Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2019/01274

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2019/01274

Орхон аймаг

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Д.У-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Ч.О-д холбогдох,

39 273 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 151 727 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч Ч.О, хариуцагчийн өмгөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.У нь иргэн Ч.Оээс “ӨЗ” ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 190 000 000 төгрөгөөр худалдан авах болж “Компанийн хувьцаа худалдах худалдан авах” гэрээ байгуулсан ба тухайн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж дээрх гэрээнээс татгалзан, талууд тохиролцсоны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ч.Од компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр худалдан авах гэж байсан “ӨЗ” ХХК-ийн Уурхайчин багийн 13 дугаар байрны хойд талд байх дэлгүүрийн зориулалттай 40.0 м.кв үл хөдлөх хөрөнгийг буцаан өгсөн.Тухайн хөрөнгийг би худалдан авахаар өөрийн нөхөр Ганбаатар овогтой Манлайбаярын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох ТОҮОТА Рrius маркийн тээврийн хэрэгслийг 10 500 000 төгрөгөнд тооцон Ч.Оийн хүсэлтээр түүний хүргэн Д.Агийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Ингээд дансаар 29 427 300 төгрөгийг шилжүүлсэн. Ч.О нь компани болон эд хөрөнгөө буцаан авсан атлаа мөнгийг маань буцаан өгөхгүй байх тул Ч.Оээс 39 273 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50 000 000 төгрөгний зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар Ч.О мэдэж байсан ба эд хөрөнгө, компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37 990 000 төгрөгийг Ч.О нь төлөхөөр талууд тохиролцон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд уг асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 38 140 000 төгрөгний төлбөрийн шийдвэр очсон байгаа. Иймд иргэн Ч.Оээс 39 273 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.У сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ч.Оийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ӨЗ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд Ч.Оээс тухайн компанийн хувьцааг худалдан авах үнэ буюу 12 700 000 төгрөгөнд 10 500 000 төгрөгөнд үнэлэгдэж байсан 2008 онд үйлдвэрлэгдсэн ТОҮОТA Рruis 18-39 УНТ автомашинаа түүнд шилжүүлэн өгсөн. Тухайн гэрээнээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр талууд татгалзан өгсөн авснаа талууд буцаахаар болж, ӨЗ ХХК-ийн эрхийг буцаан шилжүүлэн өгч, тухайн компанийн өмч болох Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилга бүхий өмчийг эзэмшиж байсныг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэн өгч түлхүүрийг Ч.О авсан. Энэ үед миний хөрөнгө болох худалдаж байсан хүнсний бараа материалуудыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тухайн барилгыг худалдан авах хүсэлтэй байсан боловч бидний хооронд тухайн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй бөгөөд тухайн хөрөнгийг миний өмчлөлд шилжиж байгаагүй. Харин компанийн уг хөрөнгийг худалдан авах зорилгоор 28 773 000 төгрөгийг шилжүүлсэн билээ. Тухайн мөнгийг өгөхийн тулд банкнаас мөнгө зээлэх гэхэд барьцаалах хөрөнгө хэрэгтэй байсан ба ингээд тухайн компанийн хөрөнгө болох Орхон аймгийн Баянндөр сумын Уурхайчин багийн 3-13 дугаар ард байрлах сендвичэн барилгыг худалдан авахаар тохиролцсон байсан ба түүний төлбөрийг төлөхийн тулд барилгыг барьцаалан өгөх санал тавихад манай хөрөнгө Хас банканд барьцаалагдаж байсан бусад банк үл хөдлөх хөрөнгө гэж үздэггүй юм, тиймээс Хас банканд ханд гэж хэлж байсан ба тухайн хөрөнгө Вишн Фанд банк бус санхүүгийн байгууллага болон түүний эзэн гэх Ган-Эрдэнэ нарт газар болон хөрөнгөө барьцаалсан байгаа гэж хэлж, түүний барьцаалбарыг чөлөөлж барьцаанд тавьж болно гэж хэлсэн. Ингээд уг байгууллагатай Ч.О нь уулзаж, 9 800 000 төгрөгийн барьцаанд байсныг чөлөөлөх шаардлагатай байна гэсний дагуу 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ВишнФанд банк бус санхүүгийн байгууллагын 5094021446 тоот Хаан банкны дансанд 9 787 300 төгрөгийг төлж барагдуулсны дараа иргэн Ган-Эрдэнэд барьцаалагдсан гэх барилгын дэлгүүрийн гэрчилгээний төлбөрийг хийгээгүй гэдгээр өгөхгүй байсаар байгаад 2016 оны 06 дугаар сарын 20-д гаргаад авч өгсөн ба тухайн баримт өгөхдөө өөрийн ээжийн гэрт байгаа гээд Орхон аймгийн Уртбулаг багийн 5-1 байрны гадаа очиж өөрөөс нь авч байсан билээ. Энэ үйл явдлыг иргэн Ц.Саранцэцэг мэдэх ба тухайн хүнээс 10 000 000 төгрөг зээлж, Вишнфандын өрийг нь хааж бичиг баримтыг чөлөөлж өгч байсан ба тухайн банканд уг хөрөнгийг барьцаалж зээл гарахаар түүний мөнгийг өгнө гээд хүлээлгэж байсан билээ. Энэ үед Ч.О нь наадам болох гээд байна, хөрөнгийг Ган-Эрдэнээс чөлөөлж авахдаа бусдаас мөнгө зээлсэн, мөн хөргөгчний үнэ төлмөөр байна гэсэн учир иргэн Д.Д гэх хүнээс 15 000 000 төгрөгийг зээлж, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ч.Оийн данс руу 15 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн билээ. Энэ үед буюу Хас банканд бүх бичиг баримтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний үед бүрдүүлэн өгсөн байсан ба 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээл гарч, зээл гарчихлаа гэж Ц.Саранцэцэгт 10 000 000 төгрөгийг, Д.Дт 15 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Ингээд барьцаанд тавьсан барилгыг Ч.Оээс хүлээн авч, барилгын дээвэр болон бусад засвар үйлчилгээг 5 000 000 гаруй төгрөгөнд хийж, эрчим хүч цахилгааны 380-ын шугамыг татуулж, эрчим хүч цахилгааны үйлчилгээ үзүүлсэн байгууллагад 1 500 000 төгрөгийг шилжүүлэн өгч, хүнсний чиглэлээр худалдааны үйл ажиллагааг явуулах зорилгоор 10 000 000 сая гаран төгрөгний хүнсний бараа бөөний төвөөс худалдан авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ хооронд Ч.Од 3 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тухайн барилгыг барьцаалсныг Ч.О сайн мэдэж байгаа. Учир нь тухайн баримт бичгийг өгсний дараа Хас банкнаас авах зээлийн баримт бичиг бүрдүүлэн өгч байсан. Мөн ямар банкнаас зээл авч болохыг анх хэлж өгч байсан. Авсан зээлээ хаана хэрхэн зарцуулсныг мэдэж байсан. Гэтэл одоо мэдээгүй мэт худал хэлж байна. Мөн хүнсний үйл ажиллагаа явуулсан боловч орлого орохгүй байснаас зээлээ төлж чадахгүй болж, шүүхэд дуудагдсаныг мэдэж байсан. Мөн өөрөө зар өгч, худалдахаар хүмүүст үзүүлж байсан. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээнээс талууд татгалзан Ч.О нь компанийн хувьцааны эрхийг буцаан авах болж гэрээ хийгдсэн ба Өрлөг-Зэлмэ ХХК-ийн эрхийг буцаан шилжүүлэн өгч, тухайн компанийн өмч болох Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилга бүхий өмчийг эзэмшиж байсныг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ч.О хүлээн авч, барилгын түлхүүрийг Ч.О авсан. Энэ үед миний хөрөнгө болох 6 000 000 сая гаран төгрөгний худалдаж байсан хүнсний барааг өгөөгүй ба жилийн хугацаанд хохироосон гэж уг барааг Ч.О өөртөө авч, огт өгөөгүй билээ. ӨЗ ХХК-ийн хувьцааг худалдан авах тухай 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин компанийн хувьцааг худалдан авах гэрээнээс татгалзсан атлаа өнөөдрийг хүртэл миний 10 500 000 төгрөгийг өгөөгүй ба одоог хүртэл Ч.О нь автомашиныг хүргэн Агийн нэр дээр шилжүүлэн авч, эзэмшин өгөхгүй байгаа билээ” гэжээ.  

Нэхэмжлэгч Д.У сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар гаргахдаа: Хариуцагч Ч.Оийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ӨЗ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд Ч.Оээс тухайн компанийн хувьцааг худалдан авах үнэ буюу 12 700 000 төгрөгөнд 10 500 000 төгрөгөнд үнэлэгдэж байсан 2008 онд үйлдвэрлэгдсэн ТОҮОТA Рrius 18-39 УНТ автомашинаа түүнд шилжүүлэн өгсөн. Тухайн гэрээнээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр талууд татгалзан өгсөн авснаа талууд буцаахаар болж, ӨЗ ХХК ийн хувьцааны эрхийг буцаан шилжүүлэн өгсөн байдаг. Тухайн компанийн өмч болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13 дугаар байрны ард байрлах сендвичэн барилгыг 2016 оны 08 дугаар сараас эзэмшиж байсныг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэн өгч түлхүүрийг Ч.О авсан. Энэ үед Д.Уийн хөрөнгө болох худалдаж байсан хүнсний бараа материалуудыг авч, өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тухайн барилгыг нэхэмжлэгч худалдан авах хүсэлтэй байсан боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тухайн барилгыг худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй бөгөөд тухайн хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж байгаагүй. Тиймээс түүнд 155 000 000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр компанийн хувьцааны эрхийг худалдах худалдан авах гэрээнээс талууд татгалзан Ч.О нь компанийн хувьцааны эрхийг буцаан авах болж, нотариатаар гэрээ хийгдсэн ба тухайн компанийн өмчлөлд өнөөдрийг хүртэл хэвээр байгаа болно. Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 дугаар байрны ард байрлах сендвичэн барилга бүхий өмчийг эзэмшиж байсныг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ч.О хүлээн авснаас хойш ч тухайн компанийн өмчлөх эрх бусдад шилжигдээгүй, ба өмчлөх эрх шилжин ирээгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Тухайн компанийн хувьцааны эрхийг шилжүүлэн авч, тухайн компанийн төлөөлөх эрх шилжин ирсэн байсан боловч төлөөлөх эрхийг Ч.О нь 2017 оны 04 дүгээр сарын 14-нд буцаан авч, уг компанийн тамга тэмдэг болон бусад холбогдох баримтыг авсан гэсэн атал өнөөдрийг хүртэл төлөөлөх эрхийг шилжүүлэх шийдвэрийг өгөөгүй гэх шалтгаан хэлдэг атлаа тамга тэмдгийг хүлээн авсан. Уг шийдвэрийг улсын бүртгэлийн холбогдох байгууллагаас шаардаж байгаа бол тамга тэмдэг өг дараад өгье гэхэд тамга тэмдгээ өгөөгүй байгаа билээ гэжээ.  

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие иргэн Д.Утэй 2016 оны 05 сарын 15-ны өдөр “ӨЗ" ХХК-ийн Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дагуу “ӨЗ" ХХК-ийн 100%-ийн хувьцааг шилжүүлэх замаар тус компанийн өмчлөлд байсан дэлгүүр болон үйлчилгээний зориулалттай талбай, доорх газрыг эзэмших эрх, дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус шилжүүлсэн. Хэдий хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд хувьцааг шилжүүлэх үнийг 12 700 000 төгрөг гэж заасан боловч бодитоор талууд дэлгүүр, үйлчилгээний талбай, газрын эрх, дэлгүүрт байсан бараа зэрэг хөрөнгүүдийг нийт 190 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байсан. Дэлгүүрийг Д.Ут шилжүүлж өгөхөөс өмнө миний бие өөрөө дэлгүүрийг ажиллуулж орлого олдог байсан бөгөөд дэлгүүрийг шилжүүлэх үед дэлгүүрт нийт 2 000 000 орчим төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн байсныг мөн дэлгүүрийн хамт Д.Ут шилжүүлсэн. Д.У Компанийн хувьцааг шилжүүлж авснаас хойш худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 15 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 140 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 9 787 300 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус төлсөн. Мөн тус гэрээний төлбөрт тооцож Тоёота Приус маркийн 18-39 УНТ улсын бүртгэлийн дугаартай автомашиныг 10 500 000 төгрөгт тооцож манай хүргэн Д.Агийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн Амира цахилгааны төлбөр гэсэн утга бүхий 2016 оны 08 дугаар сарын 23-ны баримтаар гаргаж өгсөн төлбөр нь энэхүү гэрээний төлбөртэй ямар ч холбогдолгүй төлбөр буюу миний хүлээж аваагүй төлбөр байна. Д.У нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 151 572 700 төгрөгийг банкнаас зээл аваад бүрэн төлж барагдуулна гэж надад амалсан. Гэтэл банкны зээл хөөцөлдөж байгаа гэсэн тайлбар өгсөөр намайг бүтэн жил орчим хүлээлгэсний дараа банкны зээл бүтсэнгүй дэлгүүрийг худалдаж авах боломжгүй болсон гэсэн тайлбарыг хэлсэн. Ийнхүү дэлгүүрийг буцаан өгөхөөр болж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “ӨЗ” ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхээр болж Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Ийнхүү Компанийн хувьцааг буцаан шилжүүлэх гэрээ байгуулахдаа нэгэнт төлсөн байсан 15 000 000 төгрөгийг буцааж авахгүй гэж Д.У өөрөө хэлсэн бөгөөд Приус автомашины хувьд миний бие буцааж өгөхийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Д.У нь дэлгүүрийн хажуугийн үйлчилгээний талбайг түрээсэлдэг байсан түрээсийн төлбөрийг төлөөгүй, дэлгүүрийг жил орчим хугацаанд эзэмшиж, ашиглан ашиг орлого олж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд Приус автомашины төлбөрийг гэрээнээс татгалзсаны нөхөн төлбөрт тооцно гэдгийг хэлсэн. Үүнийг Д.У хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлгүүрийн хажуугийн үйлчилгээний талбайг 2017 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн түрээсэлж байсан. Хэдий Д.У нь дэлгүүрийг буцааж өгнө гэж Компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч Компанийн хувьцааг надад бодитоор буцаан шилжүүлж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Компанийн хувьцааг шилжүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагаас хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг шаарддаг бөгөөд У энэхүү шийдвэрийг гаргаж өгөхгүй байгаа тул хувьцааг буцаан шилжүүлж авч чадахгүй байгаа.

Д.У нь нэхэмжлэлдээ “... Миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50 000 000-ийн зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар Ч.О мэдэж байсан ба эд хөрөнгө, компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37 990 000 төгрөгийг Ч.О нь төлөхөөр талууд харилцан тохиролцсон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй...” гэжээ. Гэтэл миний бие Д.Уийн Хас банкнаас авсан зээлийг төлнө гэсэн амлалт хэзээ ч өгч байгаагүй. Харин ч миний бие дэлгүүрээ 1 жилийн хугацаанд ашиглаж, ажиллуулж чадаагүй, миний хөрөнгүүдийг Хас банкны зээлийн барьцаанд тавьчхаад одоог хүртэл барьцаанаас чөлөөлүүлж өгөхгүй байгаа, тус хөрөнгүүд нь зээлийн төлбөрт хураагдах гэж байгаа зэрэг нөхцөл байдал нь хохирсон этгээд нь Д.У биш миний бие гэдгийг харуулж байна. Д.У нь Хас банканд “ӨЗ” ХХК-ийн хөрөнгүүдийг барьцаалахдаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие сүүлд 2017.04.14-ний өдөр гэрээ байгуулахдаа банкны барьцаанд байгааг гэдгийг олж мэдсэн. Ийнхүү банкны барьцаанд байгаа учраас миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийн эх хувийг буцаан авах боломжгүй байгаа. Мөн Д.У нь хувьцааг надад буцаан шилжүүлсэн гэх боловч бодит байдлаар улсын бүртгэлд хувьцааг худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлээгүй, миний бие компанийн хувьцааг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй байгаа учраас Д.Ут ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй юм. Гэтэл Д.У нь өөрийнхөө хариуцлагагүй үйлдлийн улмаас өрөө төлж чадалгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэрэг нь очсоныг миний буруу мэтээр бичсэн байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие Ч.О нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Д.Утэй “ӨЗ” ХХК-ийг 190 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж “ӨЗ” ХХК нь Д.Уийн нэр дээр шилжиж компанийн нэр дээр байдаг 3-13 дугаар байрны ард байрлах МҮ Маrket хүнсний дэлгүүрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж хүнсний дэлгүүрээ хүнсний бараатай нь Д.Уийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн. 

Гэтэл 2017 оны 4 дүгээр сард буюу 11 сарын дараа /бараг 1 жил гаруй хугацаанд дэлгүүрийг ажиллуулсан/ мөнгийг өгч чадахгүй боллоо гээд буцаая гээд надтай гэрээ хийсэн боловч компанийн эрхийг надад шилжүүлж өгөөгүй. Д.У 2016 оны 5 сарын 15-ны компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээг үндэслэн компанийг өөрийн өмчлөлд авсан байх үедээ Хас банкнаас 50 сая төгрөг зээлж зээлийн барьцаанд “ӨЗ” ХХК-ийн дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээлээ төлж чадахгүй болонгуут Хас банктай эвлэрлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу шүүгчийн захирамж гарч ШШГА-нд шилжсэн байгааг надад огт хэлээгүй. Харин би 2018-04-27-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс нь олж мэдсэн билээ.

Иймд 2017 оны 4 сарын 14-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.   

Хариуцагч Ч.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Миний бие Ч.О нь Д.Ут холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд одоо уг шаардлага дээрээ дараах шаардлагыг нэмэгдүүлж байна. 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу хүлээсэн үүргээс 151 727 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй тул 151 727 000 төгрөгийг “ӨЗ” ХХК-ний захирал Д.Уээс гаргуулж өгнө үү” гэж нэхэмжилж байна...

...Миний бие Ч.О нь “ӨЗ” ХХК-ийн захирал Д.Ут холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн ба 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариуцагчийг “ӨЗ” ХХК-ийн захирал Д.У гэж өөрчилсөн байгаа болно” гэжээ.  

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Уийн хариу тайлбарыг уншиж танилцлаа. Миний бие Ч.О Д.Утэй 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “ӨЗ” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсны дагуу “ӨЗ” ХХК-ийн 100 хувь хувьцааг шилжүүлэх замаар тус компанийн өмчлөлд байсан дэлгүүр болон үйлчилгээний зориулалттай талбай доорх газрыг эзэмших, эрх дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус Д.Ут шилжүүлэн өгсөн. Эдгээр хөрөнгүүд болох дэлгүүр, үйлчилгээний талбай, газрын эрх, дэлгүүрт байсан бараа, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгүүдийг нийт 190,0 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон байсан. Үүнээс өмнө буюу 2015 оны 09 сард У нь нэг эрэгтэй хүний хамт дэлгүүр дээр ирж хажуу хүний талын үйлчилгээний талбайгаа түрээслүүлээч гэж гуйж байсан. Манайх түрээслүүлэх бодолгүй байгаа тухайгаа мөн дэлгүүрээ зараад Улаанбаатар хот руу шилжих бодолтой зар тавьснаа ч тэр хоёр хүнд хэлсэн. Мөн үйлчилгээний талбайд хүнсний үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй дээрээс дусаал дусдаг, мэргэжлийн хяналт зөвшөөрөхгүй байх, манайх склад болгоод эд юмс хураачихсан байгаа гэхэд нөгөө эрэгтэй хүн нь тэр зөвшөөрөл өгдөг хүн нь би байна. Манай дүүд байрны доорх биш, яг ийм тусдаа объект хэрэгтэй байгаа юм. Танай хажуу талыг дандаа хаалттай байхаар нь эзэн нь ямар хүн байдаг юм бол гээд эртнээс харсан. Дүү маань түрээсэлж байсан газартайгаа түрээсийн үнээс болоод муудалцаад гарчихсан. Үйл ажиллагаагаа зогсоохгүй явуулчих тохиромжтой газар гээд ирлээ. Түрээсээ тохиролцъё. Дээврийг бол засаж янзлаад болно шүү дээ. Аймгийн Захиргаанаас байруудын нэг давхарт байх үйлчилгээний газруудыг хаах бодлоготой байгаа гэж ярьж байсан. Энэ хүн нь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Лхагважав гэдэг хүн байсан. Ингээд ярилцсаар хажуу талбайгаа 380 000 төгрөгөөр түрээслүүлэх болсон. Ингээд 11 дүгээр сарын үед Д.У нь ер нь би худалдаж авъя, гэхдээ 2016 оны хавар зээл бүтэхээр авна гэсэн. Түүнээс хотод явуулж байгаа худалдах зараа болиулаад өг гэсний дагуу хот руу хүүхдэдээ хэлж дахин зар явуулсны хэрэггүй гэж хэлсэн. Ингээд У бид хоёрын хооронд 2016 оны хавар өгнө, авна гэсэн амар тохироо хийгдэж түүнээс 6 сарын дараа буюу 2016 оны 05 сарын 15-н өдөр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Үүнээс хойш уван цуван гэрээний нийт төлбөрт 38 427 300 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 151 572 700 төгрөгийг банкнаас зээл аваад бүрэн төлж барагдуулна гэж надад амласан. Надад төлбөр өгөхийн тулд миний хөрөнгийг барьцаалж өгөх санал тавихад Хас банканд ханд гэж би хэлээгүй, надад тийм санал тавиагүй. Хавраас зээл хөөцөлдөнө 2-3 сар орчим хүлээх байх гэсэн учраас би итгээд компаниа түүнд шилжүүлж өгсөн. Хэрэв би Утэй Хас банканд ханд гэж хэлсэн юм бол би үлдэгдэл төлбөрөө авна гээд авах байсан. Ут компаниа шилжүүлж өгөхөөс сарын өмнө “Вишн фанд” ББСБ-аас дэлгүүрийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан байсныг У надад төлөх 190 000 төгрөгөөс тооцуулан төлж дэлгүүр, үйлчилгээний талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг суллан авсан. Энэ зээлийг би нэг сар л ашиглаад эхний сарын төлөлт хийгдсэн учир У 97 сая төгрөг төлж гэрчилгээнүүдийг авсан. Газрын гэрчилгээний тухайд “ӨЗ” ХХК-ийн хуучин эзэн Цэрэнжаргал, Ган-Эрдэнэ нар Капитрон банканд барьцаалуулсан байсан ба компанийг надад шилжүүлж өгснөөсөө хойш чөлөөлж авч өгч байсан юм. Уийн гаргасан тайлбараар Ган-Эрдэнэ гэдэг хүнд барьцаалагдсан ямар барилгын дэлгүүрийн гэрчилгээний тухай бичээд байгааг ойлгохгүй байна. 2017 оны 04.06-ны өдөр хүртэл зээл хөөцөлдөөд бүтэх гээд байна гээд л яваад байдаг байсан. Харин 2017 оны 04 дүгээр сарын 07-нд дэлгүүр дээрээ хүрээд ир гэж дуудсан. У уучлаарай О эгч ээ зээл бүтэхээ байсан. Та дэлгүүрээ буцааж авах уу? би танд бэлэн өгсөн 15 сая төгрөгөө авахгүй. Та хоёрын амьдралыг жил тойрон үрчихлээ. Харин приус машинаа авъя гэхэд нь би машиныг чинь өгөхгүй. Чи хажуугийн талбайн түрээс гэж эхний 2 сар л өгсөн. Дээрээс нь дэлгүүр ажиллуулаад ашиг олсон. Энэ бүхнийг тооцоод машины мөнгөнөөс чинь үлдвэл хажуугийн түрээсэнд тооцно. Мөнгө өгөхгүй талбайгаа үргэлжлүүлэн түрээсэл. Харин маргааш гэрчилгээнүүдийг аваад ирээрэй гэхэд уучлаарай нэг гэрчилгээг Хас банканд барьцаалуулсан байгаа гэхээр нь би за яахав нэг нь юм бол миний дүү удаалгүй чөлөөлөөд аваад өгөөрэй. Нөгөө хоёрыг нь би Хаан банканд барьцаалж зээл авъя бараа юу ч үгүй болжээ гэсэн чинь дэлгүүрийн орлогыг хуу хамаад л хот энэ хоёрын хооронд зээлээ бүтээх гэж явсан гэж хэлж байсан. Үүнээс 7 хоногийн дараа 2017 оны 04 дүгээр сарын 14-нд компаниа буцааж авахаар гэрээ байгуулсан ба 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авъя гэтэл гурвуулаа Хас банканд байгаа гэсэн. Энэ өдрөөс хойш удахгүй чөлөөлөөд аваад өгнө гээд л яваад байсан. Дэлгүүр бараа муутай зээл авах гэхээр барьцаа хөрөнгө байхгүй, Уийн худал ярианд итгэн хүлээсээр дахин нэг жил өнгөрсөн. Бид хоёрын хооронд ийм л зүйл болсон. Түүний хэлээд байгаа би Хас банкнаас өөрөө 39 сая төгрөгийг төлж гэрчилгээнүүдийг чөлөөлж авна гэж ярих битгий хэл Хас банкны барьцаанд байгаа уг хөрөнгө дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдэх болсныг Д.У надаас 39 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан нэхэмжлэлээс буюу 2018 оны 04 сарын 19-ний өдөр мэдсэн. Д.У уг хөрөнгийг буцааж өгсөн гэх боловч бодит байдал дээр “ӨЗ” ХХК-ийн захирал Д.У өөрөө хэвээр байгаа. Компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэрийг гаргаж өгөөгүйн улмаас Улсын бүртгэлийн хэлтэс гэрээг бүртгэж баталгаажуулахаас татгалзсан. Тухайн хөрөнгийг худалдан авах хүсэл байсан боловч гэрээ хийгдээгүй. Д.Уийн өмчлөлд шилжиж байгаагүй гэжээ. Гэрээний дагуу бүртгүүлэхэд Улсын бүртгэлийн газар компанийн өмч болох хөрөнгүүд түүний өмч болсон. Хэрэв өмчлөлд нь шилжээгүй юм бол Хас банк ямар үндэслэлээр барьцаа болгон иргэн Утэй 50 сая төгрөг олгосон байж таарах юм бэ? энэ хүний гүтгэлэг хэрээс хэтэрч байна. Хас банканд барьцаалуулсныг мэдэж байсан гэж гүтгэх юм. 2017.04.14-нд нэгийг биш 3 гэрчилгээг барьцаалуулсан гэж мэдсэн. Харин үүнээс хойш Д.У өрөө төлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг дариухан чөлөөлж авч өгнө гээд яваад байсан. Нэг өдөр манай нөхөр энэ хүн чинь их зальтай юм байна. Манай компанийг шилжүүлж авснаасаа хойш Голомт банкнаас 270 сая төгрөг, Хас банкнаас 50 сая төгрөг гэх мэт өндөр дүнтэй зээл авчихаад манай төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байна. Уулзах хэрэгтэй байна гээд дэлгүүр дээр хүрээд ир гэж дуудсан. Энэ тухайн хүнээс сонссон тухайгаа хэлж үнэн эсэхийг асуухад нүүр нь час улаан болж үг ч хэлж чадахгүй байсан. Энэ 2017 оны 04 дүгээр сарын 14-нөөс хойш болсон үйл явдал юм. Энэ цагаас эхлээд нөхөр Д.Уийг цагдаад өгнө гэж нэг бус удаа хэлэх болсон. Харин надад учир байдлаа тайлбарлаж Голомт банкнаас авсан 270 сая төгрөгийг зээлийг Саранцэцэг гэх зээл чөлөөлж өгдөг хүнтэй хамтарч авсан. Барьцаанд нь Саранцэцэгийн ДГТ-ийн 2 өрөө байр, 5-24-ийн 4 өрөө байр байгаа. Энэ зээлийг У нөхрийнхөө нэр дээр авч харин Саранцэцэгт баримт гарын үсэггүй мөнгө өгчихсөн Саранцэцэг төлбөр төлөхгүй байгаа. Одоо удахгүй Саранцэцэгээс эсвэл Хаан банкнаас зээл авч Голомт руу төлөлт хийхээр Уийн илүү төлсөн 50 сая төгрөг сулраад гарч ирэхээр нь Хас банкны өрөө төлж таны гэрчилгээг авч өгнө гэсэн. Энэ бүхнээ яриад зовлон тоочоод байхаар нь өрөвдөж нөхөртөө ойлгуулж цагдаа шүүх болохоо болъё гээд гуйсан. Ингээд гэрчилгээнүүдийг чөлөөлж өгөх тухай баталгаа бичиж өг гэхэд арай бичиж дуусаагүй байна гээд шалтаг хэлээд байсан учир нөхөр маань цагдаад гомдол гаргана гэж хэлэхэд би та хоёрт байсан бүх юм аа өгсөн, та хоёртой уулзах шаардлагагүй гэж үзлээ гэсэн ойлгомжгүй зурвас ирсэн байсан. Энэ цагаас хойш Д.У утсаа унтрааж, бид хоёроос зугтаах болсон. Бид хоёр гэрээр нь сураглаж очиход ээж нь байхгүй хэмээгээд хаалгаа хаасан. Тэр цагаас хойш нэг ч удаа нүүр тулж уулзаагүй. Ингээд яарч сандарч худлаа ч болтугай өөрөө түрүүлж шүүхэд хандъя хэмээн арга ядсан үйлдэл хийж буй нь үнэхээр өрөвдөлтэй байна. Д.У итгэмжлэлээр Х.Оюунбатыг авч өөрөө нэг ч удаа шүүхэд ирж байгаагүй. Түүний худал үгээр Х.Оюунбат үг хийж намайг гүтгэж байна. Арга ч үгүй байх бидний дунд бодитоор юу болсныг мэдэхгүй байх. У нь санаанд орсноороо хүнийг гүтгэж хэний ч өмнө сийхгүй худлаа ярьдаг. “ӨЗ” ХХК шилжиж очсоноос 2 сарын дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр авсан зээл байдаг юм. Энэ байдлаас харахад У нь зээл аваад ч төлбөр төлөхгүй гэсэн санаа байсан нь тод харагдаж байна. Хас банкнаас зээл авахдаа О, У нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн гэрээний он сар өдрийг 2015 оны 10 дугаар сарын 10 болгон хуурамчаар үйлдэн зээл авахдаа өгсөн байсан. Эдгээр үйлдлүүд нь бүгд худал хуурмаг зальтай этгээд болохыг нь харуулж байна. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Д.У Ч.О бидний хооронд хийгдсэн “ӨЗ” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцон, Д.Уээс 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 151 572 700 төгрөгийг гаргуулан Ч.О миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь Ч.Од холбогдуулан 39 273 000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ч.О нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ӨЗ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Д.Уээс 151 727 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.   

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Ч.Од өөрийн ӨЗ ХХК-ийг 190 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж компаний захирлаар улсын бүртгэлд Д.У бүртгэгдэж, ӨЗ ХХК-ийн өмчлөлийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13 дугаар байрны ард байрлах 40 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, 80 м.кв талбайтай худалдааны зориулалттай эзэмших эрхтэй газрыг мөн Д.Ут шилжүүлэн өгч, Д.У компанийг худалдан авсан үйл баримтын талаар талууд маргаагүй.    

Д.У нь төлбөрт 2016 оны 08 сарын 25-нд 10 500 000 төгрөгт тооцож 18-39 УНТ улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг Ч.Оийн хүргэн дүү Д.Агийн нэр дээр шилжүүлж өгсөн, 2016 оны 05 сарын 20-нд 9 787 300 төгрөгийг Ч.Оийн Вишнфанд ББСБ-ын зээлийн төлбөрт шилжүүлсэн, Ч.Оийн Хаан банкны 5094105112 дугаарын дансанд 2016 оны 06 сарын 20-нд 140 000 төгрөг, 2016 оны 09 сарын 15-нд 3 000 000 төгрөг, Ч.Оийн Хаан банкны 5090616266 дугаарын дансанд 2016 оны 07 сарын 09-нд 15 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 05 сарын 15-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, 2016 оны 08 сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ, Төрийн банк, Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтууд, ӨЗ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбаруудаар тогтоогдож байх ба талууд энэ талаар мөн  маргахгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...ӨЗ ХХК-ийг 190,0 сая төгрөгөөр худалдан авахаар болж гэрээ хийгээд гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж гэрээнээс татгалзан, 2017 оны 4 дүгээр сарын 14-нд компани, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан өгсөн. Миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар Ч.О мэдэж байсан ба эд хөрөнгө, компаний хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37 990 000 төгрөгт тооцож Ч.О төлөхөөр талууд тохиролцон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байх тул Ч.Оээс 39 273 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлд гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан бөгөөд 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

Ч.О, Д.У нарын хооронд байгуулагдсан “Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу хариуцагч Ч.О нь “ӨЗ” ХХК  болон түүний үл хөдлөх эд хөрөнгө, газрыг Д.Уийн нэр дээр шилжүүлэн өгсөн, харин Д.У нь Ч.Од төлөх ёстой 190 000 000 төгрөгөөс нийт 37 990 000 төгрөгийг төлсөн үлдэх мөнгийг төлөөгүй болох нь нотлогдож байх ба, Д.Уийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.У гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд, гэрээнээс татгалзах санал гаргасныг хариуцагч Ч.О хүлээн зөвшөөрсөн байх ба талууд 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”-нээсээ татгалзаж буцаалт хийхээр 2017 оны 4 сарын 14-ны өдөр гэрээ байгуулжээ.

Хариуцагч Ч.О, Д.У нь “ӨЗ ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа тус компанийн өмчлөлийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13 дугаар байрны хойно байрлах 40 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилга, 80 м.кв талбайтай худалдааны зориулалттай эзэмших эрхтэй газрыг Хас банкны барьцаанд тавьж, 50 000 000 төгрөгийн зээл авсан байсныг гэрээнээс татгалзах саналыг хүлээж авсны дараа мэдсэн гэж тайлбарласан.

Харин Д.У нь дээрх байдлыг Ч.О мэдэж байсан, эд хөрөнгө, компаний хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37 990 000 төгрөгт тооцож төлөхөөр талууд тохиролцон хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул хариуцагчаас 39 273 000 төгрөгийг гаргуулж авна гэж тайлбарлаж байгаа.

Д.Уийн Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл болох 37 990 000 төгрөгийг Ч.О төлөхөөр талууд тохиролцсон гэдгийг хариуцагч Ч.О зөвшөөрөөгүй бөгөөд, түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгч Д.У нь ӨЗ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг барьцаалан 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хас банкнаас 50 000 000 төгрөгийн зээлийг хамтран зээлдэгч Г.Манлайбаярын хамт авч, зээлийг хугацаандаа төлөөгүйгээс Хас банкны Эрдэнэт салбар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан байх ба, Хас банк зээлдэгч Д.У, Г.Манлайбаяр нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 142/ШЗ2017/04362 дугаартай шүүгчийн захирамж гарсан, мөн 2018 оны 02 сарын 23-ны өдөр 992 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж тус тус гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болох нь нотлогдож байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.-т Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ, 23 дугаар зүйлийн 23.3.2.-т эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.4.-т Иргэний хуульд заасан холбогдох гэрээ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Д.У нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ”-гээр компани болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ч.Од буцаан өгсөн гэж тайлбарлаж байх боловч Д.У нь хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардагдах эрх шилжүүлж байгаа компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэрийг гаргаж улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрээнээс татгалзаж буцаалт хийхээр тохирсон үүргээ биелүүлээгүй, Ч.Од компанийг хууль болон гэрээнд заасан журмын дагуу буцаан шилжүүлээгүй байна. Тиймээс 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-д зааснаар гэрээнээс татгалзах саналыг анх Д.У гаргасан, Ч.О энэ байдлыг нь хүлээн авч компани болон дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрт нь буцаан өгөх үүрэг хүлээлгэж хугацаа олгосон боловч Д.У энэхүү үүргээ биелүүлээгүй, компани болон үл хөдлөх эд хөрөнгө өөрийнх нь нэр дээр хэвээр үлджээ.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлөх ёстой 190 000 000 төгрөгөөс төлсөн гэх 37 990 000 төгрөгийг хасахаар 152 010 000 төгрөг үлдэх бөгөөд хариуцагч Ч.О нь 151 727 000 төгрөг нэхэмжилсэн тул энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаан дээр хариуцагч Ч.О нь сөрөг нэхэмжлэлийн хариуцагчийг “ӨЗ” ХХК биш, Ч.О гэх хувь хүн болохыг тодруулсан.

Түүнчлэн “Амирастар” ХХК болон “ӨЗ” ХХК нь энэ хэрэгт ямар нэгэн хамааралгүй байна. Тодруулбал: Д.У, Ч.О нарын хооронд “ӨЗ” ХХК-ийг худалдсан, түүний төлбөр, “нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргаан үүссэн. Харин “ӨЗ” ХХК-д холбогдсон, мөн уг компаний нэхэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй болно.

“Амирастар” ХХК-ийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, Д.Уийн компани гэж тайлбарласан, тус компани нь уг хэрэг маргаанд ямар нэгэн хамааралгүй байх ба, уг компаний эрх ашиг хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдав.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилан гаргуулахаар заав.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2, 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Уийн Ч.Оээс 39 273 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Д.Уээс 151 727 000 төгрөг гаргуулан Ч.Од олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 315 төгрөг, хариуцагч Ч.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 144 070 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Уээс улсын тэмдэгтийн хураамжаар 986 785 төгрөг гаргуулан хариуцагч Ч.Од олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА