Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00632

 

 

 

 

 

 

 

 

 

А.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00425 дугаар шийдвэртэй, А.А-ын нэхэмжлэлтэй “БА” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 22 892 547 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А-, өмгөөлөгч А.Энхгэрэл, И.Чимэдбадам, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А- нь зуслангийн газар байшин бариулахаар “ЛС” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг ажлын явцад буюу 2017 оны 08 дугаар сард 210 м.кв дээврийн материалыг “БА” ХХК-ийн зар сурталчилгаа болон е-майл хаягаар мэдээлэл авч 5 818 620 төгрөгөөр худалдан авсан.

Гэтэл 2019 оны 05 дугаар сард дээврээс цас, борооны ус ихээр гоожсон ба тэр үед дээвэр дээрээ гарч харахад дээврийн хавтан энд тэндгүй их хэмжээтэй хагарч цуурсан байсан. Дээврийн нүүрэн тал буюу нар ихээр тусдаг талд цуурч хагарч, арын хэсэг нь хагарч цуурсан зүйлгүй байсан. Дээврийн хавтангийн цууралтаас болж, дээврийг бүхэлд нь солих шаардлагатай болсон.

Энэ талаар “БА” ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан боловч хариу өгөхгүй өдий хүрсэн. “БА” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүйгээс болж, хувийн сууцны дээврийг буулган ахин засварлахад 22 892 547 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно компанийн үнэлгээний тайлангаар нотлогдож байна.

Тухайн үед “ЛС” ХХК-ийн захиралтай хамт очиж дээврийн материалыг авсан ба тэр үед дээврийн доголдлыг илрүүлж мэдэх боломжгүй байсан. Худалдан авах үед “БА” ХХК нь материалын чанар муу, бат бэх биш хэврэг, хагаралт цууралт үүсдэг эсэх тухай мэдээлэл өгөөгүй. Харин 30 жилийн баталгаатай гэж сурталчилж байсан бөгөөд 2 жилийн баталгаа өгсөн боловч 2 жил ч бололгүй хагарч ус гоожиж хохирол учирсан.

Чанаргүй материал худалдсаны улмаас учирсан хохирол арилгахад гарах зардал 22 892 547 төгрөгийг “БА” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу худалдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Бид үйлдвэрлэгч Турк улсын Ондумит компанитай байгуулсан гэрээ, гарал үүслийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн. Шүүхийн журмаар гаалийн мэдүүлэг авагдсан.

Монгол улсын зах зээлд худалдагч, нийлүүлэгч барилгын материал худалдахад тохирлын гэрчилгээтэй холбоотой асуудлыг 2003 онд батлагдсан Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, түүний дагуу гарсан Засгийн газрын тогтоолоор зохицуулагдана. Монгол улсын нэгдэн орсон стандарт, гэрээний дагуу нийлүүлж байгаа бараанд тохирлын гэрчилгээ авахгүй гэж заасан. Монгол улсын Стандартчилал, хэмжил зүйн газар Европын холбооны ISO стандартад нэгдэж орсон.

Манай компанийн худалдсан дээврийн хавтан ISO9001 стандартыг хангасан, чанарын удирдлагын системийн гэрчилгээтэй, энэ тохиолдолд давхар тохирлын гэрчилгээ авахгүйгээр хэрэглэнэ. Нэхэмжлэгч барилга бариулахдаа зураг төсөлгүй, явцын дунд дээврийн материалаа сонгосон. Дээврийг технологийн дагуу угсраагүйгээс болж хагаралт цууралт үүссэн гэж үзэж байна. Мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий барилгын гүйцэтгэгчээр дээврээ хийлгээгүй байна. Шинжээчийн дүгнэлт гарсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Баясах атлас” ХХК-аас 22 892 547 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Дээвэр бол үл хөдлөх хөрөнгийн салшгүй хэсэг бөгөөд хариуцагч дээврийн хавтанг Турк улсаас оруулж ирсэн, 30 жилийн баталгаатай гэж сурталчлан хүлээлгэн өгсөн. Байшинг барьснаас хойш 2 жил болоход борооны ус, нар зэрэг байгалийн хүчин зүйлийн улмаас дээвэр хагарсан. Би “БА” ХХК дээр очиж амаар болон бичгээр гомдол гаргасан бөгөөд тэр үед захирал нь дээврийг сольж өгнө гэж хэлж байсан.

Шинжээчийн дүгнэлтэд хөндлөн дай модыг хэвлэмэл PVC дээврийн хөндлөн үе болгонд 20 см тутамд хийгдэн бэхлэгдэх байсныг “БА” ХХК-иас 50 см-ийн зайтай хийгдэх талаар зөвлөгөө өгсөн нь буруу. Мөн Монгол улсад худалдан борлуулахдаа технологийн заавар болон тохирлын гэрчилгээ авсны дараа худалдан борлуулах байсныг шууд худалдаанд гаргасан гэж дурдсан байгааг анхан шатны шүүх харгалзаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Хариуцагч тал шүүх болон шинжээчид борлуулалтын гэрээг нууцын зэрэглэлтэй учир шүүхэд гаргаж өгөхгүй гэж удаа дараа тайлбар гаргаж байсан боловч бүтэн жил гарангийн дараа шүүхэд нууцалсан зүйлгүй бүгдийг гаргаж өгсөн. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээ нь тухайн үедээ гарал үүслийн гэрчилгээ аваагүй байсан.

Гарал үүслийн гэрчилгээг хариуцагч 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр авсан байгаагаар шүүхэд баримтаар өгсөн. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн борлуулалтын тусгай гэрээний 14.2-т заасныг хэрэгжүүлээгүй байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч “БА” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 22 892 547 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэж буй зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний хүрээнд дараах дүгнэлтийг хийв.

 

Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлд хамааралтай хуулийн зохицуулалтыг хэрэглэхийн тулд үйл баримтыг зөв тогтоох учиртай. Нэхэмжлэгч А.А- нь “хариуцагч “БА” ХХК-аас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 36 ширхэг дээврийн хуванцар хавтанг дагалдах хэрэгсэл болох дээврийн орой, хөмсөг, тав, шрупны малгай зэрэг бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан боловч уг бараа бүтээгдэхүүн нь ашиглах боломжгүй, доголдолтой эд хөрөнгө байсан” гэж, хариуцагч “БА” ХХК нь “...тухайн бараа бүтээгдэхүүн доголдолгүй байсан, нэхэмжлэгч А.А худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг угсрахдаа алдаа гаргасан” гэж тус тус тайлбар гаргаж маргажээ.

 

Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2019/19168 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч маргааны үйл баримтыг зөв тодорхойлох асуултыг тавиагүй гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, худалдагч тал бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхдээ хууль тогтоомж зөрчсөн бэ эсэх нь шинжээчид тавигдах асуудал, шинжээчийн гаргах дүгнэлтэд хамаарахгүй, харин тухайн бараа бүтээгдэхүүн доголдолтой байсан эсэх, бараа бүтээгдэхүүний талаар тодорхой мэдээлэл, угсралтын талаар зааварчилгааг өгсөн эсэх, худалдан авагч заавар журмын дагуу угсралтын ажлыг гүйцэтгэсэн эсэх, дээврийн хавтанд хугарал үүссэн угсралтын ажлаас хамаарах эсэх, Монгол Улсын цаг уурын нөхцөл байдалд уг материалыг ердийн журмаар ашиглаж болох эсэх асуудлыг тодорхойлох нь чухал ач холбогдолтой юм.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр доголдолгүй бараа бүтээгдэхүүн шилжүүлсэн гэдгийг худалдагч тал, бараа бүтээгдэхүүний доголдол ашиглалтын явцад илэрсэн гэх байдлыг худалдан авагч тал нотлох үүрэгтэй юм. Талууд бараа бүтээгдэхүүний доголдлын талаар маргаж байгаа нөхцөлд нотолгооны үүргийн хүрээнд зохигч нотлох үүргээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор анхан шатны шүүх талуудын шаардлага, татгалзсан үндэслэлийг тодруулах замаар мэтгэлцүүлж, шинжээчийн дүгнэлттэй холбоотой талуудын байр суурийг үндэслэн дүгнэлт дутуу тодорхой бус буюу нарийвчлан гаргуулах ажиллагааг хийсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх байжээ.

 

Маргааны зүйл болох эд хөрөнгө доголдолтой буюу Монгол Улсад ашиглах боломжгүй байсан эсхүл ашиглалтын буруугаас гэмтэл үүссэн эсэхээс хамаарч талуудын хувьд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүсэх эсэх, энэхүү эрхийг үгүйсгэх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3 дахь заалт хэрэглэгдэх эсэх нь тодорхой болох учиртай. Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй, үүнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг зөв тодорхойлоогүй, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй, мөн зүйлийн 168.1.3-д зааснаар хэргийг оролцогчийн хуулиар олгосон эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/00425 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 272 415 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА