Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2019/00109

 

 

*******ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00689 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

39.273.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь Иргэн *******ээс Өрлөг Зэлмэ ХХК ийг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 190.000.000 төгрөгөөр худалдан авах болж Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба тухайн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж дээрх гэрээнээс татгалзан, талууд тохиролцсны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн *******д компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр худалдан авах гэж байсан Өрлөг Зэлмэ ХХК ийн Уурхайчин багийн 13 р байрны хойд талд байх Дэлгүүрийн зориулалттай 40.0 метр кв үл хөдлөх хөрөнгийг буцаан өгсөн.Тухайн хөрөнгийг би худалдан авахаар өөрийн нөхөр Ганбаатар овогтой Манлайбаярын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох ТОҮОТА PRIUS маркын тээврийн хэрэгслийг 10.500.000 төгрөгөнд тооцон *******ийн хүсэлтээр түүний хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлэн өгсөн.Ингээд дансаар 29.427.300 төгрөгийг шилжүүлсэн. ******* нь компани болон эд хөрөнгөө буцаан авсан атлаа мөнгийг маань буцаан өгөхгүй байх тул *******ээс 39.273.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50.000.000 төгрөгний зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар ******* мэдэж байсан ба эд хөрөнгө компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37.990.000 төгрөгийг ******* нь төлөхөөр талууд тохиролцон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд уг асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 38.140.000 төгрөгний төлбөрийн шийдвэр очсон байгаа. Иймд иргэн *******ээс 39.273.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие иргэн *******тэй 2016 оны 05 сарын 15-ны өдөр Өрлөг Зэлмэ ХХК-ийн Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дагуу Өрлөг Зэлмэ ХХК-ийн 100%-ийн хувьцааг шилжүүлэх замаар тус компанийн өмчлөлд байсан дэлгүүр болон үйлчилгээний зориулалттай талбай, доорх газрыг эзэмших эрх, дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус шилжүүлсэн. Хэдий хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд хувьцааг шилжүүлэх үнийг 12.700.000 төгрөг гэж заасан боловч бодитоор талууд дэлгүүр, үйлчилгээний талбай, газрын эрх, дэлгүүрт байсан бараа зэрэг хөрөнгүүдийг нийт 190.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байсан. Дэлгүүрийг *******т шилжүүлж өгөхөөс өмнө миний бие өөрөө дэлгүүрийг ажиллуулж орлого олдог байсан бөгөөд дэлгүүрийг шилжүүлэх үед дэлгүүрт нийт 20 сая орчим төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн байсныг мөн дэлгүүрийн хамт *******т шилжүүлсэн. ******* Компанийн хувьцааг шилжүүлж авснаас хойш худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 2016 оны 07 дугаар 09-ний өдөр 15.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 140.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 9.787.300 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус төлсөн. Мөн тус гэрээний төлбөрт тооцож Тоёота Приус маркийн 18-39УНТ улсын бүртгэлийн дугаартай автомашиныг 10.500.000 төгрөгт тооцож манай хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлсэн байдаг. ******* нь нэхэмжлэлдээ миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар ******* мэдэж байсан ба эд хөрөнгө, компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37.990.000 төгрөгийг ******* нь төлөхөөр талууд харилцан тохиролцсон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Гэтэл миний бие *******ийн Хас банкнаас авсан зээлийг төлнө гэсэн амлалт хэзээ ч өгч байгаагүй. Харин ч миний бие дэлгүүрээ 1 жилийн хугацаанд ашиглаж, ажиллуулж чадаагүй, миний хөрөнгүүдийг Хас банкны зээлийн барьцаанд тавьчхаад одоог хүртэл барьцаанаас чөлөөлүүлж өгөхгүй байгаа, тус хөрөнгүүд нь зээлийн төлбөрт хураагдах гэж байгаа зэрэг нөхцөл байдал нь хохирсон этгээд нь ******* биш миний бие гэдгийг харуулж байна. ******* нь Хас банкинд Өрлөг Зэлмэ ХХК-ийн хөрөнгүүдийг барьцаалахдаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулахдаа Хас банкны барьцаанд байгаа гэдгийг олж мэдсэн. Ийнхүү банкны барьцаанд байгаа учраас миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийн эх хувийг буцаан авах боломжгүй байгаа. Мөн ******* нь хувьцааг надад буцаан шилжүүлсэн гэх боловч бодит байдлаар улсын бүртгэлд хувьцааг худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлээгүй, миний бие компанийн хувьцааг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй байгаа учраас *******т ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй юм. Гэтэл ******* нь өөрийнхөө хариуцлагагүй үйлдлийн улмаас өрөө төлж чадалгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэрэг нь очсоныг миний буруу мэтээр бичсэн байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй буюу *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь 2016-05-15-ны өдөр *******тэй Өрлөг Зэлмэ ХХК-ийг 190.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж Өрлөг Зэлмэ ХХК нь Д. Уранчимэгийн нэр дээр шилжиж компанийн нэр дээр байдаг 3-13-р байрны ард байрлах МҮ Маrket хүнсний дэлгүүрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж хүнсний дэлгүүрээ хүнсний бараатай нь *******ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сард буюу 11 сарын дараа (бараг 1 жил гаруй хугацаанд дэлгүүрийг ажилуулсан) мөнгийг өгч чадахгүй боллоо гээд буцаая гээд надтай гэрээ хийсэн боловч компаний эрхийг надад шилжүүлж өгөөгүй. ******* 2016 оны 5 сарын 15-ны компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээг үндэслэн компанийг өөрийн өмчлөлд авсан байх үедээ Хас банкнаас 50 сая төгрөг зээлж зээлийн барьцаанд Өрлөг Зэлмэ ХХК-ийн дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээлээ төлж чадахгүй болонгуут Хас банктай эвлэрлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу шүүгчийн захирамж гарч ШШГА-нд шилжсэн байгааг надад огт хэлээгүй. Харин би 2018 оны 04 дүгээр сарын 27-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс нь олж мэдсэн. Иймд 2017 оны 4 сарын 14-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Миний бие ******* нь *******т холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компаний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд одоо уг шаардлага дээрээ дараах шаардлагыг нэмэгдүүлж байна. 2016-05-15 өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу хүлээсэн үүргээс 151.727.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй тул 151.727.000 төгрөгийг Өрлөг Зэлмэ ХХК-ний захирал *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өрлөг-Зэлмэ ХХК ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд *******ээс тухайн компанийн хувьцааг худалдан авах үнэ буюу 12.700.000 төгрөг, 10.500.000 төгрөгөнд үнэлэгдэж байсан 2008 онд үйлдвэрлэгдсэн ТОҮОТО Рпиз 18-39 УНТ автомашинаа түүнд шилжүүлэн өгсөн. Тухайн гэрээнээс 2017.04.14 ний өдөр талууд татгалзан өгсөн авснаа талууд буцаахаар болж, Өрлөг Зэлмэ ХХК-ийн эрхийг буцаан шилжүүлэн өгч, тухайн компанийн өмч болох Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилга бүхий өмчийг эзэмшиж байсныг 2017.04.14 ны өдөр хүлээлгэн өгч түлхүүрийг ******* авсан. Энэ үед миний хөрөнгө болох худалдаж байсан хүнсний бараа материалуудыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тухайн барилгыг худалдан авах хүсэлтэй байсан боловч бидний хооронд тухайн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй бөгөөд тухайн хөрөнгийг миний өмчлөлд шилжиж байгаагүй. Харин компанийн уг хөрөнгийг худалдан авах зорилгоор 28.773.000 төгрөгийг шилжүүлсэн билээ. Тухайн мөнгийг өгөхийн тулд банкнаас мөнгө зээлэх гэхэд барьцаалах хөрөнгө хэрэгтэй байсан ба Ингээд тухайн компанийн хөрөнгө болох Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилгыг худалдан авахаар тохиролцсон байсан ба түүний төлбөрийг төлөхийн тулд барилгыг барьцаалан өгөх санал тавихад манай хөрөнгө Хас банкинд барьцаалагдаж байсан бусад банк үл хөдлөх хөрөнгө гэж үздэггүй юм, тиймээс Хас банкинд ханд гэж хэлж байсан ба тухайн хөрөнгө Вишн Фанд банк бус санхүүгийн байгууллага болон түүний эзэн гэх Ган-эрдэнэ нарт газар болон хөрөнгөө барьцаалсан байгаа гэж хэлж, түүний барьцаалбарыг чөлөөлж барьцаанд тавьж болно гэж хэлсэн. Ингээд уг байгууллагатай ******* нь уулзаж, 9.800.000 төгрөгийн барьцаанд байсныг чөлөөлөх шаардлагатай байна гэсний дагуу 2016.05.20 ны өдөр ВиншФанд банк бус санхүүгийн байгууллагын 5094021446 тоот Хаан банкны дансанд 9.787.300 төгрөгийг төлж барагдуулсны дараа иргэн Ган-Эрдэнэд барьцаалагдсан гэх барилгын дэлгүүрийн гэрчилгээний төлбөрийг хийгээгүй гэдгээр өгөхгүй байсаар байгаад 2016.06.20 д гаргаад авч өгсөн ба тухайн баримт өгөхдөө өөрийн ээжийн гэрт байгаа гээд Орхон аймгийн Уртбулаг багийн 5-1 байрны гадаа очиж өөрөөс нь авч байсан. Энэ үйл явдлыг иргэн Ц.Саранцэцэг мэдэх ба тухайн хүнээс 10.000.000 төгрөг зээлж, Виншфандын өрийг нь хааж бичиг баримтыг чөлөөлж өгч байсан ба тухайн банкинд уг хөрөнгийг барьцаалж зээл гарахаар түүний мөнгийг өгнө гээд хүлээлгэж байсан билээ.Энэ үед ******* нь наадам болох гээд байна, хөрөнгийг Ган-Эрдэнээс чөлөөлж авахдаа бусдаас мөнгө зээлсэн, мөн хөргөгчийн үнэ төлмөөр байна гэсэн учир иргэн Д.Доржпүрэв гэх хүнээс 15.000.000 төгрөгийг зээлж, 2016.07.09 ны өдөр *******ийн дансруу 15.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн билээ. Энэ үед буюу Хас банкинд бүх бичиг баримтыг 2016.07.01 ны үед бүрдүүлэн өгсөн байсан ба 2016.07.20 ны өдөр зээл гарч, зээл гарчихлаа гэж Ц.Саранцэцэгт 10.000.000 төгрөгийг, Д.Доржпүрэвт 15.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Ингээд барьцаанд тавьсан барилгыг *******ээс хүлээн авч, барилгын дээвэр болон бусад засвар үйлчилгээг 5.000.000 гаруй төгрөгөнд хийж, эрчим хүч цахилгааны 380 ын шугамыг татуулж, эрчим хүч цахилгааны үйлчилгээ үзүүлсэн байгууллагад 1.500.000 төгрөгийг шилжүүлэн өгч, хүнсний чиглэлээр худалдааны үйл ажиллагааг явуулах зорилгоор 10.000.000 гаран төгрөгийн хүнсний бараа бөөний төвөөс худалдан авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ хооронд *******д 3.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Өрлөг Зэлмэ ХХК ийн хувьцааг худалдан авах тухай 2017 оны 04 дүгээр сарын 14 ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин компанийн хувьцааг худалдан авах гэрээнээс татгалзсан атлаа өнөөдрийг хүртэл миний 10.500.000 төгрөгийг өгөөгүй ба одоог хүртэл ******* нь автомашиныг хүргэн Амартүвшингийн нэр дээр шилжүүлэн авч, эзэмшин өгөхгүй байгаа гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016.05.05 ны өдөр Өрлөг-Зэлмэ ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд *******ээс тухайн компанийн хувьцааг худалдан авах үнэ буюу 12.700.000 төгрөгөнд 10.500.000 төгрөгөнд үнэлэгдэж байсан 2008 онд үйлдвэрлэгдсэн ТОҮОТО Рпиз 18-39 УНТ автомашинаа түүнд шилжүүлэн өгсөн. Тухайн гэрээнээс 2017.04.14 ны өдөр талууд татгалзан өгсөн авснаа талууд буцаахаар болж, Өрлөг-Зэлмэ ХХК ийн хувьцааны эрхийг буцаан шилжүүлэн өгсөн байдаг. Тухайн компанийн өмч болох Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилгыг 2016.08 сараас эзэмшиж байсныг 2017.04.14 ны өдөр хүлээлгэн өгч түлхүүрийг ******* авсан. Энэ үед *******ийн хөрөнгө болох худалдаж байсан хүнсний бараа материалуудыг авч, өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тухайн барилгыг нэхэмжлэгч худалдан авах хүсэлтэй байсан боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тухайн барилгыг худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй бөгөөд тухайн хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж байгаагүй. Тиймээс түүнд 155.000.000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй. 2017.04.14 ны өдөр компанийн хувьцааны эрхийг худалдах худалдан авах гэрээнээс талууд татгалзан ******* нь компанийн хувьцааны эрхийг буцаан авах болж, нотариатаар гэрээ хийгдсэн ба тухайн компанийн өмчлөлд өнөөдрийг хүртэл хэвээр байгаа болно. Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилга бүхий өмчийг эзэмшиж байсныг 2017.04.14 ны өдөр ******* хүлээн авснаас хойш ч тухайн компанийн өмчлөх эрх бусдад шилжигдээгүй, ба өмчлөх эрх шилжин ирээгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Тухайн компанийн хувьцааны эрхийг шилжүүлэн авч , тухайн компанийн төлөөлөх эрх шилжин ирсэн байсан боловч төлөөлөх эрхийг ******* нь 2017.04.14-нд буцаан авч, уг компанийн тамга тэмдэг болон бусад холбогдох баримтыг авсан гэсэн атал өнөөдрийг хүртэл төлөөлөх эрхийг шилжүүлэх шийдвэрийг өгөөгүй гэх шалтгаан хэлдэг атлаа тамга тэмдгийг хүлээн авсан. Уг шийдвэрийг улсын бүртгэлийн холбогдох байгууллагаас шаардаж байгаа бол тамга тэмдэг өг дараад өгье гэхэд тамга тэмдгээ өгөөгүй байгаа гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00689 дугаар шийдвэрээр:

Монгол улсын Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1,205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн 39.273.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч *******ийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож *******ээс 151.572.700 төгрөг гаргуулан *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354.315 төгрөг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.144.070 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ээс 915.813 төгрөг, Төрийн сангаас 10.107 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Өрлөг зэлмэ ХХК ийн хөрөнгийг Хас банкинд барьцаанд тавьж 50.000.000 төгрөгийн зээл авсан байсныг ******* гэрээнээс татгалзах саналыг хүлээн авсны дараа мэдсэн байна гэх дүгнэлтийг ямар ч нотлох баримтгүй анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэхүү дүгнэлт нь нэг талаараа *******ийг гэрээнээс татгалзсаныг хүлээн авсан гэж дүгнээд байгаа мэт харагдах ба татгалзлыг хүлээн авч түүнд хөрөнгийг буцаан өгөх хугацаа олгосон мэт тайлбарлан дүгнэлт хийж, уг дүгнэлтээ үндэслэн нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж дүгнэж Иргэний хуулийн 204 р зүйлийн 204.2 заалтыг хэрэглэсэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэрээнээс татгалзах нь гэрээний эрхийн хувьд эцсийн шинж чанартай байдаг бөгөөд болзол тавьдаггүй ба гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг нөгөө тал хүлээн авснаар гэрээний татгалзалтай холбоотой эрх зүйн харилцаа үүсэх ба талуудын гэрээний татгалзлыг хүлээн авсан нь 2017 оны 04 дүгээр сарын 14 ний өдрийн гэрээ нотлох баримт бөгөөд уг татгалзалд ямар ч хугацаа тодорхойлоогүй ба худалдан авсан хувьцаагаа буцаан өгснийг нотолж буй баримт. Энэхүү хувьцааг худалдан авснаа буцаан өгсөн, буцаан өгснийг нөгөө тал хүлээн авсан гэрээний татгалзалд тухайн компанийн өмчлөлтэй хөрөнгө барьцаалагдсан байдал харилцан хамааралтай эсэхэд хуульзүйн үнэлэлт өгөлгүй шууд хамааралтай үүрэг байсан мэт дүгнэж гэрээний татгалзалтай холбон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайн компанийн үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд байгаагүй бөгөөд энэхүү хөрөнгө нь компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээтэй хамааралгүй байдлыг анхаарч үзээгүй. Хэрэгт компанийн хувьцааг 12.700.000, төгрөгөнд худалдаж худалдан авахаар тохиролцон худалдаж худалдан авсан үнэ болоод уг гэрээний нөхцөлд талууд маргадаггүй ба компанийн хувьцааг худалдаж авснаар нэхэмжлэгч нь компанийг 100 хувь төлөөлөх эрх олгогдсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа ба компанийн өмч хөрөнгө болох Өрлөг зэлмэ ХХК ийн өмчлөлийн бүртгэлтэй Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хороолол 13-р байрны хойд талд байрлах дэлгүүрийн зориулалттай 80мкв талбайтай худалдааны зориулалттай сендвич барилгыг худалдах худалдан авах хэлцэлд хамааралгүй ба уг хэлцлээсээ татгалзсан талуудын маргаанд хамааралтай гэж үзэх нотлох баримт байгаа эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Компаний хөрөнгийг өөртөө худалдан авах үүргээ биелүүлээгүй үзэн шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг үндэслэн *******ээс 151.572.700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд тухайн гэрээнээс татгалзлыг баталж, татгалзсантай холбоотой өгсөн авснаа буцаах заалтыг баримтлаад байгаа атлаа худалдах худалдан авах гэрээний үүрэг гэж үзэн, гэрээний үүргийн дагуу өгөх ёстой байсан гэх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсаны нотлох баримтаар *******т Өрлөг зэлмэ ХХК-ийн өмчлөлийн бүртгэлтэй Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13 дугаар байрны хойд талд байрлах дэлгүүрийн зориулалттай 80 мкв талбайтай худалдааны зориулалттай сендвичин барилгыг худалдах худалдан авах хэлцлийн дагуу уг хөрөнгө өмчлөлд нь шилжиж байгаагүй. Төлөөлөх эрхтэй байхдаа байгууллагын хөрөнгийг барьцаалсныг гэрээний татгалзалтай холбон буруутган үзэж, 3 жилийн өмнө өөрийн эзэмшилдээ ******* буцаан авч эзэмшиж байгаа 88.746.272 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг худалдах гэж байсан үнэ гэх 151 572.000 төгрөгөөр тооцон төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Харин улсын бүртгэлд бүртгүүлэхэд үүсгэн байгуулагчийн шийдвэр өгөөгүйгээс улсын бүртгэлд бүртгүүлж төлөөлөх эрхээ буцаан авч чадахгүй байгаа талаарх талуудын мэтгэлцэж байгаа үндэслэлд хариуцагчийн 151.572.700 төгрөгийг гаргуулах шаардлага хамааралтай эсэхэд хуульзүйн дүгнэлт хийгээгүй атлаа гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Компанийн хувьцааг худалдах худалдан авсан гэрээнээс татгалзсанаар хариуцагчид төлөөлөх нь хэвээр үлдэж байгаа бөгөөд талуудыг хооронд хийсэн 2017.04.14 ний өдрийн худалдах худалдан авах гэрээ нь талуудын тайлбараар гэрээнээс татгалзаж байгааг илэрхийлсэн гэрээ гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний татгалзлыг талууд бие биенээсээ хувьцаа худалдан авч байгаа мэт гэрээг хийснээс Улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй болгосон байх ба хэрвээ компанийн хувьцааг буцаан ******* нь худалдаж авч байгаа бол үүсгэн байгуулагчийн шийдвэр олгоогүйгээрээ нэхэмжлэгч ******* буруутай гэж үзэх үндэслэл болно. Бүртгэлийн байгууллагад бүртгүүлж болохгүй байгаа үндэслэл тэдний хооронд байгуулсан гэрээний агуулгаас шалтгаалж байгаа байдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй. 2017.04.14 ний өдрийн талуудын хооронд байгуулсан гэрээний жинхэнэ хүсэл зоригоо илэрхийлсэн байдалд анхан шатны шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл 2017.04.14 ний өдрийн гэрээ нь талууд хувьцааг худалдах худалдан авах биш гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн гэрээ болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа байдлыг шүүх анхаарч үзээгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00689 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ...хариуцагч ******* нь эд хөрөнгө компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37.990.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд уг асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 38.140.000 төгрөгийн төлбөрийн асуудал байгаа тул иргэн *******ээс 39.273.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ******* 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг иргэн *******т холбогдуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэрээний үүрэг 151.727.000 төгрөгийг Өрлөг Зэлмэ ХХК-ний захирал *******ээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба сөрөг нэхэмжлэлийг хэнд өөрөөр хэлбэл иргэн эсхүл хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан эсэх нь тодорхой бус байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Өрлөг Зэлмэ ХХК-ний хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, компаний захирал шинээр томилогдох өөрчлөлтүүдийг хийлгэхээр бүрдүүлсэн баримт бичгийн бүрдүүлбэр дутуу гэсэн үндэслэлээр тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2018 оны 8 дугаар сарын 03 ны өдөр № 01 дугаар мэдэгдэлээр бүртгэхээс татгалзсан, Х.Оюунбат нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байхад шүүх Өрлөг Зэлмэ ХХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатад гардуулсан байна.

Түүнчлэн шүүх компаний эрх шилжүүлэх гэрээ, компаний хувьцааг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай маргаанд Өрлөг зэлмэ ХХК болон Амирастар ХХК хамааралтай эсэхийг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасны дагуу хэргийн оролцогчоор оролцох эсэх талаар мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2019/00689 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.265.900 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

Б.ОЮУНЦЭЦЭГ