Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/01545 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 18 өдөр                     Дугаар 142/ШШ2019/01545                                  Орхон аймаг

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.С- ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Л.У,  

Хариуцагч: Л.Э нарт холбогдох,   

“Худалдах худалдан авах гэрээний үүрэг 1 600 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, хариуцагч Л.У, Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “М.С ажил дээрээ байтал 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Л.У нь нөхөртэйгөө хамт ирсэн. Хэрчсэн гурилын цех ажиллуулж байгаа 400 гаруй мянган төгрөгтэй гараад хүүхдийн хичээлийн хэрэглэл бэлдээд, та бараагаа зээлээр өгч байгаач, би 10 хоноод тооцоо хийгээд байна гэж хэлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 01-нд /13/ бараагаа буулгаж өгсөн 30-нд тооцоо хийнэ гээд хийгээгүй. Утсаа авдаггүй, санаатайгаар залилан хийж санхүүгийн хямралд оруулж байна гэж бодож байна. Мөнгөө шүүхдээд аваарай, би төлж чадахгүй гэсэн. У, Э барааны 1 313 000 төгрөг, алданги 10 хувь 280 000 төгрөг, таксины мөнгө 27 000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Тогтсон хугацаа өнгөрч, өөрсдөө зөвшөөрсөн учраас 1 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.  

Хариуцагч Л.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “М.Солонгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах тайлбарыг гаргаж байна. Би өөрийн төрсөн дүү болох Л.Э бид хоёр 2019 оны 8 дугаар сараас "ЭКО" нэртэй цехийг ажиллуулж төрөл бүрийн ногооны зууш, хэрчсэн гурил зэргүүдийг хийж эхэлсэн. Энэ хугацаандаа гурилын бөөний цэгүүдээс гурил зээлээр аваад тохирсон хугацаандаа төлбөрөө төлдөг байсан. Дүү Л.Э 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар нэртэй 5 тонн гурилыг М.Сос авсан. М.Сос авсан гурил хөхрөөд байсан учир хагасыг нь буцааж өгөөд 1.613.000 төгрөгийн тооцоо үлдсэн бөгөөд би 2019 оны 10 сард 300 000 төгрөгийг өгөөд 1.313.000 төгрөгийн тооцоо үлдсэн. Энэ тооцоог Э хийхээр болсон юм. М.Сос авсан гурилаа буцааж өгсөн учир "Алтан тариа" ХХК-ийн гэрээт борлуулагчаас 2019 оны 09 дүгээр сарын 11-нд 3 тонн гурил авсан. Энэ 3 тонн гурилын нийт үнэ 2.880.000 төгрөг болсон бөгөөд энэ тооцоог би ганцаараа өгч тооцоогоо дуусгасан учир М.Согийн нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй. М.С 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Л.Этай тооцоог хийж дуусгахаар тохиролцсон тохироо байгаа юм. Тэр тохироогоороо мөнгөө нэхэж авна биз дээ. Би жирэмсэн одоо ажил хийж чадахгүй биеийн эрүүл мэндийн байдлыг маань дүү Л.Э маш сайн мэдэж байгаа шүү дээ. Иймд М.Согийн Л.У надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг надаас биш Л.Эгаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэгт М.С, Л.Э 2-ын хооронд хийгдсэн тооцоог үндэслэнэ үү...” гэжээ.

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Лутбаатар овогтой Э энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, сайн мэдэхгүй учир энэ нэхэмжлэлээс нэрээ хасуулж хариуцлага хүлээхгүй болохоо тайлбар бичиж өглөө...” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.С нь Л.У, Л.Э нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 1 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.У, Л.Э нар нь М.Согоос гурил, ургамлын тос  зээлээр авч хэрэглэж байсан байх ба, 2019 оны 9 дүгээр сарын 10-нд 5 тонн гурил аваад, зарим гурилаа буцаасан бөгөөд, 25 килограммын 32 шуудай гурил, 5 литрийн 9 ширхэг ургамлын тосны үнэ нийт 946 500 төгрөг өгч авалцахаар талууд тохиролцож баримт үйлдэн гарын үсэг зурцгаасан байх ба, энэ талаар талууд маргаагүй.  

Дээрх тооцооноос өмнө мөн Л.У, Л.Э нар нь М.Согоос гурил зээлээр авч байсан байх үүний тооцоо нь 692 000 төгрөг үлдсэний 300 000 төгрөгийг нь Л.У дансаар шилжүүлсэн, мөн нэг шуудай гурилын үнэ хасагдаад 366 500 төгрөгийн тооцоо үлдсэн гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч Л.У хүлээн зөвшөөрсөн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч Л.Э нь: эгч Л.У бид хоёр хамтран ажиллаж байхад тооцоог эгч Л.У хийдэг байсан, М.Сотой хийх тооцоог эгч Л.У мэднэ, 5 тонн гурилыг намайг байхад буулгаж өгсөн гэсэн.

Л.У М.Сод одоо 1 013 000 төгрөг өгөх тооцоо байгаа, өмнөх тооцооны үлдэгдэл 300 000 төгрөгийг би өөрөө бэлнээр аваачиж М.Сод өгсөн гэснийг нэхэмжлэгч М.С хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, хариуцагч нь тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

Нэхэмжлэгч нь алданги, таксины мөнгө гэж 287 000 төгрөг шаардсан бөгөөд, алданги тооцох талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, таксины мөнгө нь хэзээ яагаад таксигаар үйлчлүүлэх болсон, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна.  

Иймд хариуцагч Л.У, Л.Э нараас 1 313 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 287 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 17 979 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.У, Л.Э нараас тус бүр 656 500 төгрөг гаргуулан М.Сд олгож, нэхэмжлэлээс 287 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 17 979 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА