Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01598

 

БЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00954 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1163 дугаар магадлалтай,

БЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

ХМ ХХК-д холбогдох,  

Зуучлалын гэрээний дагуу үйл ажиллагаанд зарцуулсан зардалд нийт 101.646.964 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч БЗ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд:  ...Манай компани нь үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд 2014 оноос ХМ ХХК-ийн хэрэгжүүлж буй 2 давхар үйлчилгээний төвтэй, 37 автомашины зогсоол бүхий 166 айлын орон сууцны барилга барих төслийн зар сурталчилгаа, борлуулалтыг хариуцан ажиллахаар харилцан тохиролцож, 2016 оны 9 дүгээр cap хүртэл үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн. Бид тухайн орон сууц болон оффисын талбайг худалдан борлуулах талаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан бөгөөд явуулж байсан үйл ажиллагааны талаар тухай бүрт захиалагч талд мэдэгдэж байсан. Захиалагчийн зүгээс бидний ажлын үр дүнг үнэлж орон сууцны цогцолбортоо манай компанийн нэрийг өгч Баяжих цогцолбор хэмээн нэрлэсэн байдаг. Анх орон сууцны борлуулалтын 1 хувиар тооцож манай компанид зуучлалын хөлс төлөх, гаргасан зардлыг ХМ ХХК хариуцан төлөхөөр харилцан тохиролцсон, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа болгож 20.000.000 төгрөг шилжүүлснээс өөр төлбөр шилжүүлээгүй. Tyc орон сууц цогцолборын барилга угсралтын ажил дуусч 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын комисс хүлээн авч, бүрэн ашиглалтад орсон ба бидний зүгээс цогцолборын борлуулалтыг сайжруулах үүднээс зар сурталчилгааны ажлаа эрчимжүүлсэн боловч хариуцагч компанийн тавьж байсан төлбөрийн нөхцөл, байрны м.кв-ын үнэ, банкны зээлд хамрагдахгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж анх тооцоолж байснаар зарагдаагүй. Дээрх орон сууц зарагдахгүй байгаа нь өөрсдийн буруутай бодлого, үйл ажиллагаанаас хамаарч байгааг анзааралгүй биднээс шалтгаалсан гэж үзэж 2016 оны 9 дүгээр сараас эхлэн орон сууц, оффисийн борлуулалтыг өөрсдөө хариуцахаар болсон. Бидний хувьд борлуулалтын ажлыг 2017 оны 11 дүгээр сард дуусгавар болгож, гаргасан зардал, холбогдох баримт бичиг, эд зүйл, сурталчилгааны материал зэргийг ХМ ХХК-ийн албан ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. Ийнхүү гэрээ дуусгавар болгосонтой холбоотой гаргасан зардлыг ХМ ХХК-тай тохиролцохоор холбогдсон боловч ямар нэг байдлаар төлбөр төлөх арга хэмжээ авалгүй биднийг хохироосоор байна. Манай компанийн хувьд дээрх зардлуудыг бусдаас зээлж санхүүжүүлж байсан ба 2014 оноос хойш гэрээг дуусгавар болох хүртэл нийт 121.646.964 төгрөгийг зардал гарснаас гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 101.646.964 төгрөгийг хариуцагч ХМ ХХК-иас зуучлал, борлуулалт, зар сурталчилгааны ажилд гаргасан зардалд гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ХМ ХХК нь барилгын салбарт хөрөнгө оруулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуаран гудамжид Баяжих цогцолбор хэмээх 166 айлын орон сууцны төслийг бусад компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү барилгын борлуулатын ажлыг БЗ ХХК-иар хийлгэхээр ярилцаж тус компанид 20.000.000 төгрөг шилжүүлж байсан. Гэтэл эхний ээлжийн ажлууд нь чанарын шаардлага хангаагүй тул хамтран ажиллах боломжгүй гэж үзэн гэрээ  байгуулаагүй. Анх тохиролцож байхад борлуулсан барилгын 1 хувийн үнийн дүнгээр ажлын хөлсийг төлөх талаар ярилцаж байсан хэдий ч гэрээ байгуулж ажиллах компани биш гэж үзэн гэрээ байгуулаагүй. Энэ компани бидний барилгаас орон сууц нэгийг ч борлуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид зуучлалын гэрээ байгуулаагүй. Ямар нэгэн санхүүгийн баримт гаргаж өгсөн зүйл байдаггүй. Манай компани нэхэмжлэгч байгууллагатай ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00954 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ХМ ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8.468.710 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БЗ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93.178.254 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 666.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150.449 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1163 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00954 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ХМ ХХК-иас зуучлалын гэрээнээс учирсан хохирол, үйл ажиллагааны зардалд нийт 101.646.964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БЗ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан, маргааны зүйл, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл зэргийг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөв, бодитой үнэлж чадаагүй. Нэхэмжлэгчийн хувьд 2014 оны 7 сараас эхлэн хариуцагч компанийн явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд таниулах талаар бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү хугацаанд гарсан зардлаа гаргуулахаар шүүхэд хандсан. Манай компанийн хувьд “ХМ" ХХК-ийн захиалан бариулсан БЗ цогцолборын сурталчилгааны ажилд анхаарлаа хандуулан бусад үйл ажиллагаагаа зогсоосон. Тухайн зар сурталчилгааны үйл ажиллагааг явуулан зардал гаргах үед ийнхүү маргаан үүсэж шүүхэд хандана гэж тооцоолоогүй бөгөөд тухай бүрт нь өөрсдийн компанийн нэрээр зардал гаргаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн үйл ажиллагааг сурталчлах бүхий л арга хэмжээг авч байсан бөгөөд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байсан Барилга орон сууцны хэд хэдэн үзэсгэлэн худалдаанд оролцож, зар сурталчилгаа явуулдаг сонинуудаар орон сууцны зарыг байнга явуулж, ТМ телевиз /Алсын гэрэл ХХК/-р “Баяжих цогцолбор” нэвтрүүлгийг тодорхой давтамжтай нэвтрүүлж, мөн орон сууцны зарыг тогтмол явуулах зэргээр хариуцагчийн үйл ажиллагааг сурталчилж байсан. Шүүх “Зар мэдээ сурталчилгаа сонин" ХМХ, “Монгол ньюс” ХХК-д төлсөн төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч “Шуурхай зар сонин” /Ширэвгэр ХХК/ болон ТМ телевиз /Алсын гэрэл ХХК/-р явуулж байсан зар, тэдгээрт төлсөн төлбөрийг нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх 2 компанид сурталчилгааны төлбөрт доорх хэмжээний зардлыг гаргасан ба холбогдох баримтыг нотлох баримтаар өгсөн байдаг. Үүнд ТМ телевизид 2014 оны 8 сард 1.100.000 төгрөг, 9 сард 880.000 төгрөг, 10 сард 1.100.000 төгрөг, 11 сард 1.320.000 төгрөг, 12 сард 880.000 төгрөг, нийт 5.280.000 төгрөг 2015 оны 01 сард 880.000 төгрөг, 02 сард 880.000 төгрөг, 3 сард 1.100.000 төгрөг, 4 сард 880.000 төгрөг, 5 сард 1.100.000 төгрөг, 6 сард 880.000 төгрөг, 7 сард 880.000 төгрөг, 8 сард 1.100.000 төгрөг, 9 сард 880.000 төгрөг, 10 сард 880.000 төгрөг, 11 сард 1.100.000 төгрөг, 12 сард 880.000 төгрөг, нийт 11.440.000 төгрөг 2016 оны 1 сард 1.100.000 төгрөг, 2 сард 880.000 төгрөг, 3 сард 880.000 төгрөг, 4 сард 880.000 төгрөг, 5 сард 1.100.000 төгрөг, 6 сард 440.000 төгрөг, нийт 5.280.000 төгрөг, бүгд 22.000.000 төгрөг, Шуурхай зар сонин /Ширэвгэр ХХК/-д 2014 оны 7 сард 466.200 төгрөг, 8 сард 354.000 төгрөг, 9 сард 602.020 төгрөг, 10 сард 517.200 төгрөг, 11 сард 503.520 төгрөг, 12 сард 417.240 төгрөг, нийт 2.860.180 төгрөг 2015 оны 01 сард 421.740 төгрөг, 02 сард 480.240 төгрөг, 3 сард 343.680 төгрөг, 4 сард 446.520 төгрөг, 5 сард 323.780 төгрөг, 6 сард 577.500 төгрөг, 7 сард 202.500 төгрөг, 8 сард 294.500 төгрөг, 9 сард 499.000 төгрөг, 10 сард 665.000 төгрөг, 11 сард 543.800 төгрөг, 12 сард 400.600 төгрөг, нийт 5.198.860 төгрөг, 2016 оны 1 сард 308.600 төгрөг, 2 сард 320.600 төгрөг, 3 сард 212.800 төгрөг, 4 сард 356.300 төгрөг, 5 сард 372.200 төгрөг, 6 сард 413.000 төгрөг, 7 сард 240.000 төгрөг, нийт 2.223.500 төгрөг, бүгд 10.282.540  төгрөгийг тус тус төлсөн. Дээрх хоёр компанид сурталчилгааны төлбөрт төлсөн баримтууд нь хэрэгт авагдсан, тухайн байгууллагуудаас Баяжих цогцолборын үйл ажиллагаанд гарсан зардал болохыг тодорхойлсон баримтыг хэрэгт хавсаргасан байхад нотлох баримтаар үнэлэлгүй нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг нь үндэслэлгүй байна. Зүй нь анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн үнийн дүн болох 8.468.710 төгрөг дээр нэмж 32.282.540 төгрөгийг хангаж шийдвэрлэж ёстой байсан.

Хэрэгт авагдсан баримтад хариуцагч тал нь зуучлалын гэрээний урьдчилгаанд 20.000.000 төгрөг шилжүүлсэн ба дээрх шилжүүлсэн төлбөр нь зар сурталчилгааг явуулж эхлүүлэхэд зориулж шилжүүлж байсан төлбөр болно. Талууд гэрээг байгуулахдаа амаар тохиролцоо хийж, урьдчилгаа төлбөрийг шилжүүлсний үндсэн дээр манай компани үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан зар сурталчилгааны үнийг төлөх ёстой гэсэн нөхцөл байдлыг нотлох ямар ч боломжгүй юм. Энгийн логикоор бодоход 20.000.000 төгрөг авч, 121.646.964 төгрөгийн зар сурталчилгаа явуулах нь нэхэмжлэгч талд хэт хохиролтой, нэхэмжлэгч талд хохиролтой байгаа хэмжээгээр хариуцагч тал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа явдал юм. Хариуцагч ХМ ХХК нь талуудын гэрээгээр тохиролцсон зуучлалын үйл ажиллагааг санхүүжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасны дагуу өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талд хуулиар олгогдсон дээр эрхийг үгүйсгээд зогсохгүй, нэхэмжлэх эрхгүй хэмээн хууль буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх нь хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харж нэхэмжлэгчийн шаардах эрх, хариуцагчийн татгалзлыг бүхий л талаас нь харгалзан үзсний үндсэн дээр шийдвэрлэх ёстой. Давж заалдах шатны шүүх гэрээг цуцлахад хариуцагч тал буруугүй учир 227.1-д заасны дагуу шаардах эрхгүй гэж үзсэн ба хэрэв дээрх үндэслэлээр шаардах эрхгүй гэж үзвэл бусад шаардах эрхийн үндэслэл тогтоогдож байгаа эсэхийг шалгах нь зүйтэй. Тухайлбал Иргэний хуулийн 492 дугаар зүйл 492.1-т заасны дагуу нэхэмжлэгч талын гаргасан зардлын хэмжээгээр хариуцагч нь үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа бөгөөд тус зохицуулалтын дагуу хариуцагчаас төлбөр гаргуулах эрхтэй байна. Гэтэл шүүхийн зүгээс дээрх нөхцөл байдал, хууль зүйн гаргалгаа, боломжийг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас 40.751.250 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

БЗ ХХК, ХМ ХХК-с 101.646.964 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ “...талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ цуцлагдсан тул гэрээний дагуу  явуулсан зар сурталчилгааны зардлаа шаардаж байна...” гэж тайлбарлажээ. Хариуцагч “..гэрээ байгуулагдаагүй, худалдан авагчтай холбон өгч орон сууцны борлуулалт хийгдээгүй...” гэж маргасан байна. 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж, 8.468.710 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ цуцлагдсан, гэрээ цуцалсанд хариуцагч буруутай нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй гэсэн дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. БЗ ХХК нь ХМ ХХК-тай тохиролцон Цахим гал ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутагт байрлах “Баяжих цогцолбор”-ын орон сууц болон оффисыг борлуулахад зуучлах, нэхэмжлэгч зар сурталчилгаа явуулж хариуцагч урьдчилгаанд 20.000.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон байна. 

Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Хэрэгт буй баримт, талуудын тайлбараас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасан зуучлалын гэрээ байгуулагдсан байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах, гэрээг цуцлах эрхтэй юм. 

Гэрээний дагуу нэхэмжлэгч тодорхой үйл ажиллагаа буюу зар сурталчилгаа явуулсан боловч зуучлалын гэрээний үүрэг бүрэн хэрэгжээгүйгээс талууд 2016 оны 9 дүгээр caрд гэрээг цуцалжээ.

Зар сурталчилгааны үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн зүгээс нийт 28.468.710 төгрөгийн зардал гаргасан нь тогтоогдсон тул шүүх уг үнийн дүнгээс урьдчилгаа 20.000.000 төгрөгийг хасч, үлдэх 8.468.710 төгрөг гаргуулах боломжтой. Дурдсан зардал  хариуцагчаас төлөгдөх зуучлалын хөлст тооцогдох тул мөнгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.

2. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт буй баримтыг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан үнэлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч гэрээг цуцалснаас учирсан хохирлыг бус, харин гаргасан зардлыг нэхэмжилсэн байхад давж заалдах шатны шүүх “...гэрээг цуцлахад хариуцагч гэм буруугүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийснээс гадна аль нэг талын гэм буруугаас зуучлалын гэрээ цуцлагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй байгааг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь эрх зүйн хувьд алдаатай байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд захиалагчийн эсхүл гүйцэтгэгчийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэг хүлээдэг тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан  гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Харин зар сурталчилгааны үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн зүгээс нийт 28.468.710 төгрөгийн зардал гаргасан, 20.000.000 төгрөгийн урьдчилгаа төлөгдсөн, 8.468.710 төгрөг төлөгдөөгүй үлдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт баримтад үндэслэгджээ.

4.  БЗ ХХК  нь үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ТМ телевизид 2014-2016 онд өгсөн зарын төлбөр 22.000.000 төгрөг, Шуурхай зар сонин /Ширэвгэр ХХК/-д 2014-2016 онд төлсөн зарын төлбөр 10.282.540 төгрөгийн баримт нь “Баяжих цогцолборын” орон сууц болон оффисыг худалдан борлуулахад зориулагдсан болох нь тогтоогдоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1163 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00954 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 361.710 төгрөг төлснийг  шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ