Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/00425

 

 

 

 

 

 

 

 

 2021          02          02  

     101/ШШ2021/00425

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богины 14093/6 хэсэг гудамж, 633а тоот хаягт оршин суух Дархчуул овогт Авирмэдийн А /регистрийн дугаар ЖЯ78092379/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Намъяанжу гудамж, “Баясах трейд” ХХК-ийн байр, 307 тоот хаягт байрлах БХХК /регистрийн дугаар 5152925/-д холбогдох,

 

22,892,547 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мандахзул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, шинжээч Б.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.        

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богинын 14093 /6 хэсэг гудамж, 633 тоот хаягт байршилтай эзэмшлийн газар дээрээ зуслангийн байшин барихаарЛюкс сити” ХХК-аар гүйцэтгэл хийлгэсэн. 2017 оны 08 дугаар сард 210 м.кв дээврийн материалыг БХХК-ийн зар сурталчилгаа болон е-майл хаягаар орж судалсан. Турк улсын “Ондумит” компанийн PVC дээврийн хавтан дагалдах хэрэгслийн хамт дуу чимээ тусгаарлалт сайн, галд тэсвэртэй, ус чийгт тэсвэртэй, цохилтонд тэсвэртэй, бат бөх, өнгөний гандалтгүй, шинэ технологи, шинэлэг шийдэл, шалгарсан чанартай гэсэн сурталчилгаа хийж байсан учир итгэж сонгосон. БХХК-аас дээврийн материалыг 5,818,620 төгрөг төлж авсан. Гэтэл 2019 оны 05 дугаар сард дээврээс цас борооны ус ихээр гоожсон, дээвэр дээрээ гарч харахад дээврийн хавтан энд тэндгүй их хэмжээтэй хагарч цуурсан байдалтай болсон байсан. Дээврийн нүүрэн тал, нар ихээр тусдаг талдаа цуурч хагарч, арын хэсэг нь хагарч цуурсан зүйлгүй байсан. Дээврийн хавтангийн цууралтаас болж, дээврийг бүхэлд нь солих шаардлагатай болсон. Энэ талаар БХХК-д 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан боловч хариу өгөхгүй өдий хүрлээ. Миний бие дээврийн материалыг дахин авах, эсвэл үнийг бууруулах зэрэг нь эдийн засгийн ач холбогдолгүй, өөр дээврийн материал авч засан сайжруулах, учир нь би одоо өөр үйлдвэрлэгчийн дээврийн материал худалдан авч, дээврийг бүтэн солих шаардлагатай болсон болно. БХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүйгээс болж, миний хувийн сууцны дээврийг буулган ахин засварлахад 22,892,547 төгрөгийн хохирол учирсан нь “Дамно компанийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна. Хохирол цаашид ихсэх төлөвтэй байна. Тухайн үед Люкс сити ХХК-ийн захирал Харцага бид хоёр дээврийн материалыг үзэж авсан ба тэр үед дээврийн доголдлыг илрүүлж мэдэх боломжгүй байсан. Худалдан авах үед БХХК нь материалын чанар муу, бат бэх биш хэврэг, хагаралт цууралт үүсдэг эсэх тухай мэдээлэл өгөөгүй. Харин 30 жилийн баталгаатай гэж сурталчилж байсан бөгөөд 2 жилийн баталгаа өгсөн боловч 2 жил ч бололгүй хагарч ус гоожиж хохирол учирч байна. Иймээс эдэлгээний явцад доголдол гарч ирсэн бөгөөд энэ талаар барилгын мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулсан болно. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасан худалдаж байгаа эд хөрөнгийн талаар мэдээлэл өгөх үүргээ зөрчсөн, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчид шаардлага гаргасан боловч биелүүлээгүй. Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт заасны дагуу тохирлын гэрчилгээ аваагүй барилгын материал худалдсан байна. Харин нэхэмжлэгчийн хувьд бага төвөгшилтэй барилга байгууламж учир зөвлөх үйлчилгээг авах шаардлагагүй, мөн барилгын ажлын зөвшөөрөл авахгүй. Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хохирол, зардал гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Чанаргүй материал худалдсаны улмаас надад учирсан хохирол арилгуулахад гарах зардал 22,892,547 төгрөгийг БХХК-аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч БХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мандахзул, өмгөөлөгч Н.Энхтуяа нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Манай компани стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу худалдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн. Бид үйлдвэрлэгч Турк улсын “Ондумит” компанитай байгуулсан гэрээ, гарал үүслийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн. Шүүхийн журмаар гаалийн мэдүүлэг авагдсан, БХХК Турк улсаас бараа хүлээн авсан тухай тусгагдсан. Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт бол үйлдвэрлэгчид хамааралтай шаардлага юм. Монгол улсын зах зээлд худалдагч, нийлүүлэгч барилгын материал худалдахад тохирлын гэрчилгээтэй холбоотой асуудлыг 2003 онд батлагдсан Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, түүний дагуу гарсан Засгийн газрын тогтоолоор зохицуулагдана. Монгол улсын нэгдэн орсон стандарт, гэрээний дагуу нийлүүлж байгаа бараанд тохирлын гэрчилгээ авахгүй гэж заасан. Монгол улсын Стандартчилал, хэмжил зүйн газар Европын холбооны ISO стандартад нэгдэж орсон. Манай компанийн худалдсан дээврийн хавтан ISO9001 стандартыг хангасан, чанарын удирдлагын системийн гэрчилгээтэй, энэ тохиолдолд давхар тохирлын гэрчилгээ авахгүйгээр хэрэглэнэ. Нэхэмжлэгч барилга бариулахдаа зураг төсөлгүй, явцын дунд дээврийн материалаа сонгосон. Дээврийг технологийн дагуу угсраагүйгээс болж хагаралт цууралт үүссэн гэж үзэж байна. Мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий барилгын гүйцэтгэгчээр дээврээ хийлгээгүй байна. Шинжээчийн дүгнэлт ч гарсан, нэхэмжлэгч ч өөрөө хэлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч БХХК-д холбогдуулан 22,892,547 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид доголдолгүй эд хөрөнгө худалдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч А.А нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч БХХК-аас 36 ширхэг дээврийн хуванцар хавтанг дагалдах хэрэгсэл болох дээврийн орой, хөмсөг, тав, шрупны малгай зэргийн хамт худалдан авч, тэдгээрийн үнэд нийт 5,818,620 төгрөг төлсөн болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдож байна /хх-6-9/.

 

Дээрх үйл баримтын талаар талууд шүүхэд маргаагүй.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байх ба гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь дээрх барилгын материалыг өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богино 6 дугаар хэсэг гудамж, 633а тоот хаягт байршилтай хувийн сууцанд ашиглан барилгын ажлыг “Люкс сити” ХХК, “ЭБАШ” ХХК-аар гүйцэтгүүлсэн байх ба 2019 оны 05 дугаар сард дээврийн хавтан хагарч цууран дээврээс борооны ус гоожсонтой холбоотойгоор талуудын хооронд маргаан үүсчээ.

 

Худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

 

Худалдан авагч нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй, энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь барилгын инженер Д.Очирбат, Ш.Бадамцэцэг нарын дүгнэлт, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланг тус тус үндэслэн хариуцагчийн худалдсан дээврийн хавтан ашиглалтын шаардлага хангахгүй үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, дээврийг буулгах, дахин дээвэр хийх, гэмтсэн шалыг засахад шаардлагатай нийт 22,892,547 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан /хх-12-51/.

 

Хариуцагч нь Турк улсын “Ондумит” компанийн гэрээт борлуулагчийн хувиар чанарын шаардлага хангасан дээврийн хавтанг нэхэмжлэгчид худалдсан гэж маргаж, өөрийн 2017-2020 оны борлуулалтын тайлан, борлуулалтын тусгай гэрээ, гарал үүслийн гэрчилгээ, гарын авлага, мөн түүнд нийтлэгдсэн евро теч гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, чанарын удирдлагын системийн гэрчилгээний орчуулга зэрэг баримтуудыг шүүхэд гарган мэтгэлцсэн /хх-121-145, 163-173, 184-191, 213-215/.

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дээрх баримтуудтай холбогдуулан Гаалийн ерөнхий газраас баримт гаргуулсан ба хариуцагч компани нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Турк улсын “Ондумит” компаниас PVC хуванцар дээвэр импортолсон талаарх лавлагаа, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, ачаа тээврийн хөлсний нэхэмжлэх баримтуудыг шүүхэд ирүүлсэн /хх-205-210/.

 

Түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр шинжилгээ хийгдсэн бөгөөд шинжээч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.Жаргалын дүгнэлтэд:

- Дээврийн рамны хөндлөн дай модыг хэвлэмэл PVC хавтангийн хөндлөн үе болгонд буюу 20 см тутамд хөндлөн дай мод хийгдэн бэхлэгдэх байсныг БХХК-аас 50 см-ийн зайтай хийгдэх талаар зөвлөгөө өгсөн нь буруу, мөн тухайн дээврийн материалыг Монгол улсад худалдан борлуулахдаа технологийн заавар болон тохирлын гэрчилгээ авсны дараа худалдан борлуулах байсныг зөрчин шууд худалдаанд гаргасан нь Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэг /барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ авах/ зөрчсөн,

- Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн иргэн, аж ахуйн нэгж нь барилгын мэдлэг, ур чадвар муу, батлагдсан зураг төсөл байхгүйгээс тус хавтанг дээврийн технологийн дагуу барилгын норм ба дүрэмд нийцүүлэн гүйцэтгээгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.20 дахь хэсэг /гарал үүсэл, тохирлын гэрчилгээтэй барилгын материал хэрэглэх/, 40.3 дахь хэсэг /барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангаагүй, гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй материал, бүтээгдэхүүн, эдлэхүүн болон барилгын хэв хашмалын тулаасанд мод хэрэглэхийг хориглоно/ заалтуудыг зөрчсөн байна. Тухайлбал, барилгын дээврийн ажил гүйцэтгэсэн фото зургаас үзэхэд дай мод хол зайтай хийгдсэн, дээврийн PVC хавтанг угсарсны дараа адрын хөндий талаас /дотор тал/ шүршдэг шингэн хөөсөн дулаалгыг шүршиж хийсэн, шүршдэг шингэн хөөс дулаалга нь хөндлөн дай модны араар хийгдээгүй, хавтан жигд 100% шүршигдээгүйгээс болж цаг уурын нөлөөнөөс халуун хүйтний солбицол үүсэхэд хөөсөн дулаалгатай нийлсэн PVC хавтан агшилт, тэлэлтийн хөдөлгөөнд орж хөшигдөн хагарал үүссэн байна,

- Барилгын захиалагч нь өөрөө барилгын чиглэлийн мэдлэггүй бол өөрийн баригдаж буй барилгад захиалагчийн хяналт хийлгэх үүднээс барилгын инженер эсвэл барилгын зөвлөх үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаагүй нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг /захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно/ заалтын хэрэгжилтийг хангаагүй гэж тус тус дүгнэсэн /хх-112-113/.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг зохигч талуудын тайлбартай харьцуулан үзэхэд хариуцагчийг хуульд заасан худалдагчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв. Тодруулбал,

 

Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хувийн сууцныхаа дээвэрт ашиглах хуванцар хавтанг дагалдах хэрэгслийн хамт хариуцагчаас худалдан авсан байх ба Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд тодорхойлсон гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанарт нийцээгүй, эсхүл гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

 

Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан тохирлын гэрчилгээ авах буюу стандарт, техникийн зохицуулалт, холбогдох норматив баримт бичигт заасан үзүүлэлт, шаардлагад тохирч байгаа эсэхийг тодорхойлуулах асуудал нь импортын бараа бүтээгдэхүүний хувьд, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль /2003 он/, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 222, 2005 оны 127 дугаар тогтоолуудаар батлагдсан Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам, Тохирлын үнэлгээнд заавал хамруулах бараа бүтээгдэхүүний жагсаалтад тус тус зааснаар гаалийн байгууллагын хариуцах асуудалд хамаарч байх ба хариуцагч нь дээврийн хавтанг Турк улсын Ондумит” компаниас зохих журмын дагуу импортлон Монгол улсын хилээр нэвтрүүлсэн болох нь Гаалийн ерөнхий газрын лавлагаа, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Дээврийн хуванцар хавтан нь тохирлын баталгаанд заавал хамрагдах бараа бүтээгдэхүүнд хамаарахгүй гэх хариуцагчийн татгалзал дээр дурдсан хууль болон захиргааны актад үндэслэгдсэн байхаас гадна хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримтуудыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

Шинжээчийн дүгнэлтэд дурдагдаж буй барилгын материалыг лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах асуудал нь барилгын материал үйлдвэрлэгчид хамааралтай зохицуулалт байна.

 

Иймээс хариуцагчийг гаалийн байгууллагын зөвшөөрлийн дагуу Монгол улсын хилээр нэвтрүүлсэн Турк улсын Ондумит” компанийн барилгын материалыг худалдан борлуулсныг биет байдлын доголдолтой гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагч нь дээврийн хавтан болон дагалдах хэрэгслийг нэхэмжлэгчид худалдахдаа тухайн эд хөрөнгийн иж бүрдэл, загвар, хэмжээ, зориулалт, хэрэглээний шинж чанар, баталгаат хугацаа, түүнчлэн үйлдвэрлэгчтэй холбоотой мэдээллийг өгсөн болох нь нэхэмжлэлд хавсаргасан бүтээгдэхүүний танилцуулга, худалдан авалтын баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь дээврийн хавтанг 50 см-ийн зайтай бэхлэх талаар нэхэмжлэгчид зөвлөгөө өгснөө үгүйсгээгүй ба тухайн мэдээллийг үйлдвэрлэгчээс өгсөн гэж тайлбарлаж, уг мэдээлэл бүхий бүтээгдэхүүний танилцуулгыг шүүхэд гаргасан /хх-120/.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсгийн зохицуулалтаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн хэрэглэх нөхцөл, журамтай холбоотой мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй ба хариуцагчийн зүгээс үйлдвэрлэгчийн өгсөн мэдээллийг худалдан авагчид өгснийг хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч нь барилгын ажлын захиалагчийн хувьд, Барилгын тухай хуулийн дагуу барилгын зураг төсөл гаргуулаагүй, барилгын ажлын явцад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлээгүй, улмаар барилгын ажил гүйцэтгэгч нь хөөсөн дулаалгыг дээврийн хавтанг угсарсны дараа хийсэн, шингэн хөөсийг шүршихдээ хөндлөн дай модны араар хийгээгүй, хавтан жигд бүрэн шүршигдээгүй болох нь тус тус шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба нэхэмжлэгчийн зүгээс тус дүгнэлтийг  үгүйсгэсэн нотлох баримт шүүхэд гаргаагүй.

 

Шүүх дээр дурдсан талуудын нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд хариуцагчийг хуулиар хүлээсэн биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх, мөн худалдаж буй эд хөрөнгийн талаар хуульд заасан мэдээллийг өгөх худалдагчийн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн хувийн сууцанд суурилуулсан дээврийн хавтан хагарсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.  

 

Иймд хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хохирол, зардал гаргуулахыг шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Баясах атлас” ХХК-аас 22,892,547 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Аоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА