Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 01539

 

        Ш.Д-гийн нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01505 дугаар шийдвэртэй, Ш.Д-гийн нэхэмжлэлтэй, Л.Л-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 30 035 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээний тээврийн зардалд 3 847 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Л.Л, хариуцагчийн өмгөөлөгч П.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Л-тай 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлэн гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Л.Л зээлийн төлбөрөө 2017 оны 06 дугаар сараас хойш төлөөгүй. Би 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд сүүлийн 3 жил эрхэлсэн ажилгүй, 0-3 насны хүүхдээ харан гэртээ сууж байгаа. Зээлдэгч Л.Л ”Гурван сайхан уул” ХХК-ийн захирал бөгөөд БНСУ-аас чингэлэг тээвэрлэн бизнес хийдэг, сард 2-3 чингэлэг оруулж ирдэг. Энэ хүнийг 2009 оноос хойш мэддэг байсан учраас итгэн 20 000 000 төгрөгийг хүүтэй зээлдүүлэн, хүүгээр нь байрны зээлээ төлж үлдсэнээр нь амьжиргаагаа залгуулдаг. Бид 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг нөхөж хийсэн нь үнэн, мөнгийг өмнө нь 10 000 000 төгрөгөөр 2 удаа банкаар шилжүүлж өөрийн дэвтэрт гарын үсэг зуруулсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, 54 хоногийн алданги 5 400 000, үндсэн зээл 20 000 000 төгрөг, төлөөгүй хүү 3 650 000 төгрөг нийт 29 353 200 төгрөг, алданги 985 500 төгрөгийг нэмж нийт 30 035 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Д-гийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 09 дүгээр сард хийсэн зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг аваагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.Д-гийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Л.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш.Д нь Л.Л-тай Монгол улсад цай, кофег Солонгос улсаас импортоор оруулж, зарж борлуулах, төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ нотлох баримт Ш.Д-гийн гаргаж өгсөн бичмэл нотлох баримт болох ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд харин Ш.Д мөнгө шилжүүлэхдээ зээл гэсэн утгатай шилжүүлсэн байсан. Тухайн үед гэрээний дагуу 2016 оны 06 дугаар сараас Монгол улсад орж ирсэн 7 чингэлэг бараанд Ш.Д-ийн 20 000 000 төгрөгийн барааны эзлэх талбай нь нэг чингэлэгт 0,7 м.кв талбай /нэг чингэлэгийн талбай нь 12 м.кв байдаг/ бөгөөд нэг чингэлэгийн тээврийн зардал 4000 ам.доллар болохоос Ш.Д-ийн барааны 0,7 талбайн хөлс тээврийн зардал 230 ам.долларыг Монгол төгрөгт шилжүүлбэл 230 ам.доллар 2390 төгрөг 549 700 төгрөг буюу нийт 1610 ам.доллар Монгол төгрөгөөр 3 847 900 төгрөг төлөх /Солонгосоос бараа ачих, газар, поо гэх мэт/ тээврийн зардлыг Ш.Д төлөөгүй бөгөөд бүх тээврийн зардлыг Ш.Д-ийн өмнөөс Л.Л төлсөн болно.

Иймд Ш.Д-ээс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд Л.Л-аар БНСУ-аас бараа авчирч заруулахдаа төлөх тээврийн зардал буюу 1610 ам.доллар буюу 3 847 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Д сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Л.Л-ын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, шүүхэд өгсөн гэрээг хуурамчаар үйлдсэн гэж цагдаад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа би тээвэр зуучийн компанийн үйл ажиллагаа явуулж байгаад нялх хүүхдээ хараад компаний ажлаа хийхээ больсон. Бидний хооронд хамтран ажиллах гэрээ байхгүй, би энэ хүнд бараа захиагүй өөрөө газ, кофе Солонгосоос оруулж ирдэг би харин худалдан авч хэрэглэдэг тул тээврийн зардлын өргүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Л.Л-аас 24 675 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 360 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар Л.Л-ын нэхэмжлэлтэй Ш.Д-т холбогдох 3 847 900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331 402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Л.Л-аас 281,327 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-т олгож, Л.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 520 төгрөгийг улсын орлгогоос гаргуулан буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2017/20356 дүгээр захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Д давж заалдах гомдолдоо: Иргэн Л.Л бид хоёрын хооронд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд нийт 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, ХААНБанкаар мөнгөө 2 хувааж шилжүүлсэн болно. Үүнийг баталгаажуулж, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт уулзалдаж, миний дэвтрэн дээр 5 дугаар сарын 23-нд шилжүүлсэн 10 000 000 төгрөгийн зээл дээр өгсөн, авсан нь үнэн гэж Л.Л гарын үсгээ зурсан. Харин 6 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 10 000 000 төгрөгийн зээл дээр гарын үсэг зуруулж амжаагүй байж байгаад энэ 2 зээлийг нэгтгээд, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг хийхээс өмнө Л.Л нь зээлийн хүүгээ хугацаандаа, хэлэлцэж тохирсон өдрөө миний ХААН банкны дансанд шилжүүлж байсан.

Иймд гарын үсэг зурсан 10 000 000 төгрөгийн хүүг буюу 2016 оны 06 дугаар сарын 15-нд төлсөн 500 000 төгрөг, 2016 онй 07 дугаар сарын 15-нд төлсөн хүү 1 000 000 төгрөгөөс 500 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 15-нд төлсөн 1 000 000 төгрөгийн хүүнээс 500 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-нд төлсөн 1 000 000 төгрөгийн хүүнээс 500 000 төгрөгийн хүүг тус тус тооцон, нийт 2 000 000 төгрөгийн хүүг нэмж тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.И давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргийг гүйцэтгээгүй болно. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлэгч Ш.Д нь зээлдэгч Л.Л-тай 20 000 000 төгрөгийн үнэ бүхий зээийн гэрээ байгуулагдсан боловч гэрэний дагуу зээл олгогдоогүй.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр Л.Л-т 20 000 000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Ш.Д-ийн хувийн дэвтэрт хийсэн хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээ гэх бичиглэлд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг Л.Л-т зээлсэн гэсэн дээр 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Л.Л гарын үсэг зурсан байх бөгөөд доод талд нь Л Л 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөг зээлсэн гэсэн дээр Л.Л-ын гарын үсэг зурагдаагүй, Ш.Д-ийн гарын үсэг байхгүй байна. Энэ нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд хамааралгүй бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Л.Л-т зээлсэн 10 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгийг Л.Л-т зээлсэн талаар 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд дурдагдаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохирсон гэж үзэх үндэслэлгүй юм.

2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний 3.2-т "Гэрээ зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд үндсэн дуусгавар болно. Жич: Энэхүү гэрээнд гарын үсэг зурж буй иргэн, иргэд нь өөрөө мөн бөгөөд гэрээг уншиж танилцан үнэн зөв гэдгийг хамтран гарын үсэг зурж буйг бид гэрчилнэ. Бид ямар нэгэн хэлбэрээр хууран мэхэлж, залилах, хууль бус үйлдэл гаргаагүй бөгөөд энэхүү гэрээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийсэн болно" гэж Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Ш.Д нь зээлдэгч Л.Л-т мөнгө шилжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч энэ гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 Иймд дээрх үндэслэлүүдийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ш.Д хариуцагч Л.Л-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 30 035 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч  ажил гүйцэтгэх гэрээний тээврийн зардалд 3 847 900 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн 20 дугаар талд хариуцагч Л.Л-ын гарын үсэг бүхий нэхэмжлэгч Ш.Д-ээс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж, сар бүрийн 15-нд хүүд 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн баримт, мөн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн гэж бичсэн боловч гарын үсэг зураагүй баримт, мөн нэхэмжлэгчээс хариуцагчид тус бүр 10 000 000 төгрөгөөр зээл олгов /хэргийн 21, 22 дугаар тал/ гэсэн утга бүхий банкны гүйлгээний баримтууд авагдсан. Хариуцагчаас эдгээр баримтаар тогтоогдож буй үйл баримтыг няцаасан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд талуудын хүсэл зоригийн дагуу зээлийн талаарх 2 удаагийн тохиролцоог 2016 оны 09 дүгээр сарын 13-нд нэгтгэж дүгнэж, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд нийт зээл болох 20 000 000 төгрөгт хүү төлөх талаар зээлийн гэрээ байгуулсныг буруутгах үндэслэлгүй. /хэргийн 4 дүгээр тал/

Эдгээр баримтаас талуудын гарын үсгээр баталгаажсан 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн дээр 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэхэд хүү төлөхөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс алданги төлөх үүрэг хариуцагчид үүссэн байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэхээр зээлийн гэрээ байгуулагдаж, сар бүрийн 15-нд 500 000 төгрөгийн хүү төлөх тохиролцоо нь гэрээ байгуулах хүртэл хүчинтэй байсан гэж үзэж, энэ хугацаанд төлсөн 3 500 000 төгрөгөөс хүүний 1 500 000 төгрөгийг хасахад, гэрээгээр тохирсон хүүгийн төлбөрөөс илүү гарч байгаа учраас түүнийг үндсэн зээлээс хасч тооцоход 8 000 000 төгрөг / үндсэн зээл 10 000 000 төгрөг+ 3 сарын хүү 1 500 000 төгрөг–3 500 000 төгрөг/ болж байна.

Талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 20 000 000 төгрөгт сар бүр 5 хувийн хүү төлөх талаар зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэхэд хүү төлөх үүргээ биелүүлэхгүй бол алданги төлөх үүрэг үүсэхээр тохиролцжээ.

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мөн оны 06 дугаар сарын 16-ны өдрийн талуудын гарын үсэг бүхий 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тохиролцооны дагуу сарын бүрийн 15-нд хүү тооцоход, 2 зээлийн үлдэгдэл бодитойгоор 18 000 000 төгрөг /эхний зээлийн үлдэгдэл 8 000 000+ 2 дахь зээлийн үндсэн зээл 10 000 000 төгрөг/ болж байна. Тиймээс дээрх 2 зээлийн үлдэгдэл 18 000 000 төгрөгийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хүү 10 800 000 /18 000 000*5 хувь+ 12 сар/ төгрөгийг нийт 28 800 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй болно.

Дээрхийг нэгтгэвэл үндсэн зээл 28 800 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 8 350 000 төгрөгийг хасч үндсэн зээл 20 450 000 төгрөг, 57 хоногийн алданги 5 828 250 төгрөг нийт 26 278 250 төгрөгийг хариуцагч Л.Л нь нэхэмжлэгч Ш.Д-т төлөх үндэслэлтэй.

Хэргийн 113 дугаар талд авагдсан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ”2016 оны 05 сарын 23-нд 10 сая төгрөгийг ХААН банкны дансанд БНСУ-аас бараа авчируулж заруулахаар Л эгчийн дансанд хийв” гэх баримтыг хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон бөгөөд уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэн анхан шатны шүүх үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 68.1.8-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01505 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “24 675 500” гэснийг “26 278 250” гэж, “5 360 000” гэснийг “3 757 250” гэж, 3 дахь заалтад “281 327” гэснийг “289 341” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 281 327 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА