Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01266

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ө ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02723 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 107 дугаар магадлалтай,

"Ө ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

С д холбогдох

Орон сууц захиалгын гэрээний төлбөрт 236,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чинхүсэл, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ө ” ХХК нь хариуцагч С д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний төлбөрт 236,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02723 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С аас 236,280,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ө ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,339,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С аас улсын тэмдэгтийн хураамжид 1,339,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө ” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 107 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02723 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.09-ний өдрийн 183/ШШ2020/02723 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.08-ны өдрийн 107 тоот магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Миний бие анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, анхан шатны шүүх тухайн байрны өмчлөгчийг тогтоолгох хүсэлтийг хангалгүй, тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээ хэний нэр дээр одоо хэнд байгааг тогтоолгүй, дан ганц нэхэмжлэгчийн амаар гаргасан нотлох баримтгүй тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хангасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Худалдагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй буюу тухайн байрны өмчлөх эрхийг шилжүүлээгүй байхад худалдан авагч талыг бүрэн төлбөрөө төлөх үүргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагчид даалгасан нь ойлгомжгүй бөгөөд өөрийн өмчлөлд шилжээгүй байрны төлбөрийг 100 хувь төлөх нь утгагүй юм. Нөгөө талаас тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нь хэнд хаана байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй байхад хариуцагчийг тухайн байрны төлбөрийг гэрээний дагуу төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн нь хууль бус буюу нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлж байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэл, эсхүл хариуцагчаас гаргуулж нотлох баримтаар авахуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүх уг хүсэлтийг хангаагүй нь хэргийг тал бүрээс үнэн бодитой шийдвэрлэх гол нөхцлийг орхигдуусан нь харагдаж байна. Түүнчлэн миний бие “Ө ” ХХК-тай 2017.08.25-ны өдөр орон сууц захиалгын

гэрээ байгуулж “Тайм Скүэр” цогцолбор хотхоны 508-р байрны 1602 тоот 3 өрөө орон сууцыг 351,900,000 төгрөгөөр худалдан авах бөгөөд тал төлбөрийг бэлэн мөнгөөр үлдэгдэл төлбөрийг бартераар буюу баригдаж байгаа байрнаас өгөхөөр тохиролцсон. Гэтэл 2017 оны 8 сард борлуулалтын албанаас дуудаж гэрээ байгуулахыг санал болгосон бөгөөд гэрээнд тухайн бартерийн талаар тусгаагүй байсныг асуухад энэ бол зөвхөн байрны гэрчилгээ бусад бичиг баримтыг бүрдүүлэхэд шаардлагатай тул гарын үсэг зурж болно гэсний дагуу гарын үсэг зурсан. Тухайн маргааны зүйл болох "Тайм Скүэр” хотхоны 508 байр, 1602 тоот 3 өрөө орон сууц нь иргэн С ын нэр дээр өмчлөх эрх нь шилжээгүй байхад “Ө ” ХХК нь гэрээний төлбөрт 236,280,000 төгрөг шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульд заасан байна. Тус орон сууцад амьдарч байгаа нь түүний өмчлөлд бус харин эзэмшилд байгаа юм. Өмч гэдэг нь материаллаг болон материаллаг бус хөрөнгийг хамгийн өргөн цар хүрээнд эрхшээлдээ байлгах эрх юм. Өмчлөгч нь өөрийн материаллаг болон материаллаг бус хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 3.4 Гүйцэтгэгч нь улсын комиссын акт гарсны дараа Захиалагчийн өмчлөх эрхийг баталгаажуулахтай холбогдох хүсэлтийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх бөгөөд тухайн шийдвэрийг бичгээр гүйцэтгэгчид ирүүлсэн тохиолдолд шаардлагатай бичиг баримтыг захиалагчид өгнө. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Тайм Скүэр” цогцолбор хотхоны байрыг улсын комисс 2017.09.22-ны өдөр ашиглалтад оруулж хүлээж авсан бөгөөд гэрээний 3.4 дүгээр зүйлд заасан захиалагчийн өмчлөх эрхийг баталгаажуулах ажлыг гүйцэтгэгч хийгээгүй. “Ө ” ХХК нь “Тайм Скүэр” хотхоны 508-р байр, 1602 тоот 3 өрөө орон сууцыг С ын өмчлөлд шилжээгүй байхад иргэнээс орон сууцны гэрээний үнийн дүнг шаардаж байгаа. Иймд анхан болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн эрхийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “Ө ” ХХК нь хариуцагч С д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний төлбөрт 236,280,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “... төлбөрийн зарим хэсгийг бэлэн мөнгөөр, үлдэгдэл төлбөрийг бартераар буюу баригдаж байгаа байрнаас өгөхөөр амаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан. ... Гэтэл гэрээнд энэ талаар тусгаагүй, ... санал хүсэлт барагдуулах актад дурдсанаар хийх ёстой ажлуудыг 2017.12.01-ний өдрийн дотор засан сайжруулахаар тусгасан боловч тухайн ажлуудыг 2018.07.02-ны өдөр хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч С аас 236,280,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө ” ХХК-д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

8. Талуудын хооронд 2017.08.25-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр байрлах Тайм скүэр цогцолбор хотхоны 508 дугаар байрны 81.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 3 дугаар улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, хариуцагч нь гэрээний төлбөрт 361,900,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв.

9. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гагцхүү төлбөрийн нөхцөл, гэрээгээр хүлээх хариуцлагын хэмжээний хувьд маргасан байна. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс 2017.09.22-ны өдөр “Ө ” ХХК-ийн захиалан бариулсан Тайм скүэр орон сууцны цогцолбор хотхоныг байнгын ашиглалтад оруулж, 2017.11.17-ны өдөр хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгч, тэрээр маргаан бүхий орон сууцанд өнөөг хүртэл амьдарч байх ба гүйцэтгээгүй үүргийн дүн 196,900,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрт “Лэл минерал” ХХК-аас гэрээгээр авах байрыг тооцож өгөхөөр нэхэмжлэгч компанийн захиралтай амаар тохиролцсон. Барилга хугацаандаа ашиглалтад ороогүй, санал хүсэлт барагдуулах актад дурдсан ажлуудыг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөн гэж тайлбарлах боловч энэ талаар хэрэгт баримт хавсаргаагүй. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.         

10. Хариуцагчийн “... орон сууцыг захиалагчийн өмчлөлд нь шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэний нэр дээр байгаа нь тодорхойгүй байхад орон сууцны үнийг шаардах эрхгүй” гэх гомдол үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.10-т “төлбөр бүрэн төлөгдөх хүртэл хугацаанд орон сууцны хууль ёсны өмчлөгч нь гүйцэтгэгч байна” гэж тохиролцсон байх тул шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэж хариуцагчаас гэрээний үүрэгт 196,900,000 төгрөг, алданги 39,380,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

11. Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02723 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 107 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 1,339,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                                                           Г.БАНЗРАГЧ  

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН