Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 04

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ч.О-д

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/01274 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.У-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.О-д холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 39.273.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Худалдах, худалдан авах гэрээний төлбөр 151.727.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Ч.О-, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Д.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.У- нь иргэн Ч.О-ээс Өрлөг Зэлмэ ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 190.000.000 төгрөгөөр худалдан авах болж Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан ба тухайн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж дээрх гэрээнээс татгалзан, талууд тохиролцсоны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ч.О-д компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр худалдан авах гэж байсан Өрлөг Зэлмэ ХХК-ийн Уурхайчин багийн 13 дугаар байрны хойд талд байх дэлгүүрийн зориулалттай 40.0 м.кв үл хөдлөх хөрөнгийг буцаан өгсөн.Тухайн хөрөнгийг би худалдан авахаар өөрийн нөхөр Ганбаатар овогтой Манлайбаярын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох ТОҮОТА Рrius маркийн тээврийн хэрэгслийг 10.500.000 төгрөгөнд тооцон Ч.О-ийн хүсэлтээр түүний хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Ингээд дансаар 29 427 300 төгрөгийг шилжүүлсэн. Ч.О- нь компани болон эд хөрөнгөө буцаан авсан атлаа мөнгийг маань буцаан өгөхгүй байх тул Ч.О-ээс 39 273 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50.000.000 төгрөгний зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар Ч.О- мэдэж байсан ба эд хөрөнгө, компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37 990 000 төгрөгийг Ч.О- нь төлөхөөр талууд тохиролцон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд уг асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 38.140.000 төгрөгийн төлбөрийн шийдвэр очсон байгаа. Иймд иргэн Ч.О-ээс 39.273.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.У- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Ч.О-ийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өрлөг Зэлмэ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд Ч.О-ээс тухайн компанийн хувьцааг худалдан авах үнэ буюу 12 700 000 төгрөгөнд 10.500.000 төгрөгөнд үнэлэгдэж байсан 2008 онд үйлдвэрлэгдсэн ТОҮОТA Рruis 18-39 УНТ автомашинаа түүнд шилжүүлэн өгсөн. Тухайн гэрээнээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр талууд татгалзан өгсөн авснаа талууд буцаахаар болж, Өрлөг Зэлмэ ХХК-ийн эрхийг буцаан шилжүүлэн өгч, тухайн компанийн өмч болох Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилга бүхий өмчийг эзэмшиж байсныг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэн өгч түлхүүрийг Ч.О- авсан. Энэ үед миний хөрөнгө болох худалдаж байсан хүнсний бараа материалуудыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тухайн барилгыг худалдан авах хүсэлтэй байсан боловч бидний хооронд тухайн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй бөгөөд тухайн хөрөнгийг миний өмчлөлд шилжиж байгаагүй. Харин компанийн уг хөрөнгийг худалдан авах зорилгоор 28.773.000 төгрөгийг шилжүүлсэн билээ. Тухайн мөнгийг өгөхийн тулд банкнаас мөнгө зээлэх гэхэд барьцаалах хөрөнгө хэрэгтэй байсан ба ингээд тухайн компанийн хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13 дугаар ард байрлах сендвичэн барилгыг худалдан авахаар тохиролцсон байсан ба түүний төлбөрийг төлөхийн тулд барилгыг барьцаалан өгөх санал тавихад манай хөрөнгө Хас банканд барьцаалагдаж байсан бусад банк үл хөдлөх хөрөнгө гэж үздэггүй юм, тиймээс Хас банканд ханд гэж хэлж байсан ба тухайн хөрөнгө Вишн Фанд банк бус санхүүгийн байгууллага болон түүний эзэн гэх Ган-Эрдэнэ нарт газар болон хөрөнгөө барьцаалсан байгаа гэж хэлж, түүний барьцаалбарыг чөлөөлж барьцаанд тавьж болно гэж хэлсэн. Ингээд уг байгууллагатай Ч.О- нь уулзаж, 9.800.000 төгрөгийн барьцаанд байсныг чөлөөлөх шаардлагатай байна гэсний дагуу 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ВишнФанд банк бус санхүүгийн байгууллагын 5094021446 тоот Хаан банкны дансанд 9.787.300 төгрөгийг төлж барагдуулсны дараа иргэн Ган-Эрдэнэд барьцаалагдсан гэх барилгын дэлгүүрийн гэрчилгээний төлбөрийг хийгээгүй гэдгээр өгөхгүй байсаар байгаад 2016 оны 06 дугаар сарын 20-д гаргаад авч өгсөн ба тухайн баримт өгөхдөө өөрийн ээжийн гэрт байгаа гээд Орхон аймгийн Уртбулаг багийн 5-1 байрны гадаа очиж өөрөөс нь авч байсан билээ. Энэ үйл явдлыг иргэн Ц.Саранцэцэг мэдэх ба тухайн хүнээс 10.000.000 төгрөг зээлж, Вишнфандын өрийг нь хааж бичиг баримтыг чөлөөлж өгч байсан ба тухайн банканд уг хөрөнгийг барьцаалж зээл гарахаар түүний мөнгийг өгнө гээд хүлээлгэж байсан билээ. Энэ үед Ч.О- нь наадам болох гээд байна, хөрөнгийг Ган-Эрдэнээс чөлөөлж авахдаа бусдаас мөнгө зээлсэн, мөн хөргөгчний үнэ төлмөөр байна гэсэн учир иргэн Д.Доржпүрэв гэх хүнээс 15.000.000 төгрөгийг зээлж, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ч.О-ийн данс руу 15.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн билээ. Энэ үед буюу Хас банканд бүх бичиг баримтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний үед бүрдүүлэн өгсөн байсан ба 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээл гарч, зээл гарчихлаа гэж Ц.Саранцэцэгт 10.000.000 төгрөгийг, Д.Доржпүрэвт 15.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Ингээд барьцаанд тавьсан барилгыг Ч.О-ээс хүлээн авч, барилгын дээвэр болон бусад засвар үйлчилгээг 5.000.000 гаруй төгрөгөнд хийж, эрчим хүч цахилгааны 380-ын шугамыг татуулж, эрчим хүч цахилгааны үйлчилгээ үзүүлсэн байгууллагад 1 500 000 төгрөгийг шилжүүлэн өгч, хүнсний чиглэлээр худалдааны үйл ажиллагааг явуулах зорилгоор 10 000 000 сая гаран төгрөгний хүнсний бараа бөөний төвөөс худалдан авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ хооронд Ч.О-д 3.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тухайн барилгыг барьцаалсныг Ч.О- сайн мэдэж байгаа. Учир нь тухайн баримт бичгийг өгсний дараа Хас банкнаас авах зээлийн баримт бичиг бүрдүүлэн өгч байсан. Мөн ямар банкнаас зээл авч болохыг анх хэлж өгч байсан. Авсан зээлээ хаана хэрхэн зарцуулсныг мэдэж байсан. Гэтэл одоо мэдээгүй мэт худал хэлж байна. Мөн хүнсний үйл ажиллагаа явуулсан боловч орлого орохгүй байснаас зээлээ төлж чадахгүй болж, шүүхэд дуудагдсаныг мэдэж байсан. Мөн өөрөө зар өгч, худалдахаар хүмүүст үзүүлж байсан. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээнээс талууд татгалзан Ч.О- нь компанийн хувьцааны эрхийг буцаан авах болж гэрээ хийгдсэн ба Өрлөг-Зэлмэ ХХК-ийн эрхийг буцаан шилжүүлэн өгч, тухайн компанийн өмч болох Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 ард байрлах сендвичэн барилга бүхий өмчийг эзэмшиж байсныг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ч.О- хүлээн авч, барилгын түлхүүрийг Ч.О- авсан. Энэ үед миний хөрөнгө болох 6 000 000 сая гаран төгрөгний худалдаж байсан хүнсний барааг өгөөгүй ба жилийн хугацаанд хохироосон гэж уг барааг Ч.О- өөртөө авч, огт өгөөгүй билээ. Өрлөг Зэлмэ ХХК-ийн хувьцааг худалдан авах тухай 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин компанийн хувьцааг худалдан авах гэрээнээс татгалзсан атлаа өнөөдрийг хүртэл миний 10.500.000 төгрөгийг өгөөгүй ба одоог хүртэл Ч.О- нь автомашиныг хүргэн Амартүвшингийн нэр дээр шилжүүлэн авч, эзэмшин өгөхгүй байгаа билээ гэжээ.

Нэхэмжлэгч Д.У- сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Ч.О-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өрлөг Зэлмэ ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд Ч.О-ээс тухайн компанийн хувьцааг худалдан авах үнэ буюу 12.700.000 төгрөгөнд 10.500.000 төгрөгөнд үнэлэгдэж байсан 2008 онд үйлдвэрлэгдсэн ТОҮОТA Рrius 18-39 УНТ автомашинаа түүнд шилжүүлэн өгсөн. Тухайн гэрээнээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр талууд татгалзан өгсөн авснаа талууд буцаахаар болж, Өрлөг Зэлмэ ХХК ийн хувьцааны эрхийг буцаан шилжүүлэн өгсөн байдаг. Тухайн компанийн өмч болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-13 дугаар байрны ард байрлах сендвичэн барилгыг 2016 оны 08 дугаар сараас эзэмшиж байсныг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэн өгч түлхүүрийг Ч.О- авсан. Энэ үед Д.У-ийн хөрөнгө болох худалдаж байсан хүнсний бараа материалуудыг авч, өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тухайн барилгыг нэхэмжлэгч худалдан авах хүсэлтэй байсан боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тухайн барилгыг худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй бөгөөд тухайн хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж байгаагүй. Тиймээс түүнд 155 000 000 төгрөг төлөх үүрэг үүсээгүй. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр компанийн хувьцааны эрхийг худалдах худалдан авах гэрээнээс талууд татгалзан Ч.О- нь компанийн хувьцааны эрхийг буцаан авах болж, нотариатаар гэрээ хийгдсэн ба тухайн компанийн өмчлөлд өнөөдрийг хүртэл хэвээр байгаа болно. Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13 дугаар байрны ард байрлах сендвичэн барилга бүхий өмчийг эзэмшиж байсныг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ч.О- хүлээн авснаас хойш ч тухайн компанийн өмчлөх эрх бусдад шилжигдээгүй, ба өмчлөх эрх шилжин ирээгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Тухайн компанийн хувьцааны эрхийг шилжүүлэн авч, тухайн компанийн төлөөлөх эрх шилжин ирсэн байсан боловч төлөөлөх эрхийг Ч.О- нь 2017 оны 04 дүгээр сарын 14-нд буцаан авч, уг компанийн тамга тэмдэг болон бусад холбогдох баримтыг авсан гэсэн атал өнөөдрийг хүртэл төлөөлөх эрхийг шилжүүлэх шийдвэрийг өгөөгүй гэх шалтгаан хэлдэг атлаа тамга тэмдгийг хүлээн авсан. Уг шийдвэрийг улсын бүртгэлийн холбогдох байгууллагаас шаардаж байгаа бол тамга тэмдэг өг дараад өгье гэхэд тамга тэмдгээ өгөөгүй байгаа билээ гэжээ.

Хариуцагч Ч.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Миний бие иргэн Д.У-тэй 2016 оны 05 сарын 15-ны өдөр “Өрлөг Зэлмэ” ХХК-ийн Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дагуу Өрлөг Зэлмэ" ХХК-ийн 100%-ийн хувьцааг шилжүүлэх замаар тус компанийн өмчлөлд байсан дэлгүүр болон үйлчилгээний зориулалттай талбай, доорх газрыг эзэмших эрх, дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус шилжүүлсэн. Хэдий хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд хувьцааг шилжүүлэх үнийг 12.700.000 төгрөг гэж заасан боловч бодитоор талууд дэлгүүр, үйлчилгээний талбай, газрын эрх, дэлгүүрт байсан бараа зэрэг хөрөнгүүдийг нийт 190.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байсан. Дэлгүүрийг Д.У-т шилжүүлж өгөхөөс өмнө миний бие өөрөө дэлгүүрийг ажиллуулж орлого олдог байсан бөгөөд дэлгүүрийг шилжүүлэх үед дэлгүүрт нийт 2.000.000 орчим төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн байсныг мөн дэлгүүрийн хамт Д.У-т шилжүүлсэн. Д.У- Компанийн хувьцааг шилжүүлж авснаас хойш худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 140.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 9.787.300 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус төлсөн. Мөн тус гэрээний төлбөрт тооцож Тоёота Приус маркийн 18-39 УНТ улсын бүртгэлийн дугаартай автомашиныг 10.500.000 төгрөгт тооцож манай хүргэн Д.Амартүвшингийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн Амира цахилгааны төлбөр гэсэн утга бүхий 2016 оны 08 дугаар сарын 23-ны баримтаар гаргаж өгсөн төлбөр нь энэхүү гэрээний төлбөртэй ямар ч холбогдолгүй төлбөр буюу миний хүлээж аваагүй төлбөр байна. Д.У- нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 151.572.700 төгрөгийг банкнаас зээл аваад бүрэн төлж барагдуулна гэж надад амалсан. Гэтэл банкны зээл хөөцөлдөж байгаа гэсэн тайлбар өгсөөр намайг бүтэн жил орчим хүлээлгэсний дараа банкны зээл бүтсэнгүй дэлгүүрийг худалдаж авах боломжгүй болсон гэсэн тайлбарыг хэлсэн. Ийнхүү дэлгүүрийг буцаан өгөхөөр болж 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өрлөг Зэлмэ ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэхээр болж Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Ийнхүү Компанийн хувьцааг буцаан шилжүүлэх гэрээ байгуулахдаа нэгэнт төлсөн байсан 15.000.000 төгрөгийг буцааж авахгүй гэж Д.У- өөрөө хэлсэн бөгөөд Приус автомашины хувьд миний бие буцааж өгөхийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь Д.У- нь дэлгүүрийн хажуугийн үйлчилгээний талбайг түрээсэлдэг байсан түрээсийн төлбөрийг төлөөгүй, дэлгүүрийг жил орчим хугацаанд эзэмшиж, ашиглан ашиг орлого олж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд Приус автомашины төлбөрийг гэрээнээс татгалзсаны нөхөн төлбөрт тооцно гэдгийг хэлсэн. Үүнийг Д.У- хүлээн зөвшөөрсөн бөгөөд дэлгүүрийн хажуугийн үйлчилгээний талбайг 2017 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн түрээсэлж байсан. Хэдий Д.У- нь дэлгүүрийг буцааж өгнө гэж Компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч Компанийн хувьцааг надад бодитоор буцаан шилжүүлж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Компанийн хувьцааг шилжүүлэхэд улсын бүртгэлийн байгууллагаас хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг шаарддаг бөгөөд Уранчимэг энэхүү шийдвэрийг гаргаж өгөхгүй байгаа тул хувьцааг буцаан шилжүүлж авч чадахгүй байгаа. Д.У- нь нэхэмжлэлдээ ... Миний бие уг хөрөнгийг худалдан авсны дараа Хас банкны барьцаанд тавьж, уг дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 50.000.000-ийн зээл авсан бөгөөд тухайн дэлгүүрийн орлого тааруу байдлаас зээлийн төлбөрт орсон. Энэ байдлын талаар Ч.О- мэдэж байсан ба эд хөрөнгө, компанийн хувьцаагаа буцаан авах үедээ миний түүнд шилжүүлэн өгсөн мөнгийг Хас банкны зээлийн үлдэгдэл болох 37.990.000 төгрөгийг Ч.О- нь төлөхөөр талууд харилцан тохиролцсон, хөрөнгө компаниа шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Гэтэл миний бие Д.У-ийн Хас банкнаас авсан зээлийг төлнө гэсэн амлалт хэзээ ч өгч байгаагүй. Харин ч миний бие дэлгүүрээ 1 жилийн хугацаанд ашиглаж, ажиллуулж чадаагүй, миний хөрөнгүүдийг Хас банкны зээлийн барьцаанд тавьчхаад одоог хүртэл барьцаанаас чөлөөлүүлж өгөхгүй байгаа, тус хөрөнгүүд нь зээлийн төлбөрт хураагдах гэж байгаа зэрэг нөхцөл байдал нь хохирсон этгээд нь Д.У- биш миний бие гэдгийг харуулж байна. Д.У- нь Хас банканд Өрлөг Зэлмэ ХХК-ийн хөрөнгүүдийг барьцаалахдаа надад огт мэдэгдээгүй бөгөөд миний бие сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулахдаа банкны барьцаанд байгааг гэдгийг олж мэдсэн. Ийнхүү банкны барьцаанд байгаа учраас миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийн эх хувийг буцаан авах боломжгүй байгаа. Мөн Д.У- нь хувьцааг надад буцаан шилжүүлсэн гэх боловч бодит байдлаар улсын бүртгэлд хувьцааг худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлээгүй, миний бие компанийн хувьцааг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй байгаа учраас Д.У-т ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй юм. Гэтэл Д.У- нь өөрийнхөө хариуцлагагүй үйлдлийн улмаас өрөө төлж чадалгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэрэг нь очсоныг миний буруу мэтээр бичсэн байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.О- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Ч.О- нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Д.У-тэй Өрлөг Зэлмэ ХХК-ийг 190.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж Өрлөг Зэлмэ ХХК нь Д.У-ийн нэр дээр шилжиж компанийн нэр дээр байдаг 3-13 дугаар байрны ард байрлах МҮ Маrket хүнсний дэлгүүрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж хүнсний дэлгүүрээ хүнсний бараатай нь Д.У-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн.

Гэтэл 2017 оны 4 дүгээр сард буюу 11 сарын дараа /бараг 1 жил гаруй хугацаанд дэлгүүрийг ажиллуулсан/ мөнгийг өгч чадахгүй боллоо гээд буцаая гээд надтай гэрээ хийсэн боловч компанийн эрхийг надад шилжүүлж өгөөгүй. Д.У- 2016 оны 5 сарын 15-ны компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээг үндэслэн компанийг өөрийн өмчлөлд авсан байх үедээ Хас банкнаас 50 сая төгрөг зээлж зээлийн барьцаанд Өрлөг Зэлмэ ХХК-ийн дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээлээ төлж чадахгүй болонгуут Хас банктай эвлэрлийн гэрээ байгуулж уг гэрээний дагуу шүүгчийн захирамж гарч ШШГА-нд шилжсэн байгааг надад огт хэлээгүй. Харин би 2018-04-27-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс нь олж мэдсэн билээ. Иймд 2017 оны 4 сарын 14-ний өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.О- сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Миний бие Ч.О- нь Д.У-т холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд одоо уг шаардлага дээрээ дараах шаардлагыг нэмэгдүүлж байна. 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу хүлээсэн үүргээс 151.727.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй тул 151.727.000 төгрөгийг Өрлөг Зэлмэ ХХК-ний захирал Д.У-ээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/01274 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2, 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-ийн Ч.О-ээс 39.273.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Д.У-ээс 151.727.000 төгрөг гаргуулан Ч.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354.315 төгрөг, хариуцагч Ч.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.144.070 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.У-ээс улсын тэмдэгтийн хураамжаар.986.785 төгрөг гаргуулан хариуцагч Ч.О-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.О-д холбогдох иргэний хэргийн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/01274 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь

Тус иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 204 р зүйлийн 204.1 заалтыг хэрэглэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэрээнээс татгалзах тухай мэдэгдэх гэх заалтын үндэслэл нэг тал нь татгалзах хүсэлтээ мэдэгдснээр хэрэгжүүлэх ба татгалзах тухай мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй бөгөөд талууд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлэн “нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах худалдан авах” “компанийн эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбаруудаар нотлогдсон. Энэхүү гэрээг үндэслэн Ч.О- нь компанийн тамга тэмдэг болон компанийн үл хөдлөх хөрөнгө болох дэлгүүрийг буцаан авсан ба авахдаа Уранчимэгийг хохироосон гэж үзэн арваад сая төгрөгний үнэ бүхий хүнсний барааг нь өөртөө үлдээн авсан.Уг гэрээг үндэслэн Д.У- нь тухайн дэлгүүрийн түлхүүрийг хүлээлгэн өгч энэхүү өдрөөс хойш тус компанийн үл ажиллагаанд төлөөлөн оролцоогүй нь хэрэгт нотлогдсон. Энэхүү гэрээг талууд тайлбарлахдаа 2016.5.15 ны өдөр нотариатаар батлуулсан 2015.10.10 гэх огноотой гэрээнээс татгалзсан гэрээ гэх ба үүсгэн байгуулагч эрх шилжүүлэх шийдвэрээ гаргаж өгөөгүй учир Д.У- / үүсгэн байгуулагч биш /төлөөлөх эрх нь хэвээр байна гэж дүгнэж гэрээнээс татгалзаагүй байна гэж шийдвэрлэсэн. Гэтэл 2017.04.14 ны өдөр 2 гэрээ байгуулсны нэг болох 12:03 минутад байгуулсан “компанийн эрх шилжүүлэх гэрээ” байх ба энэхүү гэрээгээр төлөөлөх эрхийг бүрэн шилжүүлж, уг гэрээ хүчин төгөлдөр болсноос өдрөөс хойш компанийн үйл ажиллагаатай гарсан ямар нэгэн хариуцлагыг эрх шилжүүлэн авагч тал хариуцна гэх гэрээ байгуулсан нотлох баримт хэрэгт авагдсныг анхаарч үзэлгүй Д.У- үүсгэн байгуулагчийн шийдвэр гаргаагүй, эрх шилжүүлээгүй татгалзах эрхээ алдсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

 2017 оны 04 дүгээр сарын 14-нд Ч.О- нь компанийн эд хөрөнгө болон компанийн тамга тэмдгийг өөрийн мэдэлд авч, өнөөдрийг хүртэл Ч.Уранчимэгт өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон Ч.О-ийн өөрийнх тайлбараар нотлогддог.Тамга тэмдэг байхгүй, төлөөлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа талаарх Д.У-ийн тайлбарыг шүүх үнэлээгүй атлаа шийдвэр гаргаагүй байна гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.Үүсгэн байгуулагчийн шийдвэр гаргах хэдий хугацаа олгосныг Д.У- / үүсгэн байгуулагч биш / нь биелүүлээгүй болох нь хэрэгт нотлогдоогүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн огноотой 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нотариатын үйлдэл хийгдсэн гэрээ нь Өрлөг зэлмэ ХХК ийн хувьцааг иргэн Д.У-т худалдахаар тухайн компанийг төлөөлөн Ч.О- гэрээ хийсэн байх бөгөөд уг гэрээ нь компанийн хувьцааг 10.500.000 төгрөгөнд тохиролцон худалдаж худалдан авсан гэх гэрээ байх ба уг гэрээнд компанийн хувьцаа эд хөрөнгийг 190.000.000 төгрөгөнд худалдаж байгаа гэх нэг ч тохиролцоо байхгүй. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуульд заасан .Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг, компанийн хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.У- худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн бол Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтад тухайн компаниас хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн буюу гаргасан нийт давуу эрхийн болон энгийн хувьцааны нэрлэсэн үнийн дүнг компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө гэх бөгөөд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд тухайн компанийн зарласан болон эргүүлэн худалдаж авсан халаасны хувьцаа хамаарахгүй. 30 дугаар зүйлийн 30.2.-т Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно.Мөн хуулийн 31.2.1-т нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах; 31.2.2-т хувьцаа нэмж гаргах замаар өсгөхөд үнийн өөрчлөлт орох талаар заасныг анхаараагүй ба Компанийн хувьцааг 190.000.000 төгрөгөнд худалдан авсан уу эсвэл үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан уу гэх байдал тогтоогдоогүй ба хариуцагч тал Өрлөг зэлмэ ХХК ийг гэх тайлбарыг өгдөг ба хувьцааны үнийг 190.000.000 төгрөгөөр өсгөсөн гэх хувьцаа эзэмшигчийн шийдвэр баримт байхгүй. Гэрээнээс үзэхэд компанийн хувьцааг 12.700.000 төгрөгөнд худалдсан гэх баримт бий. Харин нэхэмжлэгч тухайн компанийн хөрөнгө болох сендвичин барилгыг газрын хамт худалдан авах гэж тохиролцсон гэх ба уг барилгыг худалдах худалдан авах гэрээ бидний хооронд хуулийн шаардлага хангагдсан нөхцлөөр хийгдээгүй өнөөдрийг хүртэл уг эд хөрөнгө тухайн компанийн өмчлөлд байгаа гэх тайлбарыг гаргадаг. Анхан шатны шүүх “ Д.У- компанийг худалдаж , худалдан авахаар тохиролцсон байна гэж “хуулийн этгээд”ийг худалдах худалдан авах гэрээ хийсэн мэт дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй. “Хуулийн этгээд"ийг худалдах худалдан авах гэрээг хууль ёсны эсэхийг анхаарч үзээгүй атлаа “хуулийн этгээд” худалдан авах гэрээ хийсэн байна гэж дүгнэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243. 1 заалтыг баримталж  төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэхүү заалт нь биет байдлын доголдолгүй , эрхийн зөрчилгүй хөрөнгө , холбогдох баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаарддаг бөгөөд талуудын хооронд хийгдсэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн огноотой 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нотариатын үйлдэл хийгдсэн гэрээний дагуу биет байдлын доголдолгүй , эрхийн зөрчилгүй хөрөнгө, холбогдох баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн эсэхэд өөрөөр хэлбэл хариуцагчийн худалдсан гээд байгаа “хуулийн этгээд" худалдах худалдан авах ямар хөрөнгө болох, эсвэл нэхэмжпэгчийн худалдан авсан гэх компанийн хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийг хэдэн төгрөгөнд худалдаж, худалдан авах гэрээ хийсэн болохыг тодруулаагүй, талуудыг мэтгэлцэж байгаа асуудалд бодит дүгнэлт хийгээгүй атал уг заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчлэх бөгөөд хувьцааг худалдан авснаар “хуулийн этгээд “ худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй.Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээ нь зөвхөн хувьцааг худалдах худалдан авах гэрээ байгааг шүүх анхаарч үзээгүй. Хувьцааг 190.000.00 төгрөгөөр худалдан авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад Д.У-ээс 151.727.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Компанийн хувьцааг 127.000.000 төгрөгөнд худладан авсан талаар талууд маргадаггүй бөгөөд уг хэлцэл нь Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн 243 р зүйлийн 243.1 зөрчөөгүй хийгдсэн гэж хэлцэл мөн эсэхийг анхаарч үзээгүй. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн огноотой 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн компанийн хувьцааг худалдан авах үед компанийн үл хөдлөх хөрөнгө бусдын барьцаанд буюу ВиншФанд банк бус санхүүгийн байгууллагад байсныг Д.У- нь өөрийн мөнгөөр барьцаанаас чөлөөлсөн баримт хэрэг авагдсан ба үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч тайлбар гаргадаг. Хувьцааг худалдах худалдан авах үед хөрөнгө барьцаатай эсэх хамааралтай эсэх, буцаан татгалзахад үүсгэн байгуулагчийн шийдвэр болон компанийн хөрөнгө барьцаатай эсэх хамааралтай эсэхийг шүүх анхаарч үзээгүй атлаа уг гэрээнээс татгалзахдаа ямар хууль зөрчсөн болохыг дүгнээгүй атлаа хууль зөрчсөн эгж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүлйийн 56.1.8 заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 243.1 заалтыг баримтлан Д.У-ээс 151.000.000 төгрөг гаргуулах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд компанийн ямар хөрөнгийг худалдах худалдах авах үүргийг хүлээлгэж төлбөрийг гаргуулж байгаа нь тодорхойгүй , компанийн тухай хууль болон Иргэний хуулийн 243 р зүйлийн 243.1 заалтыг зөрчсөн.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч мэтгэлцсэн ба шаардлага гаргахдаа Өрлөг зэлмэ ХХК ийн захирал Д.У- гэж нэхэмжилж хуулийн этгээдийг татсан , шүүх хуралдаанд хуулийн этгээдийг хариуцагчаар татсан бол тусдаа шаардлага гаргах үндэслэлтэй гэж мэтгэлцэхэд хувь иргэн Д.У- болгон хариуцагчийг шүүх хуралдаан дээр өөрчилснийг үндэслэн Д.У- хариуцах үндэслэлтэй гэж тухайн шаардлагыг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаарр зүйл , 28 дугаарр зүйлийн 28.4 заалтыг зөрчсөн.

 Компанийн хувьцааг 12.700.000 төгрөгөнд худалдаж худалдан авахаар тохиролцон худалдаж худалдан гэрээг үндэслэн Д.У-ээс 151.727.000 төгрөг гаргасан нь үндэслэлгүй байх ба компанийн өмч хөрөнгө болох Өрлөг зэлмэ ХХК ийн өмчлөлийн бүртгэлтэй Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3 хороолол 13 байрны хойд талд байрлах дэлгүүрийн зориулалттай 80 мкв талбайтай худалдааны зориулалттай сендвич барилгыг үнэ барьцаанд тавихад 70.000.000 төгрөг хүрч байсан, үнэлгээний байгууллага 88.000.000 төгрөгөөр үнэлсэн байх ба 190.000.000 төгрөгөнд хүрч үнэлж байгаа байгууллага байхгүй байна. Ч.О- ноцтой төөрөгдсөн биш харин Д.У- ноцтой төөрөгдсөн буюу дээрх барилга 190.000.000 төгрөгөнд худалдан авах хөрөнгө байгаагүй нь нотлогдсон ба уг компанийн ногдол ашиг олдог компани эсэх , санхүүгийн хөрөнгө балансад хэдэн төгрөгөөр үнэлэгдэн бүртгэсэн болох, талууд гэрээ хэлцэл хийж байх үед санхүүгийн тайланд орлого зарлагаа тайлагнаж үйл ажиллагаагаа явуулж байсан эсэх хувьцаа худалдан авч хөрөнгө оруулсан эсэх нь тайлан балансад тусгагдсан эсэх, ялангуяа Ч.О- өөрийн дансаар авсан авсан мөнгө хувьцааны үнээр баталгаажин, компанид хөрөнгө оруулсан эсэхийг нэхэмжлэгч нотлохоор татварын байгууллагаас санхүүгийн тайлан, холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг гаргахад хүлээн аваагүйгээс нэхэмжлэгч мэтгэлцэх боломжгүй болгож эрхийг хязгаарласан атлаа нэхэмжпэгчийн иргэн Ч.О-ийн хувийн дансаар өгсөн /компанийн биш/ мөнгө болон бусад газруудын төлбөрийг төлсөн мөнгө болох 39.273.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2019/01274 тоот шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.У- хариуцагч Ч.О-д холбогдуулан төлбөр-39.273.000 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.О- 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, нэг гишүүнтэй компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, 151.727.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.У-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 109 дугаар магадлалаар хянан хэлэлцэж “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн ба хариуцагч Ч.О- сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “Өрлөг зэлмэ” ХХК-ийн захирал Д.У- болгон өөрчилсний дагуу сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч компанийн захирал Д.У-т  гардуулсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.У- нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Итгэмжлэл”-ээр нэхэмжлэгчийн эрх, үүргийг эдэлж бүрэн төлөөлөх үйлдэл хийх эрхийг  Х.Оюунбатад 3 жилийн хугацаагаар олгосон боловч анхан шатны шүүхээр хэргийг дахин хянан шийдвэрлэх явцад буюу 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олгосон “Итгэмжлэл”-ээр “Өрлөг зэлмэ” ХХК-ийг төлөөлөх эрх Х.Оюунбатад олгоогүй байна.

Хариуцагч Ч.О-ийн гаргасан “компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Худалдах, худалдан авах гэрээний төлбөр 151.727.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэл нь иргэн Д.У-т биш Өрлөг зэлмэ ХХК-д холбогдуулан гаргасан, тус компанийн захирлаар Д.У- бүртгэгдсэн байхад шүүх түүнд хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй зэргээр тус компанитай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй, шүүхийн шийдвэрт Өрлөг зэлмэ ХХК, захирал Д.У-ийн гаргасан тайлбарыг бичээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зөвхөн Д.У-т холбогдуулан дүгнэлт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам  болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчжээ.

Дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-д заасан үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ/2019/01274 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.341.100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.УРАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                              Б.БАТТӨР

                                                                              Б.ОЮУНЦЭЦЭГ