Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 205/МА2022/00003

 

Т.*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай 

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын *******ой багт оршин суугч ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын *******ой багт байрлах Завхан аймгийн Тосонцэнгэл сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч байгууллагын захирал Р.*******уугийн давж заалдах гомдлоор 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, нэхэмжлэгч Т.*******/Тосонцэнгэл сумаас ZOOM/-р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******а /Тосонцэнгэл сумаас ZOOM/-р, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Б.*******/Улаанбаатар хотоос ZOOM/-р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ 

...Миний бие Хөдөө аж ахуйн их сургуулийг 2009 онд ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. Тэгээд Тосонцэнгэл сумын МСҮТ-ийн захирлын 2015 оны 12 дугаар 14-ний өдрийн Б/56 дугаар тушаалаар томилогдсон бөгөөд 2020 онд хөдөлмөрийн гэрээг Ойжуулагч мэргэжлийн багш гэсэн орон тоон дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Тэгтэл тус сургуулийн захирал нь орон тоо хасагдсан цөөрүүлсэн гэх үндэслэлээр 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/04 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Миний хувьд тус сургуульд Ойжуулагчийн 2.5 жилтэй анги дааж авсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сард төгсөх анги удирдаж ажиллаж байсан. Тэгтэл чи цөөхөн хүүхэдтэй гэж ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн миний оронд өөр хүн авч ажиллуулж байгаа. Мөн тус сургууль нь ажлаас чөлөөлсөн учир амралтын мөнгийг 24 хоногоор тооцож олгосон байгаа. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилж, ажиллаагүй байсан хугацааны цалинг, амралтын мөнгийг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

...Нэхэмжлэгч Т.*******ийн ажил эгүүлэн томилж, ажилгүй хугацааны цалин гаргуулах эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний нэхэмжлэлтэй танилцаад тайлбарыг эс зөвшөөрч эвлэрэх боломжгүйгээ илэрхийлж дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Ажилтан Т.*******ийг багшаар ажиллуулах боломжгүй орон тоо хасагдсан болно. Учир нь хууль бусад журамд дурдсан багшийн сургалтын багц сурралцагчдын тоо шаардлага хангахааргүй байгаа юм. Тухайлбал хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 дугаартай мэргэжлийн болон техник боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм жишиг бүтэц батлах тухай тушаалын хавсралтын 3-р зүйлийн 3.5.3 дахь хэсэгт заасан: ...сургуулийн бүтэц орон тоог тогтоохдоо багш суралцагчдын тооны дундаж харьцааг үндэслэн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтооно. Багш суралцагчийн тооны дундаж харьцаа нь онолын сургалтын хувьд 25 хувиас доошгүй суралцагчдтай лобарторийн дадлагын сургалтыг хувьд 15-аас доошгүй суралцагчтай байна гэсэн шаардлага хангаагүй 3-аас 5 суралцагчтай байгаа. Мөн ХНХСайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын1 дүгээр зүйлийн 1.6, 1.8 дугаар зүйлд заасан суралцагчдын тоо 15-аас ихгүй байх багшийн жилийн сургалтын цагийн ачаалал 20 багц байх шаардлагыг хангаагүй одоо 13,8 багцтай байдаг нь ажлаас чөлөөлөх үндэслэл болж байна. Төрийн аудитын тухай хуулийн 6-р зүйлийн 6.3, 1.8 дугаар зүйлийн 8.1 Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8,9.1-д заасны дагуу Тосонцэнгэл сумын сургалт үйлдвэрлэлийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Жилийн эцсийн санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудитын хязгаарт ажиллах илүү байгаа үндсэн орон тоогоо дээд газраараа шийдвэрлүүлж төсвийн тухай хуулийн 41.2.2. батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах заалтыг мөрдөж ажиллах зөвлөмж өгсөн. Манай сургалтын төв яамнаас батлагдсан орон тооны хэмжээнд 2021 оноос эхлэн илүү орон тоог хасаж батлагдсан төсөвт багтаан ажиллах чиглэл өгсөн. Сургалтын төвийн зүгээс илүү орон тоонд байсан багшийн хууль журамд заасан шаардлага хангаагүй. Байсан ажилтнаа 5 сарыг дуустал цалинтай ажиллуулсан. Цаашид илүү орон тооны хүмүүсийг цалинжуулах төсөвч хүрэлцэхгүй болсон. Иймд байгууллагын захиргааны зөвлөлөөр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хэлэлцээд хуралдаж ажлаас чөлөөлөх тухайгаа Т.*******т мэдэгдсэн. Ажлаас чөлөөлөх тухай ажилтанд мэгдсэн одоо байгаа төсвийн хэмжээнд 5 сарыг дуустал ажиллуулж цалинг нь олгоод чөлөөлөх тухай ажилтанд өөрт нь мэгдсэн юм. Ажиллуулж цалинг олгосныг ажилтан ойлгож мэдэж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.*******уу нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ямар шаардлага хангасан нөхцөлд хүнийг авч ажиллуулж, цалин, хөлс олгох асуудал байгаа. Нэхэмжлэгчид тийм нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна. Анги нь бүрдээгүй, хүүхдүүд нь ч сурах сонирхолгүй байсан. 5 хүүхэд байсан. Сүүлдээ 1 хүүхэд сурч байсан. Сайдын гарсан тушаал журмын хүрээнд анги байгуулах нөхцөл журам нь бүрдсэн бол анги байгуулдаг. Нэхэмжлэгч Т.*******ийг хүнийх нь тухайд чадахгүйд нь бус давуу тал олон байгаа. Яг энэ ажлын байрны нөхцлийн тухайд ажиллах боломжгүй гэж үзэж байна ... гэжээ.

Нэхэмжлэгч Т.*******ийн өмгөөлөгч Г.*******а нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь 2015 оноос Тосонцэнгэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багшаар ажиллаж байгаад Тосонцэнгэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019 оны 08 дугаар сарын 26-ны Б/41 дугаартай тушаалаар Ойжуулагч мэргэжлийн багшаар томилогдсон байдаг. Тэрнээс хойш 2020 онд хөдөлмөрийн гэрээ хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь Тосонцэнгэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үндсэн ажилтнаар явдаг. Жил болгон суралцагчид аваад анги удирдаад явдаг. Тосонцэнгэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2 тушаал гаргасан нь эрх зүйн хувьд боломжгүй бодит биш зүйл юм. Яагаад вэ гэвэл 05 дугаар сарын 31-ний өдөр тушаал гаргаж гардуулчхаад, дараа нь хууль зөрчсөнөө мэдсэний дараа дахин тушаал гаргасан нь хууль зөрчиж байна гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, хариуцагч байгууллагын тайлбарлаад байгаагаар орон тоо хасагдсан, заримдаа цөөрүүлсэн гэж яриад байгаа. Орон тоо хасагдсан гэдэг ойлголт нь 2012 онд гарсан Монгол улсын дээд шүүхийн зөвлөмж байгаа. Үүнээс харахад орон тоо хасагдана гэдэг нь тухайн орон тоо огт байхгүй болсныг ойлгоно гэж заасан байгаа. Орон тоо цөөрүүлэх гэдэг асуудлын тухайд гэвэл жишээ нь 5 Ойжуулагч багш байвал тэрнээс 1 багшийг чөлөөлөөд орон тоо цөөрүүлсэн гэж ойлгоно. Нэхэмжлэгч Т.*******ийг ажлаас чөлөөлөхдөө хэд хэдэн үндэслэлийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-т зааснаар Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасан байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Ойжуулагч мэргэжлийн багшийн орон тоо хасагдаагүй гэж харж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан сурагчдын анги дэвшүүлж байгаа тоо, мөн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн мэргэжлийн анги танхим хувиарлалт гэж байгаа. Үүн дээр Ойжуулагч мэргэжлийн 3б ангийг С.******* гэх хүн анги удирдсан багшаар ажиллаж байгаа. Танайх Ойжуулагч гэж ганц орон тоон дээр Т.******* гэх хүн хариуцан ажиллаж байсан уу? гэж хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс асуухад тийм гэж хариулдаг. Тэгэхээр энэ орон тоо хасагдаагүй гэж үзэж байна. Тосонцэнгэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг байгаа. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга эрхлэгч томилж, чөлөөлнө гэсэн байгаа. Мөн Төсвийн тухай хуулийн 14.2.12-т эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох гэсэн заасан байдаг. Өөрөөр хэлбэл нийгэм, хамгаалал хөдөлмөрийн сайдад байна гэсэн заасан байгаа. Төсвийн хуваарь нь мөн адилхан байгаа. 2020 онд 54 ажилтантай байсан. 2021 онд 56 болж гүйцэтгэх ажилтны тоо хоёроор нэмэгдсэн. Иймээс орон хасагдсан гэж үзэх боломжгүй байна. Мөн тушаалын хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байна. Нэмээд хэлэхэд багшийн үүргийг биелүүлэхгүй байна гэж байгаа. Багшийн үүргийн 3 дугаар зүйлийн 3.37-т багш элсэлтийн 30 хувиас багагүйг л бүрдүүлнэ гэж байгаа. Ийм учраас орон тоо хасах эрх хэмжээ Тосонцэнгэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд байхгүй байна. Сайдаас батлагдсан орон тоо хасагдсан зүйлгүй байна. Иймээс Т.*******ийг ажилд эгүүлэн томилуулж, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү ... гэжээ.

Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаар шийдвэрээр

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ийг Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ойжуулагч мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,834,481 төгрөгийг хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож,

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 4,834,481 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд даалгаж,

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 92,302 /ерэн хоёр мянга гурван зуун хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.*******уугийн давж заалдах гомдлын агуулга:

...Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, шийдвэр гаргасан тухайд:

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулж, хариу тайлбар гаргах, үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх хуульд заасан эрх, боломжоор хангаагүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмиыг ноцтой зөрчиж, үндэслэлгүй шийдвэр гаргасан...үндэслэх хэсэгт хэд хэдэн үндэслэлгүй, бодит байдлаас илт зөрүүтэй дүгнэлтийг хийсэн... хэсэгт дурдсан хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

...Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомж, дүрэм журмын заалтыг хэтэрхий нэг талыг барьж, явцууруулан тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.******* багш нь манайд ойжуулагч мэргэжлээр ажиллаж байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/185 дугаар тушаалын жишиг бүтэц орон тоог батлагдаж энэ орон тоон дотроо бол Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 2.6-д заасны дагуу орон тоог төсвийн шууд захирагч буюу захирал батлах эрхтэй гэж заасны дагуу захиргааны зөвлөл 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж шийдвэр гаргахдаа Т.******* багшийг ажлаас нь чөлөөлж шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурал дээр Т.*******ийг байлцуулан танилцуулсан. Үүнээс хойш 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар тушаалд орон тоо хасагдсан гэж үзсэн байгаа. Хасагдах үндэслэл нь шүүхийн шийдвэрт өөрөөр тайлбарлагдсан байдаг. Тухайн яамны сайд нь арга зүйн төвийн бүтэц орон тоог батална гэсэн байгаа. Ойжуулагч мэргэжлийн багшийг ажлаас чөлөөлсөн шалтгаан нь үлгэрчилсэн дүрэмд зааснаар онолын сургалт 25, лаборатори дадлагын сургалт 15-аас доошгүй суралцагчтай байна гэсэн байдаг. Мөн хөдөлмөрийн гэрээнд нийт суралцагчдын 40 хүртэлх хувийг багш бүрдүүлнэ гэсэн заалт байдаг. Тэгэхээр аль аль талаасаа үүргийн хувьд суралцагчдаа өөрсдөө бүрдүүлдэг. Гэтэл ойжуулалт мэргэжлийн анги нь албан ёсны статистик мэдээллээр 6 хүүхэдтэй гэсэн тоотой байсан. Уг 6 хүүхдээс байнга өдөр тутам ирж суралцдаг сурагчид нь 3-аас хэтрэхгүй байсан учир захиргааны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж шийдвэр шийдвэр гаргасан байгаа. Шүүхийн шийдвэрт тус ажлын байрыг хасагдаагүй гэж үзсэн байдаг. Үүн дээр манай байгууллага ойн арчилгаа, ашиглалтын ажилтан, ойжуулагч гэсэн 2 өөр мэргэжлээр сургалт явуулдаг. Ойжуулагч мэргэжил, ойн арчилгаа, ашиглалтын ажилтан гэсэн 2 мэргэжил нь тус тусдаа өөр албан тушаалын мэргэжлүүд байдаг. Тэгэхээр ойн арчилгаа, ашиглалтын мэргэжлийн багшаар манайд Буянт гэдэг хүн 2017 оноос хойш тухайн албан тушаал дээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ албан тушаалыг ойжуулагч мэргэжлийн багшийн орон тоо хасагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.*******/Улаанбаатар хотоос ZOOМ/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь Т.******* шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагадаа ажилд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хурал 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болж МСҮТ-ийн даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг нэмж гаргасан байдаг. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бодитойгоор өөрчилж нэмэгдүүлсэн үйл явдал байдаг. Үүнийтэй холбоотой анхан шатны шүүх хуульд заасан хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг хууль зүйн боломжоор хангаагүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, сөрөг шаардлагыг гардуулах ёстой байдгийг зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаар зөвлөмжийн 2.5-т зааснаар нэхэмжлэгчийн анх гаргасан шаардлага, нэмэгдүүлсэн шаардлага, хариуцагчийн сөрөг шаардлага энэ бүгдийг талуудад гардуулж, нэхэмжлэгчийн анх гаргасан шаардлагын нэгэн адил авч үзнэ гэсэн байгааг бодитой хэрэгжүүлэхгүй энэ маргааныг шийдвэрлэсэн. Иргэний хууль болон Захиргааны процессын хуульд шүүгч нэхэмжлэлийн шаардлага тус бүр дээр нь хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрийнхээ тогтоох хэсэгт тусгана гэсэн байдаг. Гэтэл Т.*******ийн сүүлд нэмэгдүүлсэн захирлын тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн, хууль зүйн хувьд яаж шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолд байхгүй байдаг. Анхан шатны шүүхийн шүүгч нь хэргийг шийдвэрлэхдээ үйл баримтыг буруу үнэлж хуулийг буруу хэрэглэсэн. Мөн анхан шатны шүүхийн шүүгч нь МСҮТ-ын ойжуулагчийн анги хасагдаагүй байна гээд байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь ойжуулагч, ойн ашиглалт арчилгаа гэсэн 2 мэргэжил нь тус тусдаа индекстэй мэргэжил байдаг. Мөн Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/57 дугаартай тушаалд хичээлийн төлөвлөгөөг зааж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасны дагуу ажлын орон тоо нь хасагдсан гэдэг хууль зүйн үндэслэл бүрдсэн байгаа. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна гэв. 

Нэхэмжлэгч Т.******* /Тосонцэнгэл сумаас ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 онд анх ойн арчилгаа ажилд орсон. 2019 онд ойжуулагч ажил дээр ажиллаж байгаад ажлаасаа халагдсан байдаг. Иймд багшлах эрхтэй гэж өөрийгөө үзэж байна гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******а/Тосонцэнгэл сумаас ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн дээр тайлбар хэлэхэд. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй байдаг. Түүнийхээ дагуу шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд ойжуулагч мэргэжлийн багшийн орон тоо хасагдсан зүйл харагддаггүй. Харин байгаад энэ хүний орон тоо нь хасагдсан гэдэг үндэслэлээр чөлөөлсөн хэрнээ өөр хүнийг тухайн орон тоон дээр ажиллуулаад байдаг. 2021 онд ойжуулагч мэргэжлийн 1В ангийн сурагчдын нэрс гээд суралцах хугацаа нь 2.5 жил гэсэн зүйл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тус МСҮТ-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/32 дугаар суралцагч элсүүлэх, чөлөөлөх гэсэн тушаал гарсан. Энэ нь хавтаст хэргийн 54-55 дугаар хуудсанд байгаа. Т.*******ийг ажлаас халсны дараа буюу орон тоо нь хасагдсан гэдгийн дараа 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр баталсан мэргэжлийн ойжуулагч, бүлэг, суралцах хугацаа 2.5 жил, ойн анги, анги Б/ой анги удирдсан багш ******* нөгөө нэг хасагдсан гэсэн орон тоо нь үүнээс харахад хасагдаагүй байж байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч талаас танай байгууллагад ойжуулагч мэргэжлийн хэдэн багш байдаг вэ? гэж асуухад. Ганцхан Т.******* багш байдаг гэж хариулж байсан. Гэтэл хасагдсан гэдэг орон тоо тухайн анги нь байсаар байхад багшийг ажлаас чөлөөлж орон тоо нь хасагдсан гээд байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн байгууллагын орон тооны бүтцийг шүүхэд гаргаж өгснийг авч үзвэл 2020 онд 54 орон тоотой байсан бол 2021 онд 56 болж 2 орон тоо нэмэгдсэн байгаа бөгөөд энэ 2 орон тоо нь гүйцэтгэх албан тушаал буюу багш нарын албан тушаал байдаг. Иймд шийдвэрийн агуулгын хувьд хуульд нийцсэн, хуулийг зөв тайлбарласан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Хариуцагч байгууллагын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амралтын мөнгө гаргуулах шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд энэ шаардлагаасаа татгалзсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа тус сургуулийн захирал Р.*******уу нь 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 зааснаар тус сургуулийн бүтэц, орон тооноос ойжуулагч мэргэжлийн багшийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Миний хувьд тус сургуульд ойжуулагчийн 2.5 жилтэй анги дааж авсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сард төгсөх анги удирдаж ажиллаж байсан.Тэгтэл чи цөөхөн хүүхэдтэй гэж ажлаас чөлөөлсөн мөртөлөө миний оронд өөр хүн авч ажиллуулж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, татгалзлаа тайлбарлахдаа Т.*******ийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ойжуулагч багшийн орон тооноос чөлөөлсөн. Учир нь Т.******* багшийн сургалтын багц, суралцагчийн тоо шаардлага хангахгүй байсан. 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуульд ойжуулагч мэргэжлээр 5 суралцагч суралцсан. Яамнаас батлагдсан орон тооны хэмжээнд 2021 оноос эхлэн илүү орон тоог хасаж батлагдсан төсөвт багтаан ажиллах чиглэл өгсөн. Сургалтын төвөөс ажилтанаа 5 сарыг дуустал цалинтай ажиллуулсан. Цаашид илүү орон тоогоор ажиллуулах төсөв хүрэлцэхгүй болсон. Иймд байгууллагын захиргааны зөвлөлөөр хэлэлцэж, чөлөөлөх тухайгаа мэдэгдэж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар ажил олгогч нь Т.*******ийг тус сургуулийн ойжуулагч багшийн үүрэгт ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/185 дугаар тушаалын хавсралт, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм-ийн 3.5.3 дах нөхцөл, Захиралын орон тоо батлах тухай 2020 оны А/68 дугаар тушаал, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/87 тоот тушаалын 4.1, 4.2, захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтаны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/125 дугаартай Элсэлийн хяналтын тоог батлах тушаалаар Завхан аймаг дахь Тосонцэнгэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн байгууллагад 2020-2021 оны хичээлийн жилд ойжуулагч мэргэжлийн чиглэлээр суралцагч элсүүлэхгүйгээр шийдвэрлэхээр заажээ.

Мөн Хөдөлмөр нийгэм хамгаалалын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Мэргэжилийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 3.5.3-д хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо лабортори, дадлагын сургалтын хувьд 15-аас доошгүй суралцагчтай байхаар заасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 2019-2020 оны хичээлийн жилд 5 суралцагчтай, 2020-2021 оны хичээлийн жилд нэгч элсэн суралцагчгүй байсан байх бөгөөд энэ нөхцөл байдал болон дээрх эрхийн актуудыг үндэслэн Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн А/68 дугаартай тушаал гарч ойжуулагч мэргэжлийн багшийн орон тоог хассан нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Ажил олгогч нь 2019-2020 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд ойжуулагч мэргэжлээр элсэн суралцагчийн тоог харгалзан ойжуулагч мэргэжлийн багшийн орон тоог хассан нь Хөдөлмөр нийгэм хамгаалалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/125 дугаартай тушаал, Хөдөлмөр нийгэм хамгаалалын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Мэргэжилийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 3.5.3-дахь хэсэгт заасантэй нийцсэн байна.

Тэрээр ойжуулагч багшийн орон тоо хасагдсан нөхцөл байдлыг захиралын зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцэж, нэхэмжлэгч Т.*******д хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байдал тогтоогдож байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Т.*******ийг Хөдөлмөрийн тухай хулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9,дэх заалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/185 дугаар тушаалын хавсралт, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм-ийн 3.5.3 дах нөхцөл, Захиралын орон тоо батлах тухай 2020 оны А/68 дугаар тушаал, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/87 тоот тушаалын 4.1, 4.2, захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92310 төгрөгийг улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР 

Б.АРИУНБАЯР