Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/01544

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 18 өдөр                     Дугаар 142/ШШ2019/01544                                  Орхон аймаг

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Ч.Г-гийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Т.А-д холбогдох   

“Зээлийн гэрээний үүрэг 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.М, Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Ч.Г 2019 оны 06 сарын 25-ны өдөр Т овогтой Ад 10 000 000 төг /арван сая төгрөг/ зээлдүүлсэн. Т.А нь өөрийгөө “УТООБ” ХХК-ны захирал ажилтай гэж танилцуулсан. Харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулахдаа 2019 оны 06 сарын 25-аас 26-ны хооронд нэг өдрийн нийт үнийн дүнгийн 1%-р хүүгээ тооцож гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Гэвч Т.А нь 2019 оны 06 сарын 26-ны өдөр гэрээнд заасны дагуу зээлсэн мөнгөө өгөөгүй. 2019 оны 07 сарын 16-ны өдөр миний Хаан банкны 5031184417 тоот данс руу удаа дараалан шаардсаны үндсэн дээр 6 000 000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 4 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Энэ хугацаанд би тухайн 10 000 000 төгрөгийг Улаанбаатар хотод байр авах мөнгөнөөсөө зээлдүүлсэн байсан. Байр авахдаа найзаасаа 5 000 000 төгрөгийг нь банкнаас авахуулсан байсан. Энэ өнгөрсөн хугацаанд хүнээс хүүтэй мөнгө зээлсэн гэх мэт нийт зардал хүү алданги тооцон 6 000 000 төгрөгийг Т.Ааас гаргуулан өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Миний хүсэлтийг хүлээн авч хохирлыг барагдуулж өгөхийг хүсье...” гэжээ.  

Нэхэмжлэгч Ч.Г 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ч.Г нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ад 10 000 000 /арван сая/ төгрөг зээлдүүлсэн. Тус 10 000 000 төгрөгийг Аын ХААН банкны данс болох 5090215027 тоот данс руу 11 цаг 34 минутанд 8 600 00 /найман сая зургаан зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Тухайн өдөр гадуур ажилтай явж байхад надад 1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг хэрэг болоод байна гээд гуйж ярьсан. Ингээд Аын ХААН банкны 2090215027 тоот данс руу өөрийн Төрийн банкны 131100055557 тоот данснаас 1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Гэрээнд тусгахдаа 8 600 000 төгрөгийг өдрийн 86 000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр хугацаа хоцорсон тохиолдолд өдрийн 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан. Тухайн үед Ад би өөрийн орон сууц худалдан авах мөнгөнөөсөө зээлдүүлсэн. Ингээд миний мөнгийг өгөхгүй, зээл гарахгүй, төрийн сангаас тендерийн санхүүжилт орж ирэхгүй байна гэх шалтаг шалтгаан хэлсээр 7 сарын 05 болсон байдаг. 7 сарын 05-ны өдөр би арга тасарч залгахад шүүх дээр байна, хүрээд ир гэсэн. Би очиж чадахгүй, хуучин шүүх дээр уулзъя гэж товлосон. 99354400 дугаартай төрсөн ах ДЦС-д ажилладаг Баярсайхантай хуучин шүүхийн урд уулзахаар болов. Ингээд Баярсайхан А хоёртой нүүр тулж уулзсан. Төрсөн ах Баярсайхан нь төрсөн дүү болох аймгийн захиргаанд ажилладаг Ариунболд гэх дүүгээ дуудаж хийсэн гэрээтэй танилцаж ярилцсан. Ариунболд нь бид гэр бүлээрээ шийдээд наадмаас өмнө чиний мөнгийг ямар нэгэн байдлаар зохицуулж өгнө гэсэн боловч хэлсэндээ хүрээгүй. 7 сарын 16-ны өдөр А миний ХААН банкны данс болох 5031184417 тоот данс руу 6 000 000 /зургаан сая/ төгрөг шилжүүлсэн. 8сарын 15-нд би УБ хотод байр авах болоход надад 4 000 000 төгрөг дутаж байсан. Ад зээлсэн мөнгө маань надад сох дутсан. Ингээд найз охин болох Ариунтуяагаар ХХБ-аас цалингийн зээл гуйж авахуулсан. А нь удахгүй зохицуулж өгнө гэж надад хэлсэн учир. Ингээд найз маань сар болоход надаас мөнгөө авъя гэж нэхсэн. Энэ хугацаанд би ажилгүй байсан тул боломжит онлайн программуудаас зээлж авсан, ломбарданд монетон ээмгээ тавьж хүнээс сарын 10 хувь, 15 хувийн хүүтэй зээл авч Анхтуяад зээлсэн мөнгөө өгсөн. Нотлох баримтууд хавсаргав.

1. ХХБ-аас зээл авахад 65 000 төгрөгний шимтгэл төлсөн,

2. 8/16-12-16 хооронд хооронд ХХБ-нд 8/30-34 530 төгрөг, 9/30-72 130 төгрөг, 10/30-66 200 төгрөг, 11/30-62 480 төгрөг = 235 340 төгрөг төлсөн /Зөвхөн хүүнд/,

3. Ард аппликейшнээр 420 000 төгрөг зээлэхэд 30 000 төгрөг шимтгэл авсан,

4. Иргэн Оюунцэцэгээс 3 хоногийн хугацаатай зээлж 15 хувийн хүүтэй 15 000 төгрөгний хүү төлсөн,

5. Sono аппликейшн 500 000 төгрөг зээлсэн. 11/21-нд 21 700 төгрөг, 12/21-21 000 төгрөг,

6. 10/21 Ард аппликейшн 78 900 төгрөг төлсөн,

7. Ломбардны хүү 12/23-нд 13 800 төгрөг,

8. Иргэн Сүнжидмаагаас 10 хувийн зээл авсан 12/11-нд 150 000 төгрөг төлсөн,

9. Lend.mn аппликейшнаар авсан зээл 9/26-19 700, 10/18-13 700, 11/8-19700, 12/18-217000 = 74 800

Энэ хугацаанд 8/16-аас хойш нийт хүнд болон онлайн зээлийн программуудаас авсан хүүнд 705 540 /долоон зуун таван мянга таван зуун дөч/ төлсөн байна.

Ааас 8 600 000 төгрөгийг өдрийн 86 000 төгрөгийн хүү тооцоход 6/25-ны өдрөөс 7/16 өдөр = нийт 22 хоног 86 000 = /1 892 000/, 10 000 000 төгрөгний алданги өдрийн 0.1 хувиар тооцоход 10 000 000 х 0.1 хувь х 22 хоног = 220 000 төгрөг /7/16 өдөр/, 4 000 000 х 0.1 хувь х 150 хоног = 600 000 төгрөг /12/15/.

Энэ бодит байдалд үндэслэж үндсэн мөнгө болох 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг - үндсэн мөнгө, 2 000 000 /хоёр сая/ төгрөг – хүү, алданги

Энэ хугацаанд би сэтгэл санаа бие мах бодь, санхүүгийн өрийн дарамтанд бүтэн хагас жил амьдарлаа. Хүүний дарамт, банкны мөнгө төлөх зэрэг асуудлууд үнэхээр хүнд байна. Иймд миний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч шийдэж өгнө үү...” гэжээ.  

Хариуцагч Т.А 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.Г нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрт 6 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 10 000 000 төгрөгийг өгсөн гэж байгаа боловч энэ нь үндэслэлгүй худал байна. Энэ талаарх тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

Хариуцагч Т.А 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй Ч.Ггийн нэхэмжлэлтэй Т.А надад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байна. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд Ч.Ггийн гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариу тайлбар гаргасан. Энэхүү тайлбараа дэмжиж дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. Ч.Гтай миний бие Т.А нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8 600 000 төгрөг зээлэх зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр 1 өдрийн хүүг 86 000 төгрөг байхаар тохиролцсон. Харин зээлийн гэрээний 3-т /0,1/ хувийн алданги гэсэн хэсгийг нөхөж бичилгүй буюу алдангийн талаар харин тохиролцоогүй. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 0,1 гэсэн тоог нөхөж тавьсан байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 10 000 000 төгрөгний зээлийн гэрээг бичгээр байгуулсан мэт бичсэн нь үндэслэлгүй 10 000 000 төгрөгний зээлийн гэрээг бичгээр огт хийгээгүй. Харин 1 400 000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн бөгөөд бичгээр байгуулсан 8 600 000 төгрөг зээлдүүлэх тухай гэрээ харин 1 400 000 төгрөгний хүүгүй зээл нийлээд нийт 10 000 000 төгрөг болж байгаа болно. Зээлийн гэрээ байгуулан авсан 8 600 000 төгрөгний 6 000 000 төгрөгийг миний бие 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны дансаар шилжүүлсэн. Зээлсэн 8 600 000 төгрөгнөөс төлсөн 6 000 000 төгрөгийг хасч 2 600 000 төгрөгийг, хүү 86 000 төгрөг, хүүгүй зээлж авсан 1 400 000 төгрөг нийт 4 086 000 төгрөгийг төлөх үүргийг би Ч. Ггийн өмнө хүлээж байгаа болно. Энэ 4 086 000 төгрөгийг миний бие боломж бололцоотой байсан бол төлөх байсан гэтэл бусад хүмүүст төлөх төлбөр маш их байгаа тул төлж чадалгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Харин Ч.Г намайг олон нийтийн сүлжээнд доромж байдлаар нийтэлж нэр төрд халдсанд гомдолтой байгаа. Хэрэв Ч.Гг зөвшөөрвөл энэхүү 4 086 000 төгрөгийг сар бүр 100 000 төгрөг төлөх байдлаар 40 сарын хугацаанд төлж барагдуулж болох юм. Ч.Ггийн 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 4 086 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Илүү нэхэмжилсэн 1 914 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г нь Т.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч нэхэмжлэлээс 4 086 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг төлөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Ч.Г нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Т.Ааас 8 600 000 төгрөгийг нэг хоногийн хугацаатай, нэг хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам 0,1 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулжээ. Мөн өдрөө дараа нь 1 400 000 төгрөгийг Т.Ад шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Ч.Ггийн дансны хуулгууд, хэрэгт нотлох баримтаар ирсэн зээлийн гэрээ, бусад баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх ба талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Нэхэмжлэгч Ч.Г шаардах эрхтэй байна.

Хариуцагч Т.А нь Ч.Гд 6 000 000 төгрөгийг буцаан төлсөн байх ба, талууд энэ талаар маргаагүй.

Ч.Г нь нийт 10,0 сая төгрөгийг Т.Ад шилжүүлсэн байх ба, үүнээс 8 600 000 төгрөгт нь бичгээр зээлийн гэрээ байгуулж, хүү, алдангийг тооцохоор болж, харин 1 400 000 төгрөгт хүү, алдангийг тооцохоор бичгийн гэрээ байгуулаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохирч хүү тогтоож болно, 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүшй бол хүү авах эрхээ алдана, 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

Тиймээс 1 400 000 төгрөгийг хүү, алданги тооцож бичгийн гэрээ байгуулсан гэж үзэхээргүй байх тул үндсэн мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Талууд харин 8 600 000 төгрөгийг нэг өдрийн хугацаатай,  1 хувийн хүүтэй зээлсэн тул хүү 86 000 төгрөгийг гаргуулах, алдангийг 0,1 хувиар тооцохоор бичгийн гэрээ байгуулагдсан байх ба, нэхэмжлэгч алданги нийт 818 000 төгрөг нэхэмжилнэ гэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр алдангийг гаргуулж, хариуцагчаас үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүү 86 000 төгрөг, алданги 818 000 төгрөг, нийт 4 904 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1 096 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нь зээлийн гэрээнд алданги тооцохоор тохироогүй, тэр хэсэгт нөхөж бичсэн байна гэх боловч тайлбар татгалзлаа нотлоогүй болохыг дурьдах нь зүйтэй.    

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс 4 904 000 төгрөг гаргуулан Ч.Гд олгож, нэхэмжлэлээс 1 096 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Нэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Ааас улсын тэмдэгтийн хураамжаар 93 414 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Ааас 4 904 000 төгрөг  гаргуулан Ч.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 096 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Ааас 93 414 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.     

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА