Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01413

 

“Х Ц”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00859 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1030 дугаар магадлалтай,

“Х Ц”ХХК-ний нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоогийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Х Ц”ХХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8240 дугаар шийдвэрээр манай компаниас 1 090 487 624 төгрөгийг гаргуулж Бат бэх ремикон ХХК-д мөн 1 166 843 759 төгрөгийг гаргуулж иргэд, аж ахуй нэгж байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж манай компанийн өмчлөлийн доорх үл хөдлөх эд хөрөнгүүдийг НШШГГ битүүмжлэн хураан авсан. Үүнд: Ү-2206040717, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5-05 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-0000000000, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-0000000000, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болно. Гэвч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зөвхөн төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилж үнэлүүлэх ажиллагаа явагдаж байсан. Тухайн шинжээчийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчид 3 хоногийн дотор танилцуулж, тэмдэглэл хөтлөх үүрэгтэй байтал уг үүргээ гүйцэтгэлгүй анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа зарлан явж байна. Иймд албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Манай компани Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хэрэгсэхгүй болгосон. Уг захирамж гараагүй удсан учир бид гардаж аваад тус шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир дахин 2017 оны 10 дугаар сарын 25-нд гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд зах зээлийн үнээр тогтоох гэсэн байхад шинжээч зах зээлийн гэх хэсэгт үнэлгээ бичээгүй атлаа өртгийн, өнөөгийн үнэ цэнэ гэх хэсэгт үнэлгээ бичсэн нь ойлгомжгүй. Зах зээлээс багаар үнэлсэн тул гомдолтой байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8240 дугаар шийдвэрээр 1 090 487 624 төгрөгийг гаргуулж “Б Р”ХХК-д 1 166 843 759 төгрөгийг гаргуулж иргэд, аж ахуй нэгж байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгч “Х Ц”ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгүүдийн талаар холбогдох байгууллагаас лавлагаа авахад эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5 дугаар байрны 05 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Ү-0000000000 дугаар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-0000000000 дугаар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 7 тоот хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр битүүмжлэн, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр барьцаалан хурааж төлбөр төлөгч “Х Ц”ХХК-иас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн саналыг авахад 2 900 000 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар тогтооход 605 000 000 төгрөгөөр үнэлсэн мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 5 дугаар байрны 05 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049963 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам гудамж, Дүнжингарав 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр битүүмжлэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр барьцаалан хурааж төлбөр төлөгч “Х Ц”ХХК-иас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн саналыг авахад 2 үл хөдлөх хөрөнгийг 1 600 000 000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-иар тогтоолгоход 219 568 000 төгрөгөөр үнэлсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар дээрх 3 төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч “Х Ц”ХХК-ийн захирал Н.Дэлгэрсайханд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3/13659 дүгээр албан бичгээр, анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлсэн үнэлгээний 70 хувиар, хэрэв худалдан борлогдоогүй тохиолдолд 2 дахь дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар дуудлага худалдааны доод үнийг тогтоон явуулахыг мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Иймд төлбөр төлөгч “Х Ц”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. “Х Ц”ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үнэн, манайх нэхэмжлэлийн хувийг гардаж авч байсан. Нэхэмжлэл 2017 оны 05 дугаар сарын 18 гэсэн огноотой байсан ...гэжээ.

 

Гуравдагч этгээд Батбэхремикон ХХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баасандулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Х Ц” ХХК нь Шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдааны үнэлгээнд гомдол гарган, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны 101/Ш32017/18989 дүгээр захирамжаар “түдгэлзүүлсэн”-ий улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширч, манай эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Учир нь: 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8240 дугаар шийдвэрээр “Х Ц”ХХК-иас 1 090 487 624 төгрөг гаргуулж, манай компанид олгохоор шийдвэрлэсэн боловч 2 жилийн хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр барагдуулалгүй өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд төлбөр төлөгч нь аль болох төлбөрөө төлөхгүй байх арга саам хайж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах арга хэмжээг авчирсан тул энэ удаа шүүхэд гаргаж байгаа гомдол нь мөн хугацаа авах зорилготой, үндэслэлгүй гаргасан нэхэмжлэл гэж бодож байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00859 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан дуудлага худалдааны үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Х Ц”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1030 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00859 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 гэснийг хасч өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчин нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр манай компаний хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд дараах үндэслэлээр гомдож давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэлийн тухайд: 1. Давж заалдах журмаар гаргасан гомдолдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4,9-т хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж заасан байдаг боловч “Лендс” ХХК болон “Баян Модот” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд мөн эсэх, эрх бүхий этгээд дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байх тул “Хөрөнгө үнэлгээний тухай” гэх бичгийн баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд учир дутагдалтай байхад Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүй гэж гомдол гаргасан. Гэвч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн уг гомдлыг огт хяналгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. 2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолдоо огт гүйцэтгэх баримт бичиг нь хуульд заасан шаардлага хангаагүй талаарх гомдол гаргаагүй. Гэвч давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 9 дэх догол мөрөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч түүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тогтоол гарган гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүхэд буцаана” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж үзэж байна. 3. Магадлалын хянавал хэсэгт “... нэхэмжлэгч нь үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо үнэлгээ тогтоосон 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргах байтал уг хугацааг хэтрүүлэн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гомдол гаргасан болох нь талуудын тайлбар, бусад баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Гэвч хэргийн хавтаст авагдсан нотлох баримтанд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гомдол гаргасан талаарх нотлох баримт байхгүй байхад бусад баримт гэх тодотголоор хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

Хоёр шатны шүүх “Х Ц”ХХкомпанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийсэн ба давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Х Ц”ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр авагч Бат бэх ремикон ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн байна.

“Х Ц”ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8240 дугаар шийдвэрээр 1 084 666 343 төгрөгийг Бат бэх ремикон ХХК-д, шүүхийн хүчин төгөлдөр нийт 16 шийдвэрээр бусдад нийт 1 166 843 759 төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БЗД/01 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нэгтгэн явуулжээ.

Хариуцагч нь төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч “Х Ц”ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дүнжингарав 5 дугаар байрын 4 тоот аялал жуулчлалын зориулалттай барилгыг 600 000 000 төгрөг, Дүнжингарав 5 дугаар байрны 5 тоот аялал жуулчлалын зориулалттай барилгыг 600 000 000 төгрөг, Дүнжингарав 11 дүгээр байрны 3 тоот аялал жуулчлалын зориулалттай барилгыг 900 000 000 төгрөг, 51 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг 1 000 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн саналыг ирүүлсэн, төлбөр авагч Бат бэх ремикон ХХК дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Лэндс ХХК-ийг, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор Баянмодот ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоосон ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна. /1 хав 140, 142, 159-165, 166, 167/

Шинжээч Баян модот ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээний тайлангаар Дүнжингарав 5 дугаар байрны 5 тоот барилгыг 92 100 000 төгрөг, Дүнжингарав 51 тоот үл хөдлөх хөрөнгийг 127 468 000 төгрөгөөр, шинжээч Лэндс ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр Дүнжингаравын 7 тоот барилгыг 605 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны зүгээс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3/13659 тоот албан бичиг /1 хав 169/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар “Х Ц”ХХК-ийн төлөөлөгч Н.Дэлгэрсайханд уг үнэлгээний талаар мэдэгдсэн нь тогтоогджээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэх байдал тогтоогдоогүйгээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар нэхэмжлэгч нь үнэлгээг эс зөвшөөрвөл үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах байтал уг хугацааг хэтрүүлсэн, хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1030 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА