Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 01067

 

          “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00539 дүгээр шийдвэртэй, И ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х-д холбогдох

Инженер геодези судалгааны ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 130 673 400 төгрөг, алданги 13 067 340 төгрөг, өмгөөллийн хөлс 3 900 000 төгрөг нотариатын зардал 6 000 төгрөг нийт 147 646 740 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй

Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Улсын геодезийн зураглалын сүлжээ байгуулах, хэмжилт, боловсруулалт, кадастрын зураглал хийх, усны эрэл хайгуулын судалгаа, цооног өрөмдөх, худаг гаргах, засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газар зохион байгуулалт зэрэг чиглэлээр тусгай зөвшөөрлийн дагуу, томоохон зураг төслийн ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг, Монгол улсад албан ёсны бүртгэлтэй хуулийн этгээд юм. Ажлуудаа заавал захиалагчтай байгуулсан инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг ба гэрээний үр дүнг Монгол улсын хууль тогтоомжуудын дагуу акт үйлдэн хүлээлгэн өгч байдаг. Энэ журмын дагуу 2016 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд баригдах “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв" барилгын инженер геологийн судалгааны ажлыг яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Мөнхтуул нарын баталсан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16/03-01 тоот гэрээний дагуу бүрэн хийж гүйцэтгэн ажлын үр дүнгээ Х буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд Төслийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Н.Уламбаярт хүлээлгэн өгч, ИГА16/07/28 тоот ажил хүлээлцсэн акт үйлдэж баталгаажуулсан. Дээрх гэрээгээр гэрээт ажлын нийт хөлс 130 673 400 төгрөг байхаар тогтож, гэрээ байгуулагдсанаас хойш ажил эхлэхэд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувийг урьдчилгаа болгож, үлдэгдэл 90 хувийн ажлын хөлсийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэхээр тус тус тохиролцсон. Гэтэл захиалагч Х  нь төрийн томоохон статус бүхий нэрээ барьж, бидний итгэлцлийг авч гэрээний 3.3-т зааснаар ажлын хөлс төлөх журмыг зөрчин, 10 хувийн урьдчилгаа төлбөр ч төлөөгүй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар концессын асуудлыг хариуцдаг ба газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан ба гэрч М.Саранчимэг бүрэлдэхүүнд ажилласан. Гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөрийг ажил хүлээлцэж акт үйлдсэнээс хойш буюу ажлыг хулээлгэж өгсөн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш бүрэн төлж дуусгах үүрэг захиалагчид үүссэн гэж үзнэ. Захиалагч ажил гүйцэтгэх гэрээний 7.2-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлөх ба нийт үнийн дүнгийн 10 хувиас буюу 13 067 340 төгрөгөөс хэтрэхгүй байхаар талууд тохиролцсон байдаг.Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд баригдах Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв барилгын инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 130 673 400 төгрөг, алданги 13 067 340 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн туслалцааны төлбөрт төлсөн 3 900 000 төгрөг, нотариатын хөлс 6 000 төгрөг нийт 147 646 740 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Монгол улсын Засгийн газрын Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай 2013 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан төсөл хөтөлбөрүүд дээр Засгийн газрын 2016 оны 7 дугаар тогтоолоор нэмэлт оруулан Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв төслийг оруулж ирсэн байдаг. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв төсөл бол зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх гэсэн концессийн төрлөөр, шууд гэрээ байгуулах хэлбэрээр хэрэгжих төсөл байсан тул уг гэрээнд худалдан авах ажиллагааны журам үйлчлэхгүй. Яам нь Засгийн газрын аливаа шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ дагуу концессийн төслийг хэрэгжүүлэх үүрэг, чиглэл өгсөн Засгийн газрын 2013 оны 317, 2016 оны 7 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх үүднээс бидэнтэй гөологийн дүгнэлт гаргуулах тухай гэрээ байгуулсан гэж үзнэ. Энэ бол Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж буй эхний алхам хийгдэж байж дараа нь зураг төсөв зохиогчийг, концесс эзэмшигчийг шалгаруулах ажиллагаанууд хийгдэнэ.

Концессийн хөрөнгөөр хэрэгжих аливаа барилга барих төслүүд дээр концесс эзэмшигч тодрохоос өмнө нь захиалагч болох яам өөрөө урьдчилсан байдлаар геологийн дүгнэлтээ гаргуулсан, бэлэн байлгах ёстой байдаг. Учир нь: гөологийн дүгнэлтийг үндэслэн тухайн газрын хөрсний шинж чанараас хамааран зураг төсөв нь төлөвлөгдөж, ямар бүтээцтэй барилга босох нь тодорхой болно. Яам нь инженер геологийн дүгнэлт гаргуулсан зардлаа төсөвт суулгаж, концессийн хөрөнгөд оруулан нөхөж авах нь гүйцэтгэгчийн асуудал биш. Тухайн үед захиалагч нь концессийн төслийг хэрэгжүүлэгчийн хувьд худалдан авах ажиллагааны журмыг хэрэглэхгүйгээр гүйцэтгэгчид өөрсдөө санал тавьсан, өөрсдөө сонгож гэрээ байгуулсан. Иймд энд гүйцэтгэгч тал ямар ч буруугүй, хийгдсэн гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгэж, ажлын үр дүнгээ захиалагч талд бүрэн хүлээлгэж өгсөн. Яам нь өөрсдөө гэрээ байгуулах санал гарган, үнийн санал авч, улмаар зээлийн нөхцөлтэйгээр, өндөр зардал, чирэгдэл гаргуулаад ажлаа хийлгэн, ажлын үр дүнгээ хүлээн авчихаад, байгуулсан гэрээгээ өөрсдөө үгүйсгэж, хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байгааг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй. Концессын гэрээгээр дээрх төслийн ажлыг Хятадын компани хийхээр үндсэндээ сонгогдсон байсан боловч гэрээ үзэглэгдээгүй байсан. Зээлийн гэрээний нөхцөл рүү орж байгаа нь инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх болон зураг төсөв зохиох зэрэг ажил гүйцэтгэх гэрээнүүдийн ажлын хөлс, санхүүжилт бие даасан хэлбэрээр тус тусдаа төсөвт суудаггүй, тухайн барилга барих үндсэн нэг төсөвт багтаж орсон байдаг ба тендерт шалгарсан барилга барих гүйцэтгэгч компанийн эхний гүйцэтгэлийн санхүүжилттэй хамт шилжигдэж, тус компаниас геологийн дүгнэлт гаргасан, зураг төсөв зохиосон компаниуд руу тэдний нэхэмжлэхийн дагуу шилждэг тогтсон жишигтэй холбоотой байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус яам нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, "И” ХХК-ийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 16/03-01 тоот “Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-д заасан зөвлөх үйлчилгээ учраас зохих тендер шалгаруулалтын дүнд шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахаар журамласан. Гэтэл захиалагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд зааснаар үнэлгээний хороо байгуулаагүй, үнэлгээ хороо тендер шалгаруулалт зохион байгуулаагүй, захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж олгоогүй болох нь тус яамны архивын баримт бичигт байхгүй, худалдан авах ажиллагааны тайланд тусгагдаагүй байгаагаар нотлогдож байна.

Төрийн байгууллагын худалдан авах үйл ажиллагаа нь батлагдсан төсвийн хүрээнд зохих худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулагдах ёстой байтал уг зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан журмаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Концессийн гэрээний тал биш, судалгаа хийсэн гэх газар маргаантай, судалгааны дүгнэлтийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан Х-аас 130 673 400 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 16 973 340 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан хариуцагч Х-ны Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х-наас тэмдэгтийн хураамжид 811 317 гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 896 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч төсвийн байгууллага сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Төрийн байгууллага болох яам нь батлагдсан төсвийн хүрээнд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой, хууль зөрчиж байгуулсан "ажил гүйцэтгэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар маргасан. Гэтэл шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө." гэж, 7 дугаар зүйлийн 7.1-т "Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-т "Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ" гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл, №16/03-01 тоот "Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх" гэрээний зүйл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-д заасан "зөвлөх үйлчилгээ" учраас зохих журмаар тендер шалгаруулалтын дүнд шалгарсан этгээдтэй захиалагч гэрээ байгуулахыг хуульчилсан. Гэтэл захиалагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд зааснаар үнэлгээний хороо байгуулаагүй, үнэлгээ хороо тендер шалгаруулалт зохион байгуулаагүй, захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж олгоогүй болох нь тус яамны архивын баримт бичигт байхгүй худалдан авах ажиллагааны тайланд тусгагдаагүй, нэхэмжлэгч "И" ХХК-ийн зүгээс тендерт оролцоогүй, шууд гэрээ байгуулсан гэдэг тайлбараар тодорхой нотлогдож байна. Мөн төрийн байгууллагын худалдан авах үйл ажиллагаа нь батлагдсан төсвийн хүрээнд зохих худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулагдах ёстой байтал уг зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байна.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чмг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг" гэж, 24 дүгээр зүйлийн 24.4-т "Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно" гэж заасан бөгөөд яам батлагдаагүй төсвөөр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдах авах тухай хууль, Төсвийн тухай хууль зөрчиж гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлэх боломжгүй. Мөн уг маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагч талаас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтүүдийг огт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан журмаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Х-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 130 673 400 төгрөг, алданги 13 067 340 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн туслалцааны хөлс 3 900 000 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг нийт 147 646 740 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв” барилгын инженер геологийн судалгааны ажлыг хийж, дүгнэлт гаргахаар “Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, гэрээний нийт үнийг дүнг 130 673 400 төгрөгөөр тохиролцсон. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч буюу И ХХК нь гэрээт ажлыг ажлын 30 хоногийн хугацаанд, чанарын өндөр түвшинд, төсөвт өртөгт багтаан хийж гүйцэтгэн, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч буюу Х /тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам/ ажлын үр дүнг хүлээн авч, гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. /хх 16-19/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажлын үр дүнг хүлээн авсан, ажлын үр дүн доголдолтой эсэх талаар маргаагүй, харин хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтыг зөрчиж, батлагдсан төсвийн хүрээнд худалдах авах ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулаагүй гэх агуулгаар маргасан.

Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолоор Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 9 дэх хэсэгт “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв төсөл”-ийг Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх концессын төрлөөр шууд гэрээ байгуулах” агуулгатай  521 дэх заалтыг нэмэлтээр оруулжээ. /57-58/

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхээр концессийн гэрээний нөхцлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэгт ХАХНХамгааллын яамнаас сайдын зөвлөх /М.Саранчимэг/, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга /Б.Мөнхтуул/ нарыг оролцуулсан байна. /хх-73/ Иймд концессыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох ХАХНХамгааллын яам /төлөөлөн яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга  Б.Мөнхтуул/ нь нэхэмжлэгч талтай концессийн гэрээний төрөл болох барилгын инженер геологийн зураг төсөл боловсруулах чиглэлээр шууд гэрээ байгуулсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төв болон ”И” ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ”, ИГА16/07/28 дугаартай “Ажил хүлээлцсэн тухай акт” /хх-27/, талуудын  тайлбараар  нэхэмжлэгч И ХХК нь Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төвийн барилгын инженер геологийн зураг төслийн баримт бичигт зохих журмын дагуу магадлал хийлгэж, судалгааны ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон. 

Хариуцагч талаас ажлын үр дүнг хүлээн авсан боловч гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан гэрээний төлбөр төлөх журам, 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар гэрээгээр тохирсон журмын дагуу гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ  биелүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт ааснаар нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж, нотлоогүй байна.

Анхан шатны шүүх талуудын хоорондох ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд, маргааны үйл баримтын талаар хуулийн үндэслэлтэй дүгнэж, хариуцагч Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас ажлын хөлсөнд 130 673 900 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж шүүх дүгнэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг, мөн нэхэмжлэлийн шаардлагаас алданги, өмгөөллийн хөлс, нотариатын зардлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.  

Анхан шатны шүүх гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах хариуцагчийн хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                          ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                   Д.БАЙГАЛМАА