Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00183

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02483 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.С-гийн хариуцагч Г.Б-өд холбогдуулан гаргасан,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцны үнэ 340 000 000 төгрөгийг гаргуулах,

Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 120.5 м.кв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С-г тогтоож, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах,

Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоот орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С-, хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.С- нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо Дандарын гудамжны 1-1 тоотод байрлах 664 м.кв газрыг 2012 оны 05 сарын 21-ний өдөр Г.Б-өд хамтран ажиллах гэрээг үндэслэн газар бэлэглэх гэрээгээр шилжүүлж өгсөн. Г.Б-тэй байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.1, 1.2, 1.3-д тус тус заасны дагуу нийт 10 давхар 40 айлын орон сууц барилгын 20 хувьтай тэнцэх хэмжээний орон сууц, үйлчилгээний талбай, автомашины зогсоолыг нэхэмжлэгч Д.С- өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон. Гэрээний 1.2-т зааснаар орон сууцны барилгын үйлчилгээний зориулалттай 1 болон 2 дугаар давхрыг 50, 50 хувиар эзэмшихээр тохиролцсон. Ингээд барилгын ажил явагдахгүй байж байгаад 2014 оны 09 сараас барилгын газар шорооны ажил явагдаж, барилга баригдаж эхэлсэн. 2015 онд Г.Б- уг газрыг өөр хүнд шилжүүлээд өөр компани барилгын ажлыг гүйцэтгэж байгаа талаар мэдээд Г.Б-тэй уулзахад санаа зоволтгүй хамтран ажиллах гэрээ ёсоор өгнө гэж хэлсэн. 2016 оны 12 сарын 10-ны өдөр баригдсан 10 давхар барилгын 2-р давхрын 3 тоот, 79 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд Д.С-г оруулсан. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй ба хамтран ажиллах гэрээ ёсоор асуудлыг шийдвэрлэж өг гэхэд өнөөдөр, маргааш гэж ярьж явсаар өнөөдрийг хүрсэн. Барилгын 1-р давхрын 240.91 м.кв үйлчилгээний зориулалттай талбайд оёдлын үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд түрээсийн төлбөрийг Г.Б- ганцаараа авдаг.

Иймд хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцны үнэ болох нийт 340 000 000 төгрөгийг гаргуулж, зоорийн давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 120.5 м.кв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С-г тогтоож, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгаж, 3 тоот орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Д.С- нь Г.Б-өд өөрийн газар дээр барилга бариулж болох юм гэснээр талууд гэрээ байгуулж, нотариатаар батлуулсны дараа Д.С- уг газраа худалдана гэсэн тул худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Газрын урьдчилгаанд Г.Б- өөрийн эзэмшлийн 27-02 УБУ улсын дугаартай Жийп Вранглер маркийн тээврийн хэрэгслээ 50 000 ам.долларт тооцон өгсөн. Барилга баригдсаны дараа 74 м.кв талбай бүхий орон сууцыг Д.С-д өгч, өмчлөлийг нь шилжүүлж өгье гэтэл өөр зүйл шаардаад, бичиг баримтаа өгдөггүй. Хариуцагчийн зүгээс газрын төлбөрт тооцоо дууссан гэж үзэж байна. Одоо амьдарч байгаа орон сууцыг Д.С-гийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд Голомт банк ХХК хариу тайлбартаа: Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу Ипотекийн гэрээ байгуулаад Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээд хуулийн дагуу Голомт банк ХХК-ийн зүгээс зээл олгосон. Маргаж байгаа барьцаа хөрөнгөтэй холбоотойгоор өмчлөгч солигдсон ч гэсэн барьцааны эрх хүчинтэй хэвээрээ байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С-гийн хариуцагч Г.Б-өд холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцны үнэ 340 000 000 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 16-р, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 120.5 м.кв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С-г тогтоолгох, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгах, Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоот орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 917 465 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Иймд талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр байна. Мөн нэхэмжлэгч Д.С- хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн өмчлөлийн БЗД, 16-р хороо, Дандарын 1-р гудамжны 1 тоот хаягт байрлах 664 м.кв газрыг мөн өдөр хариуцагч Г.Б-өд газар бэлэглэх гэрээний дагуу шилжүүлэн өгч хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлсэн учир нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч Г.Б-өөс хамтран ажиллах гэрээний үүргээ шаардах хууль зүйн үндэслэлтэй байна.

Г.Б- нь Ньюгор ХХК-тай 2014 оны 09 сарын 03-ны өдөр Үйлчилгээний барилга, орон сууц захиалгаар бариулах гэрээ-г бичгээр байгуулж, Ньюгор ХХК уг газарт Хос өргөө орон сууцны 48А барилгыг барьж ашиглалтад оруулсан гэж дүгнэж байгаа нь нэхэмжлэгч Д.С- хариуцагч Г.Б-өд шилжүүлсэн газар орон сууцны барилга баригдсан болохыг дүгнэсэн байна. Гэтэл шийдвэрээ гаргахдаа 48А орон сууцны барилгыг Д.С-, Г.Б- нарын хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж алдаатай дүгнэлт гаргасан байна. Учир нь нэхэмжлэгч Д.С- газраа хариуцагч Г.Б-өд гэрээ байгуулан шилжүүлж өгөөгүй бол Г.Б- Ньюгор ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулах боломжгүй Ньюгор ХХК тус газар орон сууц барих боломжгүй. Д.С-, Г.Б- нар хамтран ажиллах гэрээнд тус газар барилга барихдаа өөр иргэн хуулийн этгээдээр барилга бариулахыг нь хязгаарлаагүй бөгөөд хариуцагч Г.Б- барилга барих хөрөнгө мөнгөө хэрхэн олох, хэнээр гүйцэтгүүлэх нь Г.Б-ийн үүрэг байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч Г.Б-өд холбогдуулан, хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцны үнэ нийт 340 000 000 төгрөгийг гаргуулах, мөн хаягт байрлах зоорийн давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 120.5 м.кв талбай зэргийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах, тус байрны 3 тоотод байрлах 79 м.кв орон сууцыг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг болон тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг гаргасан. /1хх 1-3, 43, 2хх 13-14/

 

Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 79 м.кв орон сууцтай холбогдох хэсгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрсөн үндэслэлээ хамтран ажиллах гэрээний үүрэгт түүнд 40 000 ам.долларын үнэ бүхий тээврийн хэрэгсэл, 79 м.кв орон сууцыг өгсөн тул төлбөр тооцоогүй гэх агуулгаар гаргасан тайлбараа /1хх 36-37/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн газрыг худалдан авсан, түүний үнийг төлсөн тул төлбөр байхгүй гэж татгалзлаа илэрхийлжээ. /2хх 18/

 

Талууд 2012 оны 05 сарын 21-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд Д.С- нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 16-р хороо, Дандарын 1-р гудамжны 1 тоот хаягт байршилтай 664 м.кв газрыг орон сууцны зориулалттай 10 давхар барилга барих зориулалтаар Г.Б-ийн нэр дээр шилжүүлэх, харин Г.Б- нь орон сууц барихтай холбоотой бүх эрсдэл, зардал, хөрөнгийг хариуцаж, уг барилгын ажил дуусахад нийт барилгын 20 хувьтай тэнцэх хэмжээний эд хөрөнгийг Д.С-гийн өмчлөлд шилжүүлэх нөхцлийг тусгажээ. /1хх 11/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан Хамтран ажиллах гэрээний харилцаанд хамааруулан дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч Д.С- нь ашиг олох зорилгоор орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барих хамтын ажиллагаанд өөрийн өмчлөлийн газраар хураамж төлж, харин хариуцагч Г.Б- нь тухайн барилгыг барих үйл ажиллагааг удирдаж, шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг хариуцаж, үүнтэй холбоотойгоор илүү эрсдэл хүлээж байгаагийн хувьд нийт барилгын 80 хувийг авч, үлдэх 20 хувийг нэхэмжлэгч Д.С-д өгч, ашиг, алдагдлаа хуваарилахаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Зохигчдын тайлбар, хэргийн баримтаар Д.С- нь дээрх гэрээний дагуу өөрийн өмчлөлийн газрыг Г.Б-өд шилжүүлсэн, улмаар уг газар дээр 36 айлын 10 давхар орон сууц баригдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. Харин анхан шатны шүүх орон сууцны барилгыг Д.С-, Г.Б- нарын хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болоогүй, хамтын ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон хэмээн дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу.

 

Тодруулбал, Д.С- нь хамтран ажиллах гэрээний дагуу Г.Б-өд өөрийн газар эзэмших эрхийг бэлэглэлийн гэрээгээр /1хх 13/ шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нөгөө талаас үүргээ бүрэн биелүүлэхийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууц, зоорийн давхрын зогсоол зэргийг нэг бүрийн шинжээр тодорхойлон заагаагүйгээс гадна зарим үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч тал өөрт ногдох ашиг, алдагдлыг мөнгөн хөрөнгөөр шаардсаныг буруутгах боломжгүй юм. Хариуцагч Г.Б- нь дээрх гэрээний дагуу баригдсан барилгын 20 хувьтай тэнцэх хэмжээний эд хөрөнгийг Д.С-гийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэх ёстой боловч уг үүргийг бодитой биелүүлэх боломжтой гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч нь тухайн 20 хувийн хэмжээг мөнгөн хөрөнгөөр тодорхойлоход хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд ач холбогдолтой.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэх татгалзлаа нотлох зорилгоор анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын үнийг 2012 оны 05 сарын 31-ний өдрийн байдлаар тогтоолгох, мөн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьж бий болгоход гарсан зардал болон ашгийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч /2хх 22-23, 31-35, 78-81/ Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзвэл, хамтран ажиллах гэрээний дагуу Д.С-гаас оруулсан хөрөнгө болох 664 м.кв талбай бүхий газрын зах зээлийн үнийг 2012 оны 05 сарын 31-ний өдрийн байдлаар 240 400 000 төгрөг, 2020 оны 07 сарын 08-ны өдрийн байдлаар 399 100 000 төгрөг гэж тодорхойлсон бол /2хх109/, барилгыг барьж бий болгоход шаардагдсан нийт зардал 2 459 917 400 төгрөг, харин орон сууцны нийт борлогдох боломжтой 240.13 м.кв талбай байх бөгөөд 1 м.кв талбайн дундаж үнийн жишгийг 1 395 000 төгрөг, нийт 3 693 414 000 төгрөгийн орлого олох боломжтой гэж тус тус тодорхойлсон байна. /2хх105-245/ Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар баригдсан барилгын өртөг 2 459 917 400 төгрөгийн 20 хувь болох 491 983 400 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Г.Б- нь хамтран ажиллах гэрээ байгуулсан 2012 оны 05 сарын 31-ний өдөр Д.С-гийн өмчлөлд 40 000 ам.долларын үнэ бүхий тээврийн хэрэгсэл шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд энэ нь хэргийн 2 дугаар хавтас 19, 20 дахь талд авагдсан итгэмжлэл, машин хүлээлгэн өгсөн тухай акт зэргээр тогтоогдож байх тул үүнийг хариуцагчийн хүлээх үүргээс хасаж тооцно. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн одоо амьдарч буй 79 м.кв орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхийг татгалзаагүй учир холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцнэ. Уг орон сууцны үнийг мөн хариуцагчийн гэрээгээр хүлээсэн дээрх үүргээс хасч тооцох нь зүйтэй.

 

Дээрхээс үзвэл, Г.Б- нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.1-д тус тус зааснаар Д.С-гийн өмчлөлд шилжүүлвэл зохих нийт 491 983 400 төгрөгөөс дараах үүргийг гүйцэтгэсэн байна гэж үзэв. Үүнд: тээврийн хэрэгслийн үнэ 40 000 ам.долларыг 2012 оны 05 сарын 31-ний өдрийн байдлаар төгрөгт хөрвүүлэхэд 52 640 000 төгрөг, мөн 79 м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн байх тул уг орон сууцны үнийг хэрэгт авагдсан 1 м.кв-ын үнийн дунджаар тодорхойлбол 101 712 500 төгрөг болж байна. Шүүхийн зүгээс ийнхүү тооцоход хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих 491 983 400 төгрөгийн эд хөрөнгө шилжүүлэх үүргээс 337 630 900 төгрөгийн үлдэгдэл гарч байгааг нэхэмжлэгчийн шаардсан 340 000 000 төгрөгийн үнийн дүнтэй харьцуулж нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Харин Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорины давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 120.5 м.кв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С-г тогтоолгох, өмчийг шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь талууд хамтран ажиллах гэрээний 1.2-т орон сууцны барилгын үйлчилгээний зориулалттай 1, 2 давхрыг талууд 50, 50 хувиар эзэмшиж, ашиглах асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хангах боломжгүй юм. Эдгээр хөрөнгийг нэг бүрчлэн тодорхойлох боломжгүй, хариуцагчаас нэхэмжлэгчид бодитой шилжүүлэх боломжтой гэх байдал тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн, тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Тодруулбал, хэргийн баримт болон хариуцагчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэлд дурдагдсан орон сууцыг барьж ашиглалтад оруулсан этгээд нь Ньюгор ХХК байх бөгөөд энэ тохиолдолд барилгыг хүлээн авсан улсын комиссын актыг хариуцагч Г.Б-өөс гаргуулахаар даалгаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд гэрээний үүрэгт шууд хамаарах зүйл биш байна.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02483 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-өөс хамтран ажиллах гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандарын гудамж, 48А байрны 2, 6, 7, 9, 10 тоот орон сууцны үнэ нийт 340 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандарын гудамж, 48А байрны 3 тоотод байрлах 79 м.кв орон сууцны өмчлөгчөөр Д.С-г тогтоож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг түүнд гаргаж өгөхийг хариуцагч Г.Б-өд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянзүрх дүүргийн 16-р хороо, Дандарын гудамж, 48А байрны зоорийн давхрын 1, 2 тоот автомашины зогсоол, 1 давхрын үйлчилгээний зориулалттай 120.5 м.кв талбай зэргийн өмчлөгчөөр Д.С-г тогтоолгох, тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан актыг гаргуулахыг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 917 465 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-өөс 1 928 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийн хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 917 465 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР