Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 01030

 

        Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00859 дүгээр шийдвэртэй, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох     

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Х ХХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8240 дугаар шийдвэрээр манай компаниас 1 090 487 624 төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д мөн 1 166 843 759 төгрөгийг гаргуулж иргэд, аж ахуй нэгж байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж манай компанийн өмчлөлийн доорх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Н битүүмжлэн хураан авсан. Үүнд: Ү-2206040717, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5-05 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206029963, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206029962, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болно. Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зөвхөн төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилж үнэлүүлэх ажиллагаа явагдаж байсан. Тухайн шинжээчийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчид 3 хоногийн дотор танилцуулж, тэмдэглэл хөтлөх үүрэгтэй байтал уг үүргээ гүйцэтгэлгүй анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа зарлан явж байна. Иймд албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Манай компани Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Н-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хэрэгсэхгүй болгосон. Уг захирамж гараагүй удсан учир бид гардаж аваад тус шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир дахин 2017 оны 10 дугаар сарын 25-нд гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд зах зээлийн үнээр тогтоох гэсэн байхад шинжээч зах зээлийн гэх хэсэгт үнэлгээ бичээгүй атлаа өртгийн, өнөөгийн үнэ цэнэ гэх хэсэгт үнэлгээ бичсэн нь ойлгомжгүй. Зах зээлээс багаар үнэлсэн тул гомдолтой байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8240 дугаар шийдвэрээр 1 090 487 624 төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д 1 166 843 759 төгрөгийг гаргуулж иргэд, аж ахуй нэгж байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгч Х ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгүүдийн талаар холбогдох байгууллагаас лавлагаа авахад эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040717 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5 дугаар байрны 05 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Ү-2206029963 дугаар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206029962 дугаар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029962 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр битүүмжлэн, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр барьцаалан хурааж төлбөр төлөгч Х ХХК-иас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн саналыг авахад 2 900 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар тогтооход 605 000 000 төгрөгөөр үнэлсэн мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040717 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5 дугаар байрны 05 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049963 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр битүүмжлэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр барьцаалан хурааж төлбөр төлөгч Х ХХК-иас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн саналыг авахад 2 үл хөдлөх хөрөнгийг 1 600 000 000 төгрөгөөр үнэлсэн.

Дээрх үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-иар тогтоолгоход 219 568 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар дээрх 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Х ХХК-ийн захирал Н.Дэлгэрсайханд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3/13659 дүгээр албан бичгээр, анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлсэн үнэлгээний 70 хувиар, хэрэв худалдан борлогдоогүй тохиолдолд 2 дахь дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар дуудлага худалдааны доод үнийг тогтоон явуулахыг мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Иймд төлбөр төлөгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Х ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Н-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үнэн, манайх нэхэмжлэлийн хувийг гардаж авч байсан. Нэхэмжлэл 2017 оны 05 дугаар сарын 18 гэсэн огноотой байсан ... гэжээ.

Гуравдагч этгээд Б ХХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "Х" ХХК нь Шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдааны үнэлгээнд гомдол гарган, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны 101/Ш32017/18989 дүгээр захирамжаар "түдгэлзүүлсэн"-ий улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, манай эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Учир нь: 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8240 дугаар шийдвэрээр Х ХХК-иас 1 090 487 624 төгрөг гаргуулж, манай компанид олгохоор шийдвэрлэсэн боловч 2 жилийн хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр барагдуулалгүй өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд төлбөр төлөгч нь аль болох төлбөрөө төлөхгүй байх арга саам хайж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах арга хэмжээг авчирсан тул энэ удаа шүүхэд гаргаж байгаа гомдол нь мөн хугацаа авах зорилготой, үндэслэлгүй гаргасан нэхэмжлэл гэж бодож байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н-т холбогдуулан гаргасан дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг хариуцагч зөрчсөн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа талаар нэхэмжлэл гаргасан. Шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Лендс” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт гарсан. Гэвч 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр буюу шинжээчийн дүгнэлт гарсанаас хойш гурван сар өнгөрсний дараа шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч талд танилцуулсан байна. Анхан шатны шүүхээс энэ хариуцагчаас хууль зөрчсөн эс үйлдэхүй дээр огт хууль зүйн дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлж, хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнө нь 2 удаа гаргасан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасныг тус тус үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг маргаан бүхий шийдвэрээр анхны нэхэмжлэлийг 2017 он 05 дугаар сарын 16-ны өдөр гаргаагүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч энэ үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн хүсэлтийг авч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчиж мөн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулин 15 дугаар зүйлийн 15.1, 15.4.9-т “Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэнэ” гэж заасан. “Лэндс” ХХК болон “Баян модот” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд мөн эсэх, эрх бүхий этгээд дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй тул “Хөрөнгийн үнэлгээний тухай” гэх бичгийн баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд учир дутагдалтай. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8240 дугаар шийдвэрээр Х ХХК-иас 1 084 666 343 төгрөг гаргуулан “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /1 хав 145-150/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн барьцааны зүйл болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5 дугаар байрны 4, 5, 51 тоот мөн 11 дүгээр байрны 3 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай барилгуудыг 2017 оны 03 дугаао сарын 09-ний өдөр битүүмжилж, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /1 хав 152-158/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор үнийн саналыг авах ажиллагааг хариуцагч байгууллага хийхэд төлбөр төлөгч Х ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дүнжингарав 5 дугаар байрын 4 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай барилгыг 600 000 000 төгрөг, Дүнжингарав 5 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай барилгыг 600 000 000 төгрөг, Дүнжингарав 11 дүгээр байрны 3 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай барилгыг 900 000 000 төгрөг, 51 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг 1 000 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн санал ирүүлжээ.

Төлбөр авагч “Б” ХХК нь дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул талууд үнэлгээний талаар тохиролцоогүй гэж үзэж шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 222 дугаар тогтоолоор “Лэндс” ХХК-ийг, 2017 оны 04 дүгээр сарны 26-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор “Баянмодот” ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус нийцнэ. /1 хав 140, 142, 159-165, 166, 167/

Шинжээч “Баян модот” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээний тайлангаар Дүнжингарав 5 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай барилгыг 92 100 000 төгрөг, Дүнжингарав 51 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг 127 468 000 төгрөгөөр, шинжээч “Лэндс” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн дүгнэлтэд Дүнжингаравын 7 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай барилгыг 605 000 000 төгрөгөөр тус тус тогтоосон байна. /1 хав 199-235/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дээрх үнийн дүнгийн 70 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооход Дүнжингарав 5 дугаар байрны 05 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай барилгыг 64 470 000 төгрөг, Дүнжингарав 51 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай барилгыг барилгыг 89 227 600 төгрөг, Дүнжингарав 7 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай барилгыг 423 500 000 төгрөг болжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3/13659 тоот албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч Х ХХК-ийн төлөөлөгч Н.Дэлгэрсайханд мэдэгдсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журамтай нийцжээ. /1 хав 169/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо үнэлгээ тогтоосон 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргах байтал уг хугацааг хэтрүүлэн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гомдол гаргасан болох нь талуудын тайлбар, бусад баримтаар тогтоогдож байна. Уг хугацааг зогсоон, тасалдсан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч талаас гомдлын шаардлага гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.

Үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллага хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнийг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээч дүгнэлт гаргасан өдрөөс хойш 3 сарын дотор нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчид мэдэгдсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацаа алдсан нь үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохицуулсан нарийвчилсан хууль хэрэглэх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримталсан нь буруу боловч уг алдааг зөвтгөх боломжтой.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00859 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлиыг 9.4.7” гэснийг хасч өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                                          ШҮҮГЧИД                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА