Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01263

 

                      Д.С-гийн нэхэмжлэлтэй

                       иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02483 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар магадлалтай,

Д.С-гийн нэхэмжлэлтэй,

Г.Б-өд холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцнуудын үнэ 340,000,000 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 120.455 м.кв талбайн өмчлөгчөөр Д.С-г тогтоож, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоот орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшингийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч У.Түвшин, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Г.Б-өд холбогдуулан, хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцны үнэ нийт 340,000,000 төгрөгийг гаргуулах, мөн хаягт байрлах зоорийн давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 120.455 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах, тус байрны 3 тоотод байрлах 79 м.кв орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02483 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9-д зааснаар нэхэмжлэгч Д.С-гийн хариуцагч Г.Б-өд холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцнуудын үнэ 340,000,000 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 120.455 м.кв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С-г тогтоолгох, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоот орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,917,465 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-өөс 2,432,000 /хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02483 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-өөс хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцны үнэ нийт 340,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоотод байрлах 79 м.кв орон сууцны өмчлөгчөөр Д.С-г тогтоож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг түүнд гаргаж өгөхийг хариуцагч Г.Б-өд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 120.5 м.кв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С-г тогтоолгох, тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргуулахыг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,917,465 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-өөс 1,928,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,917,465 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.18-ны өдрийн 183 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн Г.Б-, Д.С нар нь 2012.05.21-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” гэх нэршил бүхий баримтыг үйлдсэн байдаг. Мөн уг баримтын дагуу 10 давхар барилгыг 3 /гурав/-н жилийн хугацаанд барьж бий болгож ашиг хуваарилах, харилцан ашигтай ажиллах талаар тухайн үедээ тохиролцож, Д.С-гийн бэлдсэн гэх баримтад гарын үсэг зурсан. Мөн тухайн үйл ажиллагааны гэрээний хугацаанд хэрэгжээгүй тохиолдолд гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож сунгах талаар заасан. Д.С нь Г.Б-тэй анх гэрээ байгуулах үедээ өөрийн газрыг нүүрэн талын газар гэж хэлж байсан. Мөн барилгын ажлыг эхлэх үед тухайн үед байсан контейнерыг эзэмшигч нь аваад явчихна гэж итгүүлж уг баримтыг үйлдсэн байдаг (мөн тухайн үедээ өөрийн газрынх нь урд талд бусдын газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар байхгүй гэх кадастрын зургийг Г.Б-өд үзүүлсэн байдаг). Гэтэл 2014 оны хавар барилгын ажлыг эхлэх үед контейнерыг холдуулахыг шаардахад эзэмшигч н.Чойнямбуу нь янз бүрийн шалтаг заагаад явдаггүй байсан. Улмаар барилгын ажлыг 3 давхар хүртэл явагдсаны дараагаар Д.С-гаас шилжүүлсэн гэх газрын урд талд н.Чойнямбуу гэх хүн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болж таарсан. Удалгүй Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт явуулж барилгын талбайд түүхий эд авах цэг ажиллаж байгаагаас энгийн иргэдэд хохирол учруулах эрсдэлтэй тул барилгын ажлыг зогсоохыг шаардсан. Ингээд барилгын зүүн талд кран болон бусад материал, барилгын бэлдэц, арматур төмөр байрлуулахыг хориглосон.  

4.2. Улмаар барилгын ажлын талбайг барилгын ард талд хийх зайлшгүй шаардлагатай болсон тул гуравдугаар эгнээний гэх (нэгдүгээр эгнээнд н.Чойнямбуугийн газар, хоёрдугаар эгнээнд Д.С-гаас Г.Б-өд шилжүүлсэн газар гэх байдлаар зүүн талаасаа гурав дахь эгнээ) газрыг Л.Батболд гэх хүний нэр дээр 300,000,000 төгрөгөөр худалдаж авч барилгын ажлыг үргэлжлүүлсэн. 2014 онд барилгын салбар бүхэлдээ уналтад орж, мөнгөн хөрөнгийн эргэлт удааширсан, барилгын материалын үнэ өссөн, барилгын талбайг шинээр бэлдэх болсон зэрэг шалтгааны улмаас Г.Б-ийн зүгээс барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Иймээс 2014.09.03-ны өдөр “Ньюгор” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, “Ньюгор” ХХК нь барилгыг өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан. Д.С-гийн хувьд 2012.05.21-ний өдөр “хамтран ажиллах гэрээ” гэх баримтыг үйлдсэнээс хойш 10 хоногийн дараагаар 50,000 ам.долларын үнэ бүхий тээврийн хэрэгслийг газрын урьдчилгаанд авсан. Мөн баригдсан барилгаас 3 өрөө орон сууцыг авсан үйл баримтууд болж өнгөрсөн байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Г.Б нь тухайн барилгыг барих үйл ажиллагааг удирдаж, шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг хариуцаж, үүнтэй холбоотойгоор илүү эрсдэл хүлээж байгаагийн хувьд нийт барилгын 80 хувийг авч, үлдэх 20 хувийг нэхэмжлэгч Д.С-д өгч, ашиг, алдагдлаа хуваарилахаар тохиролцсон гэж үзэхээр байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан.

4.3. Иймээс хоёр ба түүнээс дээш этгээд нь ашиг олох эсхүл тодорхой зорилгын төлөө хамтран ажиллахаар байна. Мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д зааснаар алдагдлыг хамтран хариуцаж, ашгаа хэрхэн хуваарилахыг талууд тохиролцож болохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хамтран ажиллаж буй нэг тал нь хэт их ашиг олж, нөгөө алдагдлыг хариуцах нь хууль зүйн хувьд (хамтран ажиллах гэрээний хувьд) үндэслэлгүй. Гэрээний хуульд нийцсэн хэсэг нь шаардах эрхийг бий болгохоор байхад давж заалдах шатны шүүх тухайн гэрээний заалт нь хуульд нийцсэн эсэхэд хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Монгол Улсын Иргэний хуулийн хэм хэмжээг харвал зөвшөөрсөн, хориглосон, эрх олгосон, үүрэг хүлээлгэсэн зэрэг хэм хэмжээг агуулсан байх бөгөөд гэрээнд оролцогч талууд нь нэг нэгнийхээ нийтлэг эрх ашиг сонирхлыг илэрхий хохироосон нөхцөл гэрээнд тусгаж гэрээний аргаар нэгнийгээ эдийн хувьд мөлжих боломжийг хязгаарласан байдаг. Энэ ч утгаараа Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан тул гэрээний эрх зүйн харилцаанд оролцогчдын зөвхөн хуульд нийцүүлэн хийсэн хэлцэл, гэрээний нөхцөл нь шаардах эрхийг бий болгохоор, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байх бөгөөд хууль зөрчсөн хэлцэл нь шаардах эрхийг бий болгохооргүй байна. Иргэний хуульд талууд харилцан тохиролцож өөрчилж болох диспозтив болон талуудын тохиролцож өөрчилж үл болох императив хэм хэмжээнүүдийг тусгасан.

4.4. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж заасан байх ба хуулийн энэ заалтын агуулгаас харвал талууд харилцан тохиролцож ашгийн хэмжээг өөрчлөн тогтоож болох эрхийг талуудад олгосон байдаг. Иймээс барилгыг нийт хэмжээгээр хуваарилж авахаар тохиролцсон гэх тохиролцоо хуулийн зохицуулалттай нийцэхгүй. Хамтран ажиллах гэрээний талууд зөвхөн ашгийг хэрхэн хуваарилахыг тохиролцох эрхтэй бөгөөд алдагдлыг хамтран хариуцах үүрэгтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар баригдсан барилгын өртөг 2,459,917,400 төгрөгийн 20 буюу 491,983,400 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эдийн засгийн ойлголтын хувьд өртөг гэдэг нь материаллаг баялгийг бий болгоход гарсан хөрөнгийн хэмжээг, орлого гэдэг нь тухайн эд хөрөнгийг худалдан борлуулснаас бий болсон хөрөнгийг, ашиг гэдэг бол орлогоос зарлагыг хассаны дараагаар гарсан зөрүүг ойлгодог. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар хамтран ажиллаж буй талууд зөвхөн ашгийг хуваарилах талаар харилцан тохиролцож болохоор байгаа юм. Шинжээчийн дүгнэлтэд тусгасан агуулгаас харвал Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын 1-р гудамж, 48А тоот хаягт байршилтай орон сууцыг бий болгоход гарах өртөг нь 2,459,917,400 төгрөг, мөн уг зардал дээр хариуцагчаас барилгын талбай бий болгохтой холбоотой 300,000,000 төгрөгийн, “Ньюгор” ХХК-аар барилгын ажлыг гүйцэтгүүлэхтэй холбоотой 475.05 м.кв талбай буюу 662,694,750 төгрөгийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 8 ширхэг автомашины зогсоолын зориулалттай 200,000,000 (хоёр зуун сая) төгрөгийн үнийн дүн бүхий үл хөдлөх эд хөрөнгө зэргийг “Ньюгор” ХХК-д шилжүүлэн өгсөн ба барилгыг гүйцэтгэхэд гарсан зардалд 3,622,612,150 төгрөгийн зардал гаргасан.

4.5. Шинжээчийн дүгнэлтээр уг эд хөрөнгийг худалдан борлуулснаас олох орлого нийт 3,693,414,000 төгрөг байгаа бөгөөд ашиг байж болох мөнгөн төлбөр нь 70,801,850 төгрөг (Д.С-д өгсөн 3 өрөө байр, 50,000 ам.долларын тээврийн хэрэгслийг тооцохгүйгээр) байгаа юм. Нөгөөтээгүүр зөвхөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн хүрээнд тооцож үзсэн ч үл хөдлөх эд хөрөнгийг борлуулснаас олж болох орлого 3,693,414,000 төгрөгөөс өртөг 2,459,917,400 төгрөгийг хасаж тооцвол 1,233,497,000 төгрөг болно. Үүнээс хариуцагч нь 3 өрөө орон сууц, 50,000 ам.долларын үнийн дүн бүхий тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлснийг тооцож үзвэл ашгийн хорин хувиас давсан хэсгийг аль хэдийн нэхэмжлэгчид шилжүүлжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх нь тухайн эд хөрөнгийн өртгөөс 20 хувийг бодож гаргасан нь ч бодомж зүйн хувьд учир дутагдалтай, өөр хоорондоо авцалдаагүй, логик дараалалгүй, ойлгомжгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.1-д тус тус зааснаар Д.С-гийн өмчлөлд шилжүүлбэл зохих 491,983,400” төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дурдсан гэрээний заалтад “...нийт барилгын 20 хувьтай тэнцэх эд хөрөнгийг Д.С-гийн өмчлөлд шилжүүлнэ” гэх нөхцөлийг тусгасан. Гэтэл уг заалтын дагуу бол хариуцагч нь бүх алдагдлыг ганцаараа үүрч, нэхэмжлэгч ашиг олох агуулга ажиглагдаж байх бөгөөд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1.1-д “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэж заасан байдаг тул талууд гэрээ байгуулах замаар уг хэмжээг өөрчилж тогтоох эрх олгогдоогүй. Дээрх заалтын дагуу нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгө олгох боломжгүй. Зөвхөн талууд ашгийг тохиролцсон гэж үзсэн тохиолдолд 20 хувийн ашиг гэж хуульд нийцүүлэн тайлбарлаж болох юм.

4.6. Мөн хамтран ажиллах гэрээний талууд нь зөвхөн ашгийг хэрхэн хуваарилахыг л тохиролцох эрхтэй бөгөөд гэрээний аргаар хамтран ажиллагч этгээдээ мөлжих, дангаар ашгийг хүртэж алдагдлыг нөгөө этгээддээ үүрүүлэх эрхийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар олгоогүй бөгөөд ашгийг хэрхэн хуваарилах талаар Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д заасан бөгөөд давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талууд гэрээг байгуулах үедээ тухайн гэрээний үр дүнд бий болох үр дагавар (ашиг, алдагдал, гэрээ хэрэгжих эсэх)-ыг урьдчилан харах боломжгүй байдаг. Иймээс ч нийт барилгын тодорхой хэсгийг өгнө гэх тохиролцоо байх  боломжгүй юм. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид бичгээр хэлцэл хийх явдал их байдаг боловч гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн, эсхүл хэлцлийг өөрчилсөн, дуусгавар болгосон, шаардах эрх үүссэн эсэх нь чухал ач холбогдолтой. Зохигчид нь 2012.05.21-ний өдөр хамтран ажиллах гэрээ гэх баримтыг үйлдсэн байдаг боловч 2012.05.31-ний өдөр “тээврийн хэрэгсэл худалдсан” тухай баримтыг үйлдэх үедээ 50,000 ам.долларын тээврийн хэрэгслийг газрын төлбөрийн урьдчилгаанд авч байгаа талаар бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэх гэрээг хийснээс хойш 10-хан хоногийн дараагаар хийж байгаа нь хамтран ажилласан гэхэд үндэслэл бүхий эргэлзээг бий болгодог. Мөн зохигчдыг хамтран үргэлжлүүлэн ажилласан гэж байгаа бол хамтран ажиллах гэрээний нэг тал нь хамтын үйл ажиллагаанд зориулан хөрөнгөө оруулсныхаа төлөө нөгөө талаасаа мөнгөн төлбөр авах эрхгүй бөгөөд зөвхөн хамтран ажилласнаас бий болсон ашгийг л хүртэх эрхтэй. Бодит нөхцөл байдал дээр хамтран ажиллах гэрээ гэх баримтыг үйлдсэнээс хойш нэхэмжлэгч нь “...би барилгын хүн биш барилга барихад оролцож чадахгүй...” гэсэн учраас Г.Б-ийн зүгээс газрыг худалдан авч тээврийн хэрэгсэл шилжүүлж, дараагаар нь үл хөдлөх эд хөрөнгө өгч мөнгөн төлбөрийг дуусгавар болгосон. Гэтэл нэхэмжлэгч нь газрын төлбөрт гэх утгаар хариуцагчаас ахин дахин мөнгө нэхсэн.

4.7. Г.Б- нь хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж хамтран ажиллах гэрээ гэх баримтыг цуцалсан баримт үйлдээгүй байдаг. Нэхэмжлэгч нь уг нөхцөл байдлыг ашиглан хамтран ажиллах гэрээ гэх баримтын дагуу шүүхэд ханджээ. Нөгөөтээгүүр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын 1-р гудамж, 48А тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг хэн, яаж, хэнтэй хамтран ажиллаж, хэдэн төгрөгийн зардал гаргасныг бодитойгоор тогтооход гэрч Л.Батболд (барилгын ажлын баруун талын талбайг энэ хүний нэр дээр авч үйл ажиллагаа явуулсан)-ын мэдүүлэг, барилгыг барьж гүйцэтгэсэн “Ньюгор” ХХК (барилгын ажлыг гүйцэтгэсэн байгууллага) зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсны үндсэн дээр хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор тогтоох нь ач холбогдолтой. Хариуцагч Г.Б-ийн зүгээс бол нэхэмжлэгчийн гэх 240,400,000 (шинжээчийн дүгнэлтэд тухайн үеийн ханшаар дурдсанаар) төгрөгийн үнийн дүн ч хүрэхгүй газрыг авч барилгын ажил явуулж улс орны бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан. Мөн Д.С-д 3 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 50,000 ам.долларын тээврийн хэрэгслийг (10,000 ам.долларыг авч) өгсөн. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын 1-р гудамж, 48А тоот хаягт байршилтай орон сууцыг бий болгоход 3,622,582,150 (шинжээчийн дүгнэлтэд заасан 2,459,917,400 төгрөг, барилгын талбай бий болгох зорилгоор газар худалдан авсан 300,000,000 төгрөг, “Ньюгор” ХХК-д шилжүүлж өгсөн үл хөдлөх эд хөрөнгө 862,674,750 төгрөг болсон бөгөөд уг үнийн дүнд Д.С-д өгсөн зүйлсийг оруулаагүй тооцсон.) төгрөгийн зардал(өртөг)-ыг гаргасан. Үндсэндээ уг төслийн ажлаас ашиг олоогүй ч Г.Б нь Д.С-д хүн чанар, ёс жудагтай зан гаргаж тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө зэргийг өгсөн. Гэтэл дахин 340-350 сая төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой. Нэхэмжлэгчийн хувьд ч газрын төлбөрт тээврийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө зэргийг авчхаад дахин их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь хүн чанаргүй үйлдэл юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч Д.С-гаас хариуцагч Г.Б-өд холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцнуудын үнэ 340,000,000 төгрөгийг гаргуулах, тус байрны зоорийн давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 120.455 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах, орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 340,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоотод байрлах 79 м.кв орон сууцны өмчлөгчөөр Д.С-г тогтоож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг түүнд гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

7. Нэхэмжлэгчээс “... 2012.05.21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Д.С нь өөрийн өмчлөлийн 664 м.кв газрыг мөн өдрөө Г.Б-өд бэлэглэлээр шилжүүлж өгсөн. Хамтран ажиллах гэрээний 1.1, 1.2, 1.3-т заасны дагуу нийт 10 давхар, 40 айлын орон сууц барилгын 20 хувьтай тэнцэх хэмжээний орон сууц, үйлчилгээний талбай, автомашины зогсоолыг нэхэмжлэгч Д.С өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон. Гэрээний 1.2-т зааснаар орон сууцны барилгын үйлчилгээний зориулалттай 1 болон 2 дугаар давхрыг 50, 50 хувиар эзэмшихээр тохиролцсон. Барилгын ажил явагдахгүй байж байгаад 2014 оны 9 сараас баригдаж эхэлсэн. 2015 онд Г.Б уг газрыг өөр хүнд шилжүүлээд, өөр компани барилгын ажлыг гүйцэтгэж байгаа талаар мэдээд Г.Б-тэй уулзахад санаа зоволтгүй хамтран ажиллах гэрээ ёсоор өгнө гэж хэлсэн. 2016.12.10-ны өдөр 79 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.С-г оруулсан. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй ба хамтран ажиллах гэрээ ёсоор асуудлыг шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Д.С нь Г.Б-өд өөрийн газар дээр барилга бариулж болох юм гэснээр талууд гэрээ байгуулж, нотариатаар батлуулсны дараа Д.С уг газраа худалдана гэсэн тул худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Газрын урьдчилгаанд Г.Б өөрийн эзэмшлийн Жийп Вранглер маркийн тээврийн хэрэгслээ 50,000 ам.долларт тооцон өгсөн. Барилга баригдсаны дараа 74 м.кв орон сууцыг Д.С-д өгч, өмчлөлийг нь шилжүүлж өгье гэтэл өөр зүйл шаардаад, бичиг баримтаа өгдөггүй. Хариуцагчийн зүгээс газрын төлбөрт тооцоо дууссан гэж үзэж байна. Одоо амьдарч байгаа орон сууцыг Д.С-гийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэж маргажээ.

Гуравдагч этгээд “Голомт банк” ХХК “...Голомт банк” ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу ипотекийн гэрээ байгуулаад мөн хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж зээл олгосон. Маргаж байгаа барьцаа хөрөнгөтэй холбоотойгоор өмчлөгч солигдсон ч гэсэн барьцааны эрх хүчинтэй хэвээрээ байна...” гэсэн тайлбар өгсөн байна.

8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан байна, уг гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлийн газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байх тул дээрх хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т заасны дагуу хамтран ажиллах гэрээний хураамжийг төлсөн гэж үзнэ. Хариуцагч нь хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн орон сууцны барилгыг барихад шаардлагатай хөрөнгө, мөнгийг гаргах үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь тогтоогдоогүй. “Ньюгор” ХХК нь газрыг хариуцагчаас шилжүүлэн авч, барилгыг барьсан байх тул орон сууцны барилгыг талуудын хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т “хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон” гэсний дагуу гэрээ дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхгүй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн.

9. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууц, зогсоол зэргийг нэг бүрийн шинжээр гэрээнд тодорхойлон заагаагүйгээс гадна зарим үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн байх тул өөрт ногдох ашиг, алдагдлыг мөнгөн хөрөнгөөр шаардсаныг буруутгахгүй. Хариуцагч нь дээрх гэрээний дагуу баригдсан барилгын 20 хувьтай тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Баригдсан барилгын өртөг шинжээчийн дүгнэлтээр 2,459,917,400 төгрөг гэж үнэлэгдсэн. Иймд нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу уг дүнгийн 20 хувь болох 491,983,400 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Үүнээс хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн машины үнэ 40,000 ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцоход 52,640,000 төгрөг, 101,712,500 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууц шилжүүлсэн тул нийт төлбөл зохих үүргээс хасахад 337,630,900 төгрөг төлөх үлдэгдэл гарч байна. Үүнийг  нэхэмжлэгчийн шаардсан 340,000,000 төгрөгийн үнийн дүнтэй харьцуулж хангах үндэслэлтэй. Харин зоорийн давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 120.5 м.кв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С-г тогтоолгох, уг хөрөнгийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, учир нь эдгээр хөрөнгийг нэг бүрчлэн тодорхойлох боломжгүй, хариуцагчаас нэхэмжлэгчид бодитой шилжүүлэх боломжтой гэх байдал тогтоогдоогүй. Мөн тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргуулах нь нэхэмжлэгчид хамааралгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн зөрүүтэй дүгнэлтийг хийжээ.

10. Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

10.1. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ хэрэгжүүлсэн, харин хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй талаар зөв дүгнэсэн.

10.2. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн байхад анхан шатны шүүх гэрээний зүйлийг гуравдагч этгээд барьсан, “талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжээгүй дуусгавар болсон тул нэхэмжлэгч шаардах эрхгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв байна.

10.3. Гэхдээ давж заалдах шатны шүүх хамтран ажиллах гэрээний 1.1 дэх заалтыг үгчлэн тайлбарлаж баригдсан барилгын 20 хувьд тэнцэх мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний үндсэн шинж болон 478 дугаар зүйлийн 478.8, 478.11-д нийцээгүй, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

10.4. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хамтран ажиллах гэрээний талууд хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг хамтран хариуцна, ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна. Иймд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг (2 дахь хавтаст хэргийн 108-115 дахь тал) үндэслэн гэрээний зүйл болох орон сууцны барилгыг борлуулснаас олох орлого 3,693,414,000 төгрөгөөс барилгын өртөг 2,459,917,400 төгрөгийг хасахад ашгийн хэмжээ нь 1,233,497,000 төгрөг болно. Үүний 20 хувь 246,699,400 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Үүнээс хариуцагчийн шилжүүлсэн машины үнэ 52,640,000 төгрөг, 3 өрөө орон сууцны үнэ 101,712,500 төгрөгийг хасаж, үлдэгдэл 92,346,900 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

11. Харин “хамтын үйл ажиллагаанаас ямар ч ашиг олоогүй, нэхэмжлэгчтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн төлсөн” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

12. Нэхэмжлэлийн шаардлагын бусад хэрэгсэхгүй болгосон болон хангасан хэсэгт хэргийн оролцогчид гомдол гаргаагүй болно.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02483 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоотод байрлах 79 м.кв орон сууцны өмчлөгчөөр Д.С-г тогтоож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг түүнд гаргаж өгөхийг хариуцагч Г.Б-өд даалгаж, хамтран ажиллах гэрээний үүрэгт 92,346,900 төгрөгийг хариуцагч Г.Б-өөс гаргуулж, нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 247,653,100 төгрөгт холбогдох хэсэг болон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 120.455 м.кв талбайн өмчлөгчөөр Д.С-г тогтоож, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах, тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргуулахыг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,917,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-өөс 1,177,634 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Б /өмгөөлөгч У.Түвшин/-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 1,928,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАЯРМАА

                                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                                                         ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                                  Д.ЦОЛМОН