Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2020/00097

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

            Нэхэмжлэгч: Л.Ж,   

            Нэхэмжлэгч: Б.М,  

            Нэхэмжлэгч: Б.М,  

            Нэхэмжлэгч: Д.Б нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Д.Б,  

            Хариуцагч: Ш.Б нарт холбогдох,  

            Д.Б, Л.Ж, Б.М, Б.М, Д.Б нарын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, Д.Б, Ш.Б нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Д.Б, Б.М, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч Ш.Б-гийн өмгөөлөгч Ж.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.  

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ж, Б.М, Б.М, Д.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Ж, Б.М, Б.М бид Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг Цагаанчулуут 29 дүгээр гудамжны 10 тоотод 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Дээрх хаягт байрлах 890 м.кв газрыг 2006 онд бид хувьчилж авсан бөгөөд 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 000052815 дугаартай гэрчилгээний үндсэн дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2101002485 дугаарт бүртгэгдэж газрын өмчлөгч болсон. Миний нөхөр бидний аав болох Д.Бы төрсөн дүү Д.Б нь гоо сайханы газар ажиллуулдаг байсан ба 2009 онд хамтарч зээл авч бизнес хийе гэх санааг гарган бидний өмчлөлийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж зээл авъя гэж хэлсэн. Тухайн үед нөхөр бид хоёр ажил орлогогүй байсан тул банк бидэнд зээл олгох боломжгүй харин тодорхой хэмжээний орлоготой хүнд зээл олгоно гэж хэлсэн. Ингээд нөхрийн дүү Д.Б тухайн үед гоо сайханы газар ажиллуулж байсан тул түүний нэр дээр өөрсдийн өмчлөлийн газрыг шилжүүлэн зээл авахаар болсон. Ингээд нотариат орж үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг байгуулсан. Ийнхүү бэлэглэлийн гэрээний дагуу газрыг шилжүүлж зээл дууссаны дараа Д.Б нь газрыг буцаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Д.Б нь буцаан шилжүүлж өгөлгүй явсаар өдийг хүрсэн ба 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ш.Б гэх хүнд газрыг худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн байна. Одоо Ш.Б нь бидний амьдарч буй газар дээр ирж биднийг нүү гэсэн шаардлага тавьж байгаа ба газрыг ухаж барилга барина гэж дураараа аашилж байна. Иймд үл хөдлөх хөрөнгө бэлэглэх 2009 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Б, Ш.Б нарын хооронд байгуулагдсан гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.   

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.Жын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч нь миний ах Д.Бтай гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд одоогоор тус тусдаа амьдраад 8 жил орчим болж байгаа билээ. Намайг насанд хүрээгүй хүүхэд байхаас эхлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуутын 29-11 тоот газарт манай ээж Ц.С, ах Д.Б, миний бие 2 хүүхдийн хамт амьдарч байсан бөгөөд ах маань сүүлд Жтай гэр бүл болж Ж болон хүүхдүүд нь бидэнтэй хамт амьдарч эхэлсэн. Ингээд газар хувьчлах үед ахын нэр дээр бид газраа өмчлөн авсан. Ингээд ах маань эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймагт өөр газарт амьдрах болсон тул надад 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлэн өгсөн. Ингээд ээж бид хоёр болон миний хоёр хүүхэд тус газарт амьдарч байгаад ээж маань 2016 оны 08 дугаар сарын 29-нд нас барсны дараа би иргэн Болорсүхтэй танилцаж, Дэнж багт хамт амьдрах болсон. Сүүлдээ иргэн Болорсүхийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амьдрахаар болж, ээж болон өөрийнхөө амьдарч байсан гэрээ Болорсүхийн аав ээжид зарж /өнөөдөр хүртэл мөнгийг өгөөгүй/ мөн 2018 онд өөрийн газраа Б гэх хүнд худалдсан. Нэхэмжлэгч ор үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Ах болон түүний гэр бүл 2009 оноос хойш уг газарт амьдраагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 29-р гудамжны 10 тоотод 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байсан талаараа дурьдсан байдаг. Гэвч нэхэмжлэгч нарын аав болох Д.Баас дүү Д.Бд 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр газрыг шилжүүлсэн байна.  Энэ хугацаанд Д.Б нь ээжтэйгээ хамт амьдарч байгаад 2016 онд ээж нь нас барсан. Тэгээд Д.Б нь ганцаараа эндээ амьдарч байсан байна лээ. Би Д.Бэс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр газрыг худалдах худалдан авах гэрээгээр 7 сая төгрөг бэлэн өгч газрыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн. Одоо би энэ газар дээрээ хүйтний улирал эхлэхээс өмнө байшин барилга барьж орох гээд эхэлсэн, дуусах дөхөж байгаа. Би хэрвээ хүний газар дээр ямар ч зөвшөөрөлгүй барилга байшин барьсан бол миний буруу гэх юм. Гэтэл би байшин барихын тулд газар хайж сураглаж байгаад зараар энэ газрыг худалдаж авсан юм. Тэгээд өөрийн өмчлөлд шилжүүлж өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Г-2101002485, нэгж талбайн дугаар 6104100988 бүхий гэрчилгээтэй болсон.  Тиймээс би өөрийнхөө өмчлөлийн газар дээр барилга барьсан нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн асуудал байхгүй гэж бодож байна. Гэтэл нэхэмжлэгч нар нь миний газар дээр зөвшөөрөлгүй барилга барьсан талаар нэхэмжлэлдээ дурьдсан. Би энэ газрын шударга өмчлөгч байх бөгөөд нэхэмжлэгч нарыг би урьд нь танихгүй байсан болно. Нэхэмжлэгч нар нь дээрх газрыг Д.Бд өгөхдөө гоо сайханы газар ажиллуулах, бизнес эрхлэхээр Д.Болор-Эрдэнийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан талаар дурьдсан байдаг. Анх энэ газар дээр ээж нь, Д.Б нар  амьдарч байсан байх бөгөөд ах Д.Бы нэр дээр нь гэрчилгээг гаргуулж авч байсан. Гэвч ах нь энд амьдарч байгаагүй гэдэг. Тиймээс энэ газрын өмчлөгч нь Д.Б ба буцааж Д.Бд өгөх талаар ямар ч тохиролцоо байхгүйг дүү Д.Б нь хэлж байна. Нэхэмжлэгч нарын шаардлагад дурьдсан 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгч нар нь зөвшөөрч Д.Болор-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн байна. Энэ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм. Ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцох гээд байгаа шаардлага нь тодорхойгүй. Би хууль зөрчиж Д.Бэс энэ газрыг худалдаж аваагүй. Эдгээр нэхэмжлэгч нар нь Д.Бд газрыг бэлэглэхдээ хариу төлбөргүйгээр, ямар ч болзолгүйгээр бэлэглэсэн байдаг. Гэвч өнөөдөр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа үндэслэл нь тодорхойгүй, тухайн үед хүсэл зоригоо илэрхийлээд Д.Болор-Эрдэнийн өмчлөлд сайн дураараа шилжүүлсэн нь харагдаж байна. Хэрвээ энэ газрыг буцааж авах талаар тохиролцоотой байсан бол болзол тавьж, болзлоо нэмэлт нөхцөлөөр дурьдах байсан байх. Гэтэл гэрээний нэмэлт заалтанд буцааж  авах талаар дурьдаагүй. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг бөгөөд энэ газар дээрээ их хэмжээний зардал гаргаж байшин барилга барьж байгаа болно. Энэ байшингаа яаралтай босгож банкинд барьцаанд тавьж хүүгийнхээ эмчилгээнд хэрэглэх гэж байгаа юм. Гэтэл миний яаралтай хийх ёстой ажилд хөндлөнгөөс саад учруулж барилгыг минь бариулахгүй байгаад гомдолтой байна. Хүүхэд маань яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Учир нь хүү маань осолд ороод эмчилгээ хийлгэх нэн хэрэгтэй байна. Иймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ж, Б.М, Б.М, Д.Б нар нь Д.Б, Ш.Б нарт холбогдуулан “Д.Б, Л.Ж, Б.М, Б.М, Д.Б нарын хооронд байгуулагдсан 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”, “Д.Б, Ш.Б нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан газар худалдах худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29 дүгээр гудамжны 10 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 890 м2 талбайтай газрыг Орхон аймгийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжаар Д.Б, Л.Ж, Б.М, Б.М нар өмчлөн авчээ.   

Ингээд уг газрынхаа өмчлөх эрхийг Б.Б, Л.Ж, Б.М, Б.М нар нь 2009 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Д.Бд шилжүүлсэн байх ба, энэ талаар улсын бүртгэл хийгдсэн нь зохигчийн тайлбар, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 000105176 дугаар эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ. Иймд 2009 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ” нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч нар “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлээ: ...Д.Б нь тухайн үед зээлийн барьцаанд тавихаар уг газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Зээлээ дууссаны дараа буцааж шилжүүлж өгөхөөр тохирсон. Гэтэл буцааж шилжүүлж өгөхгүй явсаар өдийг хүрсэн. Одоо Ш.Б нь бидний амьдарч буй газарт ирж биднийг нүү гэсэн шаардлага тавьж байна. Иймд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү... гэсэн.

Бэлэглэлийн гэрээний агуулгаас үзэхэд уг газрыг Д.Б зээлийн барьцаанд тавихаар өмчлөх эрхийг шилжүүлж байгаа талаар дурьдаагүй, зээлийг дуусахаар өмчлөх эрхийг буцааж нэхэмжлэгч нарт шилжүүлнэ гэсэн талаар талууд тохирсон зүйлгүй байна.

Өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээний талууд мөн тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээ хийсэн гэж үзэхээргүй байна. 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.1.2-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан бол бэлэглэгч, түүний өвлөгч нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1., 280.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй байх ба бэлэг хүлээн авч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл, мөн бэлэг хүлээн авагчийн эрүүл мэнд амь насыг  хохироосон буюу хохироохыг завдсан үйлдэл хийсэн болохыг тодорхойлж заагаагүй байна.

Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээтэй холбоотой байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан зургаан жилийн хөөн хэлэлцэх хугацааг баримтлах үндэслэлтэй бөгөөд, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д заасан шаардах эрх хэдийнээс үүссэн гэдгийг шүүх шалгах шаардлагатай юм.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Д.Б, Б.М, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж нь тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: ...зээл авч болохгүй байна гэдгийг бэлэглэлийн гэрээ байгуулснаас хойш нэг сарын дараа мэдсэн. Түүнээс хойш байнга газрын гэрчилгээгээ Д.Бэс нэхэж байгаа. Барьцаанд тавьсан байгаа л гэдэг байсан... гэсэн тайлбар гаргасан байгаагаас үзэхэд шаардах эрх тухайн үеэс үүссэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29 дүгээр гудамжны 10 тоот хаягт байрлах газрыг 2009 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хариуцагч Д.Бд шилжүүлсэн нэхэмжлэгч Д.Б, Л.Ж, Б.М, Б.М нарын “бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хариуцагч Д.Б нь хариуцагч Ш.Бд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “газар худалдах худалдан авах” гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг Цагаанчулуутын 29-р гудамжны 10 тоот хаягт байрлах 890 м2 талбай бүхий газрыг 7 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2 500 000 төгрөгийг Д.Бд бэлэн төлж, үлдэгдэл 4 500 000 төгрөгийг 2018 онд багтаан төлж дуусгахаар тохиролцсон гэрээ байгуулагдаж, газрын өмчлөх эрх Ш.Бд шилжсэн болох нь зохигчийн тайлбар, хэргийн 207-213 дугаар хуудас дахь нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх гэрээ нь хуульд заасан шаардлагад нийцсэн байх ба, талуудын хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

Нэхэмжлэгч тал Д.Б, Ш.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “газар худалдах худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын үндэслэлээ: ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тодорхойлсон. 

Шүүх нэгэнт нэхэмжлэгч Д.Б, Л.Ж, Б.М, Б.М нарын Д.Бд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29 дүгээр гудамжны 10 тоот хаягт байрлах газрыг 2009 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр “бэлэглэлийн гэрээ”-гээр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй тул Д.Б, Ш.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “газар худалдах худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна.  

Талууд маргааны үйл баримттай холбогдуулан Г.Оюундалай, Д.Номин-Эрдэнэ нарыг шүүхэд гэрчээр асуулгасан байх боловч гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, мөн маргаан бүхий газарт хэн амьдарч байсан талаар харилцан мэтгэлцэж байх боловч энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иймд Д.Б, Ш.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “газар худалдах, худалдан авах” гэрээ нь хууль ёсны өмчлөгчөөс хуульд заасан шаардлагын дагуу Ш.Б нь өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байх тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.   

Хэргийн 6, 7, 8, 9, 10, 223 дугаар талд авагдсан нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй баримтууд байгааг дурьдах нь зүйтэй.    

            Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 280 дугаар зүйлийн 280.1.1., 280.1.2., 280.2., 243 дугаар зүйлийн 243.1., 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10., 56.5.-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29 дүгээр гудамжны 10 тоот хаягт байрлах газрыг Д.Бд шилжүүлсэн 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “бэлэглэлийн гэрээ”, “Д.Б, Ш.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “газар худалдах худалдан авах” гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэгч Л.Ж, Б.М, Б.М, Д.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 900 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70  дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3667 дугаартай шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрт зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг заасугай.    

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ХИШИГДАВАА