Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00282

 

 

 

 

Ш О ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02636 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш О ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч АЭ ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47 999 978 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ОТӨХК болон А Э ХХК нь 2015, 2016 онуудад нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ш ОТӨХК-д А Э ХХК нь 2015 онд худалдан авсан нүүрсний үлдэгдэл 12 310 122 төгрөгийг төлөөгүй. А Э ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1110-16-78 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулан 3 127 тонн, тээврийн зардлын хамт 109 204 086 төгрөгийн үнэ бүхий нүүрс худалдан авсан. А Э ХХК нь Ш ОТӨХК-аас 2015, 2016 онуудад худалдан авсан 121 514 208 төгрөгийн нүүрсний төлбөрөөс 73 514 229 төгрөгийн төлбөрийг төлж үлдэгдэл 47 999 978 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болно. А Э ХХК-аас худалдан авсан нүүрсний төлбөрийг шаардаж Ш ОТӨХК-аас томилогдсон ажлын хэсэг 2017, 2019, 2020 онуудад очиж уулзахад үүсээд байгаа өр төлбөрийг төлж барагдуулах санал гаргасан боловч өр төлбөр төлөгдөхгүй байна. Иймд А Э ХХК-аас 47 999 978 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Одмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Ш ОТӨХК нь 2016 онд ДЦС-4 ТӨХК-д нийлүүлсэн нүүрс чанарын шаардлага хангаагүй, нүүрсний илчлэгийн хэмжээ стандартад нийцэхгүй гэх шалтгааны улмаас буцаагдаж байсан 12 вагон нүүрсийг манай байранд буулган хадгалж байхыг хүссэн. Энэхүү хүсэлтийн дагуу вагоноос буулгах, тээвэрлэх 30 000 000 төгрөгийн зардлыг гаргаж өөрийн түрээсэлж байсан хашаандаа буулган авсан. Бид борлуулахаар хөөцөлдөж, удаа дараа арга хэмжээ авсан боловч 2016-2018 онуудад үлдэгдэл нүүрсийг Засгийн газрын түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Монгол улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Улаанбаатар төмөр замын Толгойт, Амгалан өртөөнд түүхий нүүрс буулгаж ачилт, тээвэрлэлт хийхийг 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн бүрмөсөн хориглосны дагуу цэвэрлэсэн. Дээрх хугацаанд тухайн нүүрсийг борлуулж өөрийн гаргасан татан авалтын зардлыг л нөхөж алдагдалтай борлуулсан 2016 онд сэлбэг авахаар тохиролцож байсны дагуу хэн хэндээ алдагдалгүй байлгах үүднээс Ш ОТӨХК-д хэрэгтэй сэлбэгийг нийлүүлж тооцоо дуусгах хүсэлт удаа дараа өгч байсан боловч шийдвэрлэлгүй өдий хүрсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А Э ХХК-аас 47 999 978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ОТӨХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 397 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А Э ХХК-аас 397 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ОТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Одмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх шийдвэрийг гаргахдаа хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зуйлийн 6.1-т "...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ..." гэж заасныг зөрчсөн. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж улмаар нотлох баримт гаргах, өмгөөлөгч авах эрхийг зөрчсөн. Мөн шүүх хуралдаанд оролцох, шүүхэд тайлбар гаргах, мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлж өгөх зэрэг хэргийн зохигчийн хувьд эдлэх ёстой эрхүүдийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т "...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ..." гэж заасны дагуу хэргийн оролцогчдын тайлбар, татгалзлаа хэлэх эрхийг нь хязгаарласан. Шүүх "...2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр "Ш О" ТӨХК болон "А Э" ХХК нарын хооронд ШҮ16-78 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр "Ш О" ТӨХК нь "АЭ" ХХК-д гэрээний хугацаанд 7 800 тонн нүүрсийг худалдах, "А Э" ХХК нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна гэж дүгнэсэн. Гэтэл "Ш О" ТӨХК-аас 2014 онд нийт 68 514 229 төгрөгийн сэлбэг, хэрэгсэл, тос масло, шингэн нийлүүлэх гэрээ байгуулж, А Э ХХК нь 68 514 229 төгрөгийн сэлбэгийг зохих журмын дагуу нийлүүлсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс сэлбэгийн төлбөрийг төлөх боломжгүй болсноо илэрхийлж уг сэлбэгийн төлбөрт нүүрс нийлүүлэхээр тохиролцсоны дагуу худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн дурдаж буй төлсөн гэх төлбөр нь бидний нийлүүлсэн сэлбэгийн төлбөрийг төлөөгүй өр үүсгэсэн байсан төлбөр тооцож хаасан юм. Дээрх нөхцөл байдалтай холбоотой баримтыг хариуцагчийн зүгээс өөрөө гаргаж өгөх боломжгүй нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагатай баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргах боломжийг олголгүйгээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талуудын тэгш эрхийг хангах, хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа шүүхэд мэдүүлэх, түүнийгээ нотлох баримтыг гаргаж өгөх, өөрийн гаргах боломжгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулах эрхийг зөрчсөн. Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулж нүүрс нийлүүлсэн гэж дурдсан байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй уг нийлүүлэлтээс хойш манай компанид нүүрс нийлүүлсэн зүйл огт байхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т ... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцож тоолбол уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дууссан. Өөрөөр хэлбэл, нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 47 999 978 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ш ОТӨХК нь хариуцагч АЭ ХХК-д холбогдуулан нүүрс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47 999 978 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... нийлүүлсэн нүүрс чанарын шаардлага хангахгүй, стандартад нийцэхгүй байсан нүүрсийг алдагдалтай борлуулсан гэж маргажээ.

 

Талууд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Ш ОТӨХК нь худалдан авагч АЭ ХХК-д 7 800 тонн нүүрсийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу нийлүүлэх, худалдан авагч нь худалдан авсан 1 тонн нүүрсний үнийг 26 642 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцож, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай гэж тохиролцсоноос дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Уг гэрээ нь хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Дээрх гэрээ нь худалдагч Ш ОТӨХК нь худалдан авагч А Э ХХК-ийн хооронд 2015 онд үүссэн худалдах, худалдан авах харилцаанаас үүсэлтэй бөгөөд нүүрсний үлдэгдэл төлбөр 12 310 122 төгрөг дээр нэмж дээрх гэрээний дагуу 7 800 тонн буюу 109 204 086 төгрөгийн нүүрс нийлүүлж, худалдан авагч нь нийт 121 514 208 төгрөг төлөхөөс 73 514 229 төгрөг төлж үлдэгдэл 47 999 978 төгрөг төлөөгүй талаар талууд маргаагүй. /хх-12/

 

Иймд нэхэмжлэгч Ш ОТӨХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А Э ХХК-ийн өмчлөлд нүүрс нийлүүлэх үүргээ биелүүлсэн тул түүний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талууд гэрээний 3.1-т Гэрээнд заасан хугацааны дотор худалдан авсан нүүрсний үнийг төлөх үүрэгтэй гэж заасан ба хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд нийлүүлсэн нүүрсний төлбөрөөс 47 999 978 төгрөг төлөөгүй болох нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, мөн өдрийн өр авлага барагдуулах тухай тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч А Э ХХК нь нэхэмжлэгч Ш О ТӨХК-ийн нийлүүлсэн нүүрс нь чанарын шаардлага хангахгүй, илчлэгийн хэмжээ стандарт нийцэхгүй байснаас нүүрсийг алдагдалтай борлуулсан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт ...эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч шилжүүлэн авсан нүүрс нь доголдолтой байсан талаар нэхэмжлэгчид мэдэгдэн шаардлага гаргаж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа доголдлын талаар тайлбар гаргасныг дээрх хуулийн дагуу доголдлын талаар шаардлагаа гаргасан гэж үзэх буюу татгалзах үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Талууд гэрээний үйлчлэх хугацааг Энэхүү гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл байна гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул нэхэмжлэгч Ш О ТӨХК-ийн шаардах эрхийг 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс тооцохоор байна.

Гэвч хэргийн 5 дахь талд авагдсан талуудын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд өгч, авалцсан зүйлээ харилцан тооцож, 47 999 978 төгрөгийн өртэй гарсныг харилцан тооцсоныг дүгнэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул гэрээний үүргийг шаардах эрхгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч А Э ХХК-аас 47 999 978 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш ОТӨХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэсэн баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг мэдэгджээ. Гэтэл мөн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч уг хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх, тухайлбал, ямар үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах талаар дурдаагүй байх тул шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Ийм учраас дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02636 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 397 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.БАЙГАЛМАА