Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 101

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

 Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,

Улсын яллагч:В.Дэлгэрмаа,

Хохирогч: Ц.Аант, түүний өмгөөлөгч М.Бурмаа,

Шүүгдэгч: О.Б, түүний өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч: М.Э, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, О.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002500015 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1988 оны 01 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй урьд 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн, Гурван О.Б

2. Шүүгдэгч, Монгол           улсын иргэн, 1987 оны 07 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх
хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийх ял, 2013 оны 10
дугаар сарын 14-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн
хугацаагаар хорих ял, 2015 оны 03 сарын 06-ны өдрийн 35 дугаартай шийтгэх
тогтоол Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 04 жил
08 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
М.Э

 Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э, О.Б нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-аас 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг Уртын гол гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.Аангийн эзэмшлийн 9 тооны адуу хулгайлж 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие урьд нь гэрчээр өгсөн мэдүүлгүүддээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн юм. Одоо нэмж хэлэх зүйл гэх юм бол хохирогч Ц.Аанд 4.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Мөн миний хувьд хулгай хийх санаа байгаагүй, Энхбатыг цуг туулцаж өгөөч гэхээр нь тухайн адууг Толийн тээх гэх газрын ар хүртэл тууж өгсөн юм...2 мотоциклтой явж байсан болохоор 2 талаас нь орж ирээд адууг тасалсан. Тухайн үед адуунууд Уртын голын эхээр байсан ба тус газар нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт хамаарна, Уртын гол гэх газар нь Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байдаг ба тус газрын ойролцоо 3-4 километр зайд манай хаваржаа байдаг.....гэх мэдүүлэг/1-р хх-ийн 168, 2-р хх-ийн 1, 2/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: М.Э хэдэн адууны хэрэг байна гэж хэлэхээр урт гол гэх газраас хэдэн адуу тууж аваачиж өгсөн. Яг хэдэн тооны адууг байсныг хэлж мэдэхгүй байна гэв.

      3. Шүүгдэгч М.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Батбаярын гэр рүү нь очсон. Тэнд очсон шалтгаан нь Батбаяр намайг утсаар дуудсан...өөрийнхөө малаас идшээ авна, цуг гаргалцаадах гэсэн, тэгээд Батбаяр бид 2 өөр өөрсдийнхөө мотоциклтой Батбаярын хөдөө байх гэр рүү очсон... Батбаяр манай 2 тооны адуу тусдаа явж байгаа тэрийг адуутайгаа нийлүүлчхээд ирье гэж хэлсэн...50 орчим тооны нэлээн хэдэн азарга адуу байсан ба тэдний захаар нь зогсож байсан 7 тооны адууг Батбаяр тасалж өгсөн, тухайн үед Батбаяр хэлэхдээ би чамд адуу тасалж өгье чи зараадах гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэндээс өөрөөр хэлбэл Уртын голоос Толин тээг гэх газарт ирээд Батбаяр надад 2-3 хоногийн дараа би чам руу холбогдоно гаргаж янзалчхаад хэлээрэй гэж хэлчхээд өөрөө яваад өгсөн...2-3 хоногийн дараа Батбаяр над руу залгаад Хүрээмарал сумд нядалгаа хийх гэж байна, ирж алах уу гэхээр нь ...Ууганбат руу залгаад нядалгаанд явах юм уу гэхэд тэр тэгье гэсэн...мөнгөний хэрэг байна, зарчих юм бол хувааж авъя...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 170-173/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Хохирогч Ц.Аантын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   

...Батбаяр надад хэлэхдээ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг дэвсгэр болох Байдрагийн гүүрний хойд талаар эзэнгүй 5-6 тооны адуу гол дээр байдаг ба түүнийг манай найз харж байгаа гэж хэлсэн. Мөн Амарбаясгалангийн адуутай зүс, тамга нь таарвал аваачиж өгье гэж хэлсэн юм байна лээ. Энэ талаар Батбаярт Энхбат хэлсэн юм байна лээ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-44/

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Аант мэдүүлэхдээ: Би 3 азарга адуутай. О.Б танай адуунаас М.Эад хэдэн адуу тасдаж өгсөн нь гэж хэлсэн. Миний данс руу 3.900.000 данс руу О.Б шилжүүлсэн гэв.

7. Гэрч Б.Ууганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Энхбат ах ганцаараа мотоциклтой манайд ирсэн. Тэр тухайн өдөр манайд хоночхоод маргааш өглөө явсан юм. Тухайн үед тэр надад нядалгаанд явах уу 1 тооны ямааг 4000 төгрөгөөр гаргана гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн юм. Тэгсэн тэр тэгвэл чи Энх-Өлзийн хамт араас хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад зам дагуу явж байсан чинь найз болох Жамбалсүрэн /Бат-Эрдэнэ/-тэй таараад нядалгаанд явах уу гэхэд тэр тэгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр өөр өөрсдийнхөө мотоциклтой Бууцагаан сумын төв орсон юм. Учир нь Энх-Өлзийнх сумын төвд байсан юм. Бид хоёрыг очиход Энх- Өлзий бэлэн байж байсан ба Энхбат ах нядалгаанд явах талаар хэлсэн юм шиг байна лээ...тэр оройдоо Батбаярынд хоноод маргааш нь Энх-Өлзий, Жамбалсүрэн, Батбаяр, Энхбат бид тав сумын төвд байх айлд очиж 2 хоног ямаа нядалсан юм. Тэгээд нядалж дуусчхаад Энх-Өлзий, Жамбалсүрэн бид хэд Бууцагаан сум руу буцах гээд явж байсан чинь араас Батбаяр ирсэн, ирчхээд нэг юм аваад өг гээд байхаар нь би нэг шил юм аваад Хүрээмарал сумын төвөөс гараад задалсан юм. Тэгээд түүнийг уугаад сууж байгаад би Хүрээмарал сумын төвийн дэлгүүрээс ууж идэх юм авах гээд буцаж явсан юм. Тэгэхэд нөгөө газарт Батбаяр, Жамбалсүрэн, Энх-Өлзий нар үлдсэн...үед тэр цуг явчхаад ирье гэж хэлсэн. Тэрнээс ийм ажил тийм ажлаар явъя гэж хэлээгүй. Тэгээд бид хоёр манайхаас түүний мотоциклтой явсан юм. Тэгээд явсаар байгаад Батбаярын хөдөө байх гэр лүү очиж тэнд хоносон юм. Оройхон дуу очсон болохоор цай уучхаад амарсан юм. Маргааш өглөө нь сэрэхэд Батбаяр алга байсан адуундаа явсан байсан. Тэгээд тэднийд байж байхад тэр азарга адуугаа тууж ирсэн ба тэндээс 2 тооны үрээ алга байна гээд тэгээд Энхбат ах бид хоёр хайлцаад олдохгүй болохоор нь явсан юм...Энхбат, Батбаяр нар надад өөрсдийгөө хулгай хийсэн талаар хэлээгүй бүр сүүлд нь надад Жамбалсүрэн хэлэхдээ хэдүүлээ нядалгаа хийж дуусаад Бууцагаан руу буцах гээд явж байхад араас Батбаяр ирээд тэгээд нэг шил юм ууж байхад Батбаяр надад хэд хоногоос хүрээд ирээч Энхбат бид хоёр 9 тооны адуу тууж байгаад алдсан юм чи хайлцаадхаач гэж хэлсэн гээд Жамбалсүрэн надад хэлсэн...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 69-80/

8. Гэрч Э.Соронзонболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

..Амарбаясгалан чи Бөмбөгөр сум руу хүн хэр таних вэ, миний адуунууд Бөмбөгөр сум руу орчих шиг боллоо. Би урьд нь Батбаярыг зодож байсан, тэр манай адуунаас авахдаа л авна гэж ярьж байсан тэгэхээр нь би тэгвэл тэр чинь тодорхой юм биш үү дээ гэсэн. Бөмбөгөр, Бууцагаан сумын зааг дээр байдаг Нямхүү рүү ярьсан, тэгтэл Нямхүү надад манай сумын Энхбат гэдэг залуу Хүрээмарал сумын Хөх Бүрд 1 дүгээр баг руу 2 удаа лав явсан юу хийсэн талаар би мэдэхгүй байна, Хүрээмарал сумын Батбаяртай найз гэж дуулдсан гэж хэлэхээр нь би тэр талаар Амарбаясгаланд хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82/

9. Гэрч Д.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Уртын гол гэх газраар манай адууг хайгаад Баяржавхлан бид 2 туугаад мотоциклтой явж байхад урдаас Баяржавхлангийн адуу цуваад гараад ирсэн юм. Уулын оройд гарахад цаана нь мотоциклтой сундалгаатай 2 хүн явж байсан харагдсан, тэгснээ цаашаа яваад өгсөн хэн болохыг нь хараагүй, адууг нь бүртгэж үзэхэд дутсан зүйл байгаагүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84/

10. Гэрч М.Баяржавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Уртын гол гэх газраар Отгонбатын адууг туугаад мотоциклтой бид 2 явж байхад урдаас манай адуу гараад ирсэн, тэр цаанаас мотоциклтой сундалгаатай 2 хүн явж байсан харагдсан ба тэгснээ цаашаа яваад өгсөн хэн болохыг нь хараагүй...мэдүүлэг /1-р хх-ийн 86/

11. Гэрч М.Дугарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Амарбаясгалан тэгэхэд би аймаг руу явах гэж байна, манай адууг дурандаж байгаарай гэж хэлсэн. Би бараг сар гарангын хугацаанд тэдний адууг дурандсан...2018 оны 11 дүгээр сарын 28-ны үеэр тэдний адууг дурандахад бүрэн байсан, тэрнээс хойш нээх адуунд явж чадаагүй юм.2018 оны 12 дугаар сар нэлээн гарсан байсан Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг болох “Булштийн хоолой” гэх газар тэдний адуутай таарсан. Тэгээд тоолж үзсэн чинь 9 тооны адуу дутсан... Амарбаясгалангийн утас руу нь залгаад адуунаас чинь 10-аад тооны адуу алга байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88/

12. Гэрч М.Энх-Өлзийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Энхбат ахад өөрт нь гэх зүйл байхгүй, ээжийн хэдэн тооны малыг хариулаад байж байдаг юм. Өөрийнх нь эд хөрөнгө гэх ганцхан мотоцикл байсан ба тэрийг нь зарсан гэсэн. Үндсэн орлого гэх зүйл байхгүй харин ээжтэй цуг амьдардаг ба хааяа даа бол хөлсөөр гадуур ажил хийнэ. Энхбатын үйлдсэн хэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдож шүүхээр хянан шийдвэрлэгдсэн тохиолдолд манай гэр бүлийн зүгээс хохирогчид учруулсан хохирлыг нь нөхөн төлөх болно... Энхбат ах Бууцагаан сумын төв рүү манайхаар аргал хүргэж өгсөн ба тэгэхдээ Хүрээмарал сум руу идшинд явж байна хүн олдохгүй бол дуудна гээд явсан юм. Энхбат ах утсаар ярихдаа маргааш нядалгаанд явна хүн олдохгүй байна өнөөдөр Хүрээмарал сумын төв дээр байх Батбаярын гэр рүү нь хүрээд ир гэж хэлсэн. Мөн Ууганбатыг дагуулаад ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ууганбат руу утсаар залгаад түүнийг дуудсан юм. Мөн түүнийг дуудахдаа Жамбалсүрэнг дагуулаад ирээрэй гэж хэлсэн юм. Жамбалсүрэнгийн хувьд миний найз юм байгаа...Хүрээмарал сумын төвд байх Батбаярын гэр лүү нь очсон юм... Тэгээд тэр оройн тэднийд хоноод маргааш өглөө нь сумын төвд байх махны бойнд очиж эхний өдөр 300 гаран бог малыг гаргасан, тус өдрийн ажил оройн 19 цагийн орчимд дуусаад тэгээд Батбаярынд очиж хоносон, маргааш нь ахиад өглөө очиж бод мал гаргасан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93/

13. Гэрч Д.Сундуйдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

...2013-2014 оны хугацаанд Батбаяр, Амарбаясгалан нар хоорондоо харилцан зодоон хийж байсан...Батбаяр Амарбаясгалангийн адууг туучих юм сан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97/

14. Гэрч Б.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Хүрээмарал сумд нядалгаа болж байгаа тийшээ явах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн, гэрээсээ гараад Бууцагаан сум руу ирж байсан чинь замд Ууганбат таараад тэгээд Бууцагаан сум руу бид 2 Баацагаан сумын төвд байх Энх-Өлзийн гэрт ирээд тэднийхээс Хүрээмарал сум руу мотоциклтой явсан...Хүрээмарал сумд байх Батбаярын гэрт очсон...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 99/

15. Гэрч П.Ариунсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Энхбатаас 400.000 төгрөгөөр цэнхэр өнгийн мотоциклийг худалдан авч байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102/

16. Гэрч Б.Хишигтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Энхбатын ээжийнх нь мал манайд байхад тэр ер нь манайхаар байдаг байсан...миний санаж байгаагаар Хүрээмарал сум руу нядалгаанд явна гээд л дагуулж явсан...З хоног явчхаад ирсэн санаад байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110/

17. Гэрч Г.Дэжидмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:     

...Энхбат манайхаар нийтдээ 3 удаа ирж байсан санаад байна. Хамгийн түрүүнд манайх Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 4 дүгээр багийн нутагт отроор явж байхад Энхбат ганцаараа ирээд манайд 3 хоночхоод явсан...Хүрээмарал сумын төвд байх гэртээ байж байхад 2018 оны 09 дүгээр сарын үед байх сайн санахгүй байна. Энхбат мөн ганцаараа ирсэн ба манайхаас ирж хурганы арьс худалдан авч явж байсан. Түүний дараагаар 2018 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын үед нядалгаанд ажиллана гээд манайд 2 хоносон, тэр тэгэхэд өөрийнхөө дүү болон наана 2 залуутай цуг ирж байсан. Нөхрөөсөө хэргийн талаар асуухад Энхбат бид хоёр адуу тастаж аваад тэгээд би буцаад Энхбат харин цаашаа тууж яваад алдсан гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл бол нарийн хэлэхгүй байгаа юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114/

18. Гэрч Я.Туваанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Энхбатын ээжийнх нь хэдэн тооны би харж байхад Энхбатын хувьд голцуу манайхаар байдаг байсан юм...Мал нядалгаа руу дуудаж байна гээд Ууганбат өөрөө нэг явж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119/

      19. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 626 дугаар:

      1. Эр ямаа 8 ширхэг 1 ширхэг нь 100.000 төгрөг нийт 800.000 төгрөг

2. Эм ямаа 41 ширхэг 1 ширхэг нь 70.000 төгрөг нийт 2.870.000 төгрөг

3. Ишиг 22 ширхэг 1 ширхэг нь 40.000 төгрөг нийт 880.000 төгрөг

      Хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ 4.550.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/

 20. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 61 дугаар

      1. Мустанг-5 мотоцикль 1 ширхэг 800.000 төгрөг

      2. Хурга 1 настай 1 ширхэг 40.000 төгрөг нийт 840.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/ болон, хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 54-57 дугаар хуудсанд авагдсан төрсний гэрчилгээний хуулбар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1 хуудас нотлох баримт зэргийг шинжлэн судлав.

           Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн Энх-Нахиа” ХХК-ын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч М.Э, О.Б нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-аас 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг “Уртын гол” гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.Аангийн эзэмшлийн есөн / 09 / тооны адууг бүлэглэн хулгайлж есөн сая / 9.000.000 / төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон нь хохирогч Ц.Аант, гэрч Б.Ууганбат, Э.Соронзонболд, Д.Отгонбат, М.Баяржавхлан, М.Дугарсүрэн, М.Энх-Өлзий, Д.Сундуйдорж, Б.Жамбалсүрэн, П.Ариунсанаа, Б.Хишигтогтох, Г.Дэжидмаа нарын мэдүүлэг болон Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 97, 99 дугаартай дүгнэлт, Номин Аудит ХХК-ийн 08/03 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б, М.Э нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.

      Иймд шүүгдэгч О.Б, М.Э нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь шүүгдэгч О.Б, М.Э нарын үйлдэл нь 2015 онд шинэчлэн найруулж баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэдэнд уг хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 онд шинэчлэн найруулж баталсан Эрүүгийн хуулийн хууль үйлчилж байсан цаг хугацаанд гарсан байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл уг хуулийн уг эрүүгийн хууль үйлчилж байсан цаг хугацаанд бусдын олон тооны мал хулгайлах гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд бүлэглэн гэж хүндрүүлэх нөхцлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр Эрүүгийн хуульд нэмж оруулсан тул шүүх 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэг нь эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Б нь хохирогч Т.Амарбаясгалантын 9 тооны адууг хулгайлан авчирч шүүгдэгч М.Э нь цааш нь тууж яваад орхисон үйлдэл гаргасан нь тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй харин шүүгдэгч М.Э нь О.Баас “гаргах адуу байгаа” эсэх талаар сурч уг адууг О.Б М.Эад тууж авчирч өгсөн, шүүгдэгч М.Э цааш нь тууж явсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон байна гэж шүүх дүгнэлээ.

Ийм аймгийн Прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэлээ.

 Хохирогч Ц.Аантад гэмт хэргийн улмаас таван сая нэг зуун мянган / 5.100.000 / төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон, хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 4 хуудас алдсан малаа эрж хайсны зардал дөрвөн зуун мянган / 400.000 / төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгч нэхэмжилж, шүүгдэгч нараас нийт таван сая таван зуун мянган / 5.500.000 / төгрөг нэхэмжилж байгаа тул шүүгдэгч М.Эаас нэг сая зургаан зуун мянган / 1.600 00 / төгрөг гаргуулж, хохирогч Ц.Аантад олгож, үүнээс гурван сая есөн зуун мянган / 3.900.000 / төгрөгийг шүүгдэгч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Б, М.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.Бын хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч М.Эын хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “хэргийг бүлэглэн үйлдсэн”-ийг шүүгдэгч О.Б, М.Э нарын хувьд хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож тэдэнд хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт шүүгдэгч шүүгдэгч М.Эын цагдан хоригдсон далан ес / 79 / хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцов.

Шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл буюу түүний үнэ найман зуун мянган / 800.000 / төгрөгийг шүүгдэгч О.Баас, шүүгдэгч М.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ таван зуун мянган / 500.000 / төгрөгийг шүүгдэгч М.Эаас тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн тогтоолыг улсын төсөвт найман зуун мянган төгрөгийг төлүүлэхийн тулд хэвээр үлдээж, найман зуун мянган төгрөгийг төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, улсын төсөвт шилжүүлэх мөнгийг шүүгдэгчийн зүгээс төлсөн тохиолдолд мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, мотоциклыг эзэмшигч О.Бт буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, шүүгдэгч М.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б, М.Э нар нь урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул тэднийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон  

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гурван О.Б, М.Э нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Гурван шарынхан овогт О.Быг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч М.Эыг гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар / хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Эад оногдуулсан гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар / хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.Эын цагдан хоригдсон далан ес / 79 / хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.Эаас нэг сая зургаан зуун мянган / 1.600.000 / төгрөг гаргуулж хохирогч Ц.Аантад 2020 оны 06 дугаар сарын 01-ний дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч О.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл буюу түүний үнэ найман зуун мянган / 800.000 / төгрөгийг, шүүгдэгч М.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклийн үнэ таван зуун мянган / 500.000 / төгрөгийг шүүгдэгч О.Б, М.Э нараас тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч О.Бын мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, найман зуун мянган төгрөгийг төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч М.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б, М.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.