Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01298

 

 ,,,,,,,,,,,,,,, гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01544 дүгээр шийдвэртэй,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,

 ,,,,,,,,,,,,,,, гийн нэхэмжлэлтэй,

 ,,,,,,,,,,,,,,, д  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие 2019.06.25-ны өдөр  ,,,,,,,,,,,,,,, д 10,000,000 төгрөг зээлдүүлж, түүний  ХААН банкны 5090215027 тоот данс руу 8,600,000  төгрөгийг шилжүүлсэн. Тухайн өдрөө 1,400,000 төгрөг хэрэг болоод байна гээд гуйж ярьсан тул  ,,,,,,,,,,,,,,, ын ХААН банкны 5090215027 тоот данс руу өөрийн Төрийн банкны 131100055557 тоот данснаас 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Харилцан тохиролцож зээлийн гэрээг 2019.06.25-аас 26-ны хооронд нэг өдрийн нийт үнийн дүнгийн 1 хувиар хүүгээ тооцож гарын үсэг зурж байгуулсан. Гэвч  ,,,,,,,,,,,,,,,  нь 2019.06.26-ны өдөр гэрээнд заасны дагуу зээлсэн мөнгөө өгөөгүй. Удаа дараалан шаардсаны үндсэн дээр 2019.07.16-ны өдөр Хаан банк дахь миний 5031184417 тоот данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй. Тухайн 10,000,000 төгрөгийг Улаанбаатар хотод байр авах мөнгөнөөсөө зээлүүлсэн байсан. Байр авахдаа найзаасаа 5,000,000 төгрөгийг нь банкнаас авахуулсан. Энэ өнгөрсөн хугацаанд хүнээс хүүтэй мөнгө зээлсэн зэрэг нийт зардал хүү, алданги тооцон 6,000,000 төгрөгийг  ,,,,,,,,,,,,,,, аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие  ,,,,,,,,,,,,,,, тай 2019.06.25-ны өдөр 8,600,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр 1 өдрийн хүүг 86,000 төгрөг байхаар тохиролцсон. Харин зээлийн гэрээний 3-т /0.1/ хувийн алданги гэсэн хэсгийг нөхөж бичилгүй буюу алдангийн талаар тохиролцоогүй. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 0.1 гэсэн тоог нөхөж тавьсан байна. Нэхэмжлэлдээ 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан мэт бичсэн нь үндэслэлгүй, 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр огт хийгээгүй. Харин 1,400,000 төгрөгийг хүүгүйгээр зээлүүлсэн, 8,600,000 төгрөгийг зээлүүлэх тухай гэрээтэй, нийлээд нийт 10,000,000 төгрөг болж байгаа. Зээлийн гэрээ байгуулан авсан 8,600,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг 2019.07.16-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкны дансаар шилжүүлсэн. Зээлсэн 8,600,000 төгрөгөөс төлсөн 6,000,000 төгрөгийг хасч 2,600,000 төгрөгийг, хүү 86,000 төгрөг, хүүгүй зээлж авсан 1,400,000 төгрөг, нийт 4,086,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 4,086,000 төгрөгийг сар бүр 100,000 төгрөг төлөх байдлаар 40 сарын хугацаанд төлж барагдуулж болох юм. Нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 1,914,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01544 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч  ,,,,,,,,,,,,,,, аас 4,904,000 төгрөг гаргуулан  ,,,,,,,,,,,,,,, д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,096,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч  ,,,,,,,,,,,,,,, аас 93,414 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01544 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  ,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн өмгөөлөгч  М.Мэндбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч  ,,,,,,,,,,,,,,, ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянасан атлаа хэргийн фактыг буруу дүгнэж нэхэмжлэгч талд ашигтайгаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг хэрэглэсэн. Нөгөөтэйгүүр талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулахдаа хүү тооцсон болохоос гэрээний 3-т заасан алдангийн талаар харилцан тохиролцоогүй. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний бэлэн загвар ашигласан байдлаа өөртөө давуу байдал болгон гэрээний алданги гэх хэсэгт 0.1 гэх тоо нэмж алданги тохирсон мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрт ашигтай байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа үйлдэл юм. Харин хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,  нь зээлийн гэрээний хувийг өөртөө аваагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед алдангийг анхнаасаа тохироогүй гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй боловч амаар татгалзлаа илэрхийлсэн. Харин нэхэмжлэгч талаас хариуцагчийн гаргасан зээлийн гэрээний бэлэн загвар ашигласан талаар болон алдангийн талаарх тайлбартай холбоотой нэмэлт тайлбар, татгалзлыг гаргаагүй нь гэрээний алдангийг анхнаасаа тохироогүйг нотолж байна.

Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 8,600,000 төгрөг бөгөөд нэг өдрийн хугацаатайгаар байгуулагдсан болно. Мөн нэхэмжлэгчээс хариуцагч нь 1,400,000 төгрөгийг ямар нэгэн болзол шаардлагагүйгээр  авсан бөгөөд сүүлд  авсан 1,400,000 төгрөгтэй холбоотой хууль болон гэрээнд заасан ямар нэгэн үүрэг хүлээх харилцаа байхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээг анхнаасаа 10,000,000 төгрөг мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд 1,400,000 төгрөгөөс алданги нэхэх эрхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,400,000 төгрөгийн алдангийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг илтгэж байна. Иймд  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдангийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                 

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,, гаас хариуцагч  ,,,,,,,,,,,,,,, д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 4,904,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч нь нийт 10,000,000 төгрөгийг  ,,,,,,,,,,,,,,, д шилжүүлсэн, үүнээс 8,600,000 төгрөгт нь зээлийн гэрээг бичгээр байгуулж, 1 өдрийн хугацаатай 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор тохиролцсон, харин 1,400,000 төгрөгт бичгийн гэрээ байгуулаагүй, хариуцагч 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1. “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3. “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсний дагуу хариуцагчаас 1,400,000 төгрөгт хүү, алданги тооцохгүйгээр буцаан төлсөн зээлд тооцож, 8,600,000 төгрөгийн нэг өдрийн хүү 86,000 төгрөг, алдангид нэхэмжлэгчийн шаардсан 818,000 төгрөгийн хэмжээгээр, үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийн хамт, нийт 4,904,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,096,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн “шүүх хэрэглэх ёсгүй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Мөн “... талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулахдаа хүү тооцсон болохоос гэрээний 3-т заасан алдангийн талаар харилцан тохиролцоогүй болно. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний бэлэн загвар ашигласан байдлаа өөртөө давуу байдал болгон гэрээний алданги гэх хэсэгт 0.1 гэсэн тоо нэмж алданги тохирсон мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрт ашигтай байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа үйлдэл юм...” гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол, татгалзлын үндэслэлийг нотлох баримт хэрэгт байхгүй тул хангах боломжгүй. 

Нэхэмжлэгч нь нийт шилжүүлсэн 10,000,000 төгрөгөөсөө хариуцагчийн төлсөн 6,000,000 төгрөгийг (гэрээгээр шилжүүлсэн 8,600,000 төгрөгөөс 4,600,000 төгрөг, гэрээгүй шилжүүлсэн 1,400,000 төгрөгт тооцож) хасаж, үлдэх 4,000,000 төгрөгт алданги тооцож нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй тул “....нэхэмжлэгч 1,400,000 төгрөгөөс алданги нэхэх эрхгүй, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,400,000 төгрөгийн алдангийг хангаж шийдвэрлэсэн...” гэх гомдлыг хангахгүй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарласан боловч тогтоох хэсэгт дутуу бичсэн, мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг төлсөн байхад 80,950 төгрөгөөр шийдвэрлэсэн, энэ алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй нь буруу байна.  

Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд бичилтийн алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01544 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...282 дугаар зүйлийн 282., ...” гэснийг “...282 дугаар зүйлийн 282.1., ...” гэж, 2 дахь заалтын “...80,950...” гэснийг “...110,950 ... гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 24,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ЭРДЭНЭСУВД

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ