Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 01163

 

       Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00954 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х ХХК-д холбогдох

Гэрээ цуцалснаас учирсан хохирол, үйл ажиллагааны зардалд нийт 101 646 964 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Б ХХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани нь үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд 2014 оноос Х ХХК-ийн хэрэгжүүлж буй 2 давхар үйлчилгээний төвтэй, 37 автомашины зогсоол бүхий 166 айлын орон сууцны барилга барих төслийн зар сурталчилгаа, борлуулалтыг хариуцан ажиллахаар харилцан тохиролцож, 2016 оны 09 дүгээр cap хүртэл үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. Бидний ажил барилга баригдаж эхэлсэн. Тухайн орон сууц болон оффисын талбайг худалдан борлуулах талаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан бөгөөд явуулж байсан үйл ажиллагааны талаар тухай бүрт захиалагч талд мэдэгдэж байсан. Захиалагчийн зүгээс бидний ажлын үр дүнг үнэлж орон сууцны цогцолбортоо манай компанийн нэрийг өгч Баяжих цогцолбор хэмээн нэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч талаас орон сууцыг борлуулах зорилгоор хэд хэдэн телевиз, зар мэдээ сонинд байнга зар өгч, барилга, орон сууцны экспод оролцох, хүүхдийн гар зургийн уралдаан зохион байгуулах, олон нийтэд танигдсан жүжигчдийн тоглолтыг ивээн тэтгэж, тухайн орон сууцыг сурталчлуулах зэргээр “Баяжих цогцолбор”-ын орон сууц, оффисийг борлуулах тал дээр ач холбогдол өгч ихээхэн хэмжээний зардал гаргасан байдаг.

Анх орон сууцны борлуулалтын 1 хувиар тооцож манай компанид зуучлалын хөлс төлөх, гаргасан зардлыг Х ХХК хариуцан төлөхөөр харилцан тохиролцсон, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа болгож 20 000 000 төгрөг шилжүүлснээс өөр төлбөр шилжүүлээгүй. Tyc орон сууц цогцолборын барилга угсралтын ажил дуусч 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын комисс хүлээн авч, бүрэн ашиглалтад орсон ба бидний зүгээс цогцолборын борлуулалтыг сайжруулах үүднээс зар сурталчилгааны ажлаа эрчимжүүлсэн боловч хариуцагч компанийн тавьж байсан төлбөрийн нөхцөл, байрны м.кв-ын үнэ, банкны зээлд хамрагдахгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж анх тооцоолж байснаар зарагдаагүй. Дээрх орон сууц зарагдахгүй байгаа нь өөрсдийн буруутай бодлого, үйл ажиллагаанаас хамаарч байгааг анзааралгүй биднээс шалтгаалсан гэж үзэж 2016 оны 09 дүгээр сараас эхлэн орон сууц, оффисийн борлуулалтыг өөрсдөө хариуцахаар болсон. Бидний хувьд борлуулалтын ажлыг 2017 оны 11 дүгээр сард дуусгавар болгож, гаргасан зардал, холбогдох баримт бичиг, эд зүйл, сурталчилгааны материал зэргийг Х ХХК-ийн албан ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн.

Ийнхүү гэрээ дуусгавар болгосонтой холбоотой гаргасан зардлыг Х ХХК-тай тохиролцохоор холбогдсон боловч ямар нэг байдлаар төлбөр төлөх арга хэмжээ авалгүй биднийг хохироосоор байна. Манай компанийн хувьд дээрх зардлуудыг бусдаас зээлж санхүүжүүлж байсан ба 2014 оноос хойш гэрээг дуусгавар болох хүртэл нийт 121 646 964 төгрөгийг зардал гарснаас гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 101 646 964 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас зуучлал, борлуулалт, зар сурталчилгааны ажилд гаргасан зардалд гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тус компанитай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Цахим гал” ХХК-ийн охин компани нь Б ХХК юм.

Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнд Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганцог гэж байгаа. Г.Ганцог нь нэхэмжлэлийг гардаж авсан, мөн хариуцагч Х ХХК-ийн хөрөнгө оруулагч К.Равиг Сингапур улсаас ирээд хөрөнгө оруулалт хийж орон сууц бариулах гэж байгааг анх мэдсэн байдаг. Тэрээр өөрийн “Цахим гал” ХХК болон Б ХХК-иудыг хамаатнуудынхаа нэр дээр шилжүүлээд Х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Улмаар эрүүгийн хэрэгт Г.Ганцог шалгагдаж байгаа. Тэрээр “Цахим гал” ХХК, Б ХХК-ийн үүсгэн байгуулагч ба хариуцагч Х ХХК-иас 16 тэрбум төгрөг аваад барилгын ажил гүйцэтгэсэн.

Бид зуучлалын гэрээ байгуулаагүй. Ямар нэгэн санхүүгийн баримт гаргаж өгсөн зүйл байдаггүй. Манай компани нэхэмжлэгч байгууллагатай ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Х ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8 468 710 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93 178 254 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 666 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150 449 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Гэвч хариуцагч тал нэхэмжлэгч компанитай ямар ч гэрээ байгуулаагүй бөгөөд зар сурталчилгааны ажил хийлгэх талаар ямар нэгэн байдлаар тохиролцоогүй. Амаар ч гэрээ байгуулагдаагүй юм. Нэхэмжлэгч талаас зуучлалын гэрээ байгуулагдсан үүний дагуу ажиллагаа хийгээд үр дунд хүрээгүй талаар нэхэмжлэлдээ дурддаг. Гэвч нэг ч орон сууцыг худалдан борлуулж өгөөгүй бөгөөд зуучлалын гэрээний үр дүн нь зуучлалын дүнд бий болсон ашигт нөхцөл байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд зуучилж байгаа бол ямар нэгэн байдлаар орон сууц зарагдаж тус гэрээнд "Б" ХХК нь зуучилсан байх ёстой. Ямар ч үр дүн гаргаагүй, гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоогүй байхад өөрсдөө сайн дураар хийсэн гэх тус ажлуудад гарсан зардлыг хариуцагч тал төлөх үндэслэлгүй.

Тус ажлууд "Х" ХХК-ийн зөвшөөрлөөр "Баяжих цогцолбор"-ын зар сурталчилгаанд зориулагдсан нь хангалттай нотлогдоогүй. Шүүх "Б" ХХК-ийг "Х" ХХК-ийн 166 айлын орон сууцны зар сурталчилгааны ажилд 28 468 710 төгрөг зарцуулсан нь хэргийн 24, 25, 29, 31, 32,36, 39, 40, 45, 48, 50, 51, 53, 56, 58, 60, 63, 65, 68, 70, 73, 75, 77, 79, 80, 81, 82, 83, 84, 85, 88, 90, 92, 95, 96, 98, 100, 102, 104, 106, 107, 109, 137, 140 дэх талд авагдсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 8 дугаар зүйлийн 8.1, 13 дугаар зүйлийн 13.1-13.4, 14 дүгээр зүйлий 14.1, 14.3, 14.4, 14.5 дахь хэсэгт зааснаар нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, шаардлага хангасан байх үүрэг хүлээнэ.

Дээрх хуулийн заалтуудаас харахад Монгол Улсын татварын байгууллагаас санхүүгийн баримтыг хэрхэн, яаж, ямар бүрдлээр үнэлэх тухай тодорхой заасан ба шүүх мөн адил хэрэгт авагдсан санхүүгийн баримтыг хуульд зааснаар үнэлэн дүгнэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас санхүүгийн тайлан гаргаж өгөөгүй. Мөн тодорхой нэг үнийн дүн зарлагдан гарсан байдлыг тогтоохдоо гэрээ, нэхэмжлэх, зарлагын баримт, орлогын баримт, дансны хуулга гэх мэт тал бүрээс нь бүрэн дүүрэн нотлох ёстой. Түүнчлэн зар сурталчилгаануудад өгсөн текстүүд байхгүй, яг ямар агуулгатай текст бүхий зар байсан эсэх тогтоогдоогүй, тодорхойгүй байхад "Б'' ХХК-ийн эрх ашигт нийцүүлэн гаргаж өгсөн зарим компаниудын тодорхойлолтыг шүүх хөдлөшгүй баримт мэтээр үнэлж шийдвэр гаргасан нь буруу бөгөөд хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, Иргэний хуулийн холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээнээс учирсан хохирол, үйл ажиллагааны зардалд нийт 101 646 964 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Х ХХК-ийн захиалан бариулсан “Баяжих цогцолбор” хотхоны зар сурталчилгаа, борлуулалтын ажлыг гүйцэтгэхээр зуучлалын гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон бөгөөд хариуцагч Х ХХК-иас нэхэмжлэгч борлуулалтыг хариуцаж байсныг үгүйсгээгүй, харин орон сууцыг борлуулж өгөөгүй гэж маргасан ба зар сурталчилгааны талаар тайлбар гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолгооны хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь зар сурталчилгааг хариуцах хэлцэл талуудын хооронд байгуулагдсан гэх үндэслэлээ нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч зуучлалын гэрээний дагуу гэрээний нөгөө тал нь зар сурталчилгааны үнийг төлөх үүрэгтэй гэх тайлбараа нотолсон баримт байхгүй тул зар сурталчилгааны үнэ, зардлыг гаргуулах нэхэмжлэл үгүйсгэгдэнэ.

Хариуцагч нь борлуулалтыг хариуцахтай холбоотой зуучлалын гэрээ байгуулагдсан талаарх нэхэмжлэлд холбогдуулан зуучлалын гэрээтэй холбоотой буюу зуучлалын гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй, харин энэ гэрээний үндсэн дээр борлуулалт явагдаагүй гэж маргасан гэж үзнэ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тохиолдолд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу эсрэг тал буруутай бол нөгөө талд хохирлыг шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдсанд хариуцагч талын буруутай гэх байдал хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдоогүй учраас нэхэмжлэгч хохирлыг шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхлэд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00954 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Х ХХК-иас зуучлалын гэрээнээс учирсан хохирол, үйл ажиллагааны зардалд нийт 101 646 964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                    ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                                               Д.БАЙГАЛМАА