Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/02483

 

 

 

 

 

 

 

 

 

2020 10 06

181/ШШ2020/02483

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны тахимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцнуудын үнэ 340 000 000 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхарын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхарын үйлчилгээний зориулалттай 120.455 мкв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С тогтоолгох, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоот орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б У.Т, гуравдагч этгээд ГБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.С би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Дандарын гудамжны 1-1 тоотод байрлаж байсан 664 м.кв газрыг 2012 оны 05 дугаар сарын 21-ны өдөр хариуцагч Г.Бөд Хамтран ажиллах гэрээ-г үндэслээд Газар бэлэглэх гэрээ-гээр шилжүүлж өгсөн.

Хариуцагч Г.Бтэй байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний 1.1, 1.2, 1.3-д тус тус заасны дагуу нийт 10 давхар 40 айлын орон сууц барилгын 20 хувьтай тэнцэх хэмжээний орон сууц, үйлчилгээний талбай, автомашины зогсоолыг нэхэмжлэгч Д.С би өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон. Гэрээний 1.2-д зааснаар Орон сууцны барилгын үйлчилгээний зориулалттай 1 болон 2 дугаар давхрыг 50, 50 хувиар эзэмшихээр тохиролцсон. Ингээд барилгын ажил явагдахгүй байж байгаад 2014 оны 09 дүгээр сараас барилгын газар шорооны ажил явагдаж, барилга баригдаж эхэлсэн. 2015 онд барилга дээр ажиллаж байсан ажилтны амнаас Г.Б уг газрыг өөр хүнд шилжүүлээд өөр компани барилгын ажлыг гүйцэтгэж байгаа талаар мэдээд Г.Бтэй уулзахад та санаа зоволтгүй хамтран ажиллах гэрээ ёсоороо чамд өгнө гэж хэлсэн.

Ингээд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баригдсан 10 давхар барилгынхаа 2 дугаар давхрын 3 тоот, 79 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.С намайг оруулсан. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй ба хамтран ажиллах гэрээ ёсоор асуудлыг шийдвэрлэж өг гэхэд өнөөдөр, маргааш гэж ярьж явсаар өнөөдрийг хүрсэн.

Барилгын 1 дүгээр давхрын 240,91 м.кв үйлчилгээний зориулалттай талбайд оёдлын үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд түрээсийн төлбөрийг Г.Б ганцаараа авч байгаа.

Иймд хариуцагч Г.Бөөс 2012 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 1-р зүйлийн 1.2-д зааснаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцнуудын үнэ 340 000 000 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхарын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхарын үйлчилгээний зориулалттай 120.455 мкв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С тогтоолгох, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоот орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч Д.Б У.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь авто засварын газар ажиллуулдаг, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй байсан. Д.С нь авто засварын газраар үйлчлүүлдэг байж байгаад Г.Бөд санал тавиад надад нэг газар байна, энэ газар дээрээ барилга бариулж болох юм гэж ярилцаж байснаа барилга барихтай холбогдуулаад гэрээ хийе гээд гэрээ байгуулсан. Гэрээ хийгээд нотариатаар батлуулсны дараа Д.С энэ газраа худалдая гэж хэлээд аман хэлэлцээрээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад газрын урьдчилгаанд Г.Б өөрийн эзэмшлийн 2702 УБУ улсын дугаартай Жийп вранглер маркийн тээврийн хэрэгслээ 50,000 долларт тооцон өгсөн. Газрын төлбөрт тээврийн хэрэгслээ тооцон өгөөд барилга баригдсаны дараа Д.Сд 74 м.кв талбай бүхий орон сууцыг өгсөн. Орон сууцыг өөрийн өмчлөлд тань шилжүүлээд өгье гэж хэлтэл Д.С өөр зүйл шаардаад эхэлсэн. Тийм болохоор одоог болтол шилжүүлээд өгье гэхээр бичиг баримтаа өгдөггүй. Хариуцагчийн зүгээс газрын төлбөрт тооцогдоод дууссан гэж үзэж байна. Одоо амьдарч байгаа орон сууцыг Д.Сийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Гуравдагч этгээд ГБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу Ипотекийн гэрээ байгуулаад Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээд хуулийн дагуу Голомт Банк ХХК-ийн зүгээс зээл олгосон. Маргаж байгаа барьцаа хөрөнгөтэй холбоотойгоор өмчлөгч солигдсон ч гэсэн барьцааны эрх хүчинтэй хэвээрээ байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Г.Бөд холбогдуулан Хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцнуудын үнэ 340 000 000 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхарын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхарын үйлчилгээний зориулалттай 120.455 мкв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С тогтоолгох, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоот орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Д.С, Г.Б нар нь 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хамтран ажиллах гэрээ-г бичгээр байгуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын 1-р гудамжны 1 тоот хаягт байрлах, 664 мкв талбай бүхий газарт орон сууцны 10 давхар барилга барьж, ашиглалтад оруулах, барилгыг Д.Сийн өмчлөлийн газар дээр барих, орон сууцны барилгыг барих хөрөнгө мөнгийг Г.Б хариуцах, барилга баригдаж ашиглалтад ороход Д.С нь барилгын 20 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцож, талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан байна.

Талууд Хамтран ажиллах гэрээ-г бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Г.Б нь хамтран ажиллах гэрээг байгуулсны дараа Д.С нь газраа худалдъя гэж хэлээд амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Д.С нь хамтран ажиллах гэрээний үүрэг шаардсан тул шүүх дараа нь байгуулагдсан гэх худалдах худалдан авах гэрээний талаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.С нь Хамтран ажиллах гэрээ-г байгуулсны үндсэн дээр мөн өдрөө Газар бэлэглэх гэрээ-г бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын 1-р гудамжны 1 тоот хаягт байрлах, 664 мкв талбай бүхий газрыг Г.Бийг өмчлөлд шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-д заасны дагуу хамтран ажиллах гэрээний хураамжийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Г.Б нь Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн орон сууцны 10 давхар барилгыг барихад шаардлагатай хөрөнгө, мөнгийг гаргах үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Г.Б нь НьюГор ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Үйлчилгээний барилга, орон сууц захиалгаар бариулах гэрээ-г бичгээр байгуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын 1-р гудамжны 1 тоот хаягт байрлах, 664 мкв талбай бүхий газарт 11 давхар 36 айлын орон сууцны барилга бариулахаар тохиролцож, газрыг иргэн Д.Отгонбаярын өмчлөлд шилжүүлсэн, НьюГор ХХК нь уг газарт Хос өргөө орон сууцны 48А барилгыг барьж, ашиглалтад оруулан бусдад худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан дээрхи гэрээ /3-р хх-50-66х/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 48А байрны 2, 3, 6, 7, 9, 10 тоот орон сууц, 1 давхарын 1 тоот үйлчилгээний талбай зэргийн өмчлөгчийн талаархи лавлагаа, баримтууд /1-р хх-50-123х, 178-192х/-аар тогтоогдож байна.

 

НьюГор ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын 1-р гудамжны 1 тоот хаягт байрлах, 664 мкв талбай бүхий газрыг Г.Бөөс шилжүүлэн авч, 48А барилгыг барьсан байх тул Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын 1-р гудамж 48А орон сууцны барилгыг Д.С, Г.Б нарын хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймээс Д.С, Г.Б нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-г Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-д хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэж заасны дагуу дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Д.С, Г.Б нарын Хамтран ажиллах гэрээ-ний үр дүнд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж 48А байр баригдаагүй байх тул Д.С нь Г.Бөөс Хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхарын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхарын үйлчилгээний зориулалттай 120.455 мкв талбай 2, 3, 6, 7, 9, 10 тоот орон сууцнуудыг шаардах эрхгүй байна.

 

Иймд Д.Сийн хариуцагч Г.Бөд холбогдуулан гаргасан Хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцнуудын үнэ 340 000 000 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхарын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхарын үйлчилгээний зориулалттай 120.455 мкв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С тогтоолгох, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоот орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.С нь хамтран ажиллах гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба тухайн гэрээний үүргийн зөрчлийн улмаас учруулсан хохирлыг нэхэмжлэлээр шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон тул шинжээчийн зардал, хөлсийг хариуцагч Г.Б хариуцахыг дурьдсан. Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь ажлын хөлс 3 850 000 төгрөгийн нэхэмжлэхийг шүүхэд ирүүлснээс хариуцагч Г.Б урьдчилгаа төлбөрийг төлж, шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан байна.

Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь ажлын хөлс /үлдэгдэл/ 2 350 000 төгрөг, архиваас барилгын зургуудыг хуулбарласны төлбөр 82 000 төгрөг, нийт 2 432 000 төгрөгийг гаргуулахаар Нэхэмжлэх шүүхэд ирүүлжээ. /2-р хх-245х/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар Шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэхээр зохицуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С 2 432 000 төгрөгийг гаргуулж шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9-д зааснаар нэхэмжлэгч Д.Сийн хариуцагч Г.Бөд холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцнуудын үнэ 340 000 000 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхарын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхарын үйлчилгээний зориулалттай 120.455 мкв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С тогтоолгох, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоот орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 917 465 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С-аас 2 432 000 /хоёр сая дөрвөн зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА