Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01438

 

“И Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00539 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1067 дугаар магадлалтай,

“И Г”ХХК-ний нэхэмжлэлтэй

“ХНХЯ”анд холбогдох

“И Г”судалгааны ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 130 673 400 төгрөг, алданги 13 067 340 төгрөг, өмгөөллийн хөлс 3 900 000 төгрөг нотариатын зардал 6 000 төгрөг нийт 147 646 740 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг, Д.Ренчиндорж нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэгшбилэг, түүний өмгөөлөгч Ш.Аманкелд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Улсын геодезийн зураглалын сүлжээ байгуулах, хэмжилт, боловсруулалт, кадастрын зураглал хийх, усны эрэл хайгуулын судалгаа, цооног өрөмдөх, худаг гаргах, засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газар зохион байгуулалт зэрэг чиглэлээр тусгай зөвшөөрлийн дагуу, томоохон зураг төслийн ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг, Монгол улсад албан ёсны бүртгэлтэй хуулийн этгээд юм. Ажлуудаа заавал захиалагчтай байгуулсан инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг ба гэрээний үр дүнг Монгол улсын хууль тогтоомжуудын дагуу акт үйлдэн хүлээлгэн өгч байдаг. Энэ журмын дагуу 2016 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд баригдах Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв" барилгын инженер геологийн судалгааны ажлыг яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Мөнхтуул нарын баталсан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16/03-01 тоот гэрээний дагуу бүрэн хийж гүйцэтгэн ажлын үр дүнгээ “ХНХЯ” буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд Төслийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Н.Уламбаярт хүлээлгэн өгч, ИГА16/07/28 тоот ажил хүлээлцсэн акт үйлдэж баталгаажуулсан. Дээрх гэрээгээр гэрээт ажлын нийт хөлс 130 673 400 төгрөг байхаар тогтож, гэрээ байгуулагдсанаас хойш ажил эхлэхэд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувийг урьдчилгаа болгож, үлдэгдэл 90 хувийн ажлын хөлсийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэхээр тус тус тохиролцсон. Гэтэл захиалагч “ХНХЯ” нь төрийн томоохон статус бүхий нэрээ барьж, бидний итгэлцлийг авч гэрээний 3.3-т зааснаар ажлын хөлс төлөх журмыг зөрчин, 10 хувийн урьдчилгаа төлбөр ч төлөөгүй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар концессын асуудлыг хариуцдаг ба газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан ба гэрч М.Саранчимэг бүрэлдэхүүнд ажилласан. Гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөрийг ажил хүлээлцэж акт үйлдсэнээс хойш буюу ажлыг хүлээлгэж өгсөн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш бүрэн төлж дуусгах үүрэг захиалагчид үүссэн гэж үзнэ. Захиалагч ажил гүйцэтгэх гэрээний 7.2-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлөх ба нийт үнийн дүнгийн 10 хувиас буюу 13 067 340 төгрөгөөс хэтрэхгүй байхаар талууд тохиролцсон байдаг.Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд баригдах Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв барилгын инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 130 673 400 төгрөг, алданги 13 067 340 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн туслалцааны төлбөрт төлсөн 3 900 000 төгрөг, нотариатын хөлс 6 000 төгрөг нийт 147 646 740 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Монгол улсын Засгийн газрын Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай 2013 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан төсөл хөтөлбөрүүд дээр Засгийн газрын 2016 оны 7 дугаар тогтоолоор нэмэлт оруулан Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв төслийг оруулж ирсэн байдаг. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв төсөл бол зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх гэсэн концессийн төрлөөр, шууд гэрээ байгуулах хэлбэрээр хэрэгжих төсөл байсан тул уг гэрээнд худалдан авах ажиллагааны журам үйлчлэхгүй. Яам нь Засгийн газрын аливаа шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ дагуу концессийн төслийг хэрэгжүүлэх үүрэг, чиглэл өгсөн Засгийн газрын 2013 оны 317, 2016 оны 7 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх үүднээс бидэнтэй гөологийн дүгнэлт гаргуулах тухай гэрээ байгуулсан гэж үзнэ. Энэ бол Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж буй эхний алхам хийгдэж байж дараа нь зураг төсөв зохиогчийг, концесс эзэмшигчийг шалгаруулах ажиллагаанууд хийгдэнэ. Концессийн хөрөнгөөр хэрэгжих аливаа барилга барих төслүүд дээр концесс эзэмшигч тодрохоос өмнө нь захиалагч болох яам өөрөө урьдчилсан байдлаар геологийн дүгнэлтээ гаргуулсан, бэлэн байлгах ёстой байдаг. Учир нь: гөологийн дүгнэлтийг үндэслэн тухайн газрын хөрсний шинж чанараас хамааран зураг төсөв нь төлөвлөгдөж, ямар бүтээцтэй барилга босох нь тодорхой болно. Яам нь инженер геологийн дүгнэлт гаргуулсан зардлаа төсөвт суулгаж, концессийн хөрөнгөд оруулан нөхөж авах нь гүйцэтгэгчийн асуудал биш. Тухайн үед захиалагч нь концессийн төслийг хэрэгжүүлэгчийн хувьд худалдан авах ажиллагааны журмыг хэрэглэхгүйгээр гүйцэтгэгчид өөрсдөө санал тавьсан, өөрсдөө сонгож гэрээ байгуулсан. Иймд энд гүйцэтгэгч тал ямар ч буруугүй, хийгдсэн гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгэж, ажлын үр дүнгээ захиалагч талд бүрэн хүлээлгэж өгсөн. Яам нь өөрсдөө гэрээ байгуулах санал гарган, үнийн санал авч, улмаар зээлийн нөхцөлтэйгээр, өндөр зардал, чирэгдэл гаргуулаад ажлаа хийлгэн, ажлын үр дүнгээ хүлээн авчихаад, байгуулсан гэрээгээ өөрсдөө үгүйсгэж, хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байгааг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй. Концессын гэрээгээр дээрх төслийн ажлыг Хятадын компани хийхээр үндсэндээ сонгогдсон байсан боловч гэрээ үзэглэгдээгүй байсан. Зээлийн гэрээний нөхцөл рүү орж байгаа нь инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх болон зураг төсөв зохиох зэрэг ажил гүйцэтгэх гэрээнүүдийн ажлын хөлс, санхүүжилт бие даасан хэлбэрээр тус тусдаа төсөвт суудаггүй, тухайн барилга барих үндсэн нэг төсөвт багтаж орсон байдаг ба тендерт шалгарсан барилга барих гүйцэтгэгч компанийн эхний гүйцэтгэлийн санхүүжилттэй хамт шилжигдэж, тус компаниас геологийн дүгнэлт гаргасан, зураг төсөв зохиосон компаниуд руу тэдний нэхэмжлэхийн дагуу шилждэг тогтсон жишигтэй холбоотой байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус яам нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, "“И Г”ХХК-ийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 16/03-01 тоот Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-д заасан зөвлөх үйлчилгээ учраас зохих тендер шалгаруулалтын дүнд шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахаар журамласан. Гэтэл захиалагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд зааснаар үнэлгээний хороо байгуулаагүй, үнэлгээ хороо тендер шалгаруулалт зохион байгуулаагүй, захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж олгоогүй болох нь тус яамны архивын баримт бичигт байхгүй, худалдан авах ажиллагааны тайланд тусгагдаагүй байгаагаар нотлогдож байна. Төрийн байгууллагын худалдан авах үйл ажиллагаа нь батлагдсан төсвийн хүрээнд зохих худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулагдах ёстой байтал уг зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан журмаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Концессийн гэрээний тал биш, судалгаа хийсэн гэх газар маргаантай, судалгааны дүгнэлтийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00539 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан “ХНХЯ”наас 130 673 400 төгрөгийг гаргуулж “И Г”ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 16 973 340 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг баримтлан хариуцагч “ХНХЯ”ны Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ”ХНХЯ”наас тэмдэгтийн хураамжид 811 317 гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 896 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч төсвийн байгууллага сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1067 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганцэцэг, Д.Ренчиндорж нар хяналтын гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагыг хангаагүй гэж үззж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь “ХНХЯ”анд холбогдуулан “...инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 130 673 400 төгрөг, алданги 13 067 340 төгрөг, өмгөөлөл хууль зуйн туслалцааны төлбөр 3 900 000 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг, нийт 147 646 740 гаргуулах” нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч “ХНХЯ” нь батлагдсан төсвийн хүрээнд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой, хууль зөрчиж байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус тооцуулахаар маргасан. Гэтэл анхан шатны шүүхээс “...хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төвийн зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх гэсэн зүйлтэй концессийн гэрээний хувьд бүхэлдээ тендэрээр хийгдэх байсан эсэх асуудал яригдах ба нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан, эрх бүхий этгээдүүдийн байгуулсан байх тул түүнийг хүчин төгөлдөр бус гэж болгуулах гэсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов” гэж огт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх залруулалгүй мөн л хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “...нэхэмжлэгч талтай концессийн гэрээний төрөл болох барилгын инженер геологийн зураг төсөл боловсруулах чиглэлээр шууд гэрээ байгуулсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй” гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн болно. Хариуцагч “ХНХЯ” нь эрх залгамжлагчийн хувьд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, “И Г” ХХК-ийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №16/03-01 дугаар “Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Учир нь нэхэмжлэлийн үндэслэл болсон уг №16/03-01 дугаар гэрээг анх байгуулахдаа хууль зөрчиж байгуулсан байх тул “ХНХЯ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл №16/03-01 дугаар “Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх” гэрээний зүйл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.15-д заасан “зөвлөх үйлчилгээ” учраас зохих журмаар тендер шалгаруулалтын дүнд шалгарсан этгээдтэй захиалагч гэрээ байгуулахыг хуульчилсан. Гэтэл захиалагч тал болох Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд зааснаар үнэлгээний хороо байгуулаагүй, үнэлгээ хороо тендер шалгаруулалт зохион байгуулаагүй, захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж олгоогүй болох нь тус яамны архивын баримт бичигт байхгүй, худалдан авах ажиллагааны тайланд тусгагдаагүй, нэхэмжлэгч тал болох “И Г” ХХК-ийн зүгээс тендерт оролцоогүй, шууд гэрээ байгуулсан гэдэг тайлбараар тодорхой нотлогдож байна. Мөн төрийн байгууллагын худалдан авах үйл ажиллагаа нь батлагдсан төсвийн хүрээнд зохих худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулагдах ёстой байтал уг зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцад уг ажлыг гүйцэтгэхтэй холбоотой зардал огт төсөвлөгдөөгүй болох нь 2015, 2016 оны төсвийн тухай хуулиуд болох нийтэд илэрхий баримт, зохигчдын тайлбар, гэрчийн зээлээр үйл ажиллагааг гүйцэтгүүлсэн...” гэсэн мэдүүлгээр нотлогддог болно. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 34-т “төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит; ашгийн төлөө бус хуулийн этгээдийг” гэж, 24 дүгээр зүйлийн 24.4-т “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд яам батлагдаагүй төсвөөр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдах авах тухай хууль, Төсвийн тухай хууль зөрчиж гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлэх боломжгүй юм. Дээрх хууль тогтоомжийг ерөөсеө байдаггүй мэтээр ноцтой зөрчиж байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-г шүүхүүд хүчин төгөлдөр бус болохыг тогтоох ёстой байсан. Гэтэл эсрэгээр уг ажил гүйцэтгэх гэрээт ажлын дараагийн алхам болох “барилга барих концесс”-ыг шууд гэрээ байгуулах замаар хийх агуулгатай Засгийн газрын тогтоолыг уг ажил гүйцэтгэх гэрээнд баримталж хэргийг хянан шийдвэрлэлээ. Мөн уг маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагч талаас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтүүдийг огт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх уг асуудалд огт дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл, чанар, хүлээлгэн өгсөн талаарх нэг талын тайлбар нотлох баримтад үндэслэн дүгнэсэн байна. Бид яам ажлын гүйцэтгэлээ хүлээж аваагүй учраас нотлох баримт гаргуулах, ажил гэрээт хугацаанд хийгдээгүй тайлбарууд нэхэмжлэгч талаас өгсөн учраас гэрч асуулгах хүсэлтийг гаргасан юм. Гэтэл нэхэмжлэгч талын бүхий л хүсэлтийг хариуцагчийн оролцоогүйгээр хангаж шийдвэрлэсэн хэрнээ, хариуцагч талаас тухай нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу нотлох баримт гаргуулах захирамжийн биелэлтийг хангуулах буюу нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх уг асуудалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан журмаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн уг ажил гүйцэтгэх гэрээ нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны гэрээ байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу захиргааны үйл ажиллагаа, акт, захиргааны гэрээтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх ёстой эсэх асуудлаар шүүх дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “И Г”ХХК нь хариуцагч “ХНХЯ”анд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 130 673 400 төгрөг, алданги 13 067 340 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн туслалцааны хөлс 3 900 000 төгрөг, нотариатын зардал 6 000 төгрөг нийт 147 646 740 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохигч талуудын байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал зохигчдын хоорондох маргааны зүйл болсон ба Монгол улсын Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт-ын 9 дэх хэсэг, уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолд Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв төслийг “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх концессын төрлөөр шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг тогтоосон байх тул гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Уг гэрээний дагуу “И Г”ХХК нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв барилгын инженер геологийн судалгааны ажлыг хийж, 30 хоногийн дотор дүгнэлт гаргах, захиалагч “ХНХЯ” /тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам/ нь ажлын хөлс 130 673 400 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн, ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан тул ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч ажлын хөлсийг төлөх үүрэгтэй, хариуцагчаас 130 673 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00539 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1067 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА