Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/01257

 

 

 

 

 

 

 

“Ш ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02636 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00282 дугаар магадлалтай,

“Ш ” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

“Ш ” ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,999,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ш” ТӨХК нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,999,978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02636 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш ” ХХК-аас 47,999,978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш ” ТӨХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш ” ХХК-аас 397,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш ” ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00282 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.29-ний өдрийн 00282 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн талаар буруу дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх байдлаар явуулахаар хуульчлан тогтоосон. Мэтгэлцэх зарчим нь зөвхөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд талууд тайлбар гаргах, өөрийн тайлбар татгалзлын үндэслэлийг нотлох, нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэх зэргээр хэрэгждэг. Гэтэл хариуцагчид мэтгэлцэх боломжийг олгоогүй төдийгүй шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдаанд тайлбар, нотлох баримт гаргах зэрэг өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж дүгнэсэн Давж заалдах шатны шүүхийн 00282 дугаар магадлалыг үндэслэлгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн бөгөөд хэрэв худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж дүгнэсэн бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд 2016.09.02-ны өдөр “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан. Шаардах эрх үүссэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрх нь гэрээ байгуулагдсан үеэс эхлэн үүссэн байхад нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтад тулгуурлан тооцоо нийлсэн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэл байхгүй. Мөн тус тооцоо нийлсэн акт гэх нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт төдийгүй хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан баримт болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагчийг төлөөлөх эрхгүй, хариуцагч талын мэдэхгүй иргэний гарын үсэг зурсан баримтаар нэхэмжлэлийн үнийн дүн болон хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудлыг дүгнэж буй дүгнэлтийнхээ үндэслэл болгож буй нь анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн нэг талын тайлбар, нотлох баримтад тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь тэгш эрхийн зарчимд харшилна гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.29-ний өдрийн 00282 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:           

5. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул хариуцагчийн төлөөлөгч Г.Одмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “Ш ” ТӨХК нь хариуцагч “Ш ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,999,978 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “...нийлүүлсэн нүүрс чанарын шаардлага хангахгүй, стандартад нийцэхгүй байсан нүүрсийг алдагдалтай борлуулсан, ... төлбөрт “Ш ” ТӨХК-д хэрэгтэй ЭШ-11/70 экскаваторын сэлбэгийг нийлүүлж тооцоо дуусгах хүсэлт удаа дараа өгч байсан боловч шийдвэрлэлгүй өдий хүрсэн” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч “Ш ” ХХК-аас 47,999,978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш ” ТӨХК-д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна. 

8. Талуудын хооронд 2016.09.02-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч “Ш ” ТӨХК нь худалдан авагч “Ш ” ХХК-д 7800 тонн нүүрсийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу нийлүүлэх, худалдан авагч нь худалдан авсан 1 тонн нүүрсний үнийг 26,642 төгрөгөөр тооцож төлөхөөр, хугацааг 2016.09.02-ны өдрөөс 2017.09.02-ны өдөр хүртэл гэж тохиролцсоноос үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангасан талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

“Ш ” ТӨХК, “Ш ” ХХК-ийн хооронд 2015 оны худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 12,310,122 төгрөгийн төлбөр байсан ба уг төлбөр дээр дээрх гэрээний дагуу 7800 тонн нүүрсний үнэ 109,204,086 төгрөгийг нэмж, худалдан авагч нь нийт 121,514,208 төгрөг төлөхөөс 73,514,229 төгрөгийг төлж, үлдэгдэл 47,999,978 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргаагүй. Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2020.05.22-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020.05.22-ны өдрийн Өр авлага барагдуулах тухай тэмдэглэл зэргийг үндэслэж хариуцагчаас үлдэгдэл төлбөр 47,999,978 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

9. Хариуцагч нь “Ш ” ТӨХК-ийн нийлүүлсэн нүүрс чанарын шаардлага хангахгүй, илчлэгийн хэмжээ стандарт нийцэхгүй байснаас нүүрсийг алдагдалтай борлуулсан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, төлбөрт “Ш ” ТӨХК-д ЭШ-11/70 экскаваторын сэлбэгийг нийлүүлж тооцоо дуусгах хүсэлт өгч байсан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй гэсэн хариуцагчийн тайлбар нь түүнийг худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. 

10. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул гэрээний үүргийг шаардах эрхгүй” гэх гомдлыг хангахгүй. Учир нь талуудын хооронд 2020.05.22-ны өдөр үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2020.01.01-ний өдрөөс 2020.05.22-ны өдрийг дуустал хугацаанд өгч, авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж үзэхэд 47,999,978 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсныг дүгнэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Энэ талаар дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иймээс дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02636 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00282 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 397,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                                     Г.БАНЗРАГЧ

     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН