Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2021/00199

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... оршин суугч А овогт Т.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... байрлах Т МСҮТд холбогдох Ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Т.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ...Миний бие Хөдөө аж ахуйн их сургуулийг 2009 онд ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. Тэгээд Тосонцэнгэл сумын МСҮТ-ийн захирлын 2015 оны 12 дугаар 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалаар томилогдсон бөгөөд 2020 онд хөдөлмөрийн гэрээг Ойжуулагч мэргэжлийн багш гэсэн орон тоон дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тэгтэл тус сургуулийн захирал нь орон тоо хасагдсан цөөрүүлсэн гэх үндэслэлээр 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Миний хувьд тус сургуульд Ойжуулагчийн 2.5 жилтэй анги дааж авсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сард төгсөх анги удирдаж ажиллаж байсан. Тэгтэл чи цөөхөн хүүхэдтэй гэж ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн миний оронд өөр хүн авч ажиллуулж байгаа. Мөн тус сургууль нь ажлаас чөлөөлсөн учир амралтын мөнгийг 24 хоногоор тооцож олгосон байгаа. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажиллаагүй байсан хугацааны цалинг, амралтын мөнгийг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгч Т.Аийн ажил эгүүлэн томилж, ажилгүй хугацааны цалин гаргуулах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний нэхэмжлэлтэй танилцаад тайлбарыг эс зөвшөөрч эвлэрэх боломжгүйгээ илэрхийлж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Ажилтан Т.Аийг багшаар ажиллуулах боломжгүй орон тоо хасагдсан болно. Учир нь хууль бусад журамд дурдсан багшийн сургалтын багц сурралцагчдын тоо шаардлага хангахааргүй байгаа юм. Тухайлбал хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай мэргэжлийн болон техник боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм жишиг бүтэц батлах тухай тушаалын хавсралтын 3-р зүйлийн 3.5.3 дахь хэсэгт заасан: ...сургуулийн бүтэц орон тоог тогтоохдоо багш суралцагчдын тооны дундаж харьцааг үндэслэн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтооно. Багш суралцагчийн тооны дундаж харьцаа нь онолын сургалтын хувьд 25 хувиас доошгүй суралцагчдтай лобарторийн дадлагын сургалтыг хувьд 15-аас доошгүй суралцагчтай байна гэсэн шаардлага хангаагүй 3-аас 5 суралцагчтай байгаа. Мөн ХНХСайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын1 дүгээр зүйлийн 1.6, 1.8 дугаар зүйлд заасан суралцагчдын тоо 15-аас ихгүй байх багшийн жилийн сургалтын цагийн ачаалал 20 багц байх шаардлагыг хангаагүй одоо 13,8 багцтай байдаг нь ажлаас чөлөөлөх үндэслэл болж байна. Төрийн аудитын тухай хуулийн 6-р зүйлийн 6.3, 1.8 дугаар зүйлийн 8.1 Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8,9.1-д заасны дагуу Тосонцэнгэл сумын сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Жилийн эцсийн санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудитын хязгаарт ажиллах илүү байгаа үндсэн орон тоогоо дээд газраараа шийдвэрлүүлж төсвийн тухай хуулийн 41.2.2. батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах заалтыг мөрдөж ажиллах зөвлөмж өгсөн. Манай сургалтын төв яамнаас батлагдсан орон тооны хэмжээнд 2021 оноос эхлэн илүү орон тоог хасаж батлагдсан төсөвт багтаан ажиллах чиглэл өгсөн. Сургалтын төвийн зүгээс илүү орон тоонд байсан багшийн хууль журамд заасан шаардлага хангаагүй. Байсан ажилтнаа 5 сарыг дуустал цалинтай ажиллуулсан. Цаашид илүү орон тооны хүмүүсийг цалинжуулах төсөвч хүрэлцэхгүй болсон. Иймд байгууллагын захиргааны зөвлөлөөр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцээд хуралдаж ажлаас чөлөөлөх тухайгаа Т.Ат мэдэгдсэн. Ажлаас чөлөөлөх тухай ажилтанд мэгдсэн одоо байгаа төсвийн хэмжээнд 5 сарыг дуустал ажиллуулж цалинг нь олгоод чөлөөлөх тухай ажилтанд өөрт нь мэгдсэн юм. Ажиллуулж цалинг олгосныг ажилтан ойлгож мэдэж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ямар шаардлага хангасан нөхцөлд хүнийг авч ажиллуулж, цалин, хөлс олгох асуудал байгаа. Нэхэмжлэгчид тийм нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна. Анги нь бүрдээгүй, хүүхдүүд нь ч сурах сонирхолгүй байсан. 5 хүүхэд байсан. Сүүлдээ 1 хүүхэд сурч байсан. Сайдын гарсан тушаал журмын хүрээнд анги байгуулах нөхцөл журам нь бүрдсэн бол анги байгуулдаг. Нэхэмжлэгч Т.Аийг хүнийх нь тухайд чадахгүйд нь бус давуу тал олон байгаа. Яг энэ ажлын байрны нөхцлийн тухайд ажиллах боломжгүй гэж үзэж байна ... гэжээ.

Нэхэмжлэгч Т.Аийн өмгөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь 2015 оноос Тосонцэнгэл Т МСҮТд багшаар ажиллаж байгаад Тосонцэнгэл Т МСҮТийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 26-ны Б/41 дугаартай тушаалаар Ойжуулагч мэргэжлийн багшаар томилогдсон байдаг. Тэрнээс хойш 2020 онд хөдөлмөрийн гэрээ хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь Тосонцэнгэл Т МСҮТийн үндсэн ажилтнаар явдаг. Жил болгон суралцагчид аваад анги удирдаад явдаг. Тосонцэнгэл Т МСҮТ нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2 тушаал гаргасан нь эрх зүйн хувьд боломжгүй бодит биш зүйл юм. Яагаад вэ гэвэл 05 дугаар сарын 31-ний өдөр тушаал гаргаж гардуулчхаад, дараа нь хууль зөрчсөнөө мэдсэний дараа дахин тушаал гаргасан нь хууль зөрчиж байна гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, хариуцагч байгууллагын тайлбарлаад байгаагаар орон тоо хасагдсан, заримдаа цөөрүүлсэн гэж яриад байгаа. Орон тоо хасагдсан гэдэг ойлголт нь 2012 онд гарсан Монгол улсын дээд шүүхийн зөвлөмж байгаа. Үүнээс харахад орон тоо хасагдана гэдэг нь тухайн орон тоо огт байхгүй болсныг ойлгоно гэж заасан байгаа. Орон тоо цөөрүүлэх гэдэг асуудлын тухайд гэвэл жишээ нь 5 Ойжуулагч багш байвал тэрнээс 1 багшийг чөлөөлөөд орон тоо цөөрүүлсэн гэж ойлгоно. Нэхэмжлэгч Т.Аийг ажлаас чөлөөлөхдөө хэд хэдэн үндэслэлийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-т зааснаар Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Ойжуулагч мэргэжлийн багшийн орон тоо хасагдаагүй гэж харж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан сурагчдын анги дэвшүүлж байгаа тоо, мөн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн мэргэжлийн анги танхим хувиарлалт гэж байгаа. Үүн дээр Ойжуулагч мэргэжлийн 3б ангийг С.Цэрэндулам гэх хүн анги удирдсан багшаар ажиллаж байгаа. Танайх Ойжуулагч гэж ганц орон тоон дээр Т.А гэх хүн хариуцан ажиллаж байсан уу? гэж хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс асуухад тийм гэж хариулдаг. Тэгэхээр энэ орон тоо хасагдаагүй гэж үзэж байна. Тосонцэнгэл Т МСҮТ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг байгаа. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга эрхлэгч томилж, чөлөөлнө гэсэн байгаа. Мөн Төсвийн тухай хуулийн 14.2.12-т эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох гэсэн заасан байдаг. Өөрөөр хэлбэл нийгэм, хамгаалал хөдөлмөрийн сайдад байна гэсэн заасан байгаа. Төсвийн хуваарь нь мөн адилхан байгаа. 2020 онд 54 ажилтантай байсан. 2021 онд 56 болж гүйцэтгэх ажилтны тоо хоёроор нэмэгдсэн. Иймээс орон хасагдсан гэж үзэх боломжгүй байна. Мөн тушаалын хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байна. Нэмээд хэлэхэд багшийн үүргийг биелүүлэхгүй байна гэж байгаа. Багшийн үүргийн 3 дугаар зүйлийн 3.37-т багш элсэлтийн 30 хувиас багагүйг л бүрдүүлнэ гэж байгаа. Ийм учраас орон тоо хасах эрх хэмжээ Тосонцэнгэл Т МСҮТд байхгүй байна. Сайдаас батлагдсан орон тоо хасагдсан зүйлгүй байна. Иймээс Т.Аийг ажилд эгүүлэн томилуулж, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү ... гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А нь Ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Тосонцэнгэл Мэргэжилийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирал Р.Б нь ...Т.Аийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажилтан Т.Аийг багшаар ажиллуулах боломжгүй учир нь багшийн сургалтын багц суралцагчдын тоо шаардлага хангахааргүй байгаа. Манай сургалтын төв яамнаас батлагдсан орон тооны хэмжээнд 2021 оноос эхлэн илүү орон тоог хасч батлагдсан төсөвт багтаан ажиллах чиглэл өгсөн. Сургалтын төвийн зүгээс илүү орон тоонд байсан багшийн хууль журамд заасан шаардлага хангаагүй байсан ажилтнаа 5 сарыг дуустал цалинтай ажиллуулсан. Цаашид илүү орон тооны хүмүүсийг цалинжуулах төсөвч хүрэлцэхгүй болсон. Иймд байгууллагын захиргааны зөвлөлөөр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцээд хуралдаж ажлаас чөлөөлөх тухайгаа Т.Ат мэдэгдсэн. Одоо байгаа төсвийн хэмжээнд 5 сарыг дуустал ажиллуулж цалинг нь олгоод чөлөөлөх тухай ажилтанд өөрт нь мэгдсэн юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

Нэхэмжлэгч Т.А нь Тосонцэнгэл Мэргэжилийн Сургалт Үйлдвэрлэлийн төвд ойжуулагч мэргэжлийн багшаар ажиллаж байсан болох нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/41 дугаартай ...Т.Аийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс ойжуулагч мэргэжлийн багшаар томилон ажиллуулсугай... гэсэн Тосонцэнгэл Мэргэжилийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд томилох тухай тушаалын хуулбар, багшийн хөдөлмөрийн гэрээний хуулбар болон зохигч талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Тосонцэнгэл Мэргэжилийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирал Р.Б нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх хэсэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны Б/185 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм-ийн 3.5.3 дахь нөхцөл, захирлын Орон тоо батлах тухай 2020 оны Б/46 дугаар тушаал, Сангийн сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 289/А/375 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 1.6, 1.8 дахь заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/87 тоот тушаалын 4.1, 4.2 дахь хэсэг, захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус удирдлага болгон тушаах нь:

1. Ойжуулагч мэргэжлийн багш Т.Аийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны тоо хасагдсан цөөрүүлсэн үндэслэлээр 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэж нэхэмжлэгч Т.Аийг ажлаас халсан шийдвэрийг гаргажээ.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно гэж заасан байх тул нэхэмжлэгч Т.А нь ажлаас чөлөөлсөн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/04 тоот тушаалыг гардаж аваад эс зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Тосонцэнгэл Мэргэжилийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/04 дугаар тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байх бөгөөд үүнийгээ хариуцагч байгууллагын төлөөлөгч нь ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Т.Аийг ойжуулагчийн багшийн ажлаас чөлөөлсөн... гэж тайлбарлаж байгаа боловч Завхан аймгийн Тосонцэнгэл Мэргэжилийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн бүтэц, орон тооноос ойжуулагч мэргэжлийн багшийн орон тоо хасагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Боловсролын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж болно гэж заасан байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.22-д Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн болон бүсийн арга зүйн төвийн бүтэц, орон тоо, дүрмийг баталж, менежерийг томилох, чөлөөлөх эрхтэй гэж заасан байна.

Үүнээс үзвэл Тосонцэнгэлийн Т МСҮТийн бүтэц, орон тоог Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам батлах эрхтэй байна.

Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтоох эрхтэй гэж зааснаар төсвийн байгууллага буюу Завхан аймгийн Тосонцэнгэлийн Т МСҮТийн орон тооны хязгаарыг тогтоох эрхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад олгогдсон байна.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай тушаалаар нотлогдож байна.

Завхан аймгийн Тосонцэнгэлийн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв нь 2020 оноос 2021 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтад суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоог баталсан 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/125 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтад ...Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн МСҮТ ...ойн арчилгаа, ашиглалтын ажилтан мэргэжлээр 1 жилийн хугацаатай, 15 сурагч... гэж, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/67 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтад Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад 2021-2022 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо ...Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн МСҮТ ...ойн арчилгаа, ашиглалтын ажилтан мэргэжлээр 1 жилийн хугацаатай, 15 сурагч... гэж тус тус тэмдэглэснээс үзвэл Завхан аймаг дахь Т МСҮТд ойн арчилгаа, ашиглалтын ажилтан мэргэжлээр 1 жилийн хугацаатай 15 хүүхэд сургахаар батлагдсан байна.

Мөн Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжил сургалтын төвийн 2020 оны төсвийн хуваарьт ...ажиллагсдын тоо 54, үүнээс удирдах ажилтан-2, гүйцэтгэх ажилтан-35, үйлчлэх ажилтан-17... гэж, 2021 оны төсвийн хуваарьт ...ажиллагсдын тоо 56, үүнээс удирдах ажилтан-2, гүйцэтгэх ажилтан-37 үйлчлэх ажилтан-17... гэж тус тус тэмдэглэсэн байх ба хариуцагч байгууллын төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан ...Манай байгууллагын ажиллагсдын орон тоо 2020 онд 54 байсан ба 2021 онд 2 орон нэмж 56 ажиллагсадтай болсон... гэсэн тайлбартаа тохирч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ...орон тоо хасагдсан... гэдэг үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл нь тухай байгууллагын батлагдсан цалингийн сан, батлагдсан орон тооны бүтцээс тодорхой албан тушаал, ажил байрыг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хасагдаж үгүй болохыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.22-д зааснаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Завхан аймаг дахь Т МСҮТийн бүтэц орон тооноос ойжуулагч мэргэжлийн багшийн албан тушаалыг хасаж, өөрчилж тогтоосон, мөн Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д зааснаар Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц орон тооны жишиг, хязгаараас ойжуулагч мэргэжлийн багшийн албан тушаалыг хасаж, өөрчилж тогтоосон талаарх шийдвэр гарсан тохиолдолд Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн Т МСҮТийн орон тооноос ойжуулагч мэргэжлийн багшийн орон тоо хасагдсан үндэслэлээр багшийн ажлаас чөлөөлөх үндэслэл бий болно.

Гэтэл Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн захирал нь Хөдөлмөр, нийгмийн хамгаалалы яам болон Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц орон тооны жишиг, хязгаараас ойжуулагч мэргэжлийн багшийн албан тушаалыг хасаж, өөрчилж тогтоосон шийдвэр гаргаагүй байхад төсвийн шууд захирагчийн хувьд багш өөрөө анги дүүргэх талаар арга хэмжээ авч ажиллаагүй, анги дүүргэлт бүрдээгүй тул ойжуулагч багш шаардлагагүй гэж үзээд дурын албан тушаалын орон тоог хасаж, тушаал гаргаж ажилтныг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тосонцэнгэл Т МСҮТийн захирал нь Т.Аийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх хэсгийг үндэслэсэн байх ба уг заалт нь дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох эрхийг зохицуулсан ойлголт болохоос бус дээд шатны төсвийн захирагч зөвшөөрөөгүй байхад батлагдсан орон тооны хязгаараас хэтрүүлээгүй гээд дурын албан тушаалын орон тоог хасаж, нэмэх эрхийг олгосон заалт биш юм.

Иймд Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн Мэргэжилийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ...орон тоо хасагдсан... гэсэн үндэслэлээр ойжуулагч мэргэжлийн багш Т.Аийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

Ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх Тосонцэнгэлийн Мэргэжилийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/04 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Т.Аийг Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн Мэргэжилийн Сургалт Үйлдвэрлэлийн төвийн ойжуулагч мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох-оор заасан байна.

Нэхэмжлэгч Т.Аийн сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо түүний 0336741 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын буюу 2021 оны 3, 4, 5 дугаар саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 1,277,816 + 1,160,380 + 1,393,860 = 3,832,056 : 3 /сар/ = 1,277,352 : 20 = 63,867 /нэг хоногт/ төгрөг болж байна.

Нэхэмжлэгч Т.Аийн ажилгүй байсан хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажлын нийт 95 өдрөөр тооцож олговорт 6,067,365 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Гэвч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчид ээлжийн амралтын мөнгө гэж 6 дугаар сард 1,232,884 төгрөгийг олгосон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.

Тиймээс хариуцагч Тосонцэнгэлийн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулах 6,067,365 төгрөгнөөс нэхэмжлэгчид амралтын мөнгө гэж олгосон 1,232,884 төгрөгийг хасаж хариуцагчаас 4,834,481 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт ...Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15, Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1-ний өдөр нийтээр амарна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 4,834,481 төгрөгнөөс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон хасаж нэхэмжлэгч Т.Аийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 92,302 төгрөгийг хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн Мэргэжилийн Сургалт Үйлдвэрлэлийн төвөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А овогт Тын Аийг Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн Т МСҮТийн ойжуулагч мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Аийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,834,481 төгрөгийг хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн Т МСҮТөөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Аийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 4,834,481 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн Т МСҮТд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн Т МСҮТөөс улсын тэмдэгтийн хураамжид 92,302 /ерэн хоёр мянга гурван зуун хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ