Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 859

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-т байрлах Нт холбогдох, 

Гуравдагч этгээд: “Б” ХХК.

Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баасандулам, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8240 дугаар шийдвэрээр манай компаниас 1,090,487,624 төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д олгохоор мөн шүүхийн шийдвэрүүдээр “Х” ХХК-иас 1,166,843,759 төгрөгийг гаргуулж иргэд, аж ахуй нэгж байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж манай компанийн өмчлөлийн доорх үл хөдлөх эд хөрөнгүүдийг Н битүүмжлэн хураан авсан.

Үүнд: Ү-2206040717, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5-05 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Ү-2206029963, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Ү-2206029962, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зөвхөн төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилуулан үнэлгээ тогтоолгон үнэлүүлэх  л ажиллагаа явагдаж байсан.

Тухайн шинжээчийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчид 3 хоногийн дотор танилцуулж, тэмдэглэл хөтлөх үүрэгтэй байтал уг үүргээ гүйцэтгэлгүйгээр анхны болон 2 дах албадан дуудлага худалдаа зарлан явж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Манай компани Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 5 сарын 18-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг С.Хишигбат шүүгч 2017 оны 9 сарын 1-нд хэрэгсэхгүй болгосон. Уг захирамж гараагүй удсан учир бид гардаж аваад тус шүүхэд 2017 оны 10 сарын 2-ны өдөр гаргасан, татгалзсан учир дахин 2017 оны 10 сарын 25-нд гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд зах зээлийн үнээр тогтоох гэсэн байхад шинжээч зах зээлийн гэх хэсэгт үнэлгээ бичээгүй атлаа өртгийн, өнөөгийн үнэ цэнэ гэх хэсэгт үнэлгээ бичсэн байгаа нь ойлгомжгүй байна. Зах зээлийн үнээс багаар үнэлсэн тул гомдолтой байна ...” гэв.

Хариуцагч Наас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8240 дугаар шийдвэрээр манай компаниас 1,090,487,624 төгрөгийг гаргуулж “Б” ХХК-д олгохоор мөн шүүхийн шийдвэрүүдээр “Х” ХХК-иас 1,166,843,759 төгрөгийг гаргуулж иргэд, аж ахуй нэгж байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгч “Х” ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийг өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгүүдийн талаар холбогдох байгууллагаас лавлагаа авахад эрхийн улсын бүртгэлийн  Ү-2206040717 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5 дугаар байрны 05 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  Ү-2206029963, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206029962, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул эрхийн улсын бүртгэлийн  Ү-2206029962 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн  2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр битүүмжлэн, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр барьцаалан хурааж төлбөр төлөгч “Х” ХХК-иас Иргэний хуулийн  177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн саналыг авахад 2,900,000,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул 2016 оны  08 дугаар сарын 25-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар тогтооход 605,000,000 төгрөгөөр үнэлсэн мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040717 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5 дугаар байрны 05 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049963 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр битүүмжлэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр барьцаалан хурааж төлбөр төлөгч “Х” ХХК-иас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн саналыг авахад 2 үл хөдлөх хөрөнгийг нийт  1,600,000,000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй тул 2017  оны 04 дүгээр сарын  26-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-иар тогтоолгоход 219,568,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар дээрх 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “Х” ХХК-ийн захирал Н.Дэлгэрсайханд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3/13659  дугаартай албан бичгээр, анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлсэн үнэлгээний 70%-иар, хэрэв худалдан борлогдоогүй тохиолдолд 2 дах дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн  177.4-т зааснаар 50%-иар дуудлага худалдааны доод үнийг тогтоон явуулах болохыг мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Иймд төлбөр төлөгч “Х” ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Х ХХК Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 5 сарын 18-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үнэн, манайх нэхэмжлэлийн хувийг гардаж авч байсан. Нэхэмжлэл 2017.05.18 гэсэн огноотой байсан ...” гэв.

Гуравдагч этгээд “Б” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч "Х" ХХК нь Шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдааны үнэлгээнд гомдол гарган, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус шүүхийн 2017 оны 11 сарын 08-ны 101/Ш32017/18989 тоот шүүгчийн захирамжаар "түдгэлзүүлсэн"-ий улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, манай эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Учир нь 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 8240 дугаар шийдвэрээр “Х” ХХК-с 1.090.487.624 төгрөг гаргуулж манай компанид олгохоор шийдвэрлэсэн боловч 2 жилийн хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр барагдуулалгүй өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд төлбөр төлөгч нь аль болох төлбөрөө төлөхгүй байх арга саам хайж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах арга хэмжээг авч ирсэн тул энэ удаа шүүхэд гаргаж байгаа гомдол нь мөн хугацаа авах зорилготой, үндэслэлгүй гаргасан нэхэмжлэл гэж бодож байна...” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн болон шинжээчийн тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч Нт холбогдуулан “дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд зааснаар явагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар хариуцагч Нт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8240 дугаар шийдвэрээр “Х” ХХК-иас 1,084,666,343 төгрөг гаргуулж “Б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрт 2016 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр 3075 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Нын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1952 дугаар шийдвэрээр хариуцагч “Х” ХХК-иас 140,819,294 төгрөгийг гаргуулж “Арга барил” ХХК-д,

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1160 дугаар шийдвэрээр 19,290,000 төгрөгийг гаргуулж “Батгүен” ХХК-д,

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1623 дугаар захирамжаар 55,160,365 төгрөгийг гаргуулж “Айзава монгол” ХХК-д,

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3392 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 890 дугаар магадлалаар 23,010,000 төгрөгийг гаргуулж “Пено андууд” ХХК-д,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 31-ний өдрийн 5216 дугаар шийдвэрээр 9,496,545 төгрөгийг гаргуулж Л.Солонгод,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01849 дугаар шийдвэрээр 82,958,495 төгрөгийг гаргуулж “Тунамал хийц” ХХК-д,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8362 дугаар шийдвэрээр 38,545,740 төгрөгийг гаргуулж “Европ хаалт” ХХК-д,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7632 дугаар шийдвэрээр 67,408,713 төгрөгийг гаргуулж “Түсан констракшн” ХХК-д,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 38259 дугаар шийдвэрээр 260,400,000 төгрөгийг гаргуулж У.Золзаяад,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3770 дугаар шийдвэрээр 150,000,000 төгрөгийг гаргуулж Т.Дарьжавт,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  дүгээр сарын 20-ны өдрийн 1372 дугаар шийдвэрээр 56,790,000 төгрөгийг гаргуулж “Боржгоны тал” ХХК-д,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 6718 дугаар шийдвэрээр 2,730,000 төгрөгийг гаргуулж “Туул ривер кондо” ХХК-д,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 04019 дугаар шийдвэрээр 303,778,858.5 төгрөгийг гаргуулж “Төмөр транс энд валфер интернэшнл” ХХК-д,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1793 дугаар шийдвэрээр 139,156,080 төгрөгийг гаргуулж Жан Фен Ө-д,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 3159 дугаар шийдвэрээр 18,000,000 төгрөгийг гаргуулж О.Мэлсчод,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 120 дугаар шийдвэрээр 109,950,000 төгрөгийг Ү.Тунгалагтуяад олгохоор тус тус шийдвэрлэсэн шийдвэрүүдэд гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Нын ахлах шийдвэр гүйцэтгэгч “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол”-оор тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

Ийнхүү Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгч “Х” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5-05 тоотод хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040717 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоот хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029963 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 11-3 тоот хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038626 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5-4 тоот хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040718 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр битүүмжилж, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эд хөрөнгийг хураан авсан,

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоотод хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029962 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр битүүмжилж, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эд хөрөнгийг хураан авсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцсон гэх баримт байхгүй, төлбөр төлөгч “Х” ХХК үнийн санал өгсөн боловч төлбөр авагч “Б” ХХК үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй болох нь зохигчдын тайлбар, “Б” ХХК-ийн 2017.04.13-ны 17/068 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар үнийн талаар тохиролцоогүй бол гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилсон 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 129 дугаартай тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 222 дугаартай тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 139 дугаартай тогтоол тус тус хуульд нийцэж байх ба уг тогтоолуудад ...худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх...талаар сануулсан байна.

“Лэндс” ХХК-ийн 2017.02.15-ны өдрийн 2017/19 тоот шинжээчийн дүгнэлтээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоотод хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029962 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 605,000,000 төгрөгөөр үнэлжээ.

“Баянмодот” ХХК-ийн 2017.05.08-ны өдрийн 17/03 тоот шинжээчийн дүгнэлтээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5-05 тоотод хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040717 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 92,100,000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоотод хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029963 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 127,468,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Дээр дурдсан шүүхийн 17 шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах явцад 2017 оны 10 сарын 10-ны өдрийн БЗД/01 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгэх тогтоол гарч нэгтгэжээ. /1хх37, 55-103, 2хх-12-27/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д: шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, 14.1.7-д: шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т: “шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөө талаар шинжээчийн тогтоосон үнэлгээнээс хуульд заасан хэмжээгээр буюу 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна. /1хх-169/

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлт, шинжээч С.Цэвээнроломын тайлбар зэргээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлт тус бүрийг няцаах баримтыг өгөөгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

Н нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж “Лэндс” ХХК, “Баянмодот” ХХК-ийг шинжээчээр томилсон, “Лэндс” ХХК болон “Баянмодот” ХХК үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээчээр “Лэндс” ХХК болон  “Баянмодот” ХХК-ийг томилсон шийдвэрүүдийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Н “Х” ХХК-ийн захирал Н.Дэлгэрсайханд “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5-05 тоотод хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040717 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 92,100,000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоот хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029963 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 127,468,000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029962 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 605,000,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг мэдэгдсэн болох нь 2017 оны 5 сарын 9-ний өдрийн 3/13659 дугаартай Н.Дэлгэрсайханы гарын үсэгтэй мэдэгдлээр тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу “Х” ХХК-ийн захирал Н.Дэлгэрсайхан хөрөнгө үнэлсэн талаарх гомдлоо 2017 оны 5 сарын 16-ны өдрийн дотор гаргах байтал 2017 оны 5 сарын 18-нд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болох нь нэхэмжлэлд ... манай компани 2017 оны 5 сарын 18-нд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан ... гэж дурдсанаар тогтоогдож байх тул гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5-05 тоотод хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206040717 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 92,100,000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоот хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029963 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 127,468,000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот хаягт байрлах аялал жуулчлалын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029962 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 605,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусах үед ... Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017.09.01-ний өдрийн 11546 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг “Х” ХХК хэзээ гардаж авсан талаарх баримтыг тус шүүхийн архиваас нотлох баримтаар гаргуулъя. ... гэж байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...2017.05.18-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж нэхэмжлэл гаргасан... гэсэнд ... Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017.09.01-ний өдрийн 11546 дугаар захирамжийг хэзээ гардаж авсан хугацаа ач холбогдолгүй байх тул шүүхийн санаачлагаар уг баримтыг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдаж байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн  37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нт холбогдуулан гаргасан “дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2017/18989 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.БАТЦЭЦЭГ