Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2020/00024

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01544 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* 2019 оны 06 сарын 25-ны өдөр Төмөрбаатар овогтой Ариунжаргалд 10.000.000 төг /арван сая төгрөг/ зээлдүүлсэн. ******* нь өөрийгөө УТООБ ХХК-ны захирал ажилтай гэж танилцуулсан. Харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулахдаа 2019 оны 06 сарын 25-аас 26-ны хооронд нэг өдрийн нийт үнийн дүнгийн 1%-ийн хүү тооцож гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Гэвч ******* нь 2019 оны 06 сарын 26-ны өдөр гэрээнд заасны дагуу зээлсэн мөнгөө өгөөгүй. 2019 оны 07 сарын 16-ны өдөр миний Хаан банкны 5031184417 тоот данс руу удаа дараалан шаардсаны үндсэн дээр 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 4.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Энэ хугацаанд би тухайн 10.000.000 төгрөгийг Улаанбаатар хотод байр авах мөнгөнөөсөө зээлдүүлсэн байсан. Байр авахдаа найзаасаа 5.000.000 төгрөгийг нь банкнаас авахуулсан байсан. Энэ өнгөрсөн хугацаанд хүнээс хүүтэй мөнгө зээлсэн гэх мэт нийт зардал хүү алданги тооцон 6.000.000 төгрөгийг *******аас гаргуулан өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Миний хүсэлтийг хүлээн авч хохирлыг барагдуулж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******тай миний бие ******* нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8.600.000 төгрөг зээлэх зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр 1 өдрийн хүүг 86.000 төгрөг байхаар тохиролцсон. Харин зээлийн гэрээний 3-т /0,1/ хувийн алданги гэсэн хэсгийг нөхөж бичилгүй буюу алдангийн талаар харин тохиролцоогүй. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 0,1 гэсэн тоог нөхөж тавьсан байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 10.000.000 төгрөгний зээлийн гэрээг бичгээр байгуулсан мэт бичсэн нь үндэслэлгүй 10.00.000 төгрөгний зээлийн гэрээг бичгээр огт хийгээгүй. Харин 1.400.000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн бөгөөд бичгээр байгуулсан 8.600.000 төгрөг зээлдүүлэх тухай гэрээ харин 1.400.000 төгрөгний хүүгүй зээл нийлээд нийт 10.000.000 төгрөг болж байгаа болно. Зээлийн гэрээ байгуулан авсан 8.600.000 төгрөгний 6.000.000 төгрөгийг миний бие 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны дансаар шилжүүлсэн. Зээлсэн 8.600.000 төгрөгнөөс төлсөн 6.000.000 төгрөгийг хасч 2.600.000 төгрөгийг, хүү 86.000 төгрөг, хүүгүй зээлж авсан 1.400.000 төгрөг, нийт 4.086.000 төгрөгийг төлөх үүргийг би Ч. Гэрэлтуяагийн өмнө хүлээж байгаа болно. Энэ 4.086.000 төгрөгийг миний бие боломж бололцоотой байсан бол төлөх байсан гэтэл бусад хүмүүст төлөх төлбөр маш их байгаа тул төлж чадалгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Хэрэв *******г зөвшөөрвөл энэхүү 4.086.000 төгрөгийг сар бүр 100.000 төгрөг төлөх байдлаар 40 сарын хугацаанд төлж барагдуулж болох юм. *******гийн 6.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 4.086.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Илүү нэхэмжилсэн 1.914.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01544 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 4 904 000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 096 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 93 414 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Тодруулбал шүүх бүрэлдэхүүн гэрээний алдангийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч алданги нийт 818.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр алдангийг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ....1.400.000 төгрөгт хүү алдангийг тооцохоор бичгийн гэрээ байгуулаагүй байна. Тиймээс 1.400000 төгрөгийг хүү, алданги тооцож бичгийн гэрээ байгуулсан гэж үзэхээргүй байх тул үндсэн мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв гэж хуулийг зөв тайлбарласан атлаа нэхэмжлэгчийн нэхсэн 1.400.000 төгрөгний алдангийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэхээргүй байна. Анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн илт үндэслэлгүй шийдвэр болсон. Нөгөөтэйгээр зээлийн гэрээ байгуулахдаа талууд Иргэний хуулийн 231, 232-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах талаар харилцан тохиролцоогүй зөвхөн хууль болон гэрээнд зааснаар хүү тооцхоор тохиролцож гэрээг байгуулсан ба ******* нь *******тай зээлийн гэрээний бэлэн загвар ашиглаж гэрээг байгуулсан бөгөөд талууд гэрээний 3 дахь заалтын талаар анхнаасаа тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь зээлийн гэрээний 3-т заасан 0,1 хувийн алданги гэсэн хэсгийг сүүлд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нөхөж бичсэн гэсэн тайлбарыг гаргасан. Хариуцагчийн энэхүү татгалзалыг үгүйсгэх буюу нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө нотлоогүй байтал шүүх хариуцагч татгалзалаа хариуцагч нотлоогүй гэх үндэслэлийг шийдвэртээ тусгасан нь үндэслэл муутай болжээ. Мөн нэг хоногийн алдангийг хэрхэн ямар үүргээс тооцсон нь тодорхойгүй байдлаар шийдвэрлэж хэд хоногийн хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Нэхэмжлэгч ******* нь бодит байдал дээр зээлийн гэрээний дагуу алданги нэхэж буй эсэх нь тодорхойгүй байтал шүүх хэт нэг талын байр суурьнаас хандаж алдангийг гаргахаар шийдвэрлэсэн нь буруу болсон. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 93.414 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... Үндэслэх хэсэгт Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжаар 93.414 төгрөг гаргуулан гэж тус тус тусгасан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь үндэслэх хэсгээс зөрүүтэй байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад алданги гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэг, 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийг буруу шийдвэрлэсэн хэсэгт тус тус өөрчлөлт оруулж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 8.600.000 төгрөгийг 1 хоногийн хугацаатай 1 хувийн хүүтэй, үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0.1%-ийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын хооронд 1.400.000 төгрөг зээлдэхдээ бичгийн гэрээ байгуулаагүй ******* нь хариуцагч *******ын дансанд 1.400.000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр шилжүүлсэн 8.600.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж, 6.000.000 төгрөгийг хариуцагч төлсөн байх ба энэ талаар маргаагүй байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ байгулагдсан 8.600.000 төгрөгийг 1 өдрийн хугацаатай 1%-ийн хүүтэй зээлсэн хүүнд 86.000 төгрөг төлөх алдангийг 0.1%-иар тооцохоор бичгийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч алдангид 818.800 төгрөг нэхэмжилнэ гэснийг үндэслэн нэхэмжилсэн хэмжээгээр алданги гаргуулж үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 86.000 төгрөг, алданги 818.800 төгрөг нийт 4.904.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 281, 282, 232 дугаар зүйлд нийцжээ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөг гэж дурдсан нь нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30.000 төгрөг, нэхэмжлэл гаргахад төлсөн 80.950 төгрөгийг нэгтгэн дүгнэсэн байгааг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01544 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ