Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 539

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 20 өдөр

   Дугаар 182/ШШ2018/00539

      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: “ИГ” ХХК

Хариуцагч: ХНХЯ,

 

инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 130.673.400 төгрөг, алданги 13.067.340 төгрөг, өмгөөлөл хууль зүйн туслалцааны төлбөр 3.900.000 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 147.646.740 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ИГийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэгшбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Аманкелд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж, О.Ганцэцэг, гэрч М.Саранчимэг, Н.Уламбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Улсын геодезийн зураглалын сүлжээ байгуулах, хэмжилт, боловсруулалт, кадастрын зураглал хийх, Усны эрэл хайгуулын судалгаа, цооног өрөмдөх, худаг гаргах, засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газар зохион байгуулалт зэрэг чиглэлээр тусгай зөвшөөрлийн дагуу, томоохон зураг төслийн ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг, Монгол улсад албан ёсны бүртгэлтэй хуулийн этгээд юм. Ажлуудаа заавал захиалагчтай байгуулсан ИГйн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг ба гэрээний үр дүнг Монгол улсын хууль тогтоомжуудын дагуу акт үйлдэн хүлээлгэн өгч байдаг.

 

 

Яг энэ журмын дагуу 2016 оны 07-р сард Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19-р хороонд баригдах “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв" барилгын ИГйн судалгааны ажлыг яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Мөнхтуул нарын баталсан 2016 оны 03 сарын 01-ний өдрийн дугаар 16/03-01 тоот гэрээний дагуу бүрэн хийж гүйцэтгэн ажлын үр дүнгээ ХНХЯ/гэрээ хийх үеийн албан ёсны нэр нь “Хүн ам хөгжил нийгмийн хамгааллын яам”/-д буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд Төслийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Н.Уламбаярт хүлээлгэн өгч, ИГА16/07/28 тоот ажил хүлээлцсэн тухай акт үйлдэж баталгаажуулж байсан. Дээрх гэрээгээр гэрээт ажлын нийт хөлс 130.673.400 төгрөг байхаар тогтож, гэрээ байгуулагдсанаас хойш ажил эхлэхэд гэрээний нийт үнийн дүнгийн 10%-ийг урьдчилгаа болгож, үлдэгдэл 90 хувийн ажлын хөлсийг 2016 оны 06 сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэхээр тус тус тохиролцсон.

 

Гэтэл захиалагч тал болох ХНХЯнь төрийн томоохон статус бүхий нэрээ барьж, бидний итгэлцлийг авч гэрээний 3-р зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар ажлын хөлс төлөх журмыг зөрчин, 10 хувийн урьдчилгаа төлбөрийг ч төлөөгүй байж гэрээт ажлыг хүлээж авчаад, дараа нь ажил гүйцэтгэгчийг улс төрийн золиос, тоглоом болгон хохироож буй явдалд маш их харамсаж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар концессын асуудлыг хариуцдаг ба газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан ба гэрч болох М.Саранчимэг нь энэ бүрэлдэхүүнд ажилласан. Гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөрийг ажил хүлээлцэж акт үйлдсэнээс хойш буюу ажлыг хулээлгэж өгсөн өдөр болох 2016 оны 07 сарын 28-ны өдрөөс хойш бүрэн төлж дуусгах үүрэг захиалагч талд үүссэн гэж үзнэ. Захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгч талд төлөх ба нийт алдангийн хэмжээ гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиас буюу 13.067.340 төгрөгөөс хэтрэхгүй байхаар талууд харилцан тохиролцсон байдаг.

 

Ажлын хөлсийг захиалагч талаас удаа дараа шийдэж өгөхийг шаардаж байсан боловч эцэст нь бидний хууль ёсны шаардлагыг үл тоож, улс төрийн хандлага гарган, урьдаас ямар ч хуулийн үндэслэлгүй янз бүрийн шалтаг, шалтгаан тоочих, тайлбар хэлэх болсон.

 

Иймд бид Монгол Улсын Иргэний хуулийн 196-р зүйлийн 196.1.2. 343-р зүйлийн 343.1, 343.2. 344-р зүйлийн 344.1, 346-р зүйлийн 346.1. 351-р зүйлийн 351.1.1. 222.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Сүхбаатар дүүрэг, 19-р хороонд баригдах “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв” барилгын ИГйн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд 130.673.400 төгрөг, гэрээгээр тохирсон алдангид 13.067.340 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн туслалцааны төлбөрт төлсөн зардалд 3.900.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн зардалд 6000 төгрөг нийт 147.646.740 төгрөгийг хариуцагч ХНХЯнаас гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, Монгол улсын Засгийн газрын Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай 2013 оны №317 дугаар тогтоолоор батлагдсан төсөл хөтөлбөрүүд дээр Засгийн газрын 2016 оны №7 дугаар тогтоолоор нэмэлт оруулан "Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв” төслийг оруулж ирсэн байдаг. “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв” төсөл бол зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх гэсэн концессийн төрлөөр, шууд гэрээ байгуулах хэлбэрээр хэрэгжих төсөл байсан тул уг гэрээнд Худалдан авах ажиллагааны журам үйлчлэхгүй.

 

Яам нь Засгийн газрын аливаа шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ дагуу Концессийн төслийг хэрэгжүүлэх үүрэг, чиглэл өгсөн Засгийн газрын 2013 оны №317, 2016 оны №7 дугаар тоггоолуудыг хэрэгжүүлэх үүднээс бидэнтэй гөологийн дүгнэлт гаргуулах тухай гэрээ байгуулсан гэж үзнэ. Энэ бол Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж буй эхний алхам. Энэ алхам хийгдэж байж дараа нь зураг төсөв зохиогчийг, концесс эзэмшигчийг шалгаруулах алхам ажиллагаанууд хийгдэнэ. Концессийн хөрөнгөөр хэрэгжих аливаа барилга барих төслүүд дээр концесс эзэмшигч тодрохоос өмнө нь захиалагч болох яам нь өөрөө урьдчилсан байдлаар геологийн дүгнэлтээ гаргуулсан, бэлэн байлгах ёстой байдаг. Учир нь гөологийн дүгнэлтийг үндэслэн байж тухайн газрын хөрсний шинж чанараас хамааран зураг төсөв нь төлөвлөгдөж, ямар бүтээцтэй барилга босох нь тодорхой болно. Яам нь ИГйн дүгнэлт гаргуулсан зардлаа төсөвт суулгаж авна уу, концессийн хөрөнгөд оруулан нөхөж авна уу тэр гүйцэтгэгчийн асуудал биш. Тухайн үед захиалагч нь Концессийн төслийг хэрэгжүүлэгчийн хувьд худалдан авах ажиллагааны журмыг хэрэглэхгүйгээр гүйцэтгэгчид өөрсдөө санал тавьсан, өөрсдөө сонгож гэрээ байгуулсан. Иймд энд гүйцэтгэгч тал ямар ч буруугүй, хийгдсэн гэрээнийхээ дагуу л ажлаа гүйцэтгэж, ажлын үр дүнгээ захиалагч талд бүрэн хүлээлгэж өгсөн. Яам нь өөрсдөө гэрээ байгуулах санал гарган, үнийн санал авч, улмаар зээлийн нөхцөлтэйгээр, өндөр зардал, чирэгдэл гаргуулаад ажлаа хийлгэн, ажлын үр дүнгээ хүлээн авчихаад, байгуулсан гэрээгээ өөрсдөө үгүйсгэж, хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байгааг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Концессын гэрээгээр дээрх төслийн ажлыг Хятадын компани хийхээр үндсэндээ сонгогдсон байсан боловч гэрээ яг үзэглэгдээгүй байсан. Ажлаа түргэвчлэх үүднээс яам бидэнтэй гэрээ хийсэн, яамаар дамжин тэднээс ажлын даалгавар өгч байсан.

 

Захиалагч нь төрийн байгууллага байх тохиолдолд давуу эрхээрээ урьдчилгаа хөлс олгохгүй ажил хийлгэчихээд, гүйцэтгэгч тодорсны дараа санхүүжилт олгогддог буруу жишиг тогтоод удаж байна. Өөрөөр хэлбэл Төрийн байгууллагууд Геологийн судалгааны ажлаа хувийн хэвшлийн компаниудаар зээлийн гэрээний нөхцөлөөр гүйцэтгүүлж байна гэсэн үг. Зээлийн гэрээний нөхцөл рүү орж байгаагийн гол шалтгаан нь ИГйн судалгааны ажил гүйцэтгэх болон Зураг төсөв зохиох зэрэг ажил гүйцэтгэх гэрээнүүдийн ажлын хөлс, санхүүжилт бие даасан хэлбэрээр тус тусдаа төсөвт суудаггүй, тухайн барилга барих үндсэн нэг төсөвт л багтаж орсон байдаг ба тендерт шалгарсан барилга барих гүйцэтгэгч компанийн эхний гүйцэтгэлийн санхүүжилттэй хамт шилжигдэж, тус компаниас Геологийн дүгнэлт гаргасан, Зураг төсөв зохиосон компаниуд руу тэдний нэхэмжлэхийн дагуу шилждэг тогтсон жишигтэй холбоотой байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Тус яам нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, "ИГ” ХХК-ийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №16/03-01 дугаар ИГйн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Учир нь нэхэмжлэгч “ИГ” ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргатай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №16/03-01 дугаар бүхий “ИГйн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 130.673.400 төгрөг, алданги, өмгөөллөлийн хөлс зэрэг нийт 147.646.740 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл №16/03-01 дугаар “ИГйн судалгааны ажил гүйцэтгэх” гэрээний зүйл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-д заасан зөвлөх үйлчилгээ учраас зохих тендер шалгаруулалтын дүнд шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахыг хуулиар журамласан.

 

Гэтэл захиалагч тал болох Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд зааснаар үнэлгээний хороо байгуулаагүй, үнэлгээ хороо тендер шалгаруулалт зохион байгуулаагүй, захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж олгоогүй болох нь тус яамны архивын баримт бичигт байхгүй, худалдан авах ажиллагааны тайланд тусгагдаагүй байгаагаар нотлогдож байна. Мөн төрийн байгууллагын худалдан авах үйл ажиллагаа нь батлагдсан төсвийн хүрээнд зохих худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулагдах ёстой байтал уг зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан журмаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

Түүнчлэн нэхэмжлэгч Концессийн гэрээний тал биш, судалгаа хийсэн гэх газар нь маргаантай байсан, судалгааны дүгнэлтийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй юм гэв.

 

Шүүх гэрчээр М.Саранчимэг, Н.Уламбаяр нарыг шүүх хуралдаанд оролцуулж асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

Шүүх Засгийн газрын 2013 оны 317, 2016 оны 7 дугаар тогтоолууд, ажлын хэсэг томилох тухай Хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал, “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төвийн Ашиглалтын өмнөх захиргаа” төслийн нэгжийг байгуулсан яамны Сайдын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаал, ИГйн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, ажлын ба техникийн даалгавар, ажил хүлээлцсэн тухай акт, “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв”-ийн барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт, зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас ИГийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 130.673.400 төгрөг, алданги 13.067.340 төгрөг, өмгөөлөл хууль зүйн туслалцааны төлбөр 3.900.000 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 147.646.740 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэл, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан ИГийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

 

ХНХЯ(Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам) нь “ИГ” ХХК-тай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19-р хороонд баригдах “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв" барилгын ИГйн (хөрсний) судалгааны ажлыг гүйцэтгүүлэх тухай 16/03-01 тоот гэрээг 2016 оны 03 сарын 01-ний өдөр хийсэн байх ба гэрээгээр гүйцэтгэгч судалгааны ажлыг 30 хоногт хийж гүйцэтгэх, захиалагч 130.673.400 төгрөгийн хөлс өгөхөөр тохиролцжээ.

 

“ИГ” ХХК ажлыг хийж гүйцэтгэн Яамны нэгж болох Төслийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Н.Уламбаярт хүлээлгэн өгч, ИГА16/07/28 тоот ажил хүлээлцсэн тухай акт үйлдэж баталгаажуулж, улмаар цааш ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Хөрөнгө оруулалтын газрын ажилтан Д.Алтанбилэгт өгсөн болох нь акт болон гэрч М.Саранчимэг, Н.Уламбаяр нарын мэдүүлгээр нотлогдож байна. Харин ажлын хөлс гүйцэтгэгчид олгогдоогүй байна.

 

Талуудын гэрээ хийх болсон гол үндэслэл нь Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтыг батлах тухай” тогтоол, уг тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулсан буюу Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв төслийг зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх гэсэн концессийн төрлөөр, шууд гэрээ байгуулах хэлбэрээр хэрэгжүүлэхээр концессийн зүйлийн жагсаалтанд нэмж оруулсан Засгийн газрын 2016 оны тогтоолууд болжээ.

 

            Дээрх тогтоолуудын дагуу Хөрөнгө оруулалтын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв төслийн концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Концессын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсны дотор тухайн үед Сайдын зөвлөхөөр ажиллаж байсан , гэрч М.Саранчимэг орж ажилласан байна. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Сайдын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалаар “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төвийн Ашиглалтын өмнөх захиргаа” төслийн нэгжийг байгуулж, дүрмийг, бүтэц, орон тооны хязгаарын хамт баталсан байна. “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төвийн Ашиглалтын өмнөх захиргаа”-ны эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, бүтээн байгуулалтын төсөл, объектын ажлын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг захиалж боловсруулах, төслийн гүйцэтгэлд техник хяналт хийх ба төслийн нэгжийн даргаар Н.Уламбаярыг томилсон нь гэрчилгээнээс харагдаж байна.

 

            Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргадаг ба үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу ажил гүйцэтгэгчийг тендэрээр шалгаруулж аваагүй, нэхэмжлэгч Концессийн гэрээний тал биш, судалгаа хийсэн гэх газар нь маргаантай байсан, судалгааны дүгнэлтийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарлаж, улмаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийгдсэн ИГийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус болгуулахаар шаарджээ.

 

            Засгийн газрын тогтоолд концессийн гэрээг хийхдээ шууд байгуулах хэлбэрээр гэж заасан байх бөгөөд концессийн гэрээг хийхээр ажиллаж байх явцад авсан арга хэмжээ болгон урьдчилж барилга барих газрын хөрсний геологийн судалгааны ажлыг яам мэргэжлийн компаниар хийлгэснийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаар гэрч М.Саранчимэг “дээрх төслийн концесс эзэмшигчээр Хятад компани (Буянт ухаа дахь спорт цогцолборыг барьсан) сонгогдсон байсан ба зургийг ирүүлж, эскиз зураг нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраар батлагдсан, Барилгын хөгжлийн төвөөр зураг нь экспертиз хийгдсэн байсан, зээлээр ажлаа хийж явсан” гэж мэдүүлж байна. Мөн түүнчлэн концессийн гэрээ албажиж гарын үсэг зурагдах, барилгын том зургаа гаргахад ИГийн судалгааны ажил зайлшгүй хийгдсэн байх ёстойг, хятадын тал 2.3 сая ам долларын зардал гаргаж байхад манайх зарим нэг эрсдэлийг үүрэх хэрэгтэй, түүнийг төр ашиглах юм гэдэг үүднээс яам мэргэжлийн компаниар дээрх судалгааг хийлгэсэн. Одоо ч энэ зүйл концессын зүйлийн жагсаалтаас хасагдаагүй. Сүүлд Батлан хамгаалах яам газрыг шилжүүлж аваад хамтарч ажиллая, материалаа өгөөч гэж хүсэж байсан. Одоо бэлэн ажил байгаа. Барилга барих газрыг яам шилжүүлж авна гэдгийг эртнээс хөөцөлдөж, яг бичиг баримт нь 2016 оны 05 дугаар сард төслийн Ашиглалтын өмнөх захиргаа дээр шилжиж ирсэн байдаг, өөр бусдын газар дээр судалгаа хийлгээгүй гэдгийг гэрч М.Саранчимэг тайлбарлаж байна.

 

            “ИГ” ХХК тухайн үедээ ажлыг зохих журмын дагуу хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь ажил хүлээлцсэн акт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч М.Саранчимэг, Н.Уламбаяр нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

            Захиалагч гүйцэтгэгчээр гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байна. Харин концессийн гэрээ хийгдээгүй, хариуцагч ажлын хөлсний эх үүсвэрийг  шийдвэрлүүлээгүй байсан зэрэг байдлыг харгалзан алдангийг, талууд нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэгтэй, өөрөө хүсэж өмгөөлөгч хөлсөөр ажиллуулсан тул нотариатын үйлчилгээний хөлс, өмгөөлөгчийн хөлсний зардлуудыг тус тус хариуцагчаар төлүүлэхгүй орхив.

 

Иймд хариуцагчаас ИГийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 130.673.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төвийн зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх гэсэн зүйлтэй концессийн эгрээний хувьд бүхэлдээ тендэрээр хийгдэх байсан эсэх асуудал яригдах ба нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийгдсэн ИГийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ нь ийм хэлбэрийг шаардахгүй байсан, талуудын хооронд хийгдсэн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан, эрх бүхий этгээдүүд байгуулсан байх тул түүнийг хүчин төгөлдөр бус гэж болгуулах гэсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

  1.   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан ХНХЯнаас 130.673.400 төгрөгийг гаргуулж “ИГ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 16.973.340 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан хариуцагч ХНХЯны ИГийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч ХНХЯнаас тэмдэгтийн хураамжинд 811.317 гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 896.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч төсвийн байгууллага сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                    С. БУД