Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00626

 

                            ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний

                                         хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 199 дүгээр шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 205/МА2022/00003 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч И.Хонгор, хариуцагчийн төлөөлөгч,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг (хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амралтын мөнгө гаргуулах шаардлагаасаа татгалзсан) хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 199 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Адуучин овогт ,,,,,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,,,,,,,,,ийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн ойжуулагч мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,834,481 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 4,834,481 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өөс улсын тэмдэгтийн хураамжид 92,302 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 205/МА2022/00003 дугаар магадлалаар Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 199 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,310 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.  

4. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 2022.03.02-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.04.08-ны өдрийн 001/ШХТ2022/00353 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.25-ны өдрийн 205/МА2022/00003 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д Ойжуулагч мэргэжлийн багшаар ажиллаж байсан бөгөөд тус төвийн захирлын 2021.05.31-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 2021.10.19-ний өдрийн 199 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх  “хүүхдийн тоо 5 байгаа нь орон тоо хасах үндэслэл болсон нь зөв байна” гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ. Суралцагч хүүхдийн тоо цөөхөн байгаа нь орон тоо хасах үндэслэл болохгүй, тухайн орон тоо байгууллагын бүтэц орон тооноос бүр мөсөн хасагдахыг хэлдэг.

Харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, намайг орон тоо хасагдсан гэж ажлаас халсан мөртлөө 2021.08.31-ний өдөр мэргэжлийн анги хуваарилалт гарч, ойжуулагч мэргэжлийн Зб ангийн анги удирдсан багшаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүн ажиллахаар болсон. Үүнээс үзэхэд орон тоо хасагдсан нь үндэслэлгүй. Мөн Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц орон тоог Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд батлахаар заасан. Давж заалдах шатны шүүх ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн захирал орон тоог хассан нь зөв гэж үзсэн нь үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Иймд Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.25-ны өдрийн 205/МА2022/00003 дугаар магадлалыг хүчингүй болгож, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021.10.19-ний өдрийн 199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

9. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн захирлын 2015.12.14-ний өдрийн Б/56 дугаар тушаалаар томилогдож 2020 онд ойжуулагч мэргэжлийн багш гэсэн орон тоон дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Гэтэл тус сургуулийн захирал нь орон тоо хасагдсан, цөөрүүлсэн гэх үндэслэлээр 2021.05.31-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Миний хувьд тус сургуульд ойжуулагчийн 2,5 жилтэй анги дааж авсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сард төгсөх анги удирдан ажиллаж байсан. Гэтэл “чи цөөхөн хүүхэдтэй” гэж ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн миний оронд өөр хүн авч ажиллуулж байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “...,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг багшаар ажиллуулах боломжгүй орон тоо хасагдсан болно. Учир нь хууль, бусад журамд дурдсан багшийн сургалтын багц, суралцагчдын тоо шаардлага хангахааргүй байгаа юм. Тухайлбал, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2020.09.14-ний өдрийн А/185 дугаар “мэргэжлийн болон техник боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай” тушаалын хавсралтаар батлагдсан дүрмийн 3.5.3 дахь хэсэгт “...сургуулийн бүтэц орон тоог тогтоохдоо багш, суралцагчдын тооны дундаж харьцааг үндэслэн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтооно. Багш, суралцагчийн тооны дундаж харьцаа нь онолын сургалтын хувьд 25 хувиас доошгүй суралцагчтай,  лабораторийн дадлагын сургалтын хувьд 15-аас доошгүй суралцагчтай байна” гэсэн шаардлагыг хангаагүй 3-5 суралцагчтай байгаа. Мөн сайдын 2019.12.26-ны өдөр баталсан Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмын 1.6, 1.8-д заасан суралцагчдын тоо 15-аас ихгүй, багшийн жилийн сургалтын цагийн ачаалал 20 багц байх шаардлагыг хангаагүй, одоо 13,8 багцтай байдаг нь ажлаас чөлөөлөх үндэслэл болж байна... Манай сургалтын төвд яамнаас батлагдсан орон тооны хэмжээнд 2021 оноос эхлэн илүү орон тоог хасаж батлагдсан төсөвт багтаан ажиллах чиглэл өгсөн. Сургалтын төвийн зүгээс шаардлага хангаагүй ажилтнаа 5 сарыг дуустал цалинтай ажиллуулсан. Цаашид илүү орон тооны хүмүүсийг цалинжуулах төсөв ч хүрэлцэхгүй болсон. Иймд байгууллагын захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцээд ажлаас чөлөөлөх тухайгаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх “...Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.22-т “Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн боловсрол, сургалтын.... төвийн бүтэц, орон тоо, дүрмийг баталж...” гэж заасны дагуу хариуцагч байгууллагын бүтэц, орон тоог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам батлах эрхтэй... 2021 оноос 2022 оны хичээлийн жилд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн элсэлтээс ойн арчилгаа, ашиглалтын ажилтны анги хасагдаагүй болох нь тогтоогдож байна... 15 хүүхдийг 1 жилийн хугацаатай суралцуулах анги батлагдсан байна... Мөн .... тус төвийн ажиллагсдын тоо өмнөх оноос нэмэгдсэн... Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “...орон тоо хасагдсан...” гэх үндэслэл тогтоогдоогүй... Өөрөөр хэлбэл, дээрх хуульд зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тус төвийн бүтэц, орон тооноос ойжуулагч мэргэжлийн багшийн албан тушаалыг хасаж, өөрчилж тогтоосон тохиолдолд орон тоо хасагдсан үндэслэлээр багшийн ажлаас чөлөөлөх үндэслэл бүхий болно. Гэтэл ... эрх бүхий этгээдээс ийм тушаал гараагүй байхад тус төсвийн шууд захирагчийн хувьд дурын албан тушаалын орон тоог хасаж, тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг буруу дүгнэн, холбогдох хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020.05.26-ны өдрийн А/125 дугаар “Элсэлтийн хяналтын тоог батлах тухай” тушаалаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн байгууллагад 2020-2021 оны хичээлийн жилд ойжуулагч мэргэжлийн чиглэлээр суралцагч элсүүлэхгүйгээр шийдвэрлэжээ. Мөн сайдын 2020.09.14-ний өдрийн Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 3.5.3-т “хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо лаборатори, дадлагын сургалтын хувьд 15-аас доошгүй суралцагчтай байх”-аар заасан байна. Хэрэгт авагдсан баримтаар тус төв нь 2019-2020 оны хичээлийн жилд 5 суралцагчтай, 2020-2021 оны хичээлийн жилд нэг ч элсэгчгүй (ойжуулагчийн ангид) байсан бөгөөд энэхүү элсэгч/суралцагч байхгүй нөхцөл байдал болон дээрх эрхийн актыг үндэслэн ... төвийн захирлын 2020.12.31-ний өдрийн А/68 дугаар тушаал гарч “ойжуулагч мэргэжлийн багшийн орон тоог” хассан нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь 2019-2020 онд ... ойжуулагч мэргэжлээр элсэн суралцагчийн тоог харгалзан ойжуулагч мэргэжлийн багшийн орон тоог хассан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/125 дугаар тушаал болон мөн сайдын 2020 оны А/185 дугаар тушаалаар батлагдсан ... үлгэрчилсэн дүрмийн 3.5.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

12. Анхан шатны шүүх “ойжуулагч” болон “ойн арчилгаа, ашиглалтын ажилтан”-ы ангийг адилхан мэтээр ойлгож, “... ойн арчилгаа, ашиглалтын анги хасагдаагүй, 15 хүүхэд суралцахаар батлагджээ...” гэх зэргээр хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, мөн “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тус төвийн бүтэц, орон тооноос ойжуулагч мэргэжлийн багшийн албан тушаалыг хасаж, өөрчилж тогтоосон тохиолдолд орон тоо хасагдсан үндэслэлээр багшийн ажлаас чөлөөлөх үндэслэл бүхий болно...” гэж холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.

13. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.22-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2020 оны А/185 дугаар тушаалаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтцийг баталсан байх бөгөөд уг тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийн 3.5.3 дахь хэсэгт “хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо лаборатори, дадлагын сургалтын хувьд 15-аас доошгүй суралцагчтай байх”-аар зааснаас үзвэл, тухайн хичээлийн жилд багшлах багшийн орон тоог төвийн захирал тогтоох, ийнхүү тогтоохдоо баримтлах шалгуурыг заажээ. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээд болох төрийн захиргааны төв байгууллагаас дээрх хуульд бүрэн эрхийнхээ дагуу баталсан жишиг дүрмээр (Дүрмийн 3.5.3) сургалтын төвд тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог тогтоох эрхийг олгосон байна.

14. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д 2019-2020 оны хичээлийн жилд “ойжуулагч” мэргэжлээр 5 суралцагч суралцсан, 2020-2021 оны хичээлийн жилд нэг ч элсэгчгүй байгаа бодит нөхцөл байдал нь дээрх журмын 3.5.3-т заасан шаардлагад нийцээгүй учир тус төвийн захирлын 2020 оны А/68 дугаар “Орон тоо батлах тухай” тушаалаар тухайн жилд ажиллах багшийн орон тоог тогтоохдоо “ойжуулагч” мэргэжлийн багшийн орон тоог хасаж, улмаар маргаан бүхий шийдвэр болох 2021.05.31-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2020 оны А/185 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм”-ийн 3.5.3, төвийн захирлын 2020 оны А/68 дугаар тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын А/87 дугаар тушаал, захиргааны зөвлөлийн  2021.01.27-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль ёсны юм. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан ойжуулагч багшийн “орон тоо хасагдсан” гэж үзнэ.

15. Иймд, “...Суралцагчийн тоо цөөхөн байгаа нь орон тоо хасах үндэслэл болохгүй бөгөөд тухайн орон тоо байгууллагын бүтэц орон тооноос бүр мөсөн хасагдахыг хэлдэг. Харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, намайг орон тоо хасагдсан гэж ажлаас халсан атлаа 2021.08.31-ний өдрийн мэргэжлийн анги хуваарилалт гарч ойжуулагч мэргэжлийн Зб ангийн анги удирдсан багшаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүн ажиллахаар заасан. Үүнээс үзэхэд орон тоо хасагдсан нь үндэслэлгүй...” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

16. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэдэг хүнтэй холбогдох баримт хавтаст хэрэгт байхгүйгээс гадна, хариуцагчаас хяналтын шатны шүүх хуралдаанд “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь тус төвийн багш биш, харин мэргэжилтэн бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тул үндсэн ажлын зэрэгцээ төгсөх (5 сурагчтай) ангийг дааж төгсгөсөн...” гэсэн тайлбар өгснийг дурдах нь зүйтэй.

17. Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв байх боловч магадлалын Тогтоох хэсэгт хэрэглэх ёстой хуулийг баримтлаагүй, мөн хэнээс хэнд холбогдуулж гаргасан ямар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг тодорхой заагаагүй алдаа гаргасан байна.

18. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 205/МА2022/00003 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “..., нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох, ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ                           

                            ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                        П.ЗОЛЗАЯА 

                                                                                                        Д.ЦОЛМОН