрийн зээлийн гэрээ байгуулахдаа хууль зөрчсөн тул 25,000,000 төгрөгөөс төлөлт хийсэн дүнгээ хасаад үлдэх 20,500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. 2018 оны гэрээний дагуу надад 25,000,000 төгрөгийг өгөөгүй учир хуулийн дагуу алданги, хүү тооцох ёсгүй. гэж, хариуцагч******* нь ...2016 оны зээлийн болон барьцааны гэрээнд оролцоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. гэж тус тус маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00281 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Гантулгаас 35,889,443.31 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,453,267.11 төгрөгт болон хариуцагч*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Гантулга шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.Гантулга, Р.Дуламсүрэн нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003629 дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 116 байр, 15 тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 841 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00281 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг хасч, 35,889,443.31 төгрөг гэснийг 20,500,000 төгрөг гэж, 7,453,267.11 төгрөгт гэснийг 22,842,710.42 төгрөгт гэж өөрчилж, 3 дахь заалтын 337,397 төгрөг гэснийг 260,450 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дүгээр зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Л.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.24-ний өдрийн 841 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.26-ны өдрийн 101/ШШ2021/00281 дугаар шийдвэрээр хариуцагч*******ас 35,889,443.31 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 20,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана, 172.2.1-т анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж заасан үндэслэлд хамаарч байна.

Анхан шатны шүүхээс зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа хүү бодох үндэслэлтэй гэж үзэж 2019.12.29-ний өдрийг хүртэл хүү тооцсон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс ...гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг нарийвчлан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй гэж дүгнэлт хийжээ. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн болохыг харуулж байна.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалт нь хэтэрсэн хугацааны хүү зээлийн үндсэн хүүгээс хэтрэхгүй тухай ойлголт юм.

Үүнээс гадна анхан шатны шүүхээс 2018 оны зээлийн маргаан нь нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, мөн 2016 оны зээлийн маргаанаас тусдаа маргаан байна гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс 2016 оны зээлийн гэрээг 2018.02.13-ны өдөр буюу зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4-т зааснаар цуцалсан гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй юм. Учир нь гэрээг цуцлахад Иргэний хуульд заасны дагуу гэрээ цуцлах нөхцөл бүрдсэн байхаас гадна гэрээг цуцалж буй талаар мэдэгдэл өгч, нэмэлт хугацаа тогтоож өгөх ёстой байдаг. Хэрэв нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй бол гэрээг цуцлах эрх үүсдэггүй. Гэтэл шүүх яагаад 2018 оны зээлийн гэрээг байгуулахдаа 2016 оны зээлийн гэрээг цуцалсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Энэ талаар магадлалд тодорхой тайлбарлаагүй. Тиймээс зээлийн гэрээ 2018.02.13-ны өдөр цуцлагдсан гэж үзэх үндэслэл байхгүй. 2018 оны зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн харилцаа үүсээгүй талаар Баянзүрх дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Өөрөөр хэлбэл 2018 онд зээлийн харилцаа үүсээгүй учраас 2016 оны зээлийн харилцаа үйлчилж байсан.

Мөн давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт гэх баримтад хариуцагч зээлийн гэрээний үүрэгт ямар хугацаанд хэдэн төгрөг төлсөн, түүний хэдэн төгрөг нь зээлийн төлбөр, зээлийн хүү болох нь тодорхойгүй гэж үзэж үндсэн зээлээс 3,954,000 төгрөг буюу бүх төлсөн мөнгийг нь хасч тооцжээ. Гэтэл энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болоод анхан шатны шүүхийн шийдвэрт хэзээ, хэдэн төгрөг төлсөн нь тодорхой байгаа юм. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т Зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлнө гэж заасан байгаа. Гэтэл шүүхээс бичгийн нотлох баримтад тодорхой байгаа зүйлийг, түүгээр зогсохгүй гэрээнд заасан байхад яагаад төлсөн бүх мөнгийг нь үндсэн зээлээс хасч тооцож байгаад гайхаж байна. Уг нь зээлийн гэрээгээр тохирсны дагуу нэмэгдүүлсэн хүү, хүүг хасаад үлдэх мөнгийг нь үндсэн зээлээс хасах учиртай. Өөрөөр хэлбэл үүссэн үүргийн дарааллын дагуу төлөх ёстой. Зээлийн хүүг төлөх үүрэг үндсэн зээлийг төлөх үүргээс түрүүнд үүссэн болохыг шүүх огт анхаараагүй байна. Шүүхээс ийнхүү шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг баримталж зээлдүүлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Бид 2016 онд зээл олгосноос хойш өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй байна. Шүүхээс иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой хэдий ч дээрх байдлаар хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргах учиргүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн гаргасан дээрх ноцтой алдааг засч, 2020.05.24-ний өдрийн 841 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянгын хяналтын журмаар гаргасан гомдлыг иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2021.09.30-ны өдрийн 001/ШХТ2021/00539 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

1. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Хэрэгт цугларсан баримтаар Жи Эс Би Капитал ББСБ ХХК зээлдэгч*******тай 2014.12.27-ны өдөр ЗГ-0301160138 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар олгож, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2204003629 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 116 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

Зээлдэгч зээлийг авч ашигласнаас хойш гэрээний хугацаанд зээлийн төлбөрт 1,011,364.04 төгрөг, зээлийн хүүд 1,821,137.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,121,498.58 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2019.07.29-нд 1,000,000 төгрөгийг тус тус төлснөөс өөр төлбөр хийгээгүй, төлбөрийг бүрэн төлөөгүй үндэслэлээр зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт нийт 43,324,710.42 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар ******* нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нар 20,500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, алданги тооцох ёсгүй гэж маргажээ.

3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийн хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний, барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1., 156 дугаар зүйлийн 156.2.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн боловч гэрээ цуцлагдсан хугацааг буруу тогтоосноос тооцооны алдаа гаргасан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2018.02.13-ны өдөр гэрээг дуусгавар болгож, зээлдэгчийн төлөх гэрээний үүргийг тооцож, дахин зээл олгосон гэрээ байгуулж, тус гэрээгээр олгосон зээлийн хөрөнгийг өмнөх гэрээний үүрэгт суутгаж авсан болох нь хэрэгт цугларсан баримт, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул 2016 оны гэрээний үүргийг 2018.02.13-ны өдөр цуцлагдсанд тооцсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэгэнт гэрээг хугацаа дуусахаас өмнө цуцалсан тул зээлдүүлэгч гэрээ цуцалснаас хойших хугацааны буюу хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлэх эрхгүй.

5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийн заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, ...төлнө гэж, 25 дугаар зүйлийн 2.-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус зохицуулсан байна.

Талууд гэрээний 3.1.3.-т зээлийн хүүг сарын 4% гэж, 4.3.-т зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийг зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 4.9.-д ...зээлдэгч гэрээнд заасан хугацаанд ....зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд ...зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна гэж тохиролцжээ.

Гэрээний дээрх заалтаар зээлдэгч гэрээний хугацаанд зээл төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй бол гэрээг төлөгдөж дуустал зээлийн хүүг сарын 4%-иар тооцож авна гэсэн агуулгатай байхад давж заалдах шатны шүүх ...талууд хэтэрсэн хугацааны хүүг нарийвчлан тохиролцоогүй... гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг тооцохдоо хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

6. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж зохицуулсан.

Зээлдэгч гэрээний хугацаанд эргэн төлөх хуваарийн дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлээс төлөлт хийсэн, энэ талаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхой тусгагдсан байхад давж заалдах шатны шүүх зээлдэгчийн гэрээний хугацаанд, гэрээний үүрэгт төлсөн 3,954,000 төгрөгийг бүгдийг нь үндсэн зээлээс хасч тооцсон нь хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, тооцооллыг зөвтгөх нь зүйтэй.

Үүнд: 2016.12.17-ны өдөр гэрээ байгуулснаас гэрээ цуцалсан 2018.02.13-ны өдрийг хүртэлх 13 сар 16 хоногийн зээл, түүний хүүг тооцоход үндсэн зээл 16,000,000 төгрөг, хүү сарын 4% тул /16,000,000х4%х13сар 16хоног/ 8,661,334 төгрөг, үүнээс гэрээний хугацаанд төлсөн хүү 1,821,137 төгрөгийг хасахад /8,661,334-1,821,137/ 6,840,198 төгрөг, нийт 21,828,840 төгрөг. Үүнээс гэрээний хугацаанд үндсэн зээлд төлсөн 1,011,364 төгрөг, гэрээний хугацаа өнгөрсний дараа төлсөн 1,000,000 төгрөгийг хасахад 19,817,476 төгрөг, үүн дээр үндсэн зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй 13 сарын нэмэгдүүлсэн хүү 1,620,909 төгрөгийг нэмээд нийт 21,428,386 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 841 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...20,500,000 төгрөг... гэснийг ...21,428,386 төгрөг... гэж, ...22,842,710.42 төгрөгт... гэснийг ...21,914,324.42 төгрөг... гэж, ...260,450 төгрөг гэснийг ...265,091 төгрөг гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Л.Уянгын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа *******-иас 2021.06.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Х.ЭРДЭНЭСУВД