Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

М.Э, О.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогчийн өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүгдэгч М.Э, О.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр, Т.Пүрэвдаваа

 Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр, Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Э, О.Б нарт холбогдох эрүүгийн 1914002500015 дугаар хэргийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, М.Э, 1987 оны 7 дугаар сарын 20-нд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сум 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 02 дугаар сарын 28-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийх ял, 2013 оны 10 дугаар сарын 14-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 05 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял, 2015 оны 03 сарын 06-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 4 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан

Монгол улсын иргэн, О.Б, 1988 оны 01 сарын 04-нд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 5 дугаар сарын 18-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан

М.Э, О.Б нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг Уртын гол гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.Амарбаясгалангийн эзэмшлийн 9 тооны адууг хулгайлж 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

              Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Э, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Б, М.Э нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О.Быг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар, Шүүгдэгч М.Эыг гурван жил зургаан сарын /03 жил 06 сар/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан хоёр /02/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Эад оногдуулсан гурван жил зургаан сарын /03 жил 06 сар/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.Эын цагдан хоригдсон далан ес / 79 / хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.Эаас нэг сая зургаан зуун мянган /1.600.000/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Амарбаясгалантад 2020 оны 06 дугаар сарын 01-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл буюу түүний үнэ найман зуун мянган / 800.000 / төгрөгийг, шүүгдэгч М.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ таван зуун мянган / 500.000 / төгрөгийг шүүгдэгч О.Б, М.Э нараас тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч О.Бын мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, найман зуун мянган төгрөгийг төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч М.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус тоолж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Э гаргасан давж заалдах гомдолдоо: М.Э миний бие шударга ёсонд үл нийцэх шийдвэр болсон Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.

            Би үнэнийг дэнслэгч шүүх байгууллага тухайн хэргийг тал бүрээс нь харж хянаад бодит үнэнд нийцсэн шийдвэр гаргах байх гэж итгэж өчүүхэн сэтгэлийн хонгилд минь итгэл найдварын гал бадамлаж байсан юм. Гэтэл тэр их хүлээлт юу ч үгүй замхарч алга боллоо. Эмгэнэл гэж одоогийн энэ нийгмийг л хэлэх байх, би үнэхээр туйлдаа хүрч байна, яагаад хэргийн бодит байдлыг тогтоохоосоо цаараглаж, тогтоох ёстой үүргээ яагаад үл хайхраад байна. Би шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад гомдож байна. Намайг оргон зайлаагүй байхад ямар ч таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байхад таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж оргон зайлсан үндэслэлээр цагдан хорьж түүнээс хойш тасралтгүй цагдан хоригдсон. Би өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг, манайх амьдралын боломж бололцоо байхгүй, би айлуудад очиж ойр зуурын ажлыг нь хийж амьдрал ахуйгаа авч явдаг жирийн л нэг монгол улсын иргэн , ингэж яваад л би ийм хэрэгт санамсаргүй байдлаар холбогдсон Бууцагаан сумын нутаг Уртын гол гэх газраас Батбаярын тастаж өгсөн 7 тооны адууг Батбаярын хамт тууж явж байгаад Батбаяр буцаж би тухайн 7 тооны адууг буруу зүйл хийж байна гэж ухаарч ижил сүрэг рүү нь буцааж туусан. Хүмүүсийн дам яриагаар Амарбаясгалант гэх залуу малаа олон зарим мал нь малдаа заримыг нь зарж борлуулсан гэдэг. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалган тогтоох ёстой, үнэхээр хүн бүрд ижил тэгш, шударга харьцаж, эрхэм зорилго болгодог бол мөн 7 тооны адуу яагаад 8, 9, 10 гээд яваад байгаа, хавтаст хэргийн материалд ийм зөрүүтэй тоонууд байдаг.

            Хохирогчийн тогтворгүй мэдүүлэг, өргөдөл зэргийг харахад хохирогч худал хэлж байгаа нь илт илэрхий байгаа. Хохирогч гэх Амарбаясгалантын 2019 оны малын А дансыг холбогдох байгууллагаас авхуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргуулмаар байна. Манай өмгөөлөгч А дансыг хуулбарлуулж авах хүсэлт гаргасан боловч хувь хүний нууц гээд гаргаж өгөөгүй. Хэргийн бодит байдлыг тогтоох ёстой эрх бүхий этгээд рүү хэргийн бодит байдлыг тогтоох тал дээр ажиллахгүй зөвхөн Амарбаясгалантын мэдүүлгээр хэргийг мөрдөн шалгаж, нотлох баримт бүрдүүлсэнд гомдолтой байна. Би ч гэсэн хүн яагаад ялгаварлаж хандаж байна вэ, уг нотлох баримтаар нь шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэвэл уг шийтгэл

тогтоомж гарах нь ойлгомжтой. Тиймээс л хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж хэргийн бодит байдлыг тогтоож өгөөч гэж чин сэтгэлээсээ эрхэм шүүгч та бүхнээс хүсэж байна. Би өмгөөлөгчийнхөө гомдлыг бүрэн дэмжиж байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна, мөн надад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж өгнө үү. Би хууль хяналтын байгууллагын дуудсан цаг хугацаанд нь ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байхаа амлаж байна. Давж заалдах шатны шүүх энэрэнгүй шийдвэр гаргана гэдэгт иргэн М.Э би туйлын итгэлтэй байна гэжээ.

Шүүгдэгч М.Эын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа гаргасан давж заалдах гомдолдоо:

Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч өмгөөлөгч Т.Пүрэвдаваа миний бие нь Эрүүгийн 1914002500015 дугаартай хэрэгт шүүгдэгч М.Эын хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Аймгийн Прокурорын газраас М.Э, О.Б нарыг бүлэглэн 2018 оны 12 сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг Уртын гол гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.Амарбаясгалантын эзэмшлийн 9 тооны адуу хулгайлж 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч тус хэргийг хянан хэлэлцээд О.Б, М.Э нарыг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, О.Бт 2 жилийн хугацаагаар, М.Эад 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гомдол гаргах болсон учир нь: Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлон тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг илэрхий дордуулсан шийдвэрийг гаргасан. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус хэрэгт хяналт тавьж буй прокурорт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг гаргасан боловч 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 109 дугаартай прокурорын газрын хүсэлт хангахаас татгалзсан тухай хариу мэдэгдэх хуудсыг миний бие 02 дугаар сарын 22-ны өдөр гардан авч дээд шатны прокурорт гомдол гаргах гэсэн боловч гомдол гаргах хугацаа олголгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэл байсан учир хэргийг прокурорт буцаалгахаар анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гарган хүсэлтийг хянан хэлэлцүүлсэн боловч хүсэлт хангахаас татгалзаж анхан шатны шүүх хуралдааныг товлосон.

Тус хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн дүүрэн тогтоогоогүй ба шүүхийн шатанд тогтоох боломжгүй юм. Мөн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр мөрдөгч нь Ц.Амарбаясгалантыг хохирогчоор тогтоож /хх-35-36/, хохирогчоор тогтоосон өдрөө хохирогчоос мэдүүлэг авсан байдаг ба уг мэдүүлэгт ...би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ирээд адуугаа очиж үзэхэд халтар азарга, цагаан оломтой том хүрэн морь өсгий цагаан саарал гүү, мурий сүүлтэй жижиг хээр морь, мөн 4 хээр гүү алга болсон байсан гэж 8 тооны адууны талаар мэдүүлсэн /хх-38-39/ байхад мөрдөгч хохирогчоос асуулт асуухдаа таны халтар азаргатай 9 тооны адууг хэн хулгай хийсэн байна гэж бодож байна гэж хөтөлж тулган мэдүүлэг авсан нь хохирогчийг 9 тооны адуу алдсан гэх худал хэлэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн байх үндэслэл харагдаж байна. Мөн хавтаст хэргийн 129 дүгээр хуудаст байх Ц.Амарбаясгалантын өргөдөлд ...адуунууд алдсан үүнд азарга халтар 1, саарал гүү 1, хээр морь 2, хээр гүү 4 тооны адуунууд байсан Хүрээмарал сумын иргэн Батбаяр, үл таних Энхбат эдгээр хүмүүс Хөхбүрдний уртын голоос 8 аас 9 тооны адууг адуунаас таслан туусан гэх утга бүхий өргөдөл гаргасан байдаг, мөн шүүгдэгч Энхбат, Батбаяр нар нь уншиж бичиж чадахгүй боловч тоо мэддэг бөгөөд Энхбатын хууль ёсны шаардлагыг хангасан мэдүүлэг болох өмгөөлөгчийг байлцуулан яллагдагчаар өгсөн мэдүүлэгт Уртын гол гэх газраас 7 тооны мал авсан Батбаяраас салаад цааш тууж явж байгаад буцаагаад туусан гэдэг ба эдгээр нөхцөл байдлуудаас харахад шүүгдэгч 7, хохирогч 8 гэсэн зөрүүтэй малын тоо гарч ирж байгааг анхаарах нь зүйтэй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломж харагдаж байгаа юм. Мөн шүүгдэгч М.Э буруу зүйл хийж байгаагаа ухаарч тууж явсан 7 тооны адуугаа буцааж ижил сүрэг рүү нь туусан гэдэг ба уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан гэх хуулийн шаардлагыг хангахуйц нөхцөл байдал ойлгогдож байгаа ба уг нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох шаардлага бий болж байгаа ба мөрдөн байцаалтын шатанд л тогтоох боломжтой юм. Мөн шүүгдэгчийн буцааж туусан 7 тооны адуу хаачсан эсэхийг тогтоолгох, мөн шүүгдэгч нарын ар гэрийн зүгээс хохирогч гэх Амарбаясгалант 7 тооны малаа олоод зарахыг нь зарж, зарим нь малдаа байгаа гэх яриа Хүрээмарал, Бууцагаан сумын нутгийн иргэдийн дунд байна, мөн хохирогчоос өөрөөс нь энэ тухай сонссон гэх гэрч байгаа боловч хохирогчоос айж эмээгээд ил гарахыг хүсэхгүй байна гэж хэлдэг ч хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн гэрчээс мэдүүлэг авах боломжтой гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн 37 дугаар хуудаст Ц.Амарбаясгалантын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын баримт авагдсан ч уг мал тооллогын баримт нь ач холбогдолгүй буюу мал алдсан гэх цаг хугацаанаас өмнө тоолсон тооллогын баримт юм, харин хохирогчийг малаа олсон бүрэн бүтэн байгаа, эсхүл алдсан зэргийг нотлох гол нотлох баримт болох 2019 оны жилийн эцсийн мал тооллогын баримт буюу мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого жилийн эцсийн мал тооллогын дэлгэрэнгүй баримт хэрэгт байхгүй байна, уг баримт нь хэрэгт зайлшгүй байх ёстой гол нотлох баримтын нэг бөгөөд тус баримтгүйгээр хэргийг шийдвэрлэх нь үнэнд нийцсэн шийдвэр болохгүй гэж үзэж байна. Батбаяр, Энхбат нарын мал авсан гэх газар нь Бууцагаан сумын нутаг дэвсгэрт хамаардаг гэж Энхбат хэлдэг, мөн Амарбаясгалантын малаа захиж үлдээсэн байсан хүн нь адууг нь хэд хоног хараагүй, алга болсон байсан талаар мэдүүлдэг ба хэд хоногийн дараа харахад мал нь дутуу байсан талаар мэдүүлсэн зэрэг нь бусдын алдуул малыг шүүгдэгч нар нь завшсан байх нөхцөл байдал харагдаж байгаа, тийм ч учраас мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийлгэж, байгаль хамгаалагч бус Хүрээмарал, Бууцагаан сумын нутаг дэвсгэрийг хариуцдаг мэргэжлийн ажилтан болох газрын даамлыг гэрчээр асууж Батбаяр, Энхбат нарын мал авсан гэх газар нь аль сумын нутаг дэвсгэрт хамаардаг эсэхийг тогтоолгох зайлшгүй шаардлагатай юм. Дээрх ажиллагаануудыг хийлгэхгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдлыг илтэд зөрүүтэй тогтоосон шийдвэр гарах нөхцөл байдал бүрдэж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, ял халдаасан шийдвэр гарах тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна

Иймд дээр дурдсан ээдрээтэй, эргэлзээтэй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, тэдгээрт ашигтай байх нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоолгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин мөрдүүлэхээр мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, шүүгдэгч М.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Шүүгдэгч О.Бын өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Л.Батбаяр миний бие 1914002500015 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдсон О.Бын хууль ёсны өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оролцсон. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Хэргийн холбогдогч нар яг хэдэн тооны адуу авснаа харанхуйд мэддэггүй. Холбогдогч М.Э 7 тооны гэх... холбогдогч О.Б бичиг үсэг тоо мэдэхгүй харанхуйд захаас нь авсан гэх, хохирогч гэх этгээд 7, 8, 9 гэж зөрүүтэй мэдүүлдэг... Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогчоос ...2018 оны мал тооллогод алдсан малаа тэмдэглүүлсэн үү... гэхэд би алга болоход нь байгаагүй, хүнээс сонссон, малын тоогоо утсаар өгсөн, нүд үзэж тоолоогүй тооллогоор мал алдсанаа бичүүлээгүй, манай мал бүрэн тоологдсон гэж мэдүүлсэн бөгөөд алдсан адуунд нас гүйцсэн бүдүүн азарга байсан, азарга хаанаас ч сүрэгтэй ирдэг юм гэх мэтээр адуугаа алдаагүй болохыг батлан мэдүүлж дам яриа холбогдогч нарын хардлагыг /гүйж ирсэн адуугаа өөрөө хэрэглэсэн/ улам лавшруулж баталгаажуулсан юм. Дээрх мэдүүлгийг ярьсаар байхад анхан шатны шүүх үнэлж дүгнэлгүй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-ийг зөрчиж, холбогдогч нарын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хохирогч этгээд холбогдогч Батбаярыг удаа дараа утсаар дарамтлан хуурч мэхлэн /сумандаа шийдүүлнэ, аймагт хэрэг үүсгүүлэхгүй, чи хохирлоо төлчих гэх мэтээр/ бэлэн мөнгө авч холбогдогч М.Э замаасаа буцааж туусан, гэх мэдүүлгийг үгүйсгэн хулгайлж авсан учраас хохирлоо төлсөн... та нар гэж бодит үнэнийг тогтооход шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж, хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах, анхан шатны шүүхийн 101 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах, шүүхийн шатанд тогтоох боломжгүй зүйлийг нэмэлтээр хийлгэж ээдрээтэй, эргэлзээтэй хэргийн бодит байдлыг бүрэн тогтоолгохоор, шүүгдэгч О.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, урьд авч байсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг авч өгнө үү гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай, учир нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж ялыг оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлттэй байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр мал тооллогын тоог утсаар хэлсэн талаар хохирогч мэдүүлсэн. Улсын хэмжээний мал тооллогын ажлыг утсаар тоолуулж байгаа нь ямар учиртай юм, энэ асуудлыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие ярьсан байгаа. Гэрч бол адууг дурангаар харж байхад 10 тооны адуу байхгүй байгаа талаар мэдүүлсэн боловч өөрийн нүдээр очоод харах бас нэг өөр байх учир үнэнд нийцэхгүй юм. Давж заалдах гомдлоо дэмжиж байна, О.Бт авсан цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: М.Эад 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж өнөөдрийн хүртэл хоригдож байна, М.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад учруулаахаар зүйл тогтоогдоогүй учир хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. 2019 оны малын А дансанд малын нас, хүйс, хэдэн тооны мал зарж, борлуулсан, хулгайд алдсан гэх нарийн бүртгэлээр мал тооллогын комисс өөрсдөө очиж бүртгэдэг, тухайн бүртгэл бол энэ хэрэгт зайлшгүй байх шаардлагатай учир нь шүүхийн хэлэлцүүлэг яригдаж байгаа зүйл болон хавтаст хэрэгт авагдсан баримтууд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийг нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нарын хариуцвал зохих хохирлыг буруу тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол, шийтгэх тогтоолын хэсэг болох шүүх гаргасан шийдвэрээ өөрчилсөн шүүгчийн захирамж зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Баянхонгор аймгийн прокурорын газраас М.Э, О.Б нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах асуудлыг шүүх зөвлөлдөх тасалгаанд хянан хэлэлцэхээр хуульчилсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр М.Э, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, улмаар хохирогч нарт учруулсан хохирлыг шүүгдэгч нар хэрхэн хариуцаж төлсөн, цаашид хэн нь хэдэн төгрөгийг хариуцаж төлөх талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн атлаа дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хохирлын талаар гаргасан шийдлээ өөрчлөн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шийдвэрлэсэн шүүгдэгчээс хохирол гаргаж, хохирол төлөхөөр заасан шүүгдэгчийн төлөх хохирлын хэмжээг нэмэгдүүлэх зэргээр захирамжаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

 Өөрөөр хэлбэл хохирогч Ц.Амарбаясгаланд 9.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч М.Эаас 4.900.000 төгрөг, шүүгдэгч О.Баас 600.000 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/358 дугаар шүүгчийн захирамж нь илт үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг ... шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” хэмээн заасан бөгөөд шүүгчийн захирамжаар хохирлын талаар гаргасан шийдлээ өөрчилж шийдвэрлэж байгаа нь тоо, тооцооны шинжтэй алдаа биш байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Хэдийгээр давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрхтэй ч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Шүүгчийн захирамж нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж буй тул шийтгэх тогтоолын хэсэг гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Э, О.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, М.Э, О.Б нарт холбогдох эрүүгийн 1914002500015 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1.5-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Э, О.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.