Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2019/01480

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2019/01480

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Т.Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н,  

Хариуцагч: Б.Г,  

Хариуцагч: Д.Э нарт холбогдох,

“Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг Эрдэнэ Хабитат 9 гудамж 1а тоот хаягт байрлах 877 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж, газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч, хариуцагч Б.Г, Б.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Г.Х нь 2017 оны 12 дугаар сард Б.Эээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг Эрдэнэ хабитатын 9 дүгээр гудамжны 1а тоот хаягт байрлах 877 м.кв газрыг худалдан авсан. Уг газрыг өмчлөх эрх улсын бүртгэлийн Г-2101016764 дугаарт миний нэр дээр бүртгэгдсэн. Өөрийн өмчлөлийн газрыг шинээр хашаажуулах зорилгоор 2018 онд газрын кадастрын зургийн дагуу холбогдох мэргэжилтнээр хэмжүүлж цэг хатгуулан шон зоосон. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын сүүлчээр дай мод бэхэлж банзаар хашаа барих гэсэн боловч Б.Н, түүний нөхөр гэх Э нар нь хашаа бариулахгүй бид энэ газрыг авах ёстой гэх мэтээр дураараа аашлаад зогсохгүй надад газраа зар гэх мэт шаардлагыг тавьж дайрч доромжилсон. Газар маань эзэнгүй байсан тул хөдөөнөөс нүүж ирсэн Лхагвадорж гэх айлыг өмчлөлийн газар дээрээ 6 сард буулгасан боловч Б.Н, Э, Б.Г нар нь Лхагвадоржийг хэл амаар доромжлон газраас нүүхээс өөр аргагүй байдалд оруулан нүүлгэсэн. Мөн дээрх газрын нийтийн эзэмшил рүү нэвтрэх хэсэг буюу хаалга гарах хэсгийг бүхэлд нь төмөр хашаагаар үргэлжлүүлэн хаасан байгаа ба уг төмөр хашааг буулгаж авах талаар шаардлага тавьсан боловч хашааг барьсан эзэн болох Б.Н, Э нарын хүүхэд болох Б.Г нь хашааг буулгалгүй байсаар өдийг хүрээд байна. Ийнхүү надад бусдын хашааг буулгах эрх байхгүй төдийгүй өөрийн өмчлөлийн уг газрыг ашиглах, хашаажуулах зэргээр өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг Эрдэнэ Хабитат 9 гудамж 1а тоот хаягт байрлах 877 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг Б.Н түүний нөхөр Э, Б.Г нарт даалгаж, газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Б.Г, Б.Н, Д.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Б.Н, Д.Э, Б.Г нар нь "хүнд олгоогүй, хашаагаа татаад газрын гэрчилгээгээ гаргуул" гэж газрын албаны ажилтны хэмжиж, тэмдэгжүүлж өгсний дагуу Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн одоогийн Хабитатын 9 -1а, б хаягт байрлах газрын нүүрэн талыг битүүлж 2017 оны 7 сарын 1-нд төмөр хашаа барьсан. Тухайн үед газрын гэрчилгээгээ гаргуулах болоход Хабитатын 9-1а байрлалд иргэн Б.Эт өмчлөх хүсэлт гаргаагүй оочерт ороогүй байхад Баян -Өндөр Сумын Засаг даргын 2017.01.03-ны өдрийн А/02 тоот захирамжаар 15 жилээр газар эзэмших гэрчилгээ гаргаж өгсөн байсан.

Нэхэмжлэгч Т.Х нь 2017 онд хууль бус газрын наймааны талаар маргаан үүссэнээс хойш 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан байдаг бөгөөд төмөр хашаагаа ав гэсэн шаардлагыг тавьж байгаагүй, түрүү жил ч тавиагүй шууд шүүхэд хандсан. Бид нэхэмжлэгчийг хэл амаар доромжлоогүй, нэхэмжлэгч Т.Х нь удаа дараа зөвхөн газар зарах сонирхлоо илэрхийлдэг.

Хариуцагч нарын зүгээс дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна.

1. Хабитатын 9-1а, б байршлын нүүрэн талыг төмөр хашаагаар битүүлэхдээ бид дур мэдэн хашаа бариагүй газрын албаны эрх мэдэл бүхий ажилтны заавраар нэхэмжлэгчийг газар худалдаж авахаас өмнө 2017 оны 7 сарын 01-нд барьсан.   

2. Нэхэмжлэгч Т.Хд газар зарсан Б.Эт газар олгосон шийдвэр нь илт хууль зөрчсөн, авлига өгсөн талаараа ил цагаан илэрхийлж байсан учраас шалгуулах хүсэлтээ 2017, 2018 онуудад холбогдох дээд шатны удирдлагад гаргасан боловч ямар нэг шийд гараагүй учраас 2019 оны 04 сарын 03-нд аймгийн Засаг даргын орлогч Батжаргалд шалгуулах хүсэлт гаргаснаар Баян-Өндөр сумын Засаг дарга Ганцогтод албан бичиг явуулж, хариуцагч Д.Э, Б. Н нарын гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд материал ирүүл гэсний дагуу нэхэмжлэгч Т.Хгийн газрын материалыг аймгийн захиргаа татан авч одоо шалгаж байгаа юм. 2019 оны 04 сарын 29-нд Орхон аймгийн Засаг дарга Батлутад гомдол гаргасны дагуу хуулийн хэлтсийн ажилтан Баттүвшин холбогдох баримт материалыг татаж мөн шалгаж байна.   

3. Газрыг зориулалтын дагуу хэрэглээгүй, хашаа ч хатгаагүй 2 жил болсон, Газрын тухай хуулийн дагуу хураагдах хугацаа нь болсон. Нэхэмжлэгч Т. Х 2019 оны 4 сарын 29-нд анх хамар хашааны талыг татаж эхэлсэн. /Зураг хавсаргав./  

Нэхэмжлэгч Х нь 2018 оны 6 сарын 20-нд дур мэдэн хашааны хаалга, цоож, жорлонгийн цоожийг эвдэлж, төрийн өмчийн газар дээр Онцгой байдлын ажилтан Л-ийнхыг буулгаснаар, ил задгай бие засах, угаалгын машин ажиллуулж шууд урсгах зэргээр хөрс, орчин бохирдуулж амьдарч байгаад Цагдаагийн байгууллагын шаардлагаар 2018 оны 9 сарын сүүлээр нүүж явахдаа дахин хашааны хэсгээс эвдэлж төмрийг нь ширхэг ширхэгээр нь салгаж орхиод нүүж явсан. Бид 500 000 төгрөгөөр гагнуулахад хүрч бидэнд ч эд материал, санхүүгийн хохирол учруулсан.   

Бид нэхэмжлэгч Т.Хд анх Б.Эт газар эзэмшүүлсэн захирамж үндэслэлгүй нь тогтоогдсон тохиолдолд хугацаа алдуулалгүй шинээр газар өмчлүүлэх хуультайг эв зүйгээр эхнээсээ одоог хүртэл тайлбарлаж, хэнд ямар газрын хэрэгцээ байгаагаа ярилцаад асуудлаа нэг тийш нь болгоё гэсэн эерэг санал тавихад хариу өгөлгүй шүүхэд дахин хандаж байгаа нь хардлага төрөхөөр байгаа юм.

Нэхэмжлэгчийн газрын анхны 15 жилээр эзэмшүүлсэн шийдвэрийг хянан шийдвэрлэтэл хашааны хэсгийг авах боломжгүй.

Би нэг ч удаа газар дээр нь очиж зогсож байгаагүй юм. Харин ч Т.Х хашааг эвдэлж, хэмхэлж дайрч ордог. Олон юм ярьж байхын оронд өмчлөх эрхтэй гэдгээ нотлох хэрэгтэй байсан. 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр айл буулгаж байхад бид нар 30-ны өдөр очиж байх жишээтэй. Бичсэн мессежээр нотлогдож байна гэж байна. Нотлогдохгүй л дээ. Т.Х мессеж дээрээ өөрөө зарахаа илэрхийлдэг. Бид хэзээ ч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүй. С.Лхагвадоржийг буухаас өмнө цэг тавьсан зүйл байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр 15 жилээр эзэмшүүлэх гэрчилгээ өгсөн байна гэдгийг бид мэддэг. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр надад газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан юм” гэжээ.  

Хариуцагч Б.Н 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Т. Хгийн “Орхон аймгийн Баян Өндөр сум 17-р баг Эрдэнэ Хабитат 9-р гудамж,1а тоот хаягт байрлах 877 м2 газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг, Б. Н түүний нөхөр Д.Э, Б.Г нарт даалгаж газрын нүүрэн талын 21,27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулахаар шийдвэрлэж өгнө үү“ гэх нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж, дараах хуулийн заалтуудыг зөрчсөнийг нотлох баримтаар нотолж байна.  

1. Иргэний хуулийн 101.1 дүгээр заалтыг зөрчиж, нэхэмжлэгч өмчлөлийн газрынхаа хуулиар тогтоосон хэмжээ, хязгаараас гадна талд байрлах бусдын барьсан хашааг буулгуулахаар шүүхэд хандаж байгааг доорх нотлох баримтуудаар нотолж эсэргүүцэж байна.

Нотолгоо 1: Мэргэжлийн байгууллагын кадастрын зургаар тогтоож өгсөн хэмжээ хязгаарын дагуу нэхэмжлэгч өөрийнхөө өмчийн газрын зүүн талыг хязгаарыг тогтоож 2019 оны 4 сарын 29-нд хатгасан 8 шон шүүхийн маргаантай 21,27 метр төмөр хашаанаас 1 метр гаруй дотогш байгаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн өмчийн газарт хийсэн шүүгчийн үзлэгийн баримтжуулсан зургаар нотлогдож байна. / хуудас /

Нотолгоо 2: Хариуцагчийн эзэмшлийн газрын кадастрын зураг дээр нэхэмжлэгч болон хариуцагчийн газрыг зааглаж буй 40, 49 метр газрын төгсгөлийн 4-р цэгээс үргэлжлүүлж 5-р цэгийн координатыг тогтоож, хоорондын зайг 1,27 метр гэсэн хэмжээг тавьж догол үүсгэж дүрсэлсэн нь нэхэмжлэгч Т.Хгийн хатгасан 8 шон өмчлөлийн газрынх хил хязгаар болохыг нотолж байгаа юм. /хэргийн материалын 27-р хуудас/

Нотолгоо 3: Нэхэмжлэгч мэргэжлийн хүн өмчийн газар дээрээ авчирч, газрынхаа хэмжээ, хязгаарыг тогтоолгож, тэмдэглэж өгсөн шохойн зураасны дагуу 8 шонг өөрөө хатгасан нь хариуцагчийн 2017 онд барьсан төмөр хашааны үргэлжлэлийн дотуур байгаа нь нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчийн зүгээс ямар нэг саад хийгээгүйг бэлхнээ нотолж байгаа юм. /хэргийн материалд авагдсан бүх зургууд/

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд маргаантай байгаа 21,27 метр төмөр хашааны хэсэг төрийн нийтийн эзэмшлийн газар дээр байгаа эсэх эсхүл нэхэмжлэгчийн өмчийн газар дээр байрласан эсэхийг нотлуулах мэргэжлийн байгууллагын тодорхойлолт гаргуулах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “ 40.4. шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэсэн заалтыг зөрчсөнийг доорх нотлох баримтаар нотолж эсэргүүцэж байгаа юм.  

Нотолгоо 1: 2018 оны 07 сарын 30-ны өдрийн 142/12018/00761 дугаарын шүүхийн шийдвэрт “төмөр хашаа нь нэхэмжлэгчийн эрхэнд хэрхэн нөлөөлж байгаа, түүний өмчлөлийн газарт хэдэн метр талбайд байрлаж байгаа талаар холбогдох нотлох баримт байхгүй байгааг шийдвэрт дурдав.” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон учир нотлох шаардлагагүй.  

Нотолгоо 2: Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3.1.1 .“кадастр” гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг; гэж заасны дагуу хэрэгт авагдсан кадастрын зургууд нь мэргэжлийн байгууллагаас мэргэжлийн биш хүн, иргэдэд ойлгогдохоор хийж төрөөс баталгаажуулсан үнэт цаас бөгөөд хуульд заасан нийтэд илэрхий үйл баримт учраас нотлох шаардлагагүй юм /хуудас 18, 27/” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Х нь Б.Г, Б.Н, Б.Э нарт холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг Эрдэнэ Хабитат 9 дүгээр гудамж 1а тоот хаягт байрлах 877 м.кв газрыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж, газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Х нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Эээс Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат 9 дүгээр гудамж 1а тоотод байрлах Г-2101016764 улсын бүртгэлийн дугаартай 877 м2 газрыг 1 500 000 төгрөгөөр худалдан авч, 000513190 тоот газрын өмчлөх эрхийн гэрчилгээ авснаар уг газрын өмчлөгч болжээ.  

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Т.Х нь хуулийн дээрх заалтуудын дагуу шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Т.Х нь өөрийн өмчлөлийн газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг хариуцагч Б.Н, Б.Г, Д.Э нар нь буулгахгүй өмчлөх эрхийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд,  Т.Хгийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот хаягт байрлах 877 м2 газрын баруун талд байгаа Эрдэнэ Хабитат 9 дүгээр  гудамжны 1б тоот 839 м2 газрын эзэмшигч нь Б.Н мөн болох нь 000005659 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургаар, мөн Эрдэнэ баг Хабитат 118 тоот 824 м2 газрын өмчлөгч нь Б.Г мөн болох нь 0000118325 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... газрын албаны эрх мэдэл бүхий ажилтны заавраар нэхэмжлэгчийг газар худалдаж авахаас өмнө 2017 оны 7 сарын 01-нд төмөр хашааг барьсан, Б.Эт газар олгосон шийдвэр нь илт хууль зөрчсөн, авлига өгсөн талаараа ил цагаан илэрхийлж байсан учраас шалгуулах хүсэлтээ гаргаад  шалгуулж байгаа. Захиргааны хэргийн шүүхэд бид хандсан боловч нэхэмжлэлийг хүлээн  авахгүй гээд буцаасан... гэж тайлбарласан.

Т.Х нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот газрын өмчлөгч болох нь нотлогдож байгаа бөгөөд, уг газрын өмчлөл, бүртгэлийн асуудал дээр маргаан гараагүй байна.   

Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн албан бичгүүдэд: ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот газрыг анх иргэн Батсуурь овогтой Э нь Аймгийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/253 тоот захирамжаар өмчилж авсан ба дараа нь иргэн Толя овогтой Хд өмчлөлийн газраа шилжүүлсэн байна. Уг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат 9 дүгээр гудамж 1а тоот газарт хэмжилт хийхэд уг газрын нүүрний хэсгийг хааж зүүн урд хэсгээс 30 см, баруун урд хэсгээс 89 см зайд нийт 21,17 м урттай төмөр сараалжин хашаа барьсан байна. Үүнээс төмөр сараалжин хашааны 4,5 м урт хэсэг нь иргэн Т.Хгийн Эрдэнэ баг Хабитатын 9 дүгээр гудамжны 1а тоот газарт орсон байна гэжээ.    

Хариуцагч нар нь Т.Хгийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат 9 дүгээр гудамж 1а тоотод байрлах Г-2101016764 улсын бүртгэлийн дугаартай 877 м2 газрын нүүрэн талын хашааны хэсгийг хааж, нийтийн эзэмшлийн талбай болон Т.Хгийн өмчлөлийн тодорхой хэсэгт, нийт 21.27 метр урт төмөр сараалжин хашаа барьсан нь өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байна гэж үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагч нар, Т.Хгийн худалдаж авсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат 9 дүгээр гудамж 1а тоотод байрлах Г-2101016764 улсын бүртгэлийн дугаартай газрыг: ...анх Б.Эт газар олгосон шийдвэр нь илт хууль зөрчсөн, авлига өгсөн талаар холбогдох газарт өргөдөл гомдол гаргаж шалгуулж байгаа, газрыг зориулалтын дагуу хэрэглээгүй, хашаа ч хатгаагүй 2 жил болсон, Газрын тухай хуулийн дагуу хураагдах хугацаа нь болсон гэх боловч, тайлбар татгалзалтайгаа холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Т.Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Харин тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШШ2018/00761 дугаартай шүүхийн шийдвэрээр Т.Хгийн нэхэмжлэлтэй Б.Нд холбогдох өөрийн өмчлөлийн газарт барьсан төмөр хашааг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурьдсан этгээдийг хэлнэ гэж заасан тул Б.Нд холбогдуулан гаргасан Т.Хгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов... гэсэн байна.

Хариуцагч нар өмнө нь шүүх шийдвэрлээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж мэтгэлцэж байх боловч, энэ хэрэгт Б.Г, Д.Э нар хамтран хариуцагчаар татагдсан, мөн өмнө нь шүүх шийдсэн нэхэмжлэлд өөрийн өмчлөлийн газраа чөлөөлүүлэх шаардлага гаргасан бол энэ хэрэгт өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг хариуцагчид даалгаж, хашааг албадан буулгуулах шаардлага гаргасан. Иймд шүүх хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Хгийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот хаягт байрлах 877 м2 газрын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг хариуцагч Б.Г, Б.Н, Д.Э нарт даалгаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р баг, Эрдэнэ Хабитат 9 гудамжны 1а тоот хаягт байрлах 877 м2 газрын нүүрэн талын 21.27 метр газрыг хааж барьсан төмөр хашааг албадан буулгасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Б.Н, Б.Э нараас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА